Японы боловсролын систем ямар байдаг вэ?

Дэлхийд хамгийн хичээнгүй агаад тууштай хүмүүс гэдгээрээ гайхагддаг Япончуудын сургалтын систем нь их хачирхалтай төдийгүй чанараараа дэлхийд 6-р байранд ордог юм. Орчин цагийн техник технологийн ноён оргил гэж хэлж болохуйц тус улсын иргэд дунд боловсролгүй буюу бичиг үсэг тайлагдаагүй хүн гэж ганц ч үгүй. Тэдний энэ их амжилтын гол нууц нь сургалтын систем мөнөөсөө мөн. Энэ нь тэднийг багаас нь хичээнгүй, зорилготой хүмүүс болгож төлөвшүүлдэг байна.

Японы боловсролын систем ямар байдаг вэ?

Япон хэлний багш Александар Уляановск (Alexander Ulyanovsк) хэлэхдээ  “Япон сурагчиддад чөлөөт цаг байдаггүй, тэд үргэлж ангидаа хичээлээ хийсээр л суудаг. Шалгалт өгөх нь амьдралынх нь нэгэн чухал үйл явц болсон байдаг юм. Харин шалгалтын хариу тааруухан гарахад сурагчидын амиа хорлох хандлага их байдаг нь аймшигтай” хэмээн хэлжээ.

Японы боловсролын системийн тухайд тэд хүүхдүүдэд цэцэрлэгт орсон цагаас нь эхлэн боловсрол олгож эхэлдэг байна. Сургуулийн өмнөх боловсрол хүүхдүүдэд математикийн үндсэн ойлголтууд болоод Хирагана болон Катагана (Hiragana and Katakana) гэх Япон цагаан толгойг заан сургадаг аж.

Харин бага сургуульд 6 -7 настай хүүхдүүдийг элсүүлэх ба хичээлийн жил 4 дүгээр сард эхэлдэг байна. Япончууд 4-р сар нь амьдралын нэгэн шинэ хуудсыг эхлүүлэхэд хамгийн тохиромжтой цаг гэж үздэг. Энэ л цагт дэлхий ертөнц нойрноосоо сэрж, интоорын цэцэг ургаж эхэлдэгтэй холбоотой. Тэдэнд бусад улсуудтай адилаар 9-р сард сургуулиа эхлүүлж байвал ямар вэ гэхэд тэд татгалзсаар байгаа юм.

Японы бүрэн дунд боловсрол ерөнхийдөө нэгдүгээрт анхан шат, хоёрдугаарт дунд шат, гуравдугаарт гүнзгий шат гэсэн 3 үе шатаас бүрддэг байна. Бага сургуулийн дунд ангид 6 жил дунд ангид 3 жил сурдаг. Нийтдээ 12 жил суралцах хэрэгтэй байдаг ч зөвхөн 9-т нь л заавал суралцах ёстой байдаг аж. Сурагчдын 94% нь 10-р анги буюу ахлах сургуульд дэвшин ордог бөгөөд энэ нь ч маш сайн үзүүлэлт юм.

Бага сургуульд гэрийн даалгавар хийхгүй, хичээлийг дуусгах, хийж гүйцэтгэх шаардлагагүй мөн шалгалтанд ач холбогдол өгөх хэрэггүй гэх үндсэн зарчмуудыг баримталдаг байна. Үүний гол зорилго нь сурагчдад ерөнхий суурь мэдлэгүүдийг олгох, цаашид судлах чухал хичээлүүдэд бэлтгэхэд оршдог.  Тэд математик, байгалийн ухаан, хүн ба нийгэм, англи хэл, дуу хөгжим, уран зураг болон физик зэрэг хичээлүүдийг үзнэ. Мөн тэдний суурь хичээл болох эх хэлийг зөвхөн орчин үеийн япон хэл төдийгүй эртний болоод дундад зууны япон хэлийг ч мөн судалдаг байна.

Хичээлийн цагийн өдөр болон орой гэсэн хоёр ээлж бий. Бага сургуулийн дүрэмд заасанчлан нэг хичээл нь 45 минут үргэлжилдэг ба өдөрт 4-өөс дээшгүй хичээл ордог. Харин дунд сургууль нь өдөрт 6 цагийн хичээл 50 минутаар ордог бол ахлах анги нь өглөө 8 цагаас орой 18 цаг болтол хичээллэдэг байна. Хичээлийн завсарлага нь 5-10 минут байдаг ба өдөрт 1 цагийг сурагчдад цайны цаг болгон гаргаж өгдөг юм.

Япон сурагчид нь тухайн улсынхаа хүнд хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн тоонд ордог. Харин хичээлийн жилийг ерөнхийд нь 4-7 сар, 9-12 сар, 1-3 сар хүртэл гэж 3 ангилж үздэг байна. Амралтын тухайд бол сурагчид шалгалтандаа бэлдэх болон бие даалтаа хийж өнгөрүүлдэг байх юм. Тэдний хувьд амралт гэдэг бол тогтвортой суугаад хичээлээ хийх гэсэн үгтэй л ижил.

Шалгалтууд нь 7-р ангиас эхэлдэг ба жилд 2-3 удаа авдаг байна. Түүнээс өмнө огт шалгалтгүй байдаг гэсэн үг. Энэ нь Япон хүн бүрийн хувьд хамгийн хэцүү даваа байдаг. Шалгалтын дүн нь бусад улсуудтай адилаар үсгэн буюу “A-F” гэсэн үнэлгээтэй байдаг ба хамгийн дээд оноо нь 100 байдаг. Харин хамгийн муу дүнтэй сурагч 60 оноо, бүр 90 оноо ч авдаг. Ер нь бол Японч “муу сурна” гэсэн ойлголт байхгүй гэж ойлгож болно.

Япон улсад  “Жуку” (Juku) гэх хувийн сургууль байдаг аж. Тус сургууль нь хичээл тарсны дараа, амралтын өдрүүдээр болон сургуулийн амралтаар хүүхдүүдэд нэмэлт хичээл зааж мэдлэг олгодог байна. Голдуу түвшингээ дээшлүүлэх хүсэлтэй сурагчид явдаг аж. Мөн шинэ жилийн баяраар тус сургуулийн эрхийн бичгийг 12-18 настай хүүхдүүдэд бэлэглэх нь хамгийн тохиромжтой агаад тэдний хүсдэг бэлэг нь юм.

Сургууль бүрт “Кэй” (kai) гэх клуб ажилладаг ба энэ нь хичээлийн цаг дууссаны дараа сурагчдад шаардлагатай бөгөөд сонирхсон секц дугуйланд нь явах боломжийг олгодог байна. Энэ мэтчилэнгээр хүүхдүүдийн хувьд огтхон ч чөлөөт цаг гардаггүй аж. Тэд өглөө сургуульдаа явна, дараа нь кэйдээ очно, тэгээд жукудаа очиж хичээллэнэ. Харин орой гэртээ ирэн гэрийн даалгавараа хийдэг.

Сургууль бүрт хөгжмийн анги гэж байдаг. Тэнд сүүлийн үеийн шинэ техник төхөөрөмжүүд болох электрон гитар болон басс гитар зэрэг байдаг бол зарим сургуулиудад бүр дуу бичлэгийн өрөө хүртэл байдгаар зогсохгүй рок хамтлагтай гэнэ.

Бусад улсуудын нэгэн адилаар Японы сургуульд ч мөн хийхийг хориглосон зүйлс бий. Тус зааврыг боловсролын яамнаас гаргадаг хэдий ч сургуулиуд нь зарим зүйлсийг сольж, нэмэлтээр өөрчилж болдог юм.  Үүнээс дурдвал: Мэдээж дүрэмт хувцсыг байнга өмсөнө, охидын хувьд үсээ задгай тавих , нүүрний будаг хэрэглэхийг хориглодог. Япон кино болон анимед ахлах сургуулийн Япон охидыг богинохон банзалтай дүрсэлдэг. Гэтэл үнэндээ тэд өвдөгнөөс доош татсан банзал өмсдөг аж.

Хотын сургуулиуд нь айл бүрт ойрхон байхаар баригдсан байдаг ба сурагчид гэрээсээ сургууль ортлоо 5-10 минутыг л зарцуулна. Харин хөдөө орон нутгийн хувьд бага зэрэг хол байдаг учраас тэднийг сурагчдын автобусаар зөөдөг байна. Японы Токио хотноо улаан тоосгоор тавьсан зам байдаг ба энэ нь “Үүгээр машинтай явахыг хориглоно, хүүхдүүд бий” гэсэн утгыг илтгэдэг аж.

Японд боловсрол эзэмшихэд маш өндөр өртөгтэй. Хамгийн сайн гэгддэг сургуулиуд нь мэргэжлийн хамгийн чадварлаг багш нарыг урьж багшлуулдаг байна. Тиймээс эцэг эхчүүд бүгд л тус сургуулиудад хүүхдээ явуулахыг хүсдэг. Ерөнхийдөө бол Япончуудын амьдралын ихэнхи хугацаа нь суралцахад зарцуулагддаг.

Сонирхуулахад шалгалтандаа унасан хүүхдүүдийн ихэнх нь амиа хорлох хандлагатай байдаг. Энэ нь зөвхөн боловсролын салбарт ч биш, үндэстэн даяар тулгараад байгаа томоохон асуудлуудын нэг юм.  Тэд үүнийг багасгах арга хэмжээ авч байгаа боловч төдийлэн амжилт олохгүй л байна. Сурагч нь ахлах сургуулиа төгсөөд өөрийн хүссэн их, дээд сургуульдаа орж чадахааргүй болвол тэрээр өөрийнх нь амьдрал дууссан гэж үздэг байна.

Их дээд сургуульд орохын тулд та эхлээд дунд сургиулаа амжилттай төгссөн байх хэрэгтэй дараа нь шалгалт өгнө. Энд ямар нэгэн хөнгөлөлт болоод харж үзэх гэсэн зүйл байхгүй. Хэдий та ахлах сургуулиа гайхалтай сайн дүнтэй төгссөн байлаа ч их дээд сургуульд орох шалгалт өгөх л болно. 

Япончуудын хувьд хамгийн чухал өдрүүдийн нэг нь шалгалтын хариугаа харах өдөр юм. Тэд бүгдээрээ сайн дүн авна гэж байхгүй. Тиймээс тэнцээгүй сурагчдын хувьд маш том цочрол болж, амьдрах утга учраа алдсан мэт л аймшигтай санагддаг ажээ.

Токиогийн их сургууль болон Кэо (Keio)-ийн их сургуулиудад ороход тун бэрх. Гэхдээ та эдгээр сургуулиудад орж чадвал амьдралдаа хүрсэн хамгийн том амжилт тань байх болно. Учир тус сургуулиудыг төгссөн тохиолдолд ажлын байр болоод амьдралын түвшин үргэлж баталгаатай байдаг аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()