1
Автомат горим
Та аппаратаа тус горимд тохируулан, ямар ч зүйлсийг зургийн хальсандаа буулгах боломжтой. Сонирхогчдын тухайд ихэвчлэн тус горимыг тохируулж, зураг дардаг. Энэ нь та юуг ч өөрчилж, янзлах шаардлагагүй зүгээр дарахад хангалттай юм. Учир нь цаанаас нь бүгдийг автоматаар тааруулаад өгчихсөн байдаг.
2
Дүрслэл горим (Portrait mode)
Энэ нь таны харуулахыг зорьсон ганц зүйлийг бусдаас нь ялгаруулж харагдуулдаг юм. Та энэхүү горимыг сонгосноор зураг тань илүү мэргэжлийн түвшинд харагдах бөгөөд ойртуулалт, холдуулалтаа төгс тааруулвал үзэсгэлэнтэй зургийг авч чадна. Апертур буюу "шагайх нүхний хэмжээ" нь том байх төдийгүй ингэснээр арын хэсэг нь бүүдийж, зөвхөн таны авахыг хүссэн гол хэсэг тодрох байна.
3
Макро горим (Macro Mode)
Та тус горимыг тохируулан цэцэг, ургамал болоод жижиг зүйлсийн зургийг авахад илүүтэй тохиромжтой байна. Энэ нь дүрслэлийг улам ойртуулдаг бөгөөд жижиг, сажиг эд эс бүрийг тод сайн харагдуулдаг. Зуны нарлаг өдрүүдэд, зугаалангаа өнгөлөг цэцэгсийн зургийг өөрийн аппаратандаа буулгаарай. Мөн та ойроос зураг авахад фокус тааруулах илүү бэрх болохыг ойлгоно.
4
Байгалийн дүрслэл горим (Landscape Mode)
Өргөн уудам зүйлсийг дүрслэн, хальсандаа буулгахад зориулагдсан горим юм. Апертур нь бага бөгөөд “Depth of field” буюу арын дүрслэл тод томоор байх болно. Ерөнхийдөө “Portrait mode”-ын эсрэг үйлдэл гэж хэлж болно.
5
Спортын горим (Sports Mode)
Хөдөлгөөнт дүрсийг буулгахад тохиромжтой. Та камераа тус горимд тааруулснаар ямар ч хөдөлж байгаа биетийг уран сайхнаар дүрсжүүлэх боломжтой болно. Тухайн зүйл хэр хурдтай явж байгаа эсэх нь хамаагүй, гол нь таны камерны хөшигний хурднаас хамаарна. Энэхүү горим нь зураг дарах хурд буюу хөшиг хаагдах горимыг хамгийн дээд түвшинд тааруулсан байдаг юм.
6
Шөнийн горим (Night Mode)
Гэрэл багатай буюу шөнийн цагаар энэхүү горим нь таны дотны найз болно. Хөгжилтэй үдэшлэг, хөөр баяраар дүүрэн шөнийн бүхий л мөчийг та өөрийн камертаа буулгах боломжтой.
7
Кино горим (Movie Mode)
Сүүлийн үеийн дижитал камерууд зураг авахаас гадна бичлэг хийх боломжтой болсноороо давуу талтай. Бүх зүйлс шинэчлэгдэн, өөрчлөгдөж байгаагийн адилаар камер ч мөн өөрийн чадвар, чансаагаа улам дээшлүүлж, өндөр түвшинд хүрсээр байгаа билээ.
8
Хагас автомат горим: “А буюу AV” горим
Мэргэжлийн зурагчид ихэвчлэн тус горимыг ашигладаг байна. Хэрэв олон хүн бужигнасан газар, хэн нэгнийг онцгойлон авахыг хүсвэл мэдээж ар хэсгийг сарниулах хэрэг гарна. Ингэхийн тулд апертураа томсгоорой. Ингэснээр зөвхөн таны голчилж үзсэн хүн тодорч, ар хэсэг нь бүдгэрэх юм. Харин та гэрэлний хажууд суух хэн нэгний зургийг дарах гэж байгаа бол апертураа багасга. Учир нь гэрэл цохиж, тухайн зургийг баллаж ч мэднэ. Харанхуй өрөөнд зураг дарах тохиолдолд та юу ч хийх шаардлагагүй бөгөөд камер өөрөө мэдэрч, өрцийг тааруулан, тохирсон буулгалт хийхээр хөшгийг автоматаар тохируулсан байдаг билээ.
9
“Р” горим
Энэ нь гэрэл, ISO, цагаан өнгийн тэнцвэр, хөшигний буулт, апертур зэрэг нь бүгд автоматчилагдсан байдаг. Тиймдээ ч үүнийг ашиглан, зураг дарах хүмүүс нэлээн цөөн бөгөөд хэрэг гарсан тохиолдолд ганц нэг туршиж үзэх байх аж.
10
“S” горим
Энэ нь зураг авах хурд буюу хөшигний хаагдах хурд түргэн байх бөгөөд ямар нэгэн спортын тэмцээн, гүйж яваа амьтдын зургийг дэлгэцнээ буулгахад тохиромжтой байдаг. Гэвч мэргэжлийн зурагчид үүнийг төдийлэн ашиглаад байдагггүй аж. Тэд тус горимоос илүүтэй “А” горимыг ашигладаг байна. Учир нь энэ нь арын дүрслэлийг бүдийлгээд, гол дүрсийг товойлгож гаргахдаа гайхалтай байдаг билээ.
11
“М” горим
Өдгөө “М” горим буюу гар аргын горимыг хэрэглэх хүмүүс маш цөөн болжээ. Тэд ихэвчлэн автомат горимыг илүүд үзэх болсон юм. Учир нь та бүгдийг өөрөө тохируулж тааруулах хэрэг гардаг. Хөшиг хаах хурд, ISO, гэрэл, апертур гээд л бүх зүйл гар арга болохоор үүнээс цааргалж, төвөгшөөдөг байна. Харин зарим нэг хүмүүс ийн бүгдийг яг цав тааруулж, дарсан зураг нь илүүтэй сайхан болдог хэмээдэг билээ.
“National Geographic” шиг зураг хэрхэн авч сурах вэ?
“Зураг авахад чиний сонгосон, бусдад харуулахыг зорьсон хэсгээ төгс гаргаж өгөх нь хамгийн гол зүйл” хэмээн гэрэл зурагчин Боб Холмес (Bob Holmes) хэлсэн байдаг. Тэрээр “National Geographic” сэтгүүлийн зурагчин бөгөөд 3 удаа оны шилдэг зурагчны шагнал хүртэж байсан туршлага арвинтай нэгэн юм. Тэрээр зураг дарах сонирхолтой залуусд зориулж доорх зөвлөгөөг хүргэжээ.
Зураг авах гэж байгаа бол хамгийн түрүүнд өөрийн тань баруун гар болох зургийн аппаратаа 100 хувь эзэмшиж, ашиглаж чаддаг байх хэрэгтэй.
Төгс сайхан зураг авахад хамгийн гол нь өнцөг, байрлал чухал. Голчилж үзсэн объектоо хаана, яаж гаргавал зохистой зэргийг тооцоолж, сайн харах хэрэгтэй. Зураг дарна гэдэг тийм ч амар ажил биш, таны толгой сайтар ажиллаж, мэдрэмжтэй байж сая нэг сэтгэлд нийцэхүйц бүтээлийг хальсандаа буулгаж чадна.
Таны дарсан зураг уйтгартай байж болохгүй. Уйтгартай зургийг хэн ч дарж чадна. Гагцхүү хэн ч харсан сонирхол татах, гайхшралыг нь төрүүлэхүйц байх хэрэгтэй. Ингэхийн тулд ямар зураг, аль дүрслэлийг буулгах хэрэгтэй гэдгээ сайтар бод.
Зургийг бүхэлд нь авч сурах хэрэгтэй. Энэ бол хамгийн анхны сурах ёстой зүйл тань. Таны зурганд тал орсон зүйл гэж байх ёсгүйг анхаараарай.
Тод өнгө, тэгш өнцөгтийг эрэлхийл. Энэ нь таныг зургийг амь оруулж, өвөрмөц харагдуулах болно.
Бүх анхаарлаа зөвхөн зураг, дүрслэлдээ төвлөрүүлж, хамгийн чанартай аппаратаар дараарай.
Тохиромжтой мөчийг хүлээ. Яарч дарсан зураг хэзээ ч амжилт олдоггүй. Хүлээж, эгзгийг нь тааруулсан зураг хамгаас үзэсгэлэнтэй. Зарим зурагчид гайхалтай зураг дарах гэж ямар ч хөдөлгөөнгүй 24 цаг болох нь ч бий.