АНУ-ийн агаарын хүчний цэрэг, 31 настай Энди Бэрнард (Andy Barnard) эхнэр , 3 хүүхдийн хамт амьдардаг билээ. Түүний ганц охин болох Попи Мэй (Poppy-Mai) ердөө 2 настай бөгөөд, 2 хүү нь 6 болон 4 настай аж.
Гэтэл 2-р сарын 14-ны өдөр охин өндөр халууран, гүйлгэж, бөөлжиж эхэлсэн байна. Охины ээж болох Сэми Бэрнард (Sammi Barnard) эмнэлэгт аваачин үзүүлэхэд охиныг хордлоготой байна хэмээн эм бичиж өгсөн гэнэ. Ээж нь ч тайвшран эмчийн зааврыг дагасан ч үр дүнгээ өгөлгүй харин ч улам дордож байв.
Ихэд айж цочирдсон бүсгүй 2 сарын 25-ны өдөр өөр эмнэлэгт очин шинжилгээ өгөхөд охины кальцийн хэмжээ их өндөр гарч, элэгний хорт хавдартай байж магадгүй гэсэн аймшигт хариу сонсчээ. Итгэж ядан Америкийн агаарын цэргийн армидаа байсан нөхрөө яаралтай дуудаж, дахин баттай шинжилгээ өгөхөд "Элэгний хорт хавдар" гэсэн онош тавьжээ.
Охины эцэг эх химийн эмчилгээ хийлгэж, ер нь байж болох бүхий л аргыг хэрэглэж байв. Дахин шинжилгээ хийлгэж үзэхэд Попи Мэй охины хавдар, уушгиндаа үсэрхийлсэн байжээ. Гэвч тэд бууж өгөлгүй эмчилгээ хийлгэсээр л байв. Гэвч 3-р сарын 16-нд ээлжит шинжилгээгээ хийлгэхэд хорт хавдар тархиндаа хүртэл үсэрхийлсэн бөгөөд ямар ч эмчилгээгүй болсон тухай мэдэгдсэн байна.
Сэми Бэрнард хэлэхдээ “Би яг л үхэх гэж байгаа юм шиг санагдсан. Нүд харанхуйлж, нулимс ч гарахгүй болчихоод байлаа. Гэсэн ч би эмчээс охинд минь эмчилгээ хийлгэхгүйгээр хэд хоног үлдсэн тухай асуухад хоёрхон гэж хариулсан. Миний дуу ч гарахаа больсон” хэмээжээ.
Хосууд эхэндээ яахаа ч мэдэхгүй охиноо харж, тэвэрч, үнсэж уйлцгааж байсан ч цаг хугацаа давчуу байгааг ухааран охинтойгоо хамт сайхан дурсамж үлдээхээр шийджээ.
Энди Бэрнардын хувьд охиныхоо хуримыг үзэх нь хүсэл мөрөөдөл байсан гэж хэлж болно. Тиймээс ч эхнэртээ "Охиноо том болохоор нижгэр сайхан хурим хийж өгнө өө" хэмээн хэлдэг байж. Үүнийгээ санан санан, амлалтаа биелүүлэхээр охинтойгоо хурим хийсэн байна.
Бяцхан сахиусан тэнгэр үнэхээр хөөрхөн харагдаж байсан бөгөөд ах нар нь дүүгээ өхөөрдөн, хайрлаж “миний дүү диваажинд хамгийн сайхан газар очих болно, удахгүй бидэндээ эргээд ирнэ” хэмээн ээж аавынхаа сэтгэлийг дэвтээж байсан гэнэ.
Охины аав хэлэхдээ “Хүүхдээ өөрөөсөө түрүүлж тэнгэрийн орон руу явуулах хамгийн аймшигтай. Эцэг эхчүүдийн амьдралын утга учир бол үр хүүхдийнхээ төлөө амьдарч, тэднийгээ сайн сайхан, мөр бүтэн явахыг үзэх. Охиноо үргэлж санан дурсаж явах болно. Бид бяцхан охиноо уйлж биш баяр хөөртэйгээр сүүлчийн замд нь үдэхийг хүссэн юм” хэмээн хоолой зангируулан хэлжээ.