“Money Gram”-ийг онлайнаар хийж эхэллээ

2016-08-11, 08:18
2,296
“Money Gram”-ийг онлайнаар хийж эхэллээ

Худалдаа хөгжлийн банк Монгол Улсад анх удаа олон улсын мөнгөн гуйвуулгын “Money Gram үйлчилгээг онлайнаар хийж эхэллээ. Наймдугаар сарын 10-наас нэвтэрч эхэлсэн энэ үйлчилгээний талаар тус банкны гүйцэтгэх захирлын орлогч Л.Соронзонболдтой ярилцав.

 

-“Money Gram” бол улс хоорондын шуурхай гуйвуулгын үйлчилгээ. Мөнгөн гуйвуулгын энэ үйлчилгээ онлайн хэлбэрт шилжсэнээр харилцагчдад ямар боломж олгох вэ?

-Олон улсын мөнгөн гуйвуулгын “Money Gram” үйлчилгээгээр харилцагчид ердөө нэгээс гурван минутын хугацаанд мөнгө гуйвуулж, бас хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл, “Money Gram” ийм хурдтай гэсэн үг. Худалдаа хөгжлийн банк энэ үйлчилгээг анх 2001 онд нэвтрүүлсэн. Ингэснээр харилцагчид маань банкны салбарт өөрийн паспорттай хүрэлцэн ирж, гуйвуулга хийж, хүлээж авдаг болсон. Харин одоо манай банкны TDB онлайн үйлчилгээг ашиглан гар утас, таблет зэрэг ухаалаг төхөөрөмжөөр гуйвуулга хийх боломжтой боллоо. Ингэснээр харилцагчдын цаг завыг хэмнэхээс гадна олон улсын мөнгөн гуйвуулгыг аль ч цагт хийх боломж бүрдэж байна.   

Үүнээс гадна бас нэгэн хөнгөлөлтийг бид харилцагчдадаа олгож байгаа. Монгол Улсаас БНСУ-д ажиллаж, амьдарч буй иргэдийн тоо сүүлийн жилүүдэд өссөн. Тиймээс эдгээр иргэнд үйлчилгээгээ хүргэхийн тулд олон улсын мөнгөн гуйвуулгын “Money Gram” байгууллагаас тусгай үнийн санал авч, хямд үнээр үйлчилгээ үзүүлэхээр болсон. Олон улсад энэ үйлчилгээ найман ам.долларын хураамжтай. Харин Худалдаа хөгжлийн банк БНСУ, Монголын хооронд хийж буй 100 ам.доллар хүртлэх мөнгөн гуйвуулгын үйлчилгээнд таван ам.долларын хураамж авахаар болоод байна.

 

-Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд үүнээс өөр ямар давуу тал эдлэх вэ?

-Монгол Улсад “Money Gram” үйлчилгээгээр жилд 20 сая ам.долларын 500 мянга гаруй гүйлгээ хийдэг. Өнгөрсөн жилүүдэд, энэ дүнгийн 90 гаруй хувийг хилийн чанадаас Монголыг чиглэсэн мөнгөн гуйвуулга бүрдүүлдэг байлаа. Харин одоо байдал өөрчлөгдөж байна. Сүүлийн жилүүдэд Монголыг зорих гадаадын иргэд, ажиллах хүчний тоо нэмэгдэж, манай улсаас хилийн чанадыг чиглэх гуйвуулгын тоо ч өссөн. Одоогоор нийт гуйвуулгын 70 хувь нь Монголыг, 30 хувь нь хилийн чанадыг чиглэж байна.

Мөн энэ үйлчилгээнд урамшууллын код нэвтрүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, “Money Gram”-аар үзүүлсэн давтамж буюу ашиглалтаас хамаарч, харилцагчдад урамшуулал олгоно. Үүнд, төлбөр, хураамжийн шимтгэлээс нь хөнгөлөх гэх мэт урамшуулал багтаж байна. Үүний тулд, Худалдаа хөгжлийн банкнаас харилцагчдад тусгай код олгож, ашиглалтыг нь бүртгэх юм.  

 

-Иргэд банкаар дамжуулан хилийн чанадад руу мөнгө гуйвуулахын тулд тусгай маягт бөглөдөг. Ингэснээр нэг талаас харилцагчийн аюулгүй байдлыг хангаж байгаа хэрэг. Тэгвэл гадаад гуйвуулга онлайн болсноор аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?

-Банк тухайн иргэнийг харилцагчаараа бүртгэхдээ ямар бизнес хийдэг, хэр хэмжээний орлого олдог зэрэг мэдээллийг нь судалж, данс нээдэг. Тиймээс тухайн иргэний үндсэн мэдээлэл банкинд бүртгэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, банк харилцагчаа хэдийнэ таньсан гэсэн үг. Тэгэхээр TDB онлайн үйлчилгээгээр дамжуулж шилжүүлэг хийсэн тохиолдолд тусгай маягт дахь мэдээлэл байхгүй болно гэсэн үг биш. Харин банкинд хэдийнэ бүртгэлтэй мэдээллийг шилжүүлэг хийхэд ашиглана. Гэхдээ мөнгөн дүн, хүлээн авагчийн нэр, дансны дугаар зэрэг шаардлагатай мэдээллийг харилцагч онлайнаар өгнө. Энэ утгаараа хэрэглэгчид давуу тал олгож байгаа юм.

Үүнээс гадна нэг зүйлийг хэлмээр байна. Гадаад мөнгөн гуйвуулга, гадаад төлбөр тооцоо хоёр хоорондоо ялгаатай. Өндөр үнийн дүнтэй,  цаг хугацааны хувьд яаралтай биш гүйлгээг гадаад төлбөр тооцоогоор түлхүү гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, энэ үйлчилгээг аж ахуйн нэгж, байгууллага илүүтэй ашигладаг гэсэн үг. Харин цаг хугацааны хувьд яаралтай, өндөр үнийн дүнтэй биш гүйлгээг гадаад мөнгөн гуйвуулгаар хийдэг. Тиймээс олон улсын мөнгөн гуйвуулгын “Money Gram” үйлчилгээ илүү иргэдэд чиглэж байгаа. Худалдаа хөгжлийн банк Монгол Улсын нийт гадаад төлбөр тооцооны 50-иас дээш хувийг дангаараа гүйцэтгэж байна.  

 

-Энэ үйлчилгээг  удахгүй ATM-ээр дамжуулан хийх боломжтой гэсэн. Хэзээнээс эхлэх вэ?

-“Money Gram”-ийг онлайн хэлбэрт шилжүүлэх энэ төсөл  2016 оны гуравдугаар сараас эхэлсэн. Улмаар энэ сараас нэвтрүүлж байна. Харин манай харилцагчид 2016 оны арванхоёрдугаар сар гэхэд ATM-ээр дамжуулан гадаад мөнгөн гуйвуулга хүлээн авах болон илгээх боломжтой. Одоогоор үүний бэлтгэл ажлыг хангаж байна.  

 

-Хилийн чанад руу онлайнаар мөнгө гуйвуулах үйлчилгээ нь Монголд одоо анх удаа нэвтэрч байгаа. Харин олон улсад хэдийнэ хэрэглээ болсон. Ер нь дэлхийн хэдэн оронд нэвтрээд байна вэ?

-“Money Gram” үйлчилгээ нь дэлхийн 200 гаруй орны 350’000 цэгээр үйлчилж байна. Олон улсын мөнгөн гуйвуулгын “Money Gram” байгууллага онлайн хэлбэрт шилжүүлэх ажлаа үе шаттай нэвтрүүлж байгаа юм билээ. Энэ хүрээд 2016 онд Монгол Улсад нэвтрүүлээл байгаа нь энэ. Цаашид олон оронд нэвтрэх байх. Худалдаа хөгжлийн банкны зүгээс энэ үйлчилгээг амжилттай нэвтрүүлж буйдаа баяртай байна.

 

-Харилцагчдын цаг, завыг хэмнэх, хөнгөвчлөхийн тулд цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Худалдаа хөгжлийн банкны TDB онлайнаар дамжуулж харилцагчид бүх төрлийн санхүүгийн үйлчилгээнд холбогдох боломжтой болсон. Тухайлбал, карт захиалах, дансны тодорхойлолт авах, банктай харилцах шаардлагатай үйлчилгээгээ TDB онлайнаар хийдэг болсон.  Цаашид ч харилцагчдынхаа цагийг хэмнэж, түргэн шуурхай, чанартай үйлчилгээг үзүүлэхэд анхаарна. Жишээлбэл, зээл авах зэрэг үйлчилгээг автомат болгохоор төлөвлөж байгаа. Харилцагч зээл авахын тулд заавал банкны салбарт өөрийн биеэр хүрэлцэн ирдэг. Тэгвэл онлайнаар зээлийн хүсэлтээ илгээж, зээл авдаг болох зэрэг олон ажил хийхээр төлөвлөж байна.

 

-Тэгвэл Худалдаа хөгжлийн банк технологийн дэвшлийг ашиглан, үйлчилгээгээ сайжруулах, хөнгөвчлөх чиглэлд сүүлийн жилүүдэд ямар ажил хийсэн вэ?

-Ер нь технологийн дэвшил сүүлийн жилүүдэд банкны салбарт хурдтай нэвтэрч байгаа. Хэрэглэгчид ч маань үүнийг мэдэрч байгаа гэж найдаж байна. Өмнө нь банкны салбарт хүрэлцэн ирж, хүлээн авдаг байсан үйлчилгээнүүд одоо онлайн хэлбэрт шилжиж байна. Ухаалаг төхөөрөмжөө ашиглаад л зайнаас төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг авч байна. Зөвхөн Монгол бус гадаадад амьдарч буй иргэд ч интернэт ашиглан дансаа удирдах боломжтой болсон. Мөн олон цэгт байршуулсан ATM-ээр дамжуулан бэлэн мөнгө авч, төлбөр тооцоо хийж болно. 

Тэрчлэн худалдаа, үйлчилгээний дийлэнх байгууллагад картаар үйлчлүүлдэг болсон. Тэр бүү хэл, карт ашиглан гар утасныхаа нэгжийг цэнэглэж, орон сууцны цахилгаан, дулаан, замын цагдаатай холбоотой торгууль, нийгмийн даатгал, гааль, татварын төлбөр тооцоогоо хийж байна. Манай арилжааны банкуудын үйлчилгээгээ энэ чиглэл рүү шилжүүлж байна. Тэр дундаа Худалдаа хөгжлийн банк энэ чиглэлд банкны салбараа түүчээлэн, тэргүүлэх байр суурьтай ажиллаж байна.

Сэтгүүлч Г.Байгал

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.