1
Гэгээлэг өнгийн хүрэм
Хар бараан өнгө нь урин хаврын дулаахан цаг агаартай төдийлэн зохицдоггүй. Тиймээс та хүрэм авах гэж байгаа бол цайвар шар, шаргал, тэнгэрийн цэнхэр, бүдэг ягаан гэх мэт гэгээлэг өнгийг сонирхоод нэг үзээрэй. Цайвар өнгө нь таныг илүү дэгжин, цэмцгэр мөн ажил хэрэгч харагдуулна.
2
Богино ханцуйтай сорочкин цамц
Богино ханцуйтай захтай цамц болон даавуун футболк нь ажил хэрэгч, чөлөөт загварыг нэгэн зэрэг хослуулдгаараа давуу талтай. Түүнчлэн урт ханцуйтай сорочкин цамцнаас ч илүү загварлаг харагдуулдаг. Ер нь сорочкин цамц нь ухаалаг, соёлтой байдлыг илтгэдэг билээ.
3
Давуун өмд
Даавуун өмд нь таны биед чөлөөтэй сууж өгөн, ямар ч гутлан дээр аятайхан харагддаг.. Мөн хүрэмний адилаар гэгээлэг өнгийг сонгохоо мартав аа. Хэрвээ гэгээлэг өнгөтэй өмд байгаа бол хар ногоон, саарал, хүрэн улаан зэрэг өнгөнүүдийг санал болгоё.
4
Цулгуй, бараан өнгийн шүхэр
Хаврын тэнгэр халтай гэж! Хэзээ ч бороо орж, шороо шуурч мэдэх тул таны шүүгээнд зайлшгүй шүхэр байх хэрэгтэй. Гэхдээ ямар ч хамаагүй байж болохгүй шүү. Хар саарал, хөх гэх мэт бараан цулгуй өнгийн шүхэр сонгохыг зөвлөе. Энэ нь мөн л таны дэгжин байдлыг илтгэж өгөх юм.
5
Илгэн гутал
Илгэн гутал нь арьсан гутлыг бодвол илүү хээнцэр харагддаг. Мөн хэзээ ч моодноос гардаггүй тул маш сайн чанартай, эдэлгээ урттай илгэн гутал аваарай. Илгэн гутлыг костюм, жийнс гээд л янз бүрийн хувцаслалтанд тохируулан өмсөх боломжтой.
6
Салхи, усны хамгаалалттай хүрэм
"Ганган хүүхний үхэл хавар намар" хэмээн бидний өвөг дээдэс сургасаар ирсэн билээ. Энэ нь зөвхөн бүсгүйчүүд төдийгүй эрчүүд ч бас анхаарууштай юм. Тиймээс даарахгүй атлаа загварлаг харагдахыг хүсвэл салхи болон ус нэвтрүүлдэггүй курткэн материалтай хүрэм авч шүүгээндээ хийгээрэй. Аялал зугаалганд явахад нэн тохиромжтойгоос гадна хаврын хавсаргатай зэвэргэн өдөр, бороо ганц нэг дусалсан жиндүү өдрүүдэд таны "аминд орох" ганц хувцас байх болно.
7
Жийнсэн өмд
Мэдээж залуу хүнийг жийнсгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хэзээд моодноос гардаггүй жийнсийг та бусад ямар ч хувцсан дээр өмсөх боломжтой.
8
Цагаан кэт
Хэрвээ та анзаарсан бол энэ хавар зуны улиралд цагаан кэт трэнд болж байгаа. Үүнийг жийнсэн өмдөн дээр, шортон дээр, тэр ч бүү хэл ажил хэрэгч пальтон дээр өмсөхөд хүртэл дэгжин загварлаг харагдах болно.
9
Хүрэм, костюм
Шоон хээтэй сорочик, нимгэн футболк, ноолууран цамц, даавуун өмд, жийнсэн өмд гэх мэтчилэн ямар ч хувцаслалт дээр төгс зохицох хувцас бол мэдээж хүрэм буюу костюм юм. Таны шүүгээнд ч гэсэн дор хаяж нэг хүрэм бий гэдэгт итгэлтэй байна. Сүүлийн үед залуус хоолойтой цамцан дээр костюм их өмсөх болж. Энэ нь тухайн хүнийг цэмцгэр харагдуулахаас гадна ихэмсэг төрхийг нь тодотгож өгдөг давуу талтай аж.
10
Зотон даавуун цүнх
Таны нөүтбүүкний цүнх зотон даавуун хатуу материалтай байвал арьсан цүнхнээсээ хамаагүй илүү загварлаг харагдах билээ. Ийм материал нь ус нэвтрүүлэхгүй давуу талтай байдаг.
11
Нарны шил
Нарны шилгүйгээр хавар, зуныг төсөөлшгүй юм. Хичнээн сайхан хувцасласан байлаа ч нэг зүйл дутуу мэт санагддаг. Тэр нь мэдээж нарны шил шүү дээ. Энэ нь таныг загварлаг, дэгжин харагдуулахаас гадна нарны хорт цацрагаас хамгаалж байдаг.
12
Хослол
Ажил хэрэгч, загварлаг залуусын номер нэг сонголт юм. Урин дулаан цаг гэлтгүй хэзээд трэнд хэвээр байдаг хослолыг шүүгээнийхээ хамгийн эхэнд байрлуулаарай.