1
Тосоо дуустал нь бүрэн хэрэглэх арга
Шүдний оо шиг савлагаатай, шахдаг тоснуудыг дуустал нь хэрэглэнэ гэдэг амаргүй даваа. Хэрэглэхэд үнэхээр хялбар ч гэлээ хаягдал ихтэй савлагаа юм. Тиймээс та тосоо бүрэн шавхаж дуустал нь хэрэглэхийн тулд юун түрүүнд толгой хэсгийг нь хайчлан, модтой хөвөнгийн тусламжтай илүүдэл тосыг дууссан тосныхоо саванд суллаж хийгээрэй. Ингээд л болох нь тэр...
2
Тень үйрэхийг болиулах
Ялангуяа тосон тенийн хувьд, бид өдөр тутамдаа нүдээ будах үеэр үйрээд төвөгтэй байдаг шүү дээ. Тэгвэл үүнийг илүү нягт, үйрдэггүй болгохын тулд бага зэрэг спиртийг дээр нь (холоос) цацаж, хөвөнгөөр хөнгөхөн дарж өгөөрэй. Ингэснээр тосон тень илүү бэхжиж, дахин үйрэхгүй байх давуу талтай юм. Туршаад үзээрэй охидоо.
3
Үйрсэн тенийг бэхжүүлэх хялбар арга
Шинэхэн авсан, дуртай тень тань хагарчихсан юм биш биз? Хаяхад хайран ч, хэрэглэж болдоггүй энэ нөхцлөөс хялбархаан гарах боломжтой. Яаж гээч?. Мөн л спиртийн тусламжтай, хагарсан тенийг халбагаар нягтруулаад дахин хэрэглэж болно. Амархан байгаа биз..
4
Шингэн пудрээ дахин ашиглах
Шингэн пүдр буюу бидний хэлдгээр крем дуусчихсан үед шилэн савны хананд наалдсан кремийг яаж ч чаддаггүй шүү дээ. Тэгвэл анхаараарай охидоо. Юун түрүүнд хэрэглэдэг шингэн лосьоноосоо бага зэргийг кремэндээ хольж, дараа нь алга хоорондоо халуу дүүгтэл нь үрээрэй. Ингэснээр шилэнд наалдсан үлдэгдэл крем шингэрэн, та түүнийг ахиад хэдэн өдөр хэрэглэх боломжтой гэсэн үг юм. Гэхдээ хэт их лосьон хийж болохгүй шүү. Тэгвэл өө дарж болохооргүй шингэрнэ гэдгийг санаарай.
5
Сормуусны будаг, контур шингэлэх
Сормуусны будаг, контур удахаараа хатаж, түрхэхээр бөөгнөрч, сормуусыг маш онцгүй харагдуулдаг. Тэгвэл үүнийг давсны уусмалаар шийдэж болно. Сормуусны будгандаа бага зэрэг давсны уусмал дусаагаад, сайтар сэгсрээрэй. Ингээд л болчихлоо. Дашрамд дурьдахад, хэрвээ будагны хадгалах хугацаа дууссан тохиолдолд дахин ашиглалгүй зоригтой хаяарай.
6
Сормуусны будгаа жигд тараах
Хэрвээ таны сормуусны будаг сайн гарч өгөхгүй, доороо тунараад байвал юун түрүүнд нэг аяга бүлээн усанд хэсэг байлгаарай. Ингэснээр сормуусны будаг жигд тарж, гарцыг нэмэгдүүлэх болно. Харин будагны хугацаа дууссан бол даруй хаяхыг зөвлөж байна. Учир нь энэ нь сормуус унагах болон бас бус олон сөрөг талтай.
7
Хиймэл сормуусны цавууг салгах хялбар арга
Бас нэгэн төвөгтэй зүйл бол хиймэл сормуусны цавууг салгах байдаг. Мэдээж үнэтэй худалдаж авсан сормуусаа нэг удаа зүүгээд л хаяхыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Тиймээс хиймэл сормуусны эдэлгээг уртасгахын тулд цавууг аюулгүй, болгоомжтой хуулах хэрэгтэй. Үүний тулд бага зэрэг спиртыг хөмсөгний сойзоор нимгэн түрхэж, хэсэг хугацааны дараа хуулж аваарай.
8
Уруул өнгөлөгчийн гарцыг сайжруулах зөвлөгөө
Уруул өнгөлөгч бүрийн амсарт илүүдэл будгыг хусах, нимгэн түрхэх зориулалт бүхий таг байдаг. Тиймээс хэрвээ таны будаг дуусаад, гарц нь багассан бол тэрхүү тагийг авахад л асуудлыг шийднэ гэсэн үг юм.
9
Хугарсан уруулын будгийг нийлүүлэх
Хамгийн харамсмаар зүйлийн нэг бол дуртай уруулын будаг хугарах явдал юм. Гэхдээ та санаа зоволтгүй ээ. Энэ асуудлыг шийдэх үнэхээр амархан. Ердөө л танд асаагуур байхад уруулын будгийн хугарсан хэсгийг яг л лааны тос хайлуулж байгаа мэт доороос нь бага зэрэг төөнөх хэрэгтэй. Үүний дараа уруулын будгаа хугарсан хэсгээр нь эргэн нийлүүлэд л асуудал хялбархаан шийдэгдэнэ гэсэн үг юм.
10
Дуртай өнгөөрөө уруулын будаг хийх
Танд хэрэглэдэггүй хэрнээ хадгалаад л байдаг, тод өнгийн нүдний тень байдаг юм биш биз. Тэгвэл анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ өөрийн гараар хүссэн өнгийнхөө уруулын будгийг хэрхэн хялбар аргаар хийж болохыг зааж өгье. Үүний тулд та хэрэглэдэггүй нүдний тенийг халбаган дээр бага зэргийг үйрүүлж, түүн дээрээ бага зэрэг вазелин эсвэл тэжээлийн тос холиорой. Ингээд л бэлэн боллоо.
11
Саатай хумсны будаг хийх
Шинэ жилийн баяраар хэрэглэх гээд авчихсан нүдний саагаа яахаа мэдэхгүй байна уу. Тэгвэл та тэрхүү сааг хүссэн өнгийн будагтайгаа холиод саатай хумсны будаг болгож болно. Эсвэл өнгөгүй лаакан дээр холиод саатай будагтай болчих нь тэр...
12
Бүтээгдэхүүний эдэлгээг уртасгах
Хумсны будаг, уруулын будаг, үнэртэнг сэрүүн газар хадгалвал тэдний эдэлгээг уртасгах давуу талтай. Тиймээс тэднийг аль болох сэрүүн, нарны шууд тусгалаас хол харанхуй газар хадгалаарай.
13
Хатсан будагны тагийг хялбар онгойлгох арга
Хумсны будагны үлдэгдэл таганд нь наалдаж хатчихаад, түүнийг онгойлгоход хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл түүнийгээ аягатай бүлээн усанд хийгээд хэсэг байлгаарай. Үүний дараа нэг их хүч шаардахгүйгээр онгойлгох боломжтой юм.
14
Үнэртэн тань дуусчихсан уу?
Түрхэх дуртай үнэртэн тань дуусаад, дахиж авах боломжгүй бол, ямар нэгэн үнэргүй биеийн тосондоо хэдхэн дуслыг дусаахад л та шинэ бүтээгдэхүүн авсантай тэнцэхүйц удаан хэрэглэнэ гэсэн үг. Үнэхээр амархан байгаа биз.
15
Багсаа ингэж цэвэрлээрэй
Нүдний будаг болон гэрэл сүүдэр тавих зориулалттай бохирдсон багсаа цэвэрлэхийн тулд танд юун түрүүнд оливийн тос, хүүхдийн шампунь, эсвэл аяга таваг угаагч шингэн байхад хангалттай. Багсныхаа үзүүрт бага зэргийн оливийн тосийг нимгэн жигд түрхэж өгсний дараа шампуниар хөнгөхөн цэвэрлээрэй. Ингэх нь багсны үсийг унагахгүй давуу талтай.