Aмерикийн хөгжмийн ертөнцийн үнэн төрх

Хүчирхэг хоолой, өвөрмөц төрхөөрөө олныг гайхшруулсан алдартай дуучид бидний өмнө өөгүй төгс төгөлдөр, аз жаргалтай нэгэн мэт харагддаг. Царай төрх, бие хаа, хөрөнгө мөнгө гээд л тэдэнд дутуу зүйл үгүй мэт боловч, хаалттай хөшигний цаана чухам юу болж байдгийг таашгүй. Угтаа бол алдар нэртэй хүмүүс эгэл жирийн иргэдэд үлгэр дууриалал болж, үг үйлдлээрээ гайхагдах ёстой байтал тэдний зарим нь дэндүү ичгүүртэй зүйлс хийж явах аж. Иймд өнөөдөр хөгжмийн ертөнцийн үнэн төрхийг та бүхэндээ дэлгэхээр бэлтгэсэн юм. 

Aмерикийн хөгжмийн ертөнцийн үнэн төрх

1 50 цент

Хөгжмийн ертөнцийн нэгээхэн өнгө аяс болсон алдарт реппер нь 12 настай байхаасаа эхэлж хар тамхи наймаалах болсон бөгөөд 2000 онд гэрийнхээ гадна хөршдөө 9 удаа буудуулсан байдаг. Ингэхдээ тэрээр гар, бугуй, хоёр хөл, цээж, зүүн хацартаа шарах авсан төдийгүй эмнэлэгт 13 хоног эмчлүүлж, 6 долоо хоногийн турш алхаж чадахгүй байсан юм. Энэхүү явдал түүнийг алдар нэрд хүрэхэд нь ч дам нөлөөлсөн байдаг. Харин 2003 болон 2005 онуудад тэрээр машиндаа галт зэвсэг тээвэрлэж явсан хэргээр цагдаад удаа дараа баригдаж байжээ. Мөн 2013 онд реппэр эр өөрийн найз бүсгүйгээ зодож гэмтээсэн бөгөөд 3 жилийн тэнсэн харгалзах ял, 30 хоног албадан ажил эрхэлж, 7,100 долларын торгууль хүлээсэн байдаг. Үүгээр үл барам тэрээр 2016 оны 5-р сард онгоцны ажилтанг доромжилж, бичлэг хийснээсээ болж баривчлагдсан юм. 

50 цент

2 Лиам Галлахер (Liam Gallagher)

“Оазис” хамтлагийн дуучин Лиам Галлахер нь авьяас, чадвараараа гайхуулах боловч ааш зангийн тухайд бэрх нэгэн аж. Тэрээр ахлах сургуульд байхаасаа л танхай этгээд байсан төдийгүй бусдад гар хүрч, цагдаад баривчлагдаж байсан удаатай. 1994 онд тус хамтлагийн "Definitely Maybe" цомог нь Англид борлуулалтаараа тэргүүлж байхад Лиам хэт бардаж, өөрсдийгөө "Beatles" хамтлагаас хамаагүй илүү чадвартай, алдартай гэхчлэн олон нийтэд мэдэгдэж, бусдыг үл ойшоож байв. Үүнээс гадна тэрээр олон удаа шүтэн бишрэгчидтэйгээ муудалцаж, өөрийн бүдүүлэг авираа гайхуулж байснаас гадна эхнэрээ хуурч, эцэст нь салалтаар бүхнийг өндөрлөсөн байдаг. 

Лиам Галлахер (Liam Gallagher)

3 Мадонна (Madonna)

Мөнхийн залуу хэмээгддэг нэрт дуучин бүсгүй нь шуугиант он жилүүдийг үдсээр өдгөө 58 насны босгийг алхсан байна. Харин хүмүүс түүний муухай ааш, замбараагүй амьдралыг нь шүүмжилж ярьдаг. 2011 онд түүнийг тайзны ард зогсож байхад нэгэн шүтэн бишрэгч үзэсгэлэнт цэцгийн баглаа авчирч өгчээ. Харин тэрээр микрофоноо асаалттай байгаа гэдгийг мартсан бөгөөд цэцэг өгсөн залууг элдвээр харааж, зайл хэмээн доромжилсон юм. Мэдээж энэ нь үзэгчдийн бухидлыг төрүүлж, нэг хэсэгтээ  л түүний тухай шуугиан тасраагүй билээ. Мөн хэт их зантай тэрээр тайзны арын өрөөг өөрийн хүслээр тохижуулж, ажилчидтайгаа яг л зарц, боол мэт харьцдаг аж. 

Мадонна (Madonna)

4 Крис Браун (Chris Brown)

Нэрт дуучин эр 2009 онд үзэсгэлэнт дуучин, найз бүсгүй Рианна (Rihanna)-г хэрцгийгээр зодож гэмтээн өөрийн карьертаа хар сүүдэр татуулсан юм. Рианна өөрийн зодуулсан төрхөө олонд дэлгэж шуугиан дэгдсэн бөгөөд дуучин залуу 5 жилийн тэнсэнтэйгээр шоронд орох ялаас мултарсан билээ. Харин 2013 онд тэрээр реппэр Дрейктэй муудалцаж, түүний толгойг шилээр цохиж хагалсан төдийгүй үүнээс болж 108 хоног шоронд хоригдсон юм. Мөн 2016 оны 8-р сарын 30-ны өдөр мисс бүсгүйн толгойд буу тулгасан гэх хэргээр цагдаад баривчлагдсан боловч гэм буруугүй хэмээгдэн суллагдсан билээ. Тус үйл явдлаас ердөө 2 сарын дараа Крис Браун өөртэй нь сэлфи хийхийг хүссэн шүтэн бишрэгчийнхээ утсыг эвдэлж, шидсэн байна. 

Крис Браун (Chris Brown)

5 Канье Вест (Kanye West)

Хамгийн олон үзэн ядагчтай, олны дургүйг хүргэдэг алдартан бол яалтчгүй Канье Вест юм. 2009 оны хөгжмийн наадмын үеэр “Шилдэг клип”-ын эзнээр дуучин Тэйлор Свифт (Taylor Swift) шалгарч, талархлын үгээ хэлж байхад Канье гарч ирэн түүний микрафоныг булааж аван яриаг нь тасалж, энэ шагналыг Беойнси (Beyonce) л авах ёстой хэмээсэн нь олны дургүйцлийг төрүүлсэн. Мөн хэт дур зоргоороо аашилж үргэлж л шуугиан дэгдээж явдаг нэгэн. Тэр бүү хэл өөрийн найз бүсгүйгээ хуурч байгаад эцэстээ баригдаж, нууц амраг болох Ким Кардашьян (Kim Kardashian)-тай гэр бүл болсон билээ. 

Канье Вест (Kanye West)

6 Жастин Бибер (Justin Bieber)

Канадын Онториа мужид төрсөн залуу дуучин Жастин Бибер анх “Youtube” сайтад ковер бичлэгүүдээ хүргэсээр амжилтанд хүрсэн түүхтэй. Залуу халуун насандаа бардсан уу, түүнийг тойрсон хэл ам шуугианууд тасардаггүй. Хурд хэтрүүлсэн, зурагчин руу халдсан, зохисгүй үйлдлүүд гаргасан хэмээн цахим хуудсаар дамжуулан олны чихийг халууцуулдаг. Тэгвэл дуучин залуу маань нэгэн рестораны хогийн сав руу бие засаж байгаа бичлэгээ цахим хуудаснаа нийтэлсэн байдаг. Юу бодож тийм бүдүүлэг үйлдэл гаргасныг бурхан л мэдэх байх... Түүнчлэн тэрээр 2014 онд гэрийн үдэшлэг хийж байгаад хөршийнхөө байшинг сүйтгэж, ихээхэн хохироогоод амжсан юм.

Жастин Бибер (Justin Bieber)

7 Ариана Гранд (Ariana Grande)

Хөгжмийн ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн үзэсгэлэнтэй залуу дуучин Ариана Гранд харьцангүй даруу оддын тоонд бичигддэг. Харин тэрээр Калифорни мужийн “Wolfee Donuts” хэмээх нарийн боовны газраар үйлчлүүлж байхдаа үнэхээр зохисгүй бүдүүлэг үйлдлийг гаргасан байна. Учир юу вэ гэхээр дуучин бүсгүй хүмүүсийн нүдийг хариулж байгаад тавиур дээр байсан цагирган боовуудыг долоож, тэр нь камерт үлдсэн аж. Мэдээж хэн ч түүний долоосон, шүлстэй амттанг идэхийг хүсэхгүй шүү дээ. Мөн нэгэн удаа түүнийг шүтэн бишрэгчид нь тойрон бүчиж, хайртай гэдгээ, хүндэлдэг гэдгээ илэрхийлэхийг хүссэн ч бүсгүй цахилгаан шатанд сууж, хаалга хаагдахаас өмнө "Та нар бүгдээрээ үхээд өгөөсэй" хэмээн ихэд бухимдаж уурласан байдаг. Түүний муухай ааш, ихэмсэг зангийн талаар ажилчид нь дурддаг бөгөөд өөрийгөө яг л хатан мэт үздэг гэнэ. 

Ариана Гранд (Ariana Grande)

8 Кортни Лав (Courtney Love)

Алдарт “Нирвана” хамтлагийн дуучин Курт Кобэйн (Kurt Cobain)-ий бэлэвсэн гэргий тэрээр хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг эзэлдэг нэгэн билээ. Гэвч бусад оддын адилаар мөн л хар тамхи хэрэглэж, хэд хэдэн удаа цагдаагийн газрын хаалга татаж байсан юм. 2003 оны 2-р сард онгоцоор нисч яваад үйлчлэгчтэй муудалцан, хэл амаар доромжилсон гэх хэргээр баривчлагдсан удаатай. Мөн шүтэн бишрэгчтэйгээ муудалцаж, биед нь халдсан, хэл амаар доромжилсон хэрэг удаа дараа гарч байжээ. 

Кортни Лав (Courtney Love)

9 Моррисси (Morrissey)

"The Smiths" рок хамтлагийн гишүүн Морисси нь олон удаа гэмт хэрэг үйлдэж байсан гэдэг. Тэрээр хөлсний алуурчин ашиглаж, бусдын амь насанд халдахыг завдсан, бусдад гар хүрсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан гэхчлэн зохисгүй үйлдлүүдийг дурдаж дуусамгүй юм. 

Моррисси (Morrissey)

10 Лили Аллен (Lily Allen)

Нэрт дуучин бүсгүй нь мөн л хэт өөрийнхөөрөө зан авиртай. Тайзан дээр согтуу гарч, "Та нар бол зүгээр л новшнууд. Харахаас ч дургүй хүрч байна" хэмээн үзэгчдийг элдвээр харааж, олны дургүйцлийг төрүүлсэн юм. Үүнээс гадна зургийг нь авах гэсэн зурагчдыг хөөж, цохиж бүдүүлэг аашилдаг байв. Ерөнхийдөө тэрээр хувийн орон зайг илүүд үздэг нэгэн тул өөрийнх нь орон зайд халдсан хэнийг ч зүгээр орхидоггүй аж.

Лили Аллен (Lily Allen)

11 Антон Ньюкомб (Anton Newcombe)

"Brian Jones Massacre" хамтлагийн дуучин Антон нь хамтлагийнхаа  гишүүдийг үргэлж дарамталж, өөрийн зоргоор байлгахыг хүсдэг гэнэ. Мөн тайзан дээр дуулж байгаад үзэгчтэй зодолдсон, муудалцсан залуугийн толгойг хагалсан, хар тамхи хэрэглэсэн гэх хэргүүдээр цагдаагийн хаалга татаж байсан юм. Харин сүүлийн үед түүний зан ааш засагдаж байгаа бөгөөд үүнд нь талархаж, баярлаж байгаа хүмүүс цөөнгүй. 

Антон Ньюкомб (Anton Newcombe)

12 Азиалиа Банкс (Azealia Banks)

Өвөрмөц төрх энгийн байдлаараа гайхагддаг реппэр бүсгүй дэндүү зоргоороо нэгэн аж. Үргэлж л өөрийн Твиттер хуудсаараа алдарт дуучид руу үг хаяж, тэднийг элдвээр доромжилдог бөгөөд үг хэл нь хэрээс хэтэрсэн тул твиттер хуудаснаас түүнийг блок хийж, нэвтрэх аргагүй болгожээ. 2015 онд тэрээр шөнийн цэнгээний газрын хамгаалагчийг хазаж бэртээсэн хэргээр цагдаад баривчлагдаж байсан бөгөөд олон удаа бусдыг хэл амаар доромжилсон гэдгээрээ хүн бүхний дургүйг хүргэж байв. 

Азиалиа Банкс (Azealia Banks)

13 Эксл Роуз (Axl Rose)

80, 90-ээд онд эрчээ аваад байсан "Guns N’ Roses" хамтлагийн гишүүн Эксл нь хар тамхинд хэт донтож, хийж байгаа үйлдлээ ч хянаж чадахгүйд хүрсэн байдаг. Угтаа бол охидын харцыг булаасан сайхан залуу байсан ч бардам зан, ихэмсэг байдлаасаа болж олон удаа шүүмжлэл хүлээж байв. Тэрээр шөнийн цэнгээний газарт нэрт загвар зохион бүтээгч Томми Хилфигер (Tommy Hilfiger)-т гар хүрч, үргэлж өөрийгөө бусдаас дээгүүр тавьдаг юм. Мөн тайзан дээр дур зоргоороо аашилж, үзэгчидтэй муудалцаж байсан удаатай. 

Эксл Роуз (Axl Rose)

14 Боно (Bono)

Дэлхий дээрх хамгийн улс төрч сэтгэлгээтэй, алдарт дуучин бол яалтчгүй Боно юм. Уран бүтээлээ туурвихын хажуугаар өөрийн бодол сэтгэгдлээ бусадтай хуваалцаж, терроризм мэт улс төрийн бодлогыг эсэргүүцэж явсан аж. Гэвч түүний арга барил нь буруу байв. Тэрээр маш олон зүйлсийг ярьж, шүүмжлэх боловч хийж бүтээсэн гавьяа гэж үгүй. Үгээрээ бус үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй боловч тэрээр ердөө л амаа хөдөлгөж суугаа нь арчаагүй нэгэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хүмүүс ч түүнийг хэт мэдэмхийрч, урлагаас улс төр рүү орж ирлээ хэмээж байгаа ч Боног дэмжих хүн цөөнгүй. 

Боно (Bono)

15 Тэд Нюжент (Ted Nugent)

Түүнд АНУ-ийн засгийн газрын авч хэрэгжүүлдэг бодлого, тэр дундаа ерөнхийлөгч Барак Обама (Barack Obama) огтхон ч таалагддаггүй бололтой. Тэрээр Обамаг ерөнхийлөгч болсон цагаас хойш тайзан дээр гарах бүртээ л түүнийг муулж, арчаагүй амьтан хэмээдэг байв. Хамгийн сүүлд 2016 онд 68 настай уран бүтээлч эр Обамаг "Хүн гэж хэлэхэд ч бэрх эрлийз амьтан. Ашгүй нэг суудлаасаа буух дөхөж байна" хэмээжээ. Мэдээж төрийн тэргүүнээрээ элдвээр доромжилж олон нийтэд сөрөг сэтгэгдэл төрүүлэх нь ёс зүйд нийцэхгүй үйлдэл юм. 

Тэд Нюжент (Ted Nugent)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()