1
“Чамтай ярилцах хэрэгтэй байна”
Та хэн нэгэн хайртай хүндээ ийн хэлэх нь маш бүдүүлэг хэрэг болно. Тухайн хүний сэтгэл санааг тавгүйтүүлж, тэр өдрийг нь сүйрүүлж байна л гэсэн үг. Хэрвээ үнэхээр л ярилцах хэрэгтэй байвал биечлэн уулзах нь хэн хэнд нь тавтай байхаас гадна учраа ололцоход ч тус болно хэмээн найдаж байна.
2
“Гадуур зугаалах уу?”
Сайхан бүсгүйтэй танилцаж, анхны болзоонд урихдаа мессэжээр асуух нь буруудаад байх зүйлгүй. Гэхдээ цаашдаа байнга л энэ аргаа хэрэглээд байх нь онцгүй шүү. Үүний оронд гэрт нь юмуу ажил дээр нь өөрийн биеэр очиж уулзаад хүргэж өгөнгөө, маргааш завтай эсэхийг нь лавлаарай.
3
“Надтай гэрлээч?”
Хүн бүрийн амьдралыг шийдэх торгон агшин бол гэрлэх санал байдаг билээ. Иймд яав ч хөнгөн хуумгай хандаж болохгүй. Эмэгтэй хүн бүрийн сэтгэлд тодоос тод мөнхөрч үлдэх энэхүү нандин агшинг битгий сүйтгээрэй залуусаа. Мессэжээр "Надтай гэрлээч" хэмээн асуухад ихэнхи эмэгтэйчүүд тоглоом хэмээн ойлгож, татгалзсан хариу өгдөг байна шүү.
4
“Салъя”
Үнэхээр л таарч тохирохгүй хүнээс маш нухацтай бодсоны үндсэн дээр салах, харилцаагаа таслах нь амьдралд тохиолдох л асуудал. Харин энэхүү шийдвэрээ амаараа бус мессэжээр хэлэх нь маш буруу юм. Нөгөө хүндээ тухайн шийдвэрийг маш амархан гаргасан мэт, харилцаагаа цэглэж байгаа нь тийм ч сүйдтэй зүйл биш мэт сэтгэгдлийг төрүүлэх аюултай байдаг аж. Үүний оронд нүүр тулан ярилцах нь илүү үр дүнтэй.
5
Нууц зүйл илгээх
Сүүлийн үед нууцлалын систем суларснаас болоод гар утас нь хувь хүний нууцыг хадгалахад тохиромжгүй эд болон хувирч байна. Тиймээс өөрийн нууцалдаг болоод эвгүй байдалд оруулахуйц зүйлсийг бичих, түүнийгээ хэн нэгэнд илгээхгүй байх нь зөв юм. Утсаа хулгайд алдах эсвэл хэн нэгэн таны утсыг түр ашиглахдаа нууцыг тань задалж, хээв нэг цахим ертөнцөөр тараачихаж ч мэднэ. Утсаа алдсан өсвөр насны охины нүцгэн зургийг интернэтэд тавьсан тохиолдол хүртэл саяхан манай улсад гарсан билээ.
6
Нүцгэн зургаа явуулах
Дээр дурьдсанчлан нүцгэн зургаа хэн нэгэн рүү илгээх нь таны нэр хүнд болоод үнэ цэнийг хогтой хутгаж орхино гэдгийг санаарай. Хүнд болгоомж хэзээд илүүдэхгүй тул ямар нэгэн зүйлийг хийхдээ эхлээд сайн бодож, гарч болох эрсдлийг тооцоолж үзээрэй.
7
“Би чамд хайртай”
Өдөр бүр утсаар би чамд хайртай гэж хэлэх нь романтик байж болох ч анх удаагаа ингэж хэлж байгаа буюу сэтгэлээ илчлэх тохиолдолд хэтэрхий эрсдэлтэй байдаг байна. Нөгөө хүнээ хүндлэхгүй байгаа, чухал гэж үзэхгүй байгаа мэт санагддаг бөгөөд биеэр уулзаж хэлэх нь таныг түүнд хэр их хайртай болохыг харуулах дохио юм.
8
“Би жирэмсэн”
Эхнэр нөхөр хоёр уулзаж, эсвэл утсаар ярьж энэхүү баяртай мэдээгээ дуулгах нь хэвийн хэмжээнээс илүү их аз жаргал, баяр хөөрийг бэлэглэдэг. Гэвч цаашдаа хамт амьдрах эсэх нь тодорхойгүй, зүгээр л болзоот залуудаа ийм мэссэж илгээх нь олон талын эрсдэлтэй.
9
“Би болилоо, гарлаа”
Хамтран ажиллагч болон удирдах албан тушаалтандаа “Би гарлаа, цаашид ажиллаж чадахгүй нь” хэмээн мессэжээр хэлэх нь таны карьерт нөлөөлж болох хамгийн том алдаа ч байж мэднэ. Энэ нь хэт хүндлэлгүй хандаж байгаа мэт санагдах бөгөөд гэнэт болих, ажлаасаа гарах тухайгаа хэлэхэд тухайн хүн асар их сэтгэл санааны хохирол хүлээдэг. Иймд тохиолдолд уулзаж, зөв гарцыг хайн, тохиролцоонд хүрэх нь хамгийн тохиромжтой арга юм.
10
“Чи халагдсан”
Ийм алдааг хэзээ ч гаргахгүй байхыг зөвлөе. Багахан ч атугай зав гарган уулзаж, ямар алдаа гаргасан зэргийг нь тайлбарлан хэлэх нь аль алинд нь хавьгүй дээр юм. Эс бөгөөс халагдсан ажилтан бухимдан, хэдэн өдрийн турш тайван бус байж, таныг үзэн ядаж ч мэднэ.
11
“Чи их тарган харагдаж байсан шүү”
Хэн ч ийм зүйл сонсохыг хүсэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Энэ нь маш бүдүүлэг хэрэгт тооцогддог бөгөөд тухайн хүнийг сэтгэл санааны гутралд оруулах өндөр эрсдэлтэй. Үнэхээр хэлмээр, анхааруулмаар байвал яагаад уулзаад алгуурхнаар хэлж өгч, ярилцаж болохгүй гэж?
12
Уучлал эрэх
Хэн нэгнийг гомдоосон тохиолдолд утсаар уучлал эрэх нь таныг бүдүүлэг нэгэн мэт харагдуулна. Мөн таныг уучлах нь бүү хэл илүү ихээр үзэн ядах болов уу. Энэ нь тухайн хүнийг үл ойшоосон бөгөөд гэмшсэн сэтгэл огт төрөөгүй мэт санагдуулдаг гэнэ шүү.
13
"Хайртай амьтан чинь үхчихлээ"
Сүүлийн үед хүмүүс амьтад ихээр тэжээх болж, гэр бүлийн гишүүдээсээ өөрцгүй үздэг болсон билээ. Иймд тэдний хайртай амьтдад муу зүйл тохиолдсон бол түүнийг зүгээр нэг мессэжээр, тоомжиргүй байдлаар хэлэх нь маш буруу юм. Яг л “Гэр бүлийн гишүүн тань нас барчихлаа” гэж байгаатай адил тул болгоомжлохыг зөвлөе.
14
"Гэр бүлийнхэн тань осолд орчихлоо"
Энэ бол хамгийн дэмий үйлдэл юм. Тухайн мэдээг мессэжээр мэдсэн хүн шоконд орж, ямар ч аюултай учирч болзошгүй байдаг байна. Иймд биечлэн уулзаж, урьдаас сэтгэл санааг нь бага багаар дасгаж хэлэх нь арай эерүү юм.