Нэгдүгээр хэсэг: Япон мөрөөдөл
Энэхүү бүсгүйг Тиран Краучер (Taryn Croucher) гэдэг бөгөөд автомашин ихээр сонирхдог аж. Улс орнуудаар аялж, тухайн улсын машин үйлдвэрлэл, хэрэглээ аль түвшинд явааг судалдаг. Харин Японд ирээд ангайх шиг болсноо ийн хэлжээ. “Би урьд нь Японд хоёр ч удаа ирж байсан гэхдээ тухайн үед машин тэргийг нь огт мэддэггүй байжээ. Угаас нэг их удаан байж чадаагүй болохоор анзаараагүй ч байж мэднэ. Харин энэ удаад цаг зав гаргаж байгаад судлая, харъя гэсэн зорилготой, зав чөлөөтэй ирсэн. Энэ улсад ирээд хэдхэн сар болохдоо автомашинуудыг нь харж, судлаад жинхэнэ ангайх шиг боллоо. Үнэхээр гайхалтай. Машин сонирхогчдын хувьд мөрөөдлийн орон л гэсэн үг”.
“Би эхэндээ нөхрийнхөө хамт буудалд байрлаж байсан боловч Япон оронд дурлаж, тэндээ хэсэг байхаар шийдэн байр түрээслэсэн юм. Ямартай ч сар хагасын турш би гадуур явж, өнгөлөг шийдэлтэй, өвөрмөц машинууд сонирхож, найз нөхөдтэй ч болсон.”
“Мэдээж хэл нэвтрэлцэх жаахан төвөгтэй байсан. Гэхдээ сайн найзуудын хүчинд болдог юм байна лээ. Тэнд маш тансаг зэрэглэлийн машины үзэсгэлэнгүүд байнга шахуу болдог. Бид түүгээр явж, жинхэнэ шүлсээ залгиад л өнгөрдөг байлаа. Гадаад үзэмж, дотор салон, хурд хүч яриад байх зүйлгүй, үнэхээр төгс.”
“Ингээд бид тэндээ нэлээд удахаар шийдэн, Япон хэл сурч эхэлсэн юм. Интернэтээс яриа сонсож, үг цээжилдэг болсон. Тийм ч хялбар байгаагүй боловч миний машин, техникийн талаар мэдээлэлтэй болох гэсэн хүсэл хэл сурах замыг минь гэрэлтүүлсээр байв. Өглөө бүр цайгаа уухаасаа өмнө үг цээжилж, бичдэг болж, ерөнхийдөө гайгүй болж эхэлсэн шүү.”
“Үүний дараа би нөхрийнхөө хамтаар Токиогийн Одайба арал дээр очиж, жижгэвтэр байшин олж амьдрах болсон юм. Тэгээд бид “Tokyo Special Import Car Show”-д очиж, машин сонирхохоор боллоо”
“Нэлээд хол зам туулж ирсэн залуус ядарсанаа хүртэл мартаж, гайхалтай төмөр хүлгүүдийг харж, сэтгэлээ сэргээсэн юм даа. Энэ машин бол “Liberty Walk”-ын 458 шинэчилсэн загвар нь. Гадаад үзэмж, салоны тухайд ярих юмгүй. Хурд хүч ч гэсэн сайтай гэсэн”
“Өвөрмөц содон төрхтэй энэ машин миний шуналыг нэлээд хөдөлгөөд амжсан шүү. Бидний очсон энэхүү машины үзэсгэлэн нь Япондоо жижгэвтэрд тооцогддог гээд бодохоор үнэхээр гайхалтай. Болдогсон бол бүх машиныг нь гражиндаа хийчихээд ээлжлээд унаж байх юм сан.”
“Зөвхөн машины үзэсгэлэн гэлтгүй гадуур ч гэсэн ганган машин унаж явах хүмүүс маш олон байдаг юм байна лээ. Ганц нэг засварын газар очиж үзэхэд мөн л чамин хийцтэй, хараа булаам тэргээр дүүрэн байсан.”
“Тэнд бүр хуучин загварын машинуудыг шинэчлэн, янзлаад тасархай болгож байсан. 70-аад оны хуучин тэргийг "IROC-inspired 964" болгож, өөрчилсөн. Би бүр нүдэндээ ч итгээгүй, засварчдынх нь чадвартай ярих юмгүй юм байна лээ.”
“Түүний засварын газрын хойл талд "RWB" ярайгаад зогсож байсан. Миний мөрөөдлийн тэргүүд шүү дээ.”
“Миний бодлоор өргөн биетэй "Porsche" илүү загварлаг харагддаг. Японы автомашины соёл бол үнэхээр гайхалтай. Намайг эх орон руу минь ч явуулахгүй, хүлж орхичихоод байгаа газар даа.”
Хоёрдугаар хэсэг: Токиогийн шөнийн амьдрал
“Токио бол автомашины өлгий нутаг гэсэн үг. Машин сонирхдог, дурладаг маш олон хүмүүс энд амьдардаг. Тэд бүгд өөр өөрийн гэсэн өврөмөц, өнгө төрхтэй машинтай харин зогсоолд машинаа байрлуулах л жаахан төвөгтэй дээ.”
“Тэнд шөнө л амьдрал эхэлж байгаа мэт байдаг. Өдөр бол хүмүүс ажлаа амжуулах гэж машин унадаг бол шөнө зугаацаж, хурд, хүчний гайхамшгийг мэдрэх гэж машин унадаг юм. Хурдны замаар уралдан давхих, ганган хүлгүүд эрхгүй сэтгэл догдлуулна.”
“Дэйкоку гэх том хэмжээтэй машины зогсоол дээр үдэш бүр сүүлийн үеийн тансаг хүлгээр хөлөглөсөн залуус цуглардаг юм.”
“Тэд ихэвчлэн найз нөхдийнхөө хамтаар ирдэг бөгөөд нэг нэгнийхээ машиныг сонжин, элдэв зүйлсийн талаар ярилцдаг. Мэдээж ярианы гол сэдэв нь автомашин байх нь тодорхой.”
“Тэнд очвол та солиотой зүйлсийг ч харж болно. Залуус хөгжилдөн машиныхаа дууг эцэс дээр нь тавьж, цэнгэцгээнэ. Залуус л болсон хойно хөгжөөн цэнгээнгүй бол утгагүй шүү дээ. Гэхдээ тэд машинтай яваа болохоор согтууруулах ундаа хэрэглэдэггүй бөгөөд цаг заваа зөв боловсон, наргиантай өнгөрүүлж байгаагийн нэг илрэл юм шиг санагддаг.”
“Японд та машинтайгаа яасан ч болно, тэр таны дур. Хэн ч таныг хориглож, зовоохгүй. Хөгжмөө эцэс дээр нь орилуул, элдвээр засч чимэглэ. Миний хувьд гэвэл тус зогсоол дээр байнга шахуу очиж, элдэв янзаар чимэглэсэн машин харж нүдээ баясган, олон найз нөхөдтэй болж байсан. Харин надад хамгийн ихээр таалагдсан зүйл бол нэгэн Япон залуугийн машины дугуй. Үнэхээр зэвүүн бас төгс. Миний бүр нүд яваад орчих шахсан гээч. "Nissan 370Z"-ийн дугуйг, "E46 BMW"-д хийчихсэн байна гээд төсөөлдөө солиотой байгаа биз?”
“Бүүдгэр тэнгэрийн дор гялалзсан асах гэрлийн туяанд харагдах ганган машинууд миний хамгийн дуртай зураглал...”
“Сүүлийн үед Дэйкоку зогсоол дээр ирж, цугларах залуусыг цагдаа нар байнга хөөж, хориглох болсон тул бид өөр газрууд хайж, цугларах болсон юм. Тэгээд бид Атсүги гэх зогсоолд залуус цуглардаг гэдгийг олж мэдэн, тэнднхийг зорьсон”
“Биднийг ирэхэд зогсоол дүүрчихсэн байсан. Харин шууд л миний харааг булаасан машин бол "Nissan Silvia S14.3". Боронзон өнгө, метал төмөр нь түүнийг улам ганган харагдуулж байсан юм.”
“ "Honda Odyssey" машинаас дуу гарч байсан. Би ч сонирхоод очоод хартал салон нь тасархай. Ягаан өнгийн неон гэрэл нь миний хорхойг их л хүргэсэн дээ.”
“Toyota Vellfire намайг солиоруулах шахсан шүү. Их биенээсээ давж, хальж гарсан дугуй гээд л ...”
“Nissan Cima уг нь их дээд зэрэглэлийн, яг л дарга нарын унаа мэт харагддаг. Гэтэл өргөн дугуй хиймэгц л уралдааны машин шиг харагдаж байна лээ. Ёстой галзуу.”
“Ер нь машины дугуй их чухал. Харагдах байдал, хурд, хүчинд их нөлөөлдөг. Жишээлбэл C34 Laurel-ны дугуйг солингуут л доошоо сууж өгөөд солиотой харагдаж байгаа биз”
“C210 Skyline машины эзэн нэлээд классик зүйлсэд дуртай хүн юм шиг байна лээ. Дугуйг нь SSR Longchamp XR4 дугуйгаар сольсон байна лээ.”
“Энэ тэрүүгээр элдэв төрлийн машин сонирхож явж байгаад би үнэн тасархай, өвөрмөц машин олж харсан юм. Тэнд ер нь машиныг байгаа чигээр нь унана гэж бараг байдаггүй юм. Бүгд л өөр өөрийн өвөрмөц төрхийг илтгэхүйцээр өөрчилж, чимэглэн гангалдаг. Харин энэ машины тухайд нүдийг минь ёстой л баясгаж өгсөн дөө. Энэ ганган тэрэг угтаа бол GX71 Chaser. Гэтэл одоо хардаа, танигдахын аргагүй болсон байгаа биз? Би машинаа ингэтлээ өөрчилж, тасархай болгосон хүн өмнө нь харж байгаагүй шүү.”
Гуравдугаар хэсэг: Машины уралдаан
“Бид бас нэгэн хөгжилтэй, сонирхолтой өдрийг өнгөрүүлэхээр машины уралдаан зорин очсон юм. Ихэнхи уралдаан нь хөдөө орон нутагт болдог бөгөөд бидний зорьсон уралдаан “Tsukuba Circuit”-д болсон юм.”
“Тэнд очоод өдөржин зураг авч, машинууд харсан. Гэхдээ би нэг зүйлийг анзаарсан. Тус уралдааныг үзэхээр маш олон хүмүүс ирдэг. Зарим нь машин түрээслэдэг юм байна лээ. Харин түрээсийн машинууд Японд их хямдхан байдаг боловч авто зам ашигласны төлбөр нь нэлээд өндөр байдаг гэсэн.”
“Уралдаан үзэх үнэхээр тасархай байсан. Хамаг биеийн шар үс босч, эрхгүй орилж, хашгираад л. Би өөрөө автомашинд үнэхээр хайртай. Тиймдээ ч Япон яг л надад тохирох газар мэт санагдсан. Би тэнд байхдаа нэг хором ч уйдаагүй шүү.”
“Ганган дрифтүүд, гайхалтай эргэлтүүд зүрх зогсоочих л шахаж байна лээ шүү.”
“Би тэнд очоод Тоби гэх нэг залуутай танилцсан юм. Тэр Японд ирээд хоёр жил болж байгаа Шинэ Зеланд эр. Гэхдээ түүнийг автомашинд дурлах сэтгэл нь Японд хөтлөсөн юм гэсэн. Яг л над шиг. Тэр одоо R33 Skyline drift төсөл дээр ажиллаж байгаа. Бидэнд тэндэхийн уралдаан, машины талаар маш их зөвлөгөө өгсөн.”
“Тоби биднийг бас нэгэн өөр уралдаан руу дагуулж явсан юм. Тэр нь “The Drift Muscle” байлаа."
“Энэ нь “Honjo Circuit”-д болсон. Гайхалтай байгалиар хүрээлэгдэж, шувууд жиргэсэн сайхан газар байна лээ. Би урьд нь энд ирж байгаагүй болохоор бүх зүйлс нь л сонин содон, шив шинэхэн санагдаж байсан юм. Тэнд ганган тоноглолтой, хараа булаам машинууд өч төчнөөнөөр байсан.”
“Тэндэхийн уралдааны зам нь овгор, товгор ихтэй болохоор уралдааныг улам сонирхолтой болгож, миний зүрхийг түргэн түргэн цохилуулж байсан шүү.”
“Эргэлт бүр нь жолоочоос ур чадвар шаардаж байв.”
“Харин уралдаан дуусмагц үзэгчдийг хөгжөөх үүднээс үзүүштэй дрифтүүд хийлээ. Үнэхээр галзуурмаар байсан. Тэд хамтдаа бэлтгэлээ сайн хийсэн нь ч харагдаж байна лээ”
“Тус өдрийн тэмцээн уралдаан дуусч, бүх зүйл тарахад Тоби биднийг дрифтчин залуустай танилцуулсан. Тэр мундаг залуучууд надад их таалагдсан шүү. Бүгд л автомашинд дурлах сэтгэлээр энэ бүхнийг эхлүүлж, өдгөө чамгүй амжилтад хүрчихээд байгаа нь бахархууштай.”
“Зургадугаар сард маш олон уралдаан, тэмцээн болдог. Бүр амралтын өдөр болгоноор болдог гэсэн. Би яг тухайн үед Японд байсандаа хичнээн их олзуурхдаг гээч. Ёстой л юм үзэж нүд тайлсан. Амьдралын минь хэзээ ч мартагдхааргүй хэдэн сар Японд ингэж өнгөрсөн юм даа”
Дөрөвдүгээр хэсэг: Нууц уулзалт
“Нагояа мужид автомашин сонирхогчдын бас нэгэн томоохон цугларалт болдог гэдгийг дуулаад бид хөлгийн жолоо залсан юм. Мөнгө төгрөг их гарах хэдий ч машин түрээслээд хэдэн цаг явсаар зорьсон газраа хүрсэн.”
“Ямартай ч хүссэн газраа ирлээ. Тэнд өнгө өнгийн, төрлийн төрлийн машинууд эгнээд зогсож байсан. Мөн л бүгд машинаа чимэглэн, гангалсан байв. Эртний вентаж машинуудыг орчин үеийн төмөр хүлгүүд шиг л янзалж, хурд хүчээ гайхуулан зогсож байсан даа”
“Үд дунд нар дээр хөөрч тэнд бүр 34 хэмийн халуун боллоо. Миний амьдралдаа үзсэн хамгийн халуун өдөр. Хамаг хөлс урсаж байсан ч өвөрмөц хийцтэй, чамин машинуудыг үзэх хүсэл минь өндөрлөөгүй. Ус олж уучихаад цааш явж, машинууд сонирхсоор л...”
“Тэдний ихэнхи нь өргөн дугуйг илүүд үздэг юм байна лээ. Хэдийгээр тэд идэр үеийнхэн, надаас дүү хүүхдүүд байсан ч би тэднийг бүр биширч орхив. Нэг зүйлдээ маш тууштай, бусдаас ялгарч чаддаг, бүтээлч хүмүүс байдаг. Нэг л өдөр би ч бас тэдэн шиг өөрийн машинаа өвөрмөц болгож, бусдад гайхуулан зогсох цаг ирэх л байх”
“Ямартай ч Япон хэдэн сар болсных машины тухай өргөн мэдлэгтэй болсон. Бас олон шинэ найз нөхөд, төмөр хүлэгтэй танилцаж, ер нь л урьдны би үгүй болж цоо шинэ хүн төрсөн дөө. Автомашин сонирхогч залуусдаа хандаж хэлэхэд зориод ядаж ганц удаа ч болов Японд ирж, төмөр хүлгийн хөгжил, хувьслыг нэг сонирхоод үзээрэй. Алмайрах нь дамжиггүй”