15
Орон дээрээ ганцаараа унтах
Хэн нэгэнтэй чихэлдэж, шахалдаж, бухимдалтай шөнийг өнгөрүүлдэг байдал ард хоцорно. Ганцаараа том орон дээр эрх дураараа өнхөрч, хүссэн байрлалаар унтаж болно гээд боддоо ? Энэ нь тухайн хүнд эрх чөлөө, өөрийнхөөрөө байх орон зайг бүрдүүлж өгч буй хэрэг юм. Буцаад ганц бие болоход эхэндээ дасч өгөхгүй, тухгүй байж мэдэх ч дасаад ирэхийн цагт ямар гайхалтай зүйлийг буцаан олж авсандаа баярлаж эхэлнэ шүү. Хэн нэгэн тань дээр хөлөө тавьж, тухтай байдлыг тань алдагдуулахгүй тул салалт зөв шийдвэр болсон байж мэднэ.
14
Мөнгөө хэмнэнэ
Мэдээж хостой байхад гадуур зугаалах, хооллох, кино үзэх гэхчлэн төдийлэн өөрт тань хөрөнгө оруулалт болохгүй зүйлд хамаг мөнгөө үрж, мөнгийг тань хийсгэж оддог билээ. Харин төвөгтэй харилцааг өндөрлүүлснээр танд зөвхөн өөртөө зарцуулах мөнгө, цаг хугацаа ихээр гарах давуу талтай. Хэмнэсэн мөнгөөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийж, шинэхэн хайраа хүлээж сууж яагаад болохгүй гэж?
13
Өөртөө анхаарал тавих
Та өөрийгөө бусдад зориулах гэж төрөөгүй бөгөөд түүнийг хайрлаж, халамжилж байсан шигээ өөрийгөө ч мөн дээгүүр тавьж, хайрлаж байх хэрэгтэй. Үнэ цэнээ алдаж, хаягдсан цагтаа л ухаан суух хүмүүс дэндүү олон байх аж. Хэрэв нэгэнт харилцаагаа өндөрлөсөн бол одоо өөрийгөө хайрла, хөгжүүл, илүү дээд түвшинд оч, боловсор. Таныг хайрлах, аз жаргалтай болгох хүн бол зөвхөн та гэдгийг ухаарч, өөртөө зарцуулах цаг гарч байгаад баярлаарай.
12
Таарахгүй хүнтэйгээ зууралдах шаардлагагүй
Үргэлж муудалцаж, үзэл бодол зөрөлдөх хосууд олон байдаг. Энэ нь тэдэнд аз жаргалыг мэдрүүлэх бус эсрэгээрээ дарамт болж байдаг билээ. Харин ганц олдох амьдралаа таарахгүй, тохирохгүй нэгэнтэй өнгөрүүлэх нь дэндүү харамсалтай. Зүгээр л өөрийн мэдрэмжээ дагаж, холдон одох нь зөв шийдвэр болох талтай. Ингэснээр та илүү эрх чөлөөтэй, амар тайван болох төдийгүй өөрөө өөрөөсөө аз жаргалыг амталж, амьдралыг цоо шинэ өнцгөөс харах болно.
11
Хэрүүл маргаан гэж гарахгүй
Хүмүүс ихэвчлэн салах шийдвэр гаргахаас эмээж, хий дэмий цаг заваа гарздаж байдаг. Хэрүүл, маргаан, бухимдал цаг ямагт тулгаравч тэвчиж явсаар нэг гэрт орж, гэр бүл болсон хүмүүс ч тоо томшгүй олон. Харин ердөө зориг дутсанаас болж амьдралаа тэр чигт нь балласан хүмүүс эцэс сүүлд нь харамсаж, хатуу дарсаар хоолойгоо чийглэдэг байна. Мэдээж байнга хэрэлдэж, сэтгэл санааны тавгүй байдлыг хүсэмжлэх хүн гэж үгүй. Тэгвэл зүгээр салчихаж яагаад болохгүй гэж? Ганц түүнээр амьдрал дуусахгүй тул өөрийгөө аз жаргалтай болгох зам л хамгийн зөв зам болж таардаг. Одоо та утгагүй хэрүүл, уур бухимдлаас өөрийгөө ангижруулж чадсандаа талархаж, өөрөөрөө бахархах хэрэгтэй.
10
Найзуудтайгаа илүү цагийг өнгөрүүлнэ
Хүн бүхэн хостой болмогцоо найзуудаасаа хөндийрч, хорвоо дээр зөвхөн хайртай хүн нь оршин буй мэт болдог. Харин түүнээс салчихвал орчлон хорвоо эргээд л өнгөлөг гэгээтэй болж, найз нөхөдтэйгээ ойр ойрхон уулзах боломж нээгдэнэ. Мэдээж тэдэнтэй өнгөрүүлэх хором мөч бүр хөгжилтэй, хөөр баяртай байх нь гарцаагүй.
9
Өр нимгэн болно
Салалт хүн бүрт сөргөөр нөлөөлж, сэтгэлийг нь шархлуулж орхидог нь нууц биш. Харин шаналж, шархалж үзсэн хүмүүсийн бусдыг хайрлах, энэрэх, ойлгох сэтгэл нэмэгдэж, хүн бүрийн сайн найз, зөвлөгч болж чаддаг байна.
8
Буулт хийж байсан өдрүүддээ баяртай гэж хэлэх
Харилцаагаа аварч үлдэхийн тулд магадгүй 100% түүний буруу байсан ч гэлээ, та бүх бурууг нуруун дээрээ үүрч, асуудлыг гол буруутан болж үлддэг л биздээ? Хэр баргийн хүнээс гарах ухамсар биш шүү. Тийм биз? Тэгвэл одоо гэм нүгэл хийсэн хүн шиг байнга бурууг өөр дээрээ үүрдэг байсан тэдгээр утгагүй өдрүүддээ албан ёсоор баяртай гэж хэлээрэй. Учир нь танд таныг гэдэггүй хүний төлөө дахин буулт хийж өгөх шаардлага гарахгүй нь байна.
7
Дахин дурлах боломж
Зарим хүний хувьд "Нэг л амьдрах насандаа ганц л дурлана гэж үү дээ?" хэмээн уулга алдан ярьдаг нь нууц биш юм. Хэрвээ та энэ төрлийн хүн бол салалт танд дахин дурлах сайхан боломжийг олгож байна. Тиймээс түүнийг бодож, шаналж суулгүй дурлалын бурхан Амурын нүдэнд өртөхдөө анхаарах хэрэгтэй гэж зөвлөх байна. Хүн хэзээ ч өнгөрсөн рүүгээ тэмүүлж амьдардаггүй шүү дээ. Тэгэхээр болох ёстой зүйл болсон гэж бодох нь чухал бөгөөд ирээдүйд таныг одоогийнхоос чинь илүү сайхан амьдрал хүлээж байгаа гэдэгт итгээрэй.
6
Өөрийгөө илүү сайн таньж мэдэх
Ямар үзэл бодолтой, хүсэл мөрөөдөлтэй, дур сонирхолтой хүн болохоо бүр мартчихсан байна уу? Арга ч үгүй дээ. Учир нь эхнэр, нөхөр байна гэдэг өөр өөрсдийнхөө зөрүүдлэх бус харин нэгдмэл нэг санаа бодолтой байх нь гэр бүл оршин тогтнохын үндэс байдагтай холбоотой юм. Харин одоо нөхцөл байдал санасныг бодоход өөр байна шүү дээ. Тиймээс өөрийгөө хэн болохоо сайн мэдэж авч, хойшдын амьдралын чиг шугамаа тодорхойлох хэрэгтэй юм шүү.
5
Өөрийгөө илүү их хайрлах
Эхнэр нөхөр болж, өөрийгөө умартаж, түүнийгээ гэдэг болох нь бичигдээгүй хууль гэлтэй. Харин өөр өөрсдийнхөө замыг хөөхөөр болсон хүмүүсийн хувьд одооноос эхлэн өөрийгөө урьд өмнөхөөсөө илүү ихээр хайрлах боломж гарч ирж байна гэж ойлгож болох юм. Тиймээс эрүүл мэнд, бие организмаа эмчид үзүүлэхэд гэмгүй бөгөөд үүний дараа дэлгүүр орж, сайхан хувцаслаад, өөрийгөө өдөр тутам баярлуулаарай гэж зөвлөх байна. Бусдын төлөө гэсээр ядарсан биеэ хайрлах цаг чинь иржээ.
4
Шинэ хобби, хүсэл мөрөөдөлтэй болох
Магадгүй түүнээс эртхэн салж, өөрийнхөө ирээдүйг бодсон нь зөв шийдвэр болсныг та олон зүйлээс харж, ойлгож болох юм. Тухайлбал та ганц бие болсноор өөртөө цаг зарцуулах боломжтой болсон учраас өөр хүмүүстэй танилцаж, хүсэл мөрөөдлийн чинь үүд хаалга нээгдэж, таны амьдралд олон өөрчлөлтүүд гарч ирэх болно. Энэ хорвоо, ертөнц ямар баялаг билээ дээ. Тиймээс унжийж суух зав өөртөө олголгүй цүнхээ үүрээд ертөнцийн сайхантай танилцах урт аялалдаа гараарай.
3
Сайн найз чинь хэн болохыг таньж, мэдэх
Салалтын дараа шууд л нүүрэндээ инээмсэглэл тодруулан алхах хүн тун цөөхөн биз ээ. Ихэнх хүмүүсийн хувьд тодорхой хугацаанд шаналж, сэтгэл санаагаар унах нь ойлгомжтой юм. Хажууд чинь хэн ч үгүй мэт санагдах тэр л үед таныг гэсэн сэтгэлтэйгээс гадна юу ч хийхэд бэлэн найз нөхөд чинь ялгарч харагдах болно. Тэдний бага зүүсэн эсэхийг мэдэх цор ганц боломж одоо л гарч ирж байна. Найз нөхөд гэдэг нэгэндээ хэцүү зүйл тохиолдоход зовлонгоос нь хуваалцаж, нимгэлж өгөх ёстой биш гэж үү?
2
Өөрийгөө хөгжүүлэх
Өмнөх амьдралтай чинь харьцуулахад танд хэтэрхий их чөлөөт цаг гарахгүй байна гэж үү? Энэ боломжийг ашиглаад өөрийгөө хөгжүүлээд аваарай. Түүнтэй хамт байхдаа хийж үзэхийг хүсдэг байсан ч, огтхон ч хийж байгаагүй тэр л зүйлсээ яг одоо хий гэж танд зөвлөх байна. Ажил, амьдрал гэсээр байгаад ихэнх хүмүүс өөрийгөө мартсан байдаг. Тэгвэл одоо танд өөрийгөө гэх цаг гарч ирж байна шүү дээ. Тиймээс болохыг хүсч буй тэр нэгэн болохын тулд яг одооноос хөдлөж эхэл.
1
Дараагийн учрал чинь илүү дээр байх болно
Хорвоог ганцхан түүнээр төсөөлж болохгүй гэдгийг батлах гэлтэй олон сайхан охид/залуус байх бөгөөд таны жинхэнэ хайр чинь учрах учралаа хүлээгээд байж байгаа гэдэгт итгээрэй. Бурханы танд бэлдсэн бэлэг юу бол гэж бодохоор өөрийн эрхгүй сэтгэл чинь хөдлөж, догдлож байгаа биздээ? Түүнийг үзэхийн тулд өнгөрсөн зүйлсийг өнгөрсөнд нь үлдээж, одоо амьдралаа шинээр эхлэх цаг болсон гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Түүний танд мэдрүүлдэггүй байсан мэдрэмжүүд, танд өгөөгүй бүхэн, зориулаагүй тэр хайр халамжийг ганцхан танд зориулах хэн нэгэн жинхэнэ хайраа хүлээсээр л...