1
Ажилдаа дурлах
Дургүйд хүчгүй гэж үг байдаг шиг хүн хийхийг хүсэхгүй байгаа ажлаа яаж ч хичээгээд, хийж чаддаггүй байна. Магадгүй түүний цалинг нэмсэн ч гэсэн ажлын бүтээмж өндөртэй ажиллана гэж хүлээгээд хэрэггүй болов уу. Тиймээс анхнаасаа ажлаа зөв сонгох нь чухал юм. Ажилдаа дуртай хүмүүсийн гаргаж буй хандлага хүртэл цаанаа ондоо байх нь бий. Гэвч ажилдаа дургүй байна гээд шууд дараагийн ажлаа хайж эхлэхээсээ өмнө одоо цагт ажил олдоно гэдэг ямар хэцүү болсон цаг билээ гэдгийг сайтар ухамсарлаж, шийдвэрээ сайн бодсоны эцэст гаргах хэрэгтэй. Түүнээс гадна ажилдаа дуртай болох ямар нэгэн шалтгаан олохыг бүхнээс урьтал болгоорой гэж танд зөвлөх байна. Ажилдаа дуртай болвол хүн залхуурах, нойр хүрэхийг умартан, ажлаа л хийхийг эрмэлздэг ажээ.
2
Шинэ зүйлийг сурч, мэдэх
Өөртөө хэзээ ч битгий уйдах, бухимдах, ямар нэгэн зүйлд сатаарах боломж олго. Болж өгвөл шинэ зүйл сурч мэдэхийг хүсч, эрмэлзэж, өөрийгөө үргэлж шинэ зүйлд сорьж байгаарай. Ингэснээр таны мэдлэг, боловсролын цар хүрээ нэмэгдэхээс гадна авъяас, ур чадварт тань сайнаар нөлөөлөх болно. Шинэ зүйлийг сурах хүсэл тэмүүлэлтэй хүмүүсийн хувьд ажлын бүтээмж сайжирна уу гэхээс буурдаггүй байна.
3
Оффисын ширээгээ тохижуулах
Өөрийнхөө оффисын ширээн дээр хайртынхаа эсвэл үр хүүхдийнхээ болон аав, ээжийнхээ зургийг тавьж, ажил хийх урам зориггүй болсон үедээ хайртай хүмүүсийнхээ зурагнаас эрч хүч авч болох юм. Хайртын чинь зөвхөн тань руу л гэж хардаг ялдам харц, хүүхдийн тань өхөөрдөм инээмсэглэл, аав, ээжийн тань үрээ гэсэн халуун дулаан сэтгэл тэдгээр зурагнуудаас танд мэдрэгдэж, та өөрийн эрхгүй урам зориг, эрч хүчээр цэнэглэгдэх болно. Эсвэл дурсгалтай эд зүйлээсээ авчирч, ширээгээ чимэглээрэй. Тэр зүйлтэй холбоотой нандин, сайхан дурсамжууд таны нүүрэнд инээмсэглэл тодруулж, ажиллах эрч хүч бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.
4
Цайныхаа цагаар өөр зүйл хийх
"Ажлаа хийх - Цайндаа орох - Ажлаа хийх" гэсэн хэв маягаар оффис дээрээ өдрийг өнгөрүүлдэг бол одооноос энэ хэв маягаа өөрчлөх хэрэгтэй болохыг танд сануулахад илүүдэхгүй болов уу. Ганц ажил биш, бусад зүйл дээр ч гэсэн нэг л хэвийн байсаар байх нь хүн аливаа зүйлээс яваандаа амархан уйдаж, залхахад хүргэдэг. Тийм учраас цайныхаа цагаар хоол ундаа идэж, бусадтай ярьж суухаас илүүтэйгээр хөгжилтэй тоглоом тоглож, ажлын ядаргаагаа багахан ч болов тайлахыг хичээгээрэй.
5
Удирдлагын зүгээс ажилчдаа идэвхжүүлэх
Ажилчдын идэвхгүй байдал хэт ихээр ажиглагдах болж, тэдний ажлын бүтээмж унаж, таны бизнес өмнөх үетэйгээ харьцуулахад бага зэрэг буурах хандлага гарч байна уу? Тэгвэл ажилчиддаа бүх бурууг өгөхөөсөө өмнө эхлээд тэдэнд тавьж буй анхаарал халамж, харилцаж буй харилцаа зэргээ сайтар бодолхийлээд үзэхэд гэмгүй юм. Удирдлагын зүгээс ажилчдаа идэвхжүүлэх хэд хэдэн аргууд байх бөгөөд үүнд цалин нэмэх, урамшуулал олгох, ажилчидтайгаа цугтаа зоог барих, спортоор хичээллэх, сонирхолтой тэмцээн зохиох, аялал зугаалгаар явах зэрэг аргуудыг дурдаж болох аж.
6
Баяруудыг хамт олноороо тэмдэглэх
Ажлын хамт олон гэдэг бол таны хоёр дахь гэр бүл шүү дээ. Тиймээс хамт олны уур амьсгал, нэг нэгнээ гэх сэтгэл хамгийн чухал юм. Хүмүүсийн хувьд ажил хийх эрч хүчгүй болох томоохон нөхцлүүдийн нэг бол хамт олны хүйтэн хөндий уур амьсгал байдаг байна. Нөгөө л нэг хүйтэн хөндий царайнуудыг хэн байнга харахыг хүсэх билээ. Тиймээс баяр ёслолуудыг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэх нь хамт олны уур амьсгалыг сайжруулах ач тустай байдаг байна. Хамт олонтойгоо хөгжилдөж, инээлдэх нь заримдаа уйтгар гунигаа мартахад тус болдоггүй гэж үү?
7
Кофе уух
Өдөрт нэг аяга кофе уух нь хүний эрүүл мэндэд ашиг тустай болохыг мэдэхгүй хүн гэж бараг үгүй биз ээ. Түүнээс гадна кофенд агуулагдах кофейн нь хүний эд эсийг сэргээж, бие организмыг цовоо сэргэлэн болгодог байна. Ажиллах эрч хүч буурч, яаж ч хичээгээд ажил хийж болохгүй байгаа нөхцөлд нэг аяга кофе уух нь хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.
8
Дасгал хийх
Оффисын ажил эрхэлдэг хүмүүс ихэвчлэн суугаа ажил хийдэг учраас хөдөлгөөний хомсдолд орох магадлал хамаагүй өндөр байдаг байна. Түүнээс үүдэж, нуруу шохойжих, суулт өгөх зэрэг өвчин тусах үндэс болдог бөгөөд бие организм үргэлж хүндүүр, зовиуртай байх нь ажлын бүтээмж бууруулж, ажиллах эрч хүчийг үгүй хийдэг ажээ. Тиймээс цайныхаа цагаар эсвэл тусгайлан цаг гаргаж, ажлын хамт олноороо дасгал хөдөлгөөн хийж байгаарай.
9
Чанартай тоног, төхөөрөмжөөр хангуулах
Ганц юм хийе гэхээр интернетийн хурднаас шалтгаалж гацах, компьютрийн хулгана, гар ажиллахгүй байх гэх зэргээр техник, технологийн эвдрэл гэмтэл нь ажлын бүтээмжийг дээд зэргээр бууруулах бөгөөд ямар ч ажил хийх хүсэл эрмэлзэлгүй болгодог байна. Тиймээс албан байгууллагууд энэ тал дээр анхаарч, ажилчдынхаа бүтээмж өндөртэй ажиллах орчин, нөхцлөөр хангаж өгөх нь чухал юм.
10
Ирээдүйнхээ талаар бодолхийлэх
Ажил хийх нэг л сонирхолгүй болоод байвал та ирээдүйн амьдралынхаа тухай бодох хэрэгтэй бөгөөд ажил хөдөлмөр эрхлэнэ гэдэг амьдралын хамгийн чухал зүйл юм. Тиймээс та ажлаа олигтой хийж чадахгүй, үр дүн муутай ажиллавал цалингаа хасуулах, тэр бүү хэл ажлаасаа халагдаж ч болох юм. Хэрвээ тэгвэл таны амьдралд ямар байдлаар, хэрхэн нөлөөлөхийг та надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа биз ээ. Тиймээс ирээдүйн сайн сайхан амьдрал, гэр бүл, үр хүүхдээ бодоод залхуу хойрог байхаа эцэслэж ажилдаа шамдах хэрэгтэй юм шүү. Танд амжилт хүсье...