Хөгжим мэт энэ сайхан хайрын түүхийн эзэд бол Ботсвана улсын анхны ерөнхийлөгч Сэрэцэ Хама (Seretse Khama) болон түүний гэргий Рут Виллиамс (Ruth Williams) нарын тухай билээ. Тухайн үедээ тэднийг дэлхий нийтээрээ эсэргүүцэн, хориглож байсан ч агуу хайр сэтгэл юунд ч дийлдэшгүй гэдгийг өөрсдийн биеэр харуулж чадсан юм.
Ботсваны язгууртан гаралтай гэр бүлд төрж өссөн Сэрэцэ Хама Их Британийн хуулийн сургуульд боловсрол эзэмшжээ. Тиймдээ ч мэдлэг, чадвараар хэнээс ч дутахааргүй нэгэн байсан гэдэг. 1947 онд Лондон дахь үдэшлэгт Сэрэцэ анх эхнэрээ олж харан, бүжгэнд урьснаар тэдний агуу хайр нахиалж эхэлсэн байна.
Бие биедээ ухаангүй дурласан хосуудыг хоёр талын эцэг эхчүүдээс авахуулаад, хоёр улсын засгийн газар хүртэл хүчтэй эсэргүүцэж байжээ. Сэрэцэгийн авга эгч нь хурдан сургуулиа төгсөөд нутагтаа очин, нутгийнхаа бүсгүйтэй суу хэмээн ятгаж байсан бол Рутийн аав харин, охиноо хар арьст хүнтэй суулгахгүй хэмээн ихэд уурлаж байв.
Сэрэцэгийн уугуул нутаг болох Ботсвана нь Их Британи улсын хамгаалалт, хяналт дор байдаг Өмнөд Африкийн жижиг бүс нутаг билээ. Тиймээс ч хосуудын хайр дурлал хоёр улсын дайсагнал, тэмцэл, хонзонгоор зааглагдаж байлаа.
Тэр ч бүү хэл Өмнөд Африкийн засгийн газар хүртэл "Хэрвээ манай нутагт цагаан арьст хүн хар арьст хүнтэй гэр бүл болвол үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулна гэдгээ тодорхой мэдэгдье" хэмээн Их Британийн засгийн газарт хандан бичиг хүргүүлсэн байдаг. Англичууд бол хэзээнээс л арьс өнгөний ялгаварлан гадуурхах үзэл ихтэй, язгууртан гаралтай хүмүүсээр дүүрэн улс гэгддэг. Тиймдээ ч тэдний энэ үйлдлийн хариуд гараа хумхин, зүгээр суугаагүй нь лавтай.
Энэ бүх дарамт шахалт, бэрхшээлээс илүүтэй тэдний хайр сэтгэл хүчтэй байсан тул Сэрэцэ эхнэрээ аван нутаг буцаж, нууцлаг нэгэн газар хуримаа хийсэн байна. Гэтэл эгэл жирийн амьдрахыг хүссэн хосуудыг нутгийн иргэд ч амар тайван байлгасангүй. (Зураг дээр хосууд Английн хатан хаан II Элизабет, Анне гүнж нарын хамт Букингемийн ордонд оройн зоог барих үеэр)
Мэдлэг боловсролтой, ухаалаг Сэрэцэг улс орноо удирдан залж яв хэмээхэд тэрээр эхэндээ татгалзаж байсан аж. Хэд хэд удаагийн ятгалгаар тэрээр Ботсваныг толгойлон удирдах болсон бөгөөд удалгүй тус улс нь Их Британи улсаас хараат бус болж, бие даасан ардчилсан улс болжээ.
Сэрэцэ удалгүй ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулан улсынхаа анхны ерөнхийлөгч болсон юм. Ерөнхийлөгчийн бүрэн эрхт хугацаандаа буюу 1966-1980 оныг хүртэлх түүний энэ их амжилт, шинэчлэлт, улс орныхоо төлөө хийсэн их бүтээн байгуулалтанд эхнэр Рутийнх нь байгуулсан гавъяа, нөлөөлөл их бөгөөд тэрээр Ботсвана улсын түүхэн дэхь агуу улс төрч бүсгүйчүүдийн томоохон төлөөлөл болсон байдаг. Тэд 3 хүү, нэг охинтой. Тэдний том хүү Иан Хама (Ian Khama) 2008 оноос эхлэн Ботсвана улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа билээ.
Ботсвана улс 1966 онд Их Британиас тусгаар тогтнохдоо хамгийн буурай улс (Нэг хүнд оногдох ДНБ - $70) байсан бол хурдацтайгаар хөгжин, өдгөө дэлхийн дунджаас дээгүүр эдийн засагтай ($14,000) хөгжиж буй улс болжээ. Энэ бүгдийг тэдний гавъяа гэж хэлж болно.
Зураг дээр Нигер улсын ерөнхийлөгч Мухамаду Бухари (Muhammadu Buhari), Английн ерөнхий сайд Дэвид Камерон (David Cameron), Ботсвана улсын ерөнхийлөгч Иан Хама нар.
Ерөнхийлөгч Иан Хама, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама (Barack Obama)-ийн хамт.
Ботсвана улсын нийслэл Габрон хотод байрлах ерөнхийлөгч Сэрэца Хамагийн хөшөө.
Хосуудын гайхалтай, хүчирхэг хайрын түүхээр "United Kingdom" киног, найруулагч Амма Асанте (Amma Asante) найруулан бичиж, олны хүртээл болгосон байдаг.