Беойнсе, Жей Зи хоёрын дурлалын түүх

Таны бодлоор олны танил хамгийн сайхан хосууд хэн бэ? Мэдээж хүн бүрийн бодол өөр боловч Беойнсе (Beyonce), Жей-Зи (Jay Z) нарын хамтын амьдрал, хайр дурлалыг үгүйсгэх хүн гэж нэгээхэн ч үгүй болов уу. Харин тэдний гал халуун хайр дурлал хаанаас эхлэлтэй, хэр удаан хамт байгаа, хэн нь түрүүлж сэтгэлээ илчилж байсан тухай сонирхож мэдэхийг хүсдэг л биз дээ. Ингээд та бүхэндээ гайхалтай хосуудын гал халуун дурлалын тухай эхнээс нь өдгөөг хүртэл тод томруунаар өгүүлье.

Беойнсе, Жей Зи хоёрын дурлалын түүх

1

Хосууд анх 1999-2000 онд танилцсан байдаг. Тухайн үед попын хатан хаан, үзэсгэлэнт бүсгүй ердөө 18 настай байсан бөгөөд дуучин болох чин эрмэлзэл тээсээр реппер, продюсер Жей Зитэй танилцаж, амжилтын гараагаа эхэлсэн юм. Харин 2001 оны 11-р сард тэд анх олны нүднээ ил гарч, “Vanity Fair” хөгжмийн наадамд хамт оролцож, зургаа татуулж байсан гэдэг юм. Ийн хамтарч уран бүтээл туурвихаар болсон тэд 2002 оны 10-р сард “03 Bonnie and Clyde” гэх бүтээл дээр хамтран ажиллаж, олонд хүргэсэн билээ. 

2

Тус оны 11-р сар гэхэд тэдний дуу хит болж, олон олон нэвтрүүлэгт уригдан оролцож, жинхэнэ утгаараа хэн гэдгээ бусдад таниулж явсан юм. Хаа ч цуг явах тэднийг хосууд хэмээн шуугилдах хүмүүс ч бишгүй л байжээ.

3

2003 оны 2-р сард Америкийн сагсан бөмбөгийн холбооны “Бүх оддын тоглолт”-ыг хосууд хамт үзсэн төдийгүй үе үе сагсан бөмбөгийн тоглолт хамт үздэг байсан гэнэ.

4

Хүн бүр тэднийг ойр дотно харилцаатай, хосууд хэмээн үзэж, тухайн үед тэдний талаар яриа газар аваад байсан тул 2003 оны 4-р сард Жей Зи “Бид зүгээр л бие биенээ сайн ойлгодог найзууд. Өөр ямар нэгэн хувийн зүйл байхгүй” хэмээн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурдсан байдаг. Харин тус оны 5-р сард Беойнсе өөрийн анхны бие даасан уран бүтээл болох “Crazy In Love” дуугаа Жей Зитэй хамтран гаргасан юм. 

5

2003 оны 6-р сард попын хатан өөрийн анхны соло цомог болох “Dangerously In Love”-ийг гаргаж, урлагийн ертөнцөд тэсрэлт хийсэн юм. Мэдээж түүний энэхүү цомгийн ажилд Жей Зи гар бие оролцож амжилтынх нь ард бат зогсож байлаа.

6

Харин тухайн оныхоо 8-р сард тэд “MTV” хөгжмийн наадамд оролцож “Crazy In Love” дуугаа хамтран дуулж, олны нүдийг орой дээр нь гаргав.

7

11-р сар гэхэд Жей Зи өөрийн “The Black Album” цомгоо гаргаж, Мэдисон цэцэрлэгт болсон “Retirement” хэмээх тоглолтондоо Беойнсег урин, хамтран “Crazy In Love” дуугаа ахин дуулсан юм.

8

Залуухан, халуухан дуучид амжилт өөд тэмүүлсээр 2004 оны 8-р сард “MTV” хөгжмийн наадмын улаан хивсэн дээгүүр анх удаа хамтдаа алхаж, ёслол төгөлдөр оржээ.

9

Олны танил байна гэдэг хэдий сайхан ч үргэлж л бусдын хэл амны бай болдог нь харамсалтай. 2005 онд Жей Зиг дуучин Рианна (Rihanna)-тай янаг амрагийн холбоотой гэх цуурхал газар авч тухайн үедээ шуугиан дэгдээж байсан бөгөөд зарим нэг хүмүүс хөөрхий Беойнсе гэхчлэн дуртайгаараа ярьцгааж, амны зугаагаа гаргаж байсан гэдэг.

10

2006 оны 9-р сард дуучин бүсгүй өөрийн 25 насны төрсөн өдөртөө зориулж “B'Day” цомгоо худалдаанд гаргаж, ашиг орлого арвинтай байсан юм. Мэдээж түүний цомог дээр Жей Зи хамтарч ажилласан билээ. Реппер залууг Рианнатай холбож ярих цуурхал намжаагүй хэвээр байсан боловч Беойнсе энэ бүгдийг тоохгүй дүр эсгэж, зөвхөн уран бүтээлдээ бүх анхаарлаа хандуулж байлаа.

11

Харин 2006 оны 11-р сард гаргасан “Lost One” хэмээх бүтээлдээ Жей Зи хүмүүсийн ам дамжин ярилцах Рианнагийн тухай цуурхлыг намжаахуйц дорвитой хэдэн үг дурдсан байдаг. Тухайн үедээ тэр Беойнсетэй болзож байсан билээ.

2007 оны 1-р сард болсон Жей Зигийн “Hollywood” цомгийн нээлтийн үйл ажиллагаан дээр Беойнсе, Жей Зи нар ихэд дотно явж харагдсан нь хүмүүсийн нүдэнд ил байсан юм.

12

Удалгүй ердөө жилийн дараа хосууд чимээ аниргүйхэн хурим хийжээ. Тухайн үед хуримын ямар ч зураг бичлэг олонд дэлгэгдээгүй бөгөөд ердөө 30 гаруй хүмүүс л тэдний баярт зочилсон байдаг. 

13

Хуримаа хийж, эхнэр нөхөр болоод удаа ч үгүй байтал дуучин бүсгүйг жирэмсэн болсон гэх яриа хүн бүрийн магнайг тэнийлгэж байсан ч бүсгүй үүнийг үгүйсгэж мэдэгдэл хийсэн юм. 2011 оны 5-р сард Жей Зи өөрийн үзэсгэлэнт эхнэрээ “American Idol” тэмцээний тайзны ард бэлтгэлээ хийж байгаа гайхалтай бичлэгийг олонд дэлгэн түүндээ хичнээн их хайртайгаа зарлаж байсан билээ. Хүн бүр л тэднийг сайхан хосууд хэмээн ам уралдан магтацгааж, авьяас чадварыг нь ихэд үнэлсэн юм.

14

Жил бүр уламжлал болгон зохиогддог “MTV” хөгжмийн наадмын үеэр попын хатан хаан өөрийн хит дуу болох “Love on Top”-ийг гайхалтай сайхнаар дуулж, төгсгөлд нь өөрийгөө бие давхар гэдгээ мэдэгдэж, жинхэнэ шуугианыг тарив. 

15

2012 оны 1-р сард хосууд бяцхан гүнж Блүй Айви Картер (Blue Ivy Carter)-аа хүлээж авлаа. Сарын дараа Бейонсе охиныхоо зургийг олон нийтэд ил болгож, дэлхий дахиныг шуугиалж байсан төдийгүй Жей Зи гэргийгээ дэлхийн хамгийн гайхалтай уран бүтээлч хэмээн цоллож, өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн байдаг.

16

Жилийн дараа буюу 2013 онд ерөнхийлөгч Барак Обама өөрийн үүрэгт ажлаа хүлээн авсанд баяр хүргэх ёслолд хосууд хүрэлцэн ирсэн төдийгүй Беойнсе хүчирхэг хоолойгоороо төрийн дууллаа эгшиглүүлснийг та бүхэн санаж байгаа байх.

17

Удалгүй бас дахин нэг цуурхал.... Жей Зиг дуучин Рита Ора (Rita Ora)-тай нууцаар болзож, эхнэрээ хуурч байна гэх яриа газар авлаа. 2013 оны 2-р сард дуучин бүсгүйн амьдралаар “Life Is But a Dream” гэх баримтат киног хийсэн нь тухайн үед тараад нууц амрагийн энэхүү яриаг няцаасан үйлдэл болсон юм. Харин тус оны 4-р сард хосууд хуримын 5 дахь жилийн ойгоо тэмдэглэн Куба улсаар аялж, өдгөө ч тэднийхайр дүрэлзэж байгаа гэдгийг олонд мэдэгдсэн билээ.

18

Ердөө сарын дараа гэхэд Жей Зигийн тухай муу муухай ярианууд ахиад л гарч эхэлсэн байна. Реппер, загвар өмсөгч Лив “2008 онд Жей Зи миний нуруу руу хүчтэй цохиж, гэмтээж байсан. Гэхдээ би Беойнсег хүндэлж явдаг болохоороо чимээгүй л өнгөрсөн” хэмээсэн юм. Мөн Бельгийн үзэсгэлэнт загвар өмсөгч Клауди Шэйлэн (Claudia Scheelen) нэгэн шөнийн цэнгээний газар Жей Зитэй тааралдсанд реппер эр бүсгүйг эргүүлж, өдөж хоргоосон ч гэдэг. Харин энэ бүгдийг няцаах мэтээр тус оны 12-р сард Беойнсе нөхөртэйгээ хамтран “Drunk In Love” хэмээх ээлжит нэгэн "тэсрэлт"-ээ гаргасан юм. 

19

Үүнээс гадна түүний шинэхэн цомогт “Jealous”, “Mine” гэхчлэн гомдож цөхөрсөн бүсгүйн сэтгэлийг дэлгэсэн уран бүтээлүүд багтсан байдаг. Эдгээр нь тэдний харилцаа тааруухан байгаа бололтой гэх эргэлзээг хүн бүхэнд төрүүлсэн билээ.

20

2014 оны 1-р сард хосууд хамтран “Drunk In Love” дуугаа “Grammy”-ийн шагнал гардуулах ёслолд дуулж, шүтэн бишрэгчиддээ бэлэг барьсан байна.

21

Тус оны 4-р сард дуучин Рита Ораг нэвтрүүлэгт оролцоход сэтгүүлч түүнээс Жей Зитэй янаг амрагийн холбоотой байсан эсэхийг лавлахад тэрээр “Тэр бүгд цуурхал, худал яриа байсан. Энэ нь Беойнсег хүндлэхгүй байна гэсэн үг шүү. Би хэзээ ч попын хатан хааныг гомдоох зүйл хийхгүй, хийгээ ч үгүй” хэмээсэн аж. Харин 5-р сард Беойнсе, Жей Зи нар “Met Gala” загварын наадамд хамтдаа хүрэлцэн ирсэн юм.

22

“Met Gala” арга хэмжээ болсноос долоо хоногийн дараа интернэтээр цахилгаан шатан дотор Беойнсегийн эмэгтэй дүү Соланж, хүргэн ах руугаа дайрч, муудалцаж байгаа бичлэг тархаж, дэлхий нийтийг шуугиалаад амжсан билээ. Энэ талаар тэд тодорхой мэдээлэл өгөөгүй боловч хүн бүр л Жей Зи, Рэйчэл Роё (Rachel Roy) гэх бүсгүйтэй нууцаар болзож, эхнэрээ хуурсан болохыг дүү нь мэдээд уурласан байх гэхчлэн өөр өөрийнхөөрөө тайлбарлан, ойлгож байв.

23

Мэдээж энэ нь баттай бус ч хамгийн дөхөж очсон хувилбар ч байж болох юм. Учир нь 5-р сарын 24-нд болсон Ким Кардашьян болон Канье Вест нарын хуриманд Беойнсе очоогүй бөгөөд Кимийн сайн найз, нөхөртэй нь нууц харилцаа үүсгэсэн гэх Рэйчэл Роё гэгчтэй уулзахаас, харахаас дургүй нь хүрсэн хэмээн шүтэн бишрэгчид нь үзсэн билээ.

24

2014 оны 6-р сард “On the Run” аялан тоглолт нь үргэлжилсээр Миами хотод ирсэн бөгөөд тухайн үед бүсгүй чин сэтгэлээсээ нөхөртөө зориулж дуу бүхнээ уянгалуулж байсан гэдэг. Харин сонин хэвлэлүүд хосуудын харилцаа тун тааруу байгаа, тэд тоглолтоо дуусгаад л сална хэмээн үзэж байв.

25

8-р сард Беойнсе, реппер Ники Минаж (Nicki Minaj)-тай хамтарч “Flawless” дууны ремикс хувилбарыг гаргасан ба тухайн үед хосуудыг бараг л тусдаа амьдарч байгаа, аль хэдийн сэтгэл хөрсөн гэх яриа улам л даамжирсаар байлаа.

26

8-р сарын 24-нд “MTV” хөгжмийн наадмаас Беойнсе шагнал хүртэхэд түүний цомыг Жей Зи болон охин нь аван тайзан дээр гарч ирсэн юм. Үүнд бүсгүйн сэтгэл маш их хөдөлж, та хоёртоо маш их хайртай шүү хэмээн нулимс дуслуулан хэлсэн билээ. Магадгүй энэ үеэс л тэдний харилцаа эргэн сэргэсэн байх.

27

Тус оны 9-р сар гэхэд хосууд урьдын хэвэндээ орж, үдэшлэг, цэнгүүнд ихэд дотно явж харагдах болжээ.

28

Харин Беойнсегийн төрсөн өдрөөр Жей Зи “On the Run” тоглолтын үеэрх болоод тайзны ардах бичлэгийг нийлүүлж олонд хүргэсэн бөгөөд энэ нь шүтэн бишрэгчдийнх нь хувьд жинхэнэ гэнэтийн бэлэг болж чадсан юм. 

29

2015 оны 5-р сард жил бүрийн “Met Gala” загварын наадмыг алгасдаггүй хосууд мөн л хамтдаа хүрэлцэн ирэв.

30

Ийн тэдний харилцаа эргэн сэргэв үү гэтэл бас л асуудал үүслээ. Учир нь Беойнсе саяхан өөрийн “Lemonade” цомгоо гаргасан бөгөөд ихэнх дуундаа Жей Зи түүнийг хуурсан гэх утгатай үгсийг ихээр багтаасан байв. Мөн “Тэр чинь сайхан үстэй...” хэмээх үгийг дуундаа оруулсан нь олныг гайхшруулж орхисон юм.

31

Жей Зитэй нэр холбогдож байсан Рэйчэл Рой өөрийн твиттер хуудаснаа “Тэр чинь би лав биш шүү” хэмээн жиргэсэн нь олны дургүйцлийг хүргэсэн байна. Харин 4-р сарын 27-нд болсон “Formation”  тоглолтын үеэр хосууд аль аль нь хуримын бөгжөө зүүгээгүй байсан боловч Беойнсе нөхөртөө маш их хайртай болохоо хэлээд “Halo” дуугаа дуулсан юм.

32

Үүнээс гадна 5-р сарын 2-нд болж өнгөрсөн “Met Gala” загварын шоуг жил алгасалгүй хамт хүрэлцэн ирдэг хосууд энэ жил өнжин, Беойнсе ганцаар нь ирсэн нь олноо хардлагыг төрүүлээд байна. Гэвч хаалттай хөшигний цаана юу болж байдгийг хэн ч мэддэггүйн адилаар, энэ бүхнийг хоосон цуурхал байгаасай хэмээн найдаж, хүчирхэг хосуудын дараагийн хамтын уран бүтээлийг чих тавин хүлээж сууя даа...

33

34

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()