2016 оны хамгийн стресстэй ажлууд

Ажил хөдөлмөр эрхэлнэ гэдэг амаргүй даваа. Ялангуяа олон нийттэй харилцах, хүний амь нас хариуцаж ажиллах нь тухайн хүндээ асар их үүрэг хариуцлага үүрүүлдгээс гадна, мөн хэмжээний сэтгэл зүйн дарамт шахалт, стресс болох нь ч бий. Ингээд уншигч та бүхэнд 2016 оны хамгийн стрестэй ажлуудын шинэ жагсаалтыг танилцуулья. Таны эрхэлдэг ажил, мэргэжил ч байх юм билүү? Сонирхоод нэг үзээрэй. Хэрвээ тийм бол аль болох бүхнийг эерэгээр харж, өөртөө болон өрөөл бусдад харамгүй их эрч хүч, хайр энэрлийг түгээж байгаарай. 

2016 оны хамгийн стресстэй ажлууд

11 Оскарын наадмыг хөтлөх

Энэ жилийн Оскарын наадмыг Америкийн хошин урлагийн жүжигчин Крис Рок (Chris Rock) хөтөлсөн билээ. Мэдээж нэр хүндтэй, дээд зэрэглэлийн наадмыг хөтлөж, олонд хүргэнэ гэдэг их хэцүү. Та нэг буруу үг хэлж, нэг хүний нэрийг буруу дуудсан тохиолдолд олон хүний хараалыг идэж, түүгээр ч зогсохгүй өөрөө ч мэдэлгүй хүний нэр хүндэд халдсан хэрэгт орно. Крис Рокын тухайд энэ жилийн наадмаар арьс өнгөөр ялгаварлах үзлийг хэт их ярин, олныг бухимдуулж, өөрийгөө стрестүүлсэн билээ. Наадам өндөрлөсний дараа үзэгчид өөрсдийн санал хүсэлтээ илгээдэг бөгөөд үүнд хөтлөгчийн талаар ихийг дурьдсан байна. Тиймээс Оскар гэлтгүй нэр хүндтэй, онцгой том наадам, шоу, хүлээн авалт зэргийг хөтлөх нь хэцүү ажил, мэргэжилд тооцогддог аж.

Оскарын наадмыг хөтлөх

10 Агаарын хөдөлгөөн хянагч

Тус ажил нь бие махбодид хохирол учруулахгүй ч гэлээ олон хүний амь нас, аюулгүй байдлыг хариуцан ажилладаг гэдгээрээ маш хариуцлага өндөртэй юм. Мэдээж өдөржингөө харанхуй өрөөнд дэлгэц ширтэн суух нь тийм ч зугаатай биш. Ийм ажилтай хүмүүс хүнд нөхцөлд ажилладаг гэгддэг тул 56 насандаа тэтгэвэрт гардаг байна.

Агаарын хөдөлгөөн хянагч

9 Үйл ажиллагаа зохион байгуулагч

Хурим, тэмдэглэлт өдрүүдээ хүмүүс хамгийн сайхнаар тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсдэг. Тиймдээ ч хамаг мөнгөө зарлагадан байж зохион байгуулагч хөлслөн авч ажиллуулдаг шүү дээ. Тэд бүх юмыг нягт нямбай, юуг ч орхигдуулалгүй гайхалтай хийдэг тул таны баяр хамгийн шилдэг нь болох болно. Харин тэр сайхан зохион байгуулсан баярын цаана юу болж байдаг гэж санана? Урих зочид, дайлах хоол хүнс, байр сууцыг чимэглэх, юу өмсгөх, хэдэн цагт эхлэх, тарах, үйл ажиллагаа хоорондын цаг минут гээд л бүхий зүйлийг нарийвчлан авч үздэг. Тиймдээ ч тэд амрах завгүй ажиллаж, маш ихээр стрестдэг байна. Бүхий л ажил нь зөвхөн тэдний нуруун дээр байгаа шүү дээ.

Үйл ажиллагаа зохион байгуулагч

8 Түргэний тэргийн диспетчер

Энэ бол үнэхээр үүрэг хариуцлага өндөртэй ажил билээ. Минут тутам ямар нэгэн байдлаар асуудалд орсон хүн тань руу залгаж зовлонгоо тоочиж аврал эрэх болно. Гэгээлэг зүйл ярих ганц ч хүн байхгүй. Гэхдээ тэдэнд туслан амийг нь аврах сайхан хэдий ч ажилчдын хувьд нилээд стресстэй байдаг гэнэ.

Түргэний тэргийн диспетчер

7 Уурхайчин

Нар ч үзэхгүй, олон цагийн турш газар доор ажиллана гээд төсөөлдөө. Сайхан санагдахгүй нь лавтай. Тэд амь насаа алдах эрсдэл өндөртэй тул ийм мэргэжилтэй болох "хатан зүрхтэн" ховор байдаг аж. Аюулгүйн баталгаагүй нөхцөлд ажиллана, биеийн хөдөлмөр эрхэлж байгаа зэргээрээ хамгийн стресстэй ажлын жагсаалтанд багтжээ. 

Уурхайчин

6 Нийгмийн ажилтан

Тэд бол нийгэмд болж буй хамаг л муу муухай зүйлстэй тэмцэн, сөрж явдаг хүмүүс билээ. Ядарч, зовж яваа хүмүүст тусламжийн гараа сунган, тэднийг улсын хамгаалалтанд авдаг аж. Гэхдээ тэдний хөдөлмөрийг үнэлж, хүндлэх хүмүүс тун ховор. АНУ-н хөдөлмөрийн товчооноос гаргасан судалгаанаас үзэхэд 3 нийгмийн ажилтан тутмын нэг нь хэн нэгний халдлагад өртсөн байдаг аж. Үүнээс үзэхэд тус ажил нь хамгийн стресстэйгээс гадна аюул ихтэй байх нь ойлгомжтой билээ.

Нийгмийн ажилтан

5 Сувилагч

Эмч нартай адил хүнд нөхцөлд ажилладаг боловч хүндлэл болон цалингийн тухайд хамаагүй доогуур гэж хэлж болно. Хүмүүс эмчийг бурхан мэт шүтдэг атлаа сувилагч нарыг мартаж орхидог. Хагалгаанаас гарч ирсэн хүмүүсийг асарч, сувилж хамгийн чухал үед нь хажууд нь байж, эдгээж эмчилдэг билээ. Тэдэнд амрах цаг бага, олон өвчтөнтэй тулж ажилладаг болохоор нилээдгүй стрессдэж, бухимддаг байна.

Сувилагч

4 Бага ангийн багш

Эхийнхээ өврөөс гараад удаагүй бяцхан хүүхдүүдэд эрдэм мэдлэг олгохоор зорьж явдаг хүмүүс бол сургуулийн өмнөх боловролын сурган хүмүүжүүлэгч болон бага ангийн багш нар билээ. Юугаа ч мэдэхгүй балчир хүүхдүүдэд хичээл заах нь бүү хэл томоотой таван минут ч суулгана гэдэг мэдээж хэцүү. Арга эвийг нь олох гэж хэрэндээ л зовно, дээрээс нь эцэг эхчүүдийн хэл ам... гээд л бухимдах асуудал ганц нэгээр тогтохгүй ажээ.

Бага ангийн багш

3 Мэс заслын эмч

Хүний амь насыг үхэл амьдралын зааг дээрээс холдуулах хамгийн хүнд ажил тул дан ганц стресс бухимдал ч биш, үүрэг хариуцлага, айдас эргэлзээ гээд л асар олон мэдрэмж мэс заслыг эмчид төрдөг. Олон цагийн турш хэн нэгний амийг аврахаар оролдож, сэтгэл зүрхээ зориулан, хөлс хүчээ дуслуулавч өвчтнөө үхлийн гарт алдчихвал яах вэ? Мэдээж асар ихээр харамсаж, шаналах нь ойлгомжтой. Хагалгаа амжилтгүй болсон тохиолдолд гол буруутан нь эмч болон үлддэг. Иймд тэд алдаа гаргахаас эмээж, айдас дунд ажилладаг учраас хамгийн стресстэй мэргэжилтнүүд хэмээн нэрлэгддэг байна.

Мэс заслын эмч

2 Гал сөнөөгч

Өрөөлийн төлөө өөрийн амь нас, эрүүл мэндээ үл хайхран тэмцдэг хүмүүс бол онцгой байдлыг аврах ажилтнууд билээ. Тэдэнд амралт, зав чөлөө гэж үгүй. Ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг гүйцэлдүүлэхийн төлөө амралт болон шөнийн цагаар, баяр наадмын өдрүүдээр ч хүртэл бэлэн байдалд байдаг. Тэд дандаа зовлон зүдгүүр, уй гашуй автсан газруудад ажилладаг болохоор стрессдэх нь ойлгомжтой юм. Мөн тэднийг болж өгвөл сэтгэл зүйч дээр очин эмчилгээ хийлгэж, амар тайван газар очин тархиа амрааж, сэтгэлээ тайтгаруулж байхыг зөвлөдөг байна.

Гал сөнөөгч

1 Цагдаа

Хаана хүнд хэцүү явдал, гэмт хэрэг, аймшигт осол гарна, тэнд цагдаа нар байж байдаг. Гэмт хэрэгтнүүдтэй нүүр тулж ажиллан, хамаг л тэсвэр тэвчээрээ барж байдаг боловч цалин хөлсний тухайд бол харин санасныг бодоход бага. Үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл ард иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө тасралтгүй зүтгэх тэдний хөдөлмөрийг үнэлэх хүмүүс нь даанч ховор юм. Хүмүүсийн хараалыг идэж, дарга нараас зэмлэл хүртэж, хэрэгтнүүдтэй тэмцэлдэх зэргээр тэдний байнгын ширүүн уур амьсгалтай нөхцөл байдалд байдаг нь тэднийг стрессдүүлж бухимдуулах чухал хүчин зүйл болдог.

Цагдаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()