1
Задгай энгэртэй цамц
Яг л рок одыг санагдуулам хэт задгай, секси загвар бүхий цамц нь эрчүүдийн хүдэр чийрэг биеийг илүү эмэгтэйлэг болгон харагдуулдаг. Тиймээс таныг ийнхүү хувцаслаад гадуур гарахад хүмүүс буруугаар ч ойлгож мэдэх юм. Учир нь манай нөхцөл, хүмүүсийн сэтгэлгээ нь энэ төрлийн хувцаслалтыг төдийлөн таашаахгүй, ойлгохгүй байх нь бий.
2
Брэндийн бичигтэй, дууриамал цамц
Хэрвээ үнэхээр оригинал хувцас биш л бол хэт сүржин, бусдын анхаарлыг татах лого, бичиг нь таны хувцсыг хямд, чанаргүй харагдуулна. Мөн үг үсгийн алдаатай, хоорондох байрлал солигдох зэрэг асуудлууд байгаа эсэхийг нягтлах хэрэгтэй. Үүний оронд элдэв хээ, хүний анхаарлыг татахгүй цулгуй цамцыг сонгоорой.
3
Зуны сандаалан дээр оймс өмсөх
Загвар тодорхойлогчид, онгорхой гутал шаахайн дээр ямар ч оймс өмсөхийг байж боломгүй алдаа хэмээн хэлдэг. Ингэх нь тухайн хүнийг ямар ч загварын мэдрэмжгүй, үнэхээр онцгүй харагдуулдаг байна. Тиймээс та зуны халуун өдөр онгорхой шаахайгаа нүцгэн хөлөн дээрээ өмсөж байгаарай. Хэрэв сэрүүдэхээр бол өөр битүү гутал өмсөж болно шүү дээ.
4
Тод өнгийн өмд
Хэт өнгөлөг, тод өнгийн өмд хувцас нь эрчүүдэд тийм ч зохимжтой биш. Ялангуяа өдөр тутамд өмсөхөөс аль болох зайлсхийх хэрэгтнэй. Мөн нэг дор олон өнгийн алагласан хувцас өмсөх, хэт бариу, тод өнгийн өмд нь таныг үнэхээр таагүй харагдуулж, үнэлэх үнэлэмжинд сөргөөр нөлөөлнө.
5
Өмдөө хэт доошлуулж өмсөх
Элдэв моод, загвар дууриан өмдөө шувталж, дотуур өмдөө гаргах нь үнэхээр мэдрэмжгүй хүмүүсийн үйлдэл юм. Тэдгээр эрчүүдийг харсан бүсгүйчүүд зайгаа барьж, хормын төдийд л харилцаандаа цэг тавих болно. Тиймээс та өмдөө бүрэн татаж, цэгцтэй өмсөөрэй.
6
Хар гутал, цагаан оймс
Мэдээж хар өнгийн ботинк, гутлан дээр цагаан өнгийн оймс өмсвөл, үнэхээр утгагүй, бүр байж боломгүй тэнэг харагдуулдаг. Гадаад үзэмжинд нөлөөлөхөөс гадна, бүсгүйчүүдэд таныг ямар ч мэдрэмжгүй, зөв хувцаслах тал дээр ямар ч мэдлэггүй нэгэн мэт сэтгэгдлийг төрүүлдэг байна.
7
Хэт урт, бариу өмд
Эрчүүд, эмэгтэйчүүд гэлтгүй хүн бүрийн хувьд хувцаслахдаа үүнийг сайтар анхаараарай! Учир нь өмдний нугалаа ихсэх, доошоо унжиж шүргэх нь үзэмж, гадаад төрхийг ихэд гутаахаас гадна, өөрт тань ч таагүй юм. Тиймээс өмд авах, өмсөхдөө өөртөө таарсан, шулуун загвартай өмднөөс сонголтоо хийгээрэй.
8
Гоёл чимэглэл ихтэй, том халаастай өмд
Охид бүсгүйчүүдийн хувьд гоёл чимэглэл, тоноглол ихтэй өмд нь их загварлаг, өвөрмөц харагддаг бол эрчүүдийн хувьд, энэ нь эсрэг тэсрэг ойлголтуудын нэг юм. Учир нь иймэрхүү загварын өмд нь таныг эмэгтэйлэг харагдуулж, бусдад таагүй сэтгэгдлийг төрүүлэх болно.
9
Үслэг эдлэл
Амьтны эрхийг хамгаалахад ч тэр, элдэв үслэг эдлэлийн хувцас нь эрчүүдэд зохимжгүй. Эрчүүд ч гэлтгүй, охид бүсгүйчүүд маань, үслэг хувцас, эдлэл авахдаа сайн бодолцоод үзээрэй. Гэм зэмгүй амьтдын халуун амь, бүлээн цусаар бүтсэн тэдгээр үнэтэй хувцас, танд таалагдана гэж үү?
10
Томдсон цамц
Эрчүүд өөртөө таарсан, хэт бариу, бас сул биш байхаар цамцаа сонгох хэрэгтэй. Энэ нь биеийг илүү цэгцтэй, цээжийг тэвхгэр сайхан харагдуулдаг. Тиймээс өөртөө костюм, захтай цамц авахдаа сайтар анхаарах нь зүйтэй.
11
Тод өнгийн бариу, дотуур өмд
Мэдээж дотуур хувцас ч гэсэн таныг үнэлэх үнэлэмжинд гол нөлөөг үзүүлдэг. Та хэт бариу, тод өнгийн дотуур хувцаснаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Гадуур хувцасны цаанаас илт товойж мэдэгдэхээр бариу өмд, дотоожоос зайлсхийгээрэй. Мэдээж хэн ч таны товойж, мэдэгдсэн нууц эрхтэнг харахыг хүсэхгүй шүү дээ.
12
Их гоёл чимэглэл
Их хотын загварлаг залуусын хувьд гоёл чимэглэл гэдэг тэдний зүс царай, хувцаслалын нэгээхэн хэсэг болсон. Гэвч ганган хүнд гархи нэмэр гэгчээр, хэт их унжиж сунжсан ээмэг, бөгж нь таныг маш муухай харагдуулдаг.
13
Спорт өмсгөлийг үргэлж өмсөх
Спортын үнэнч шүтэн бишрэгч, улаан фанатуудын хувьд, дэмждэг багийнхаа өмсгөл, хослолыг өмсөх нь нэр төрийн хэрэг юм. Энэ нь тэдэнд үнэхээр сайхан санагддаг. Мөн охид үүнд маш дуртай хэмээн эндүүрэх нь бий. Гэвч үргэлж ийнхүү уйтгартай өмсгөлөө өмссөөр байвал, бүсгүйчүүд таниас дөлнө гэдгийг санаарай.
14
Дөрвөлжин хоншоортой гутал
Моод эргэдэг хэмээн ярьдаг. Гэвч моод хичнээн эргэлээ гэхэд загвар нь хуучирсан, тэг дөрвөлжин хоншоортой гутал нь таныг хуучинсаг, ямар ч мэдрэмжгүй нэгэн мэт сэтгэгдлийг үлдээдэг. Тиймээс бусдад буруу, таагүй ойлголт төрүүлэхээс болгоомжлоорой.
15
Брюкэн өмдөн дээр пүүз өмсөх
Зарим залуус брюкэн өмдөн дээр кэт, пүүзийг өмсөх нь бий. Гэвч энэ нь тэднийг үнэхээр онцгүй, мэдрэмжгүй харагдуулдаг. Тиймээс залуу та ийнхүү бүдүүлэг алдааг гаргахаас аль болох сэрэмжлээрэй.