1
Хуурамч хаяг гэж юу вэ?
Эхлээд энэ талаар багахан мэдээлэл хүргэх нь зүйтэй болов уу. Гадна, дотны олон хүмүүс хуурамч хаяг нээн, үүгээрээ бусдыг ашиглах, санаатайгаар хохирол учруулах нь бий. Мэдээж үүнээс сэргийлж, эд хөрөнгө, амь насаа хамгаалах нь бидний сэрэмж болгоомжоос хамаарна. Тэд таны хувийн мэдээллийг авч, судалж, элдэв гэмт хэрэг үйлдэхээр отож байх нь элбэг. Магадгүй гэм зэмгүй зүгээр л бусдаар багахан наадахыг хүссэн хуурамч хаягтай хүн байж болох ч сэрэмж илүүдэхгүй. Харин та дараах шинж тэмдгүүдийг сайтар анхааран, хуурамч хаягтай нь илэрсэн хүнтэй харилцаа тогтоохгүй байх нь зүйтэй.
2
Танихгүй хүнээ найзаар сонгохдоо сайтар бод
Та эхлээд тэднээс яагаад найзлахыг хүссэн юм, яаж хаягийг минь олж мэдэв гэхчлэн асууж лавлаарай. Харин дараа нь нүүр зургийг нь ажигла. Хэтэрхий төгс зурагтай боловч лайк нь бага байх нь хуурамч фэйсбүүкийн дохио юм. Мөн хэн нэгэн түүнрүү зураг “tag” хийсэн эсэхийг шалгасны үндсэн дээр найзаар авах эсэхээ шийдээрэй. Мөн хувийн хуудас нь дээр нь тодорхой мэдээлэл байхгүй, бараг хоосон байвал найзын хүсэлтийг нь зөвшөөрөх хэрэггүй.
3
Хувийн мэдээллийг нь сайтар унш
Хувийн мэдээллийг нь сайтар унших хэрэгтэй. Жишээлбэл зураг нь хүүхэд шиг атлаа доктор, профессорын зэрэгтэй гэх мэт мэдээлэлд огтхон ч итгэж болохгүй. Мөн юунд дуртай сонирхолтой, ямар хуудас дээр лайк дарсан зэргийг нь харахад илүүдэхгүй бөгөөд хамгийн гол нь төрсөн он сар, өдөр, сургууль, ажил гээд л бүгд тодорхой болоод үнэн зөв эсэхийг шалгаж мэдэх хэрэгтэй.
4
Найзуудыг нь шалга
Мэдээж хуурамч фэйсбүүкийн эзэн олон найзтай байна гэж юу байхав. Фэйсбүүк найзууд байх боловч зурганд нь сэтгэгдэл бичиж, элдэв зүйлсэд “tag” хийх бодит найз байгаа үгүйг нь мэдэж авах нь нэн тэргүүнд хийх ёстой алхам юм. Мөн нутаг ус, сургууль хамт олных нь найзууд гэх хүмүүс түүнд бүртгэлтэй бол мэдээж тэр өөрийн жинхэнэ фэйсбүүкээ ашиглаж байна гэсэн үг юм шүү.
5
Найзуудын найз (Mutual Friends)
Хүн бүр л найзуудын маань найз юм байна гэж бодон, дээрээс нь нүүр зургийг нь харж, жаахан шинжиж байгаад тухайн үл таних хүнийг өөрийн фэйсбүүк найзаар бүртгэж авах нь бишгүй. Гэхдээ энэ бүхэн таныг дараа нь эрсдэлд оруулж мэдэх тул сайтар шалгаж үзээрэй. Хэрэв тухайн хүн таны зураг, бичлэг зэрэгт юу юугүй л элдэв янзын сэтгэгдэл үлдээж, хувийн чатаар сэжигтэй яриа өдөж эхэлвэл шууд найзаасаа хасаарай.
6
Хуурмаг хүмүүстэй холбогдохоос сэргийл
Та хуурамч хаягтай нэгнийг өөрийн найзаараа авсан байж болох ч элдвээр харилцах, дотносох хэрэггүй. Наталия Бургесс (Natalie Burgess) гэх бүсгүй нэгэн үл таних залуутай харилцаж зураг болон үг ярианд нь аажимдаа дасаж, нэгэн өдөр уулзахаар тохирон, болзсон цагтаа иртэл түүнийг барьж, хулгайлахыг оролдсон гэнэ. Залуугийн энэхүү үйлдэл урьдаас бодож төлөвлөсөн, бүсгүйг удаан хугацааны турш цахимаар ажигласан байжээ.
7
Баримтжуул
Тухайн хуурамч хаяг тань руу элдэв юм бичиж, сэтгэл санааны хохирол учруулах, бэлгийн дарамт үзүүлэх аваас тэр бүгдийг баримтжуулж аваарай. Энэ нь дараа нь цагдаад мэдүүлэхэд тань хэрэг болох тул урьдчилаад бүгдийг нямбай гэгч нь хадгалж байх нь хамгаас зөв юм шүү.
8
Завхай үгс
Ялангуяа өсвөр насны охидод энэ нь маш түгээмэл тохиолддог. Тэдэн рүү үл таних залуус найзын хүсэлт илгээж, элдэв янзын завхай зүйлс бичдэг. Энэ нь нэг төрлийн бэлгийн дарамт гэж тооцогддог тул та аль болох хариулахгүй байх ёстой бөгөөд бүр болохгүй тохиолдолд цагдаад мэдэгдэж ч болно.
9
Хайрлаж, дурлахаас зайлсхий
Хэзээ ч уулзаж байгаагүй атлаа дурлаж, хайрлаж болно гэж үү? Яаж ч бодсон интернэт харилцаа хайр болж, цаашлаад үүрдийн аз жаргалтай амьдралыг бэлэглэнэ гэдэг юу л бол... Үүнээс үүдэж маш олон хүн амины, хүчингийн, хүний наймаан болон дээрэм тонуулын хэрэг гарсан байдаг юм шүү. Тиймээс охид бүсгүйчүүдийгээ танихгүй залуустай харилцаж, өөрийн хувийн мэдээллээ дэлгэхгүй байхыг зөвлөе.
10
Зүгээр л найзаасаа хас
Тухайн хүн танд элдэв дарамт үзүүлж, сэтгэл санааны хохирол үзүүлэх аваас зүгээр л найзаасаа хас. Ингэснээр та өөрийн ирээдүйгээ хамгаалж буй хэрэг юм шүү.