20
Чарлз Барклэй (Charles Barkley)
Анх 1984 онд “Philadelphia 76ers” багт драфтлагдан орж ирсэн бөгөөд 1992-1996 оны хооронд “Phoenix Suns” багт, 1996-2000 онд “Houston Rockets” багт тоглож байгаад өөрийн карьераа өндөрлүүлсэн юм. Түүний гаргасан амжилт нь ганц нэгээр дуусахгүй бөгөөд 1993 онд “Phoenix Suns” багт тоглож байхдаа ид гялалзаж, тухайн жилийнхээ "Улирлын Үнэ Цэнэтэй тоглогч" гэх шагналыг хүртэж байсан юм. Өдгөө тэрээр “NBA” болон сагсан бөмбөгийн шинжээч болсон билээ.
19
Элвин Хэйс (Elvin Hayes)
NBA-д орж ирсэн тоглогч бүрийн хүсэл нь аварга авах юм. Тэрээр өөрийн хүслээ биелүүлэн 1978 онд “Washington Bullets” багт байхдаа анхны бөгөөд сүүлчийн аваргаа авч байсан билээ. Мөн түүнийг том “Э” хэмээн хочилдог байсан төдийгүй 34 насандаа 23 оноо дунджилж байсан нэгэн юм.
18
Юлий Эрвинг (Julius Erving)
Авч болох бүхий л шагналыг түүсэн гэхэд хилсдэхгүй цуутай нэгэн билээ. 1972 онд 12 дахь сонголтоор “Milwaukee Bucks” багт орж байсан юм. Өөрийн авьяас чадвар, уран гоё тоглолтоороо аварга авч, улирлын үнэ цэнтэй тоглогч гэх цолыг ч хүртэж байсан юм.
17
Карл Мэлоун (Karl Malone)
“Utah Jazz” багийн амьд домог болсон тэрээр тус багт 13 улирал тоглохдоо ердөө тавхан тоглолт өнжиж байсан гэдэг билээ. Анх хүчний довтлогчийн байрлалд тоглож байсан бөгөөд холын зайн шидэлтийг бага хувьтай шиддэг байсан юм. Гэвч өөрийгөө хурцалж, жил ирэх тусам чадвараа нэмэгдүүлж, нэг л мэдэхэд “мэргэн бууч” гэх цолыг хүртээд байсан агуу тоглогч аж. Мөн тэрээр бүх цаг үеийн оноо авалтын жагсаалтын 2-р байрыг эзэлдэг юм.
16
Хаким Олажувон (Hakeem Olajuwon)
Нигери гаралтай сагсан бөмбөгчин тэрээр 1984 онд нэгт эрэмблэгдэн “Houston Rockets” багт очиж байсан билээ. Түүний гайхалтай чадвар, бөмбөг эзэмшилт зэрэг нь дарааллан аварга авахад нь гол нөлөө үзүүлж байсан юм. Төвийн тоглогч төдийгүй багийнхаа лидер нь байсан боловч 2001 онд “Toronto Raptors” багт шилжин, ганц жил тоглоод зодог тайлсан билээ. Карьерынхаа хугацаанд 26,946 оноо авсан байдаг бөгөөд үүгээрээ хамгийн өндөр оноо авсан тоглогчдын жагсаалтын 10-р байранд ордог.
15
Шакиль О'Нил (Shaquille O’Neal)
Хөгжилтэй байдал, чадварлаг тоглолтоороо хүн бүрийн танил болсон тоглогч билээ. Тэрээр хэдий олон багт тоглож байсан ч ид гялалзаж явсан үе нь домогт “Los Angeles Lakers” багт өнгөрсөн буюу 3 аваргын цомийн эзэн болж, финалын үнэ цэнтэй тоглогчоор шалгарч байсан юм. Мөн “Miami Heat” багт 4 жил тоглон нэг аваргын цомийг өвөртөлсөн байдаг. Түүний гаргасан амжилтуудыг тоолж баршгүйн дээр саяхан 4-р сарын 4-нд домогт тоглогчид болох Аллен Айверсон (Allen Iverson) болон Яао Мин (Yao Ming) нарын хамтаар алдрын танхимд нэрээ мөнхөлсөн билээ. Мөн та бүхнийг түүний бэлтгэн гаргадаг “Shaqtin a fool” гэх хөгжөөнт цувралыг байнга үздэг байх гэж найдаж байна.
14
Мосе Мэлоун (Moses Malone)
Олон баг сэлгэн тоглосон бөгөөд 1983 онд “Philadelphia 76ers” багт байхдаа аварга цолыг хүртэж байсан юм. Хамгийн сүүлд Сан Антониа Спүүрс багт нэг улирал тоглон, зодог тайлсан байдаг. Домогт, агуу тоглогч нь өнгөрсөн жил буюу 2015 оны 9 сарын 13-нд насан эцэслэн нь, сагсан бөмбөгийн хорхойтнуудад нөхөж баршгүй гарз болсон билээ.
13
Боб Петтит (Bob Pettit)
Мартаж боломгүй агуу сагсан бөмбөгчдийн нэг юм. 1954 онд “Milwaukee Hawks” багт сонгогдон орж, 11 улирлын турш багтаа тоглосоор зодог тайлсан байдаг аж. Нөр их хичээл зүтгэлийнхээ үр дүнд 1958 онд аварга авсан төдийгүй хоёр ч удаа улирлын үнэ цэнтэй тоглогч гэх шагналыг хүртэж байсан чадварлаг нэгэн билээ.
12
Коби Брайнт (Kobe Bryant)
“Мамба” гэх аварга хүчирхэг могойн нэрээр өөрийгөө цоллуулж, сагсан бөмбөгийн ертөнцийг шуугиулж яваа гайхалтай тоглогч билээ. Түүнийг танихгүй хүн гэж үгүй бөгөөд гаргасан амжилтыг нь магтан, биширч явдаг билээ. 1996 онд “Charlotte Hornets” багт орж байсан ч солилцоогоор “Los Angeles Lakers” багт ирж, өнөөг хүртэл тоглож яваа юм. Багийн лидер гэж ямар байх ёстойг бусаддаа үлгэрлэн харуулж ирсэн тэрээр нийтдээ 5 аваргын бөгжтэй гэдгийг сагсан бөмбөг сонирхогч та бүхэн мэдэж байгаа биз ээ. Харамсалтай нь эрийг нас, уулыг цас гэгчээр тэр хэдийн 37 хүрсэн бөгөөд бэртэл гэмтлээс үүдэн энэ улирал тоглоод, зодог тайлах гэж байгаа юм. Түүний хамгийн сүүлчийн тоглолт нь 4 сарын 14-нд “Ютай Жазз” багийн эсрэг болно. Энэхүү тоглолтыг үзэхийг хүссэн хүмүүс маш их байгаа нь түүнийг хэр нэр хүндтэйг харуулж байгаа аж.
11
Элжин Бэйлор (Elgin Baylor)
1958 онд анх NBA гэх их айлд хөл тавин, өөрийн алдар нэрээ олноо цуурайтуулж байсан юм. Харамсалтай нь карьертаа аварга болж чадаагүй боловч бүтээсэн гавьяаг нь сайшаахгүй байхын аргагүй юм. Тэрээр “Minneapolis болон "Los Angeles Lakers" багт тоглосоор зодог тайлсан байдаг.
10
Тим Данкан (Tim Duncan)
Тэрээр өдгөө хэдийн 39 насыг зооглож байгаа боловч сагсан бөмбөгийн ертөнцөд од болон гялалзсан хэвээр л байна. 1997 онд Сан Антинио Спүрс багт орж байсан бөгөөд өдгөө ч тоглосоор л байгаа юм. Түүний багтаа оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй бөгөөд 5 удаагийн аварга аж. Гаргасан олон амжилтаа даруухан зангаараа чимэн, өдгөө шинэ залуусдаа зааж сурган яваа билээ. Энэ улирлын тухайд Сан Антониа Спүрс баг нь бүсийнхээ 2-т эрэмблэгдэж байгаа төдийгүй аварга авах өндөр магадлалтай байна.
9
Жерри Вэст (Jerry West)
1960 онд “LA Lakers” багт сонгогдон орж, карьерийнхаа турш багтаа тоглосоор зодог тайлсан бөгөөд үүнийхээ дараа ч мөн өөрийн багтаа 3 жилийн турш дасгалжуулагч хийсэн юм. Мөн 1972 онд аваргын бөгж зүүж, хүсэл мөрөөдлөө биелүүлсэн тэрээр өдгөө олон олон амжилтыг эвдэн яваа “Golden State Warriors” багийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн билээ.
8
Билл Расселл (Bill Russell)
“Boston Celtics” багийг түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэрээр 14 улирлын турш багтаа тоглохдоо 11 удаа аваргын бөгж зүүсэн нь түүний ямар агуу тоглогч байсан гэдгийг илтгэж өгөх биз ээ. Гаргасан амжилт бүрийг нь дурдая гэвэл бүтэшгүй зүйл болох бөгөөд 1969 онд зодог тайлсныхаа дараа 1988 он хүртэл дасгалжуулагч хийж байсан юм.
7
Ларри Бурд (Larry Bird)
Мөн л “Boston Celtics” багийн шүтээн болсон тоглогч билээ. Багийнхаа аваргын бөгжийг гурваар нэмэгдүүлж, өөрийн нэр хүндийг дэлхийн тавцанд гаргаж чадсан нэгэн юм. Магтаж баршгүй тэрээр 13 улирал багтаа тоглосон бөгөөд 1997-2000 оны хооронд “Indiana Pacers” багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан бол өдгөө тус багийн захирал болсон байна.
6
Оскар Робертсон (Oscar Robertson)
Тарчигхан амьдралтай өссөн тэрээр сагсан бөмбөгт дурлан, өөрийн зорилгоо болгосон нь түүнийг амжилтанд хүргэх гол алхам болсон юм. 1960 онд “Cincinnati Royals” багт орж, 10 жил тоглосны эцэст, “Milwaukee Bucks” багийг сонгон явж аваргын бөгж зүүж байв. NBA-д хөл тавьсан эхний улиралдаа л 30.5 оноо, 10.1 самбараас бөмбөг авалт, 9.7 оновчтой дамжуулалт дунджилж лигийг тэргүүлж байсан нь олныг гайхшруулж байсан бол 1962 онд улирлын турш 30.8 оноо, 12.5 с.б.а, 11.4 о.д дунджилж, жинхэнэ “Triple Double”-ын мангас гэгдэж байсан билээ.
5
Леброн Жэймс (Lebron James)
“Хаан” хочит тэрээр өнөө цаг үеийн хамгийн шилдэг тоглогч юм. Анх 2003 онд “Cleveland Cavaliers” багт орж, өөрийгөө бусдад таниулан, 2007 онд финалд шалгарсан боловч баг хожигдол хүлээн аварга болж чадаагүй билээ. Иймд тэрээр багаасаа явж, “Miami Heat” багт очсон нь олон хүний дургүйг хүргэж, тэр ч бүү хэл "Клэвлэнд Кавалэйрс" багийн дэмжигчид түүний өмсгөлийг хүртэл шатааж байсан юм. Леброн “Миами” багт очин 2 аваргын бөгж хүртсэн бөгөөд 2014 онд уугуул багтаа эргэн ирж, олны магнайг тэнийлгэсэн билээ. Өдгөө тэрээр багийнхаа төлөө бүхий л чадах бүхнээ хийж, аварга авахыг зорьж байгаа төдийгүй бүсийнхээ 1-т эрэмблэгдэж байгаа юм.
4
“Шидэт” Жонсон (Magic Johnson)
1979 онд “LA Lakers” багт сонгогдон орж, 13 улирлын нүүрийг үзэж зодог тайлсан юм. Багтаа 5 аваргын бөгж авахад гол үүргийг гүйцэтгэж, удирдаж байсан билээ. Өдгөө од болон гялалзаж яваа тоглогчдын мөрөөдөл, шүтээн нь байсан түүнийг нэг хэсэг ДОХ-ын вирустэй хэмээж байсан ч өвчнөө ялан дийлж чадсан хэмээн ярьдаг билээ. “Шидэт” хочит, домогт тоглогч маань өдгөө бизнесийн салбарт хүч үзэн, нилээдгүй амжилттай яваа аж.
3
Вилт Чемберлен (Wilt Chamberlain)
Тэрээр маш том биетэй боловч асар хурдтай хэмээн хүн бүрийн гайхшралыг төрүүлдэг байв. 1960-1970 оны хооронд төвийн тоглогч байсан тэрээр “Philadelphia Warriors” багт анхлан оржээ. Карьертаа 2 аваргын бөгж хүртэж, 4 удаа улирлын үнэ цэнтэй тоглогч хэмээн нэрлэгдэж байжээ. Тэрээр 31,419 оноо цуглуулсан байдаг бөгөөд 1961-1962 оны улиралд 50.4 оноо, 25.7 самбараас бөмбөг авалт дунджилж, хүмүүсийг цочролд оруулан, яахын аргагүй шилдэг нэгэн хэмээн үнэлэгдэж байсан билээ.
2
Карим Абдул Жаббар (Kareem Abdul Jabbar)
Төвийн тоглогч байсан тэрээр карьертаа 15 оноо, 22.5 самбараас бөмбөг авалт гэх гайхалтай үзүүлэлтийг дунджилж байсан юм. Төвдөө бол мангас гэгддэг Абдул Жаббар зодог тайлахдаа хэдийн 6 аваргын бөгж хүртсэн байсан бөгөөд “Milwaukee Bucks” болон “Los Angeles Lakers” багуудад тоглож байсан билээ. Мөн тэрээр бүх цаг үеийн хамгийн их оноог авсан тоглогч юм.
1
Майкл Жордан (Micheal Jordan)
Хэдий сагсан бөмбөг сонирхдоггүй байсан ч гэлээ түүнийг мэдэхгүй хүн гэж хаана ч байхгүй. Бүх цаг үеийн хамгийн агуу сагсан бөмбөгчин хэмээн нэрлэгдэхгүй байхын аргагүй нэгэн юм. 1984 онд “Chicago Bulls” багт сонгогдон орсноор, тухайн үеийн сагсан бөмбөгийг шинэ түвшинд аваачсан гэх хилсдэхгүй. 6 удаа аваргын бөгж хүртэж, 5 удаа улирлын үнэ цэнтэй тоглогч болсон түүний гаргасан амжилт, бүтээсэн түүх бүрийг алтаар ч үнэлэшгүй юм. Тэрээр өдгөө “Charlotte Hornets” багийг эзэмшдэг аж.