1
Гарны үнэр арилгах
Сонгино, сармис болон загас зэрэг хурц үнэртэй хүнсний бүтээгдэхүүнүүд цэвэрлэсний дараа гаранд эвгүй үнэр шингэж, хэд ч угаагаад арилдаггүй сул талтай байдаг. Харин үүнийг хялбархан арилгахын тулд танд ердөө шүдний оо байхад л хангалттай. Хоёр гарынхаа алганд оо түрхээд, усаар зайлж угаагаарай. Энэ нь савандаж угаахаас илүү хурдан үр дүнгээ өгдөг аж.
2
Үнэт эдлэл өнгөлөх
Алт, мөнгө, монет гэхчлэн үнэт эдлэл өнгөө алдах нь элбэг байдаг. Ийм тохиолдолд та алт мөнгөний дархан зорьж, мөнгөө гарздахын оронд шүдний оог ашиглан, шинэ мэт гялалзуулах боломжтой. Үнэт эдлэлээ оогоор сайн гэгч нь үрж, усаар зайлсны дараа зөөлөн арчих ёстой шүү.
3
Өнгийн харандааны толбо арилгах
Бага насны хүүхэдтэй айлуудад энэхүү асуудал нь ихээр тулгардаг. Ханаар дүүрэн сараачсан зүйлсээс болж байрандаа засвар хийж, ханын цаасаа солих нь энүүхэнд. Харин шүдний оог ашиглан, ханан дээр зурсан өнгийн харандааны толбыг арилгаж болох бөгөөд толбонууд дээр оогоо түрхэн, сойзоор юмуу бага зэрэг чийгтэй алчуураар сайн гэгч нь үрж өгөөрэй. Дараа нь ахин цэвэрхэн, чийгтэй алчуураар бага зэрэг арчихад л хангалттай.
4
Спортын шил цэвэрлэх
Заавал спорт гэлтгүй нарны шил ч бохирдож, зураас үүссэнээс болж харахад хүндрэл үүсгэдэг. Ийм тохиолдолд шүдний оог ашиглаарай. Бага зэрэг оог бохирдсон хэсэг дээрээ түрхэн, 2 минут орчим зүлгэж, усаар зайлна. Дараа нь мөн л зөөлөн арчсанаар асуудал шийдэгдэнэ. Мөн өвлийн улиралд шил зүүдэг хүмүүст тулгардаг томоохон асуудал нь шил цантах. Харин дээрх аргыг хэрэглэснээр цантах, хөлрөх зэргийг мартах нь байна шүү.
5
Батга арилгах
Шүдний оо нь хар болон цагаан батгыг арилгахад онцгой нөлөөтэй гэдгийг мэдэх үү? Унтахаасаа өмнө нүүрээ цэвэрлээд, оогоо батгатай хэсгүүддээ нимгэн түрхэж хонуулан, өглөө нь угаана. Шүдний оо нь үрэвслийг намдааж, батгыг түргэн хатаах үйлчилгээтэй юм. Түүнчлэн сорвигүй эдгэхэд ч тусалдаг.
6
Хумс арчилгаа
Шүд болон хумс нь өөр өөр үүрэгтэй боловч бүтцийн хувьд адил байдаг аж. Иймд шүдний оо нь зөвхөн шүдний бус хумсны ч эрүүл ахуйг хангадаг байна. Өдөр бүр хумсаа шүдний оогоор цэвэрлэн, угааснаар таны хумс гялалзсан, эрүүл, цэвэрхэн болох болно.
7
Хүүхдийн угж цэвэрлэх
Угж нь маш амархан бохирдож, эвгүй үнэртэй болдог билээ. Гэхдээ үүнийг элдэв янзын угаагч шингэн, саван зэргээр цэвэрлэх нь хүүхдийн эрүүл ахуйд тохиромжгүй бөгөөд эрсдэлтэй тул танд шүдний оог санал болгоё. Бага зэрэг оог саванд хийж, шилийг зүлгэж, усаар зайлаарай.
8
Мебелэн тавилганы толбо арилгах
Модон ширээн дээр хүйтэн аяга тавьсны дараа дугуй толбо бий болдог. Үүнийг арилгах нь тухайн хүнээс нэлээдгүй цаг болоод хүч хөдөлмөр шаарддаг билээ. Харин бага зэрэг чийгтэй алчууран дээр шүдний оо түрхэж, зүлгэснээр хэдхэн хормын дотор толбо ор мөргүй арилах болно.
9
Хивсний толбо арилгах
Эзэгтэй нарын хамгийн ихээр санаа зовоосон асуудал бол хивс, ширдэгний толбыг арилгах явдал юм. Шинэхэн хивсэн дээр дарс, тараг асгаж, толбо үүсэхэд бүтэн өдөржин угааж зүлгэх хэрэг гардаг. Үүний оронд шүдний оог ашиглан, толботой хэсгийг бага зэрэг зүлгэхэд л хангалттай байна.
10
Шүршүүрийн шил цэвэрлэх
Бага зэргийн чийгтэй порлонд ахиухан хэмжээний шүдний оо түрхэж, шилэн хаалгаа зүлгээрэй. Дараа нь мэдээж цэвэр усаар зайлах ёстой бөгөөд цэвэрлэгээ дууссаны дараа танай угаалгын өрөө шинэхэн мэт л гялалзах болно.