1
Бэллэ Бойд (Belle Boyd)
1844 онд нэгэн зочид буудлын эзний охин болж мэндэлсэн тэрээр бүхий л амьдралынхаа ихэнхи хугацааг улс эх орныхоо төлөө нууц тагнуул хийж өнгөрөөсөн юм. Тэрээр Америкийн иргэний дайны үеэр холбооны цэргүүдийн дунд нэвтэрч тагнуул хийдэг байжээ. 1862 оны нэгэн шөнө холбооны цэргийн мэдэлтнүүд уулзан, армийнхаа зарим хэсгийн байршлыг өөрчилж, хүчээ зузаатгах талаар ярьж байгааг олж мэдсэн байна. Энэхүү чухал мэдээллийг улсынхаа генерал болох Стөүнвол Жэйксон (Stonewall Jackson)-д мэдэгдсэнээр, хариу арга хэмжээ авчээ. Түүний гавьяаг үнэлж, тухайн үедээ хүндэт тэмдэг гардуулсан байдаг. Гэвч сүүлд тэрээр холбооны хүчнийхэнд баривчлагдсан боловч дайн дууссаны дараа суллагдаж, Англид очиж амьдарсаар, 1900 онд нас эцэслэсэн байна.
2
Рихард Зорге (Richard Sorge)
Герман эцэг эхтэй Ричард Сорж 1895 онд Азербайжан улсын Баку хотод төржээ. Түүнийг бага байхад гэр бүлээрээ Герман руу нүүсэн тул Сорж Дэлхийн нэгдүгээр дайнд оролцохоос өөр аргагүйд хүрч, хүнд бэртэл авсан байна. Эмчилгээ хийлгэж байхдаа Карл Марксийн коммунизмын тухай үзэл баримтлалыг уншсанаар түүний улс төрийг үзэх үзэл нь маш ихээр өөрчлөгдсөн юм. Тиймээс 1920 онд Зөвлөлт холбоот улсын тагнуул болж, улс орнууд руу сэтгүүлчийн дүрээр очин, улс төрийн байдал, эрх мэдэлтнүүдийн явуулга зэргийг тандан, судалдаг байв. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр тэрээр Герман, Хятад, Япон улсын цэргийн чухал мэдээ зэргийг Зөвлөлт рүү дамжуулдаг байсан гэгддэг. Гэвч харамсалтай нь 1940 онд Япон улсад байхдаа баригдаж, цаазаар авахуулсан бөгөөд 1964 он хүртэл түүний тухай бүх мэдээллийг Зөвлөлт холбоот улс няцааж байсан юм.
3
Сидней Рэйли (Sidney Reilly)
“Тагнуулчдын хаан” хэмээн алдаршсан түүний амьдрал ихэд адармаатай байсан гэдэг. Тэрээр 1880 онд ЗХУ-ын нутаг дэвсгэр (одоогоор Украйн улс)-д Жеоржи Розенблум гэх нэртэйгээр төрсөн боловч сүүлд нэрээ өөрчлөн Сидней Рэйли болгосон юм. Тэрээр "Олон улсын тагнуулын байгууллага"-д ажилладаг байсан бөгөөд 4 улсад тагнуул байжээ. Анх 1890-ээд онд Лондон хотноо очиж, Их Британий тагнуулын төв газрын дарга Виллиам Мэлвил (William Melville)-тэй хамтран ажиллах болсон байдаг. Ийнхүү Их Британий тагнуулч болсон тул 1905-1914 оны хооронд Европ болон Орос улсад тагнуул хийн, 1925 онд Орос улсад ирсэн даруйдаа баригдаж, Сталины тушаалаар буудуулан нас барсан билээ.
4
Клаус Фукс (Klaus Fuchs)
1911 онд Герман улсад мэндэлсэн тэрээр физикийн шинжлэх ухаанд ихээхэн сонирхолтой байжээ. 1933 онд Гитлер засгийн эрхийг барих үед Клаус коммунист үзэлтэн байсан билээ. Иймд үзэл суртлын зөрчил үүсч тэрээр Британи улсад орогнол эрэн очсон байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны дунд үед Британи улс “Manhattan” гэх анхны атомын бөмбөгийг бий болгох төсөл боловсруулж байсан төдийгүй үүн дээр Клаус хамтран ажилласан юм. Түүний физикийн мэдлэг арвин тул Америк болон Британи улсуудад ховор эрдэнэ адил үнэлэгдэж байсан гэдэг. Гэвч Клаус тус атомын ажлынхаа талаар Зөвлөлтийн улсад цаг тухайд нь мэдэгдэж байсан тул үүнээсээ болж 9 жилийг торны цаана өнгөрөөсөн юм. Суллагдсаныхаа дараа тэрээр замаа хөөн, цөмийн бөмбөгийн судалгааны ажлаа хийж байсан бөгөөд сүүлд 1988 онд Берлин хотноо байгалийн гамшигт үзэгдлээс болж амиа алдсан хэмээн тэмдэглэгдэн үлджээ.
5
Олдрич Эймс (Aldrich Ames)
Тэрээр АНУ-ын тагнуулын төв газрын ажилтан байсан төдийгүй Зөвлөлт улсад мэдээлэл дамжуулагч гол эх сурвалж нь байсан юм. 1985 онд тэрээр Зөвлөлт улсад зүтгэхээр нууц гэрээ байгуулж байсан гэгддэг бөгөөд баттай мэдээллээ 50,000 доллараар худалддаг байжээ. Ийм байдлаар олон жил явсан тэрээр 1994 онд баригдаж, бүх насаараа хоригдох ял сонссон юм.
6
Жулиус болон Этель Розенберг (Julius and Ethel Rosenberg)
Тэд дэлхийн хоёрдугаар дайны үеэр Зөвлөлт улсын тагнуулчаар АНУ-д ажиллаж байсан билээ. Коммунист үзэлтэй тагнуулуудын үндсэн мэргэжил нь инженер байсан бөгөөд атомын бөмбөг үйлдвэрлэлийн явц, нарийн ширийн бүгдийг Зөвлөлт улсад мэдээллэдэг байв. Гэвч удалгүй тэдний тагнуул гэдэг нь илчлэгдэж, 1953 онд цахилгаан сандал дээр суун цаазаар авахуулсан байдаг.
7
Мата Хари (Mata Hari)
Тэр бол бүх цаг үеийн хамгийн алдартай эмэгтэй тагнуулч юм. 1875 онд Голланд улсад төрсөн түүний жинхэнэ нэрийг Маргарета Зелле (Margaretha Zelle) гэдэг байв. Эх нь удалгүй нас барж, эцэг нь түүнийг хаяж явсан юм. Иймд тэрээр өвөө дээрээ өсч торнисон боловч нэгэн хэвийн уйтгартай амьдралаас залхан, 1895 онд Индонез улс руу аялав. Харин тэнд нэгэн баян эр эхнэр хайж буй тухай зар олж уншин, нөхөрт гарсан юм. Гэвч тэд таарч тохирохгүй байсны дээр нөхөр нь байнга зодож тамладаг байжээ. Хэдийгээр 2 хүүхэдтэй байсан боловч тэсвэр нь алдагдсан бүсгүй хүүхдүүдээ орхин Парис руу нүүсэн юм. Тэнд очмогцоо бүжигчин мэргэжилтэй, царайлаг бүсгүй “Мата Хари” гэх нэрээр бүжиглэж, олон эрийн харцыг унагааж эхлэв. 1915 онд Германчууд түүний үзэсгэлэнт төрх, ухаалаг занг ашиглаж болно хэмээн сэтгэж тагнуул болох санал тавьсан байна. Бүсгүй ч үүнийг зөвшөөрч Франц улсад тагнуул хийж байгаад 1917 онд харамсалтайгаар баригдан цаазаар авахуулжээ. Түүний тухай үнэн, худал нь мэдэгдэхгүй маш олон цуурхал, таамаглалууд байдгийн дотор түүнийг Франц, Герман хоёр улсад зэрэг ажилладаг байсан ч гэж ярьдаг.