Өөдрөг хүмүүс нь гутрал шаналалыг амжилтанд хүрэхэд саад болно гэж боддог. Харин үүний оронд тэд амьдралдаа тохиолдсон бэрхшээл, хүндхэн мөчүүдтэйгээ зоригтойгоор нүүр тулж, улам бүр эрч хүчтэй болох, хүсэл тэмүүллийг олж авахад ашигладаг. Ингээд сэтгэлийн хаттай хүмүүсийн зовлонгийн урхинаас хэрхэн мултрах хэд хэдэн аргаас танилцуулж байна.
1
Сөрөг сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөр
Хүчтэй хүмүүс сөрөг сэтгэл хөдлөл буюу уй гашуу, урам хугарах, ганцаардал зэрэгтэйгээ нүүр тулж, даван гарахад бэлэн байдаг. Тэд үүнийгээ хүлээн зөвшөөрч чаддаг. Мөн бусдаас илүү зовж шаналж байна гэж өөрийгөө боддоггүй. Таагүй байдлаас гарах хамгийн шилдэг арга бол зүгээр л даван туулах юм.
2
Тэд бүх зүйл буруугаар эргээд байгааг анзаардаг
Та амьдралд тань тохиолдсон бүхий л таагүй зүйлс, саад бэрхшээлийг олж хараад, дотроо бодит байдлыг хэд дахин илүү дэвэргэж, сэтгэлээр улам бүр унаж байдаг. Эдгээр сөрөг бодлууд таны үйлдэл, биеэ авч яваа байдалд ч муугаар нөлөөлж эхэлдэг. Харин хүчтэй хүмүүс зовлон бэрхшээлийн юуг ч хаман одох хуй салхи мэт эргэлдэх хөдөлгөөнийг бодитоор тусгаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чаддаг.
3
Нөхцөл байдлыг хэрхэн хүлээж авч байгаагаа мэд
Тухайн үеийн сэтгэл хөдлөлийн байдал нь бодит байдлыг хэрхэн хүлээж авахад нөлөөлдөг. Өөрөө өөртөө харамсах сэтгэл төрөөд ирэхээр, бид бүхнийг хар бараанаар харж эхэлдэг. Ингэснээр сайн зүйлийг ч алдаад өнгөрөх нь бий. Харин хүчтэй зан чанартай хүмүүс өөрөө өөрөөсөө бодит байдалд зөв дүгнэлт хийж байгаа эсэхийг асууж, эрүүл ухаанаар сэтгэдэг. Өөртөө “Надад байнга аз таараад байдаг бил үү?” эсвэл “Амьдрал минь үнэхээр сүйрчихсэн гэж үү?” гэсэн асуултуудыг тавь. Эдгээр асуултууд амьдралыг илүү бодитоогоор харах, дүгнэх боломжийг олгодог. Ингэснээр асуудлыг зөв шийдэхэд дөхөм болдог.
4
Сөрөг бодлоо зан үйлийн туршилт болгон хувирга
Сэтгэлийн тэнхээтэй хүмүүс толгойд орж ирсэн сөрөг муу бодлууддаа хар аяндаа биелэх боломжийг олгодоггүй. Үүний оронд “Би үүнийг хийж чадахгүй гэж үү?” гэсэн асуултыг өөртөө тавиад “Чадах ёстой” гэж хариулж сур. Толгойдоо зогсоо зайгүй эргэлдэх таагүй бодлуудаа арилгах гэж өөртэйгээ тэмцэх хэрэгтэй.
5
Дараагийнхаа тэмцэлд хүчээ нөө
Өөрөө өөрийгөө голсон минут бүртээ та асуудлыг шийдэх боломж бүхий 60 секундыг үгүй хийж байдаг гэсэн үг. Хүчтэй хүмүүс үнэт цаг заваа ийм зүйлд үрэн таран хийдэггүй. Үүний оронд тэд хязгаарлагдмал боловч өөрт байгаа нөөц бололцоогоо өөрт ашигтайгаар эргүүлэхэд түлхэц болохуйц зөв гарц хайх, үр дүнтэй арга олоход зарцуулж байдаг.
6
Амьдралд талархаж сур
Нэгэн дор гоморхол, талархлыг мэдэрнэ гэдэг бараг боломжгүй зүйл. Харин сэтгэлийн тэнхээтэй хүмүүс амьдралд талархаж явдаг. Тэд наад зах нь л гэхэд амьсгалах агаартайдаа, уух цэвэр устайдаа хувь заяандаа баярладаг.
7
Сэтгэлийн тэнхээтэй хүмүүс өөрөөсөө илүү бусдыг боддог
Та өөрөөс чинь илүү их тусламж хэрэгтэй болсон хүнд тусалж байх үедээ өөрийгөө голдоггүй биз дээ. Та уух ус ч үгүй, толгой хорогдох овоохой ч үгүй хэн нэгнийг харах тэр үед өөрт тань учирсан зовлон, зовлон биш болохыг ойлгоно. Хүчтэй хүмүүс өөрт тохиолдсон саад бэрхшээлд шаналж суухын оронд бусдад туслахыг чухалчилдаг.
8
Гомдоллохоос татгалз
Бусад хүмүүст өөрт учирсан зовлон бэрхшээлийн талаар ярих тусам өөртөө итгэлгүй болох, өөрийгөө голох нь нэмэгдэж байдаг. Харин сэтгэлийн тэнхээтэй хүмүүс өөрийн зовлонг дөвийлгөж, сэтгэлээр унахыг хүсдэггүй. Үүнийхээ оронд тэд ямар нэгэн зүйлийг өөрчлөхийг хичээх эсвэл өөрчлөх боломжгүй нөхцөл байдлыг тэр чигээр нь хүлээн авахад бэлэн байдаг.
9
Амьдралыг өөдрөгөөр хар
Амьдралд тохиолдсон зарим нэг саад бэрхшээлийг даван туулах, шийдвэрлэх боломжгүй байдаг шүү дээ. Жишээлбэл, ойр дотны хэн нэгнийг цаг бусаар алдах, байгалийн гамшиг, эрүүл мэндтэй холбоотой зарим нэг асуудал гэх мэт. Эдгээр нь хүн бүрт их бага хэмжээгээр заавал тохиолдож байдаг зүйл. Хүчтэй хүмүүс юу ч тохиолдож байсан амьдралыг өөдрөгөөр харж, бэрхшээлийг даван туулна гэдэгтээ итгэлтэй байдаг.
10
Хэрхэн сэтгэлийн хаттай болох вэ?
Сэтгэлийн хаттай болох дасгал нь биеийн хүчний дасгал сургуулилттай адил. Хэрэв та чийрэг, чанга биетэй болохыг хүсч байгаа бол биеийн тамир, фитнессээр хичээллэх гэх мэт зөв дадал зуршлийг олж авах нь чухал. Үүнээс гадна амттанд хэт дурлах гэх мэт буруу зуршлаасаа салах хэрэгтэй болно. Юунд ч гуйвашгүй сэтгэлийн тэнхээтэй, халшрамтгай биш болохын тулд сайн дадал зуршлаа хөгжүүлэхийн зэрэгцээ өөрийгөө голох гэх мэт муу зуршлаасаа салах хэрэгтэй болно. Хүссэн хүн бүр үүнийг хийж чадна. Бодол санаагаа удирдах, сэтгэл хөдлөлөө хянах, бүтээлч байдлаар аливаад хандах, нөхцөл байдалд хэт авталгүйгээр чөлөөтэй сэтгэх чадвараа хөгжүүлэх нь таныг хүчтэй, сэтгэлийн хаттай болгоход гарцаагүй туслах юм.