1
Мөр таарч байгаа эсэхийг шалгаарай
Хичнээн сайхан хослол байлаа гээд мөр нь жижиг эсвэл том байх нь тийм ч тохиромжтой биш. Тиймээс ч хүрэмний мөр таарсан байх хамгаас чухал. Ялангуяа мөр жижигхэн хүрэм өмсвөл таны цээж жижигхэн, шувуун цээжтэй харагдана. Тэглээ гээд томдуулчихвал бас л тохиромжгүй. Тэгвэл хүрэмнийхээ таарсан эсэхийг хэрхэн мэдэх вэ? Юун түрүүнд хүрмээ өмсөөд тэгш гадаргуутай ханыг налж, мөрөө эгцхэн зогсох хэрэгтэй. Тэр үед томдсон хүрэм унжиж, өөрийн тань мөрнөөс хамаагүй том, хэлхгэр харагдах болно. Харин багадсан хүрэм, таныг цэх зогсох үед бие барьж, хөдөлгөөнд саад учруулдаг. Яг сайхан таарсан хүрэм бол мэдээж хөдөлгөөнд саадгүй, унжиж том харагдахгүй шүү дээ.
2
Суга нь таарч байгаа эсэхийг мэдэхийн тулд...
Юун түрүүнд зурагт харуулсан шиг хүрмээ өмсөөд гараа өргөж, мөрөн дээрээ тавих хэрэгтэй. Энэ үед багадсан хүрэмний суга нь таталдаж, хөдөлгөөнд саад учруулна. Тэрчлэн товч нь багадаж, задрах гэж байгаа аятай л хунирч эхэлдэг байна. Харин яг сайхан таарсан хүрэмний суга гараа өргөсөн ч саадгүй, хунирч, таталдаж, нугалардаггүй ажээ.
3
Хүрэмний өргөн нарийн ямар байвал зохимжтой вэ?
Ер нь бол тухайн хүн ямар төрлийн хүрэм сонирхдогоос хүрэмний өргөн нарийн сонголтын хувьд харилцан адилгүй байдаг. Мэдээж хамгийн түтээмэл, нийтлэг стандарт бол шулуун, хэлхгэр биш, бас бүр айхтар нарийн ч биш таарсан хэмжээ юм. Зарим хүмүүс нилээн өргөн хүрмэнд ч дуртай байдаг. Энэ нь таныг илүү намхан, бие жижигтэй, оворжуу харагдуулах талтай.
4
Хүрэмний урт
Хүрэмний уртыг шалгахын тулд хоёр гараа алгаар нь биеийнхээ харалдаа унжуулж, хүрэмний урт таны гарын эрхий хурууны харалдаа байгаа эсэхийг харах хэрэгтэй. Ихэнх тохиолдолд ямар ч загварын хүрэмний хувьд ийнхүү гарын эрхий хуруутай харалдаа урттай байх нь, тухайн хүнийг илүү дэгжин, аятайхан харагдуулдаг байна.
5
Ханцууны урт ямар байвал зохимжтой вэ?
Хүрэмний ханцуйны хувьд, таны өмсөж буй цамцны ханцуйны доод хэсгийн 1/3 ил гарч байх нь хамгийн тохиромжтой. Цамцны ханцуй тэр чигтээ далд орох нь, хүрэм танд томдож байгаагийн илрэл юм. Харин эсрэгээрээ цамцны ханцуйны доод хэсэг буюу товчилдог хэсэг нь тэр чигтээ ил гарах нь хүрэм тань багадсаны шинж ажээ.
6
Өмдний урт
Сүүлийн үед залуучууд богино өмдийг илүүтэй сонирхон өмсөх болсон билээ. Гэхдээ костюмын өмдний тухайд ботинкон гутал дээр нугаларч, унжихгүй урттай байх нь зохимжтой. Хэт урт өмд хэлбэрээ алдан үрчийж, таны биеийг онцгүй харагдуулдаг байна. Тиймээс өөрт тохируулан, өмдний урт богиныг аль болох таарамжтай, зохимжтой харагдуулахаар сонгох нь чухал.