Дрифтийн спорт нь сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд энэ удаагийн арга хэмжээ нь Монголын авто ертөнцөд хувьсал хийсэн фестиваль болсон бөгөөд дрифтийн тэмцээн, авто үзэсгэлэн, автомашины дуудлага худалдаа хэмээн 3 хэсгээс бүрдэж зохион байгууллагдсан бөгөөд үзэгчдийн уйдахааргүй үзүүлбэрүүдээр дүүрэн байлаа.
Энэхүү арга хэмжээнд ЗТЯ-ны сайд Д.Зоригт, Авто худалдааны цогцолборын дарга Д.Байдраг, СКАЙтел ХХК-нийн Гүйцэтгэх захирал Д.Болор нар хүрэлцэн ирж нээлтэнд оролцсон бөгөөд дрифтийн машинд суун дрифтэлж үзлээ. Мото спортын олон улсын хэмжээны мастер Х.Тэмүүжин, Б.Батмөнх, Х.Мөнхболор, н.Анхбаяр нар 13 автомашины дээгүүр харайж үзүүлснээс гадна RC машины дрифт, азтан шалгаруулах, бүх авто мото клубүүдийн танилцуулга, хуучны ховор содон машинуудыг үзэж сонирхон дуудлага худалдаанд оролцох боломжийг олголоо.
Мөн энэ жилийн нэг онцлог бол үзэгчдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангахаас гадна тав тухтай үзэх боломжийг бүрдүүлэн үзэгчдийн суудал зассан зэрэг нь Монголд анх удаа ийнхүү зохион байгуулалт сайтай тэмцээн болсныг илтгэж байлаа. Буриад улсаас ирсэн Хатгуур зүү, Саруина болон Хар сарнай Амраа, Desant нар ирж ая дуугаа өргөсөн.
Тус тэмцээнд нийт 30 тамирчин оролцсоноос Тэргүүн байранд V6 клубын тамирчин, авто спортын мастер О.Ууганхүү (Nissan Silvia S15), Дэд байранд “Drift Empire” клубын тамирчин Д.Эрхэмбаяр (Toyota GT86), Гутгаар байранд iDrift клубын тамирчин Б.Батмөнх (Toyota Chaser), Тусгай байранд iDrift клубын тамирчин н.Наранбаатар (Toyota Altezza), 1-р үеийн хамгийн өндөр оноотой тамирчнаар Ч.Билэгсайхан (Nissan Silvia S15) нар шалгарч цом, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчдийн шагналын эзэн боллоо.
Тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр СКАЙтел групп, ивээн тэтгэгчээр “Ариун – Очир” констракшн, тос тосолгооны Pakelo брэнд, дэмжигч байгууллагаар “НАЙРСАГ УЛААНБААТАР” хөтөлбөр Сан Эрчим ХХК, “Mercedes Benz Plus” сервис, “Hobby Center”, “Алтан алим” ХХК, Мэдээллийн ивээн тэтгэгчээр Gogo.mn, Caak.mn хамтран ажиллалаа.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.