1
Сэрүүн газар хадгалах хэрэгтэй
Хэрвээ сүрчигнийхээ үнэрийг удаан байлгахыг хүсвэл, үнэртэнгүүдээ угаалгын өрөө, нарны гэрэл шууд туссан, дулаан газруудад хадгалахаас аль болох зайлсхийгээрэй. Учир нь эдгээр газруудад хадгалснаас, үнэртэнгийн чанар алдагдаж, үнэрээ ч төдийлөн удаан барьдаггүй байна. Тиймээс гоо сайхны бүтээгдэхүүний нэгэн адил харанхуй, хуурай сэрүүн газарт цонхноос хол хадгалах хэрэгтэй. Эсвэл бялууны суурин дээр өрөөнийхөө аль нэг тохиромжтой газар тусад нь тавьж болох юм.
2
Вазелин үнэртэнг удаан барьж өгдөг
Үнэртэн түрхэх тухайн газартаа юун түрүүнд вазелин түрхэж өгвөл үнэрээ илүү удаан хадгалдаг байна. Вазелин байхгүй бол ямар нэгэн үнэргүй тосыг орлуулан бага зэрэг нимгэн жигд түрхэж өгөөрэй. Ингэх нь хуурай арьсан дээр цацахаас илүү үр дүнтэй ажээ. Мөн сүрчиг нь үнэртэй усыг бодвол илүү тогтоц сайтай учир үнэрээ удаан хадгалахад тустай.
3
Үнэртэн түрхэхээс өмнө тухайн газартаа чийгшил өгөөрэй
Ингэснээр үнэртэн удаан тогтох нөхцлийг бүрдүүлж өгдөг. Учир нь хуурайшсан арьсанд үнэртэнг түрхэж өгснөөр, тухайн үнэртэн таны арьсанд хормын дотор шингэж, үнэрээ хурдан алддаг байна.
4
Хувцаслахаасаа өмнө үнэртэнгээ түрхэх
Мөн шүршүүрт орсныхоо дараа бага зэрэг чийгтэй биен дээрээ дуртай үнэртэнгээ түрхэж өгөх нь, сүрчигний үнэрийг удаан хадгалах болно. Түүнчлэн хувцсаа өмссөний дараагаар үнэртэнгээ цацсанаар үнэр нь таны хувцас, чимэглэлд шингэхээс цаашгүй юм. Мөн цагаан өнгийн хувцсанд сүрчигийг цацсанаар толбо тогтон үлдэх аюултай.
5
Сүрчигээ түрхснийхээ дараа үрж болохгүй
Бид бүхэн дуртай үнэртнээ цацсаныхаа дараа тухайн газраа гараараа үрж тараадаг шүү дээ. Ингэснээр үнэртэн үнэрээ төд удалгүй алддаг байна.
6
Эдгээр газруудад үнэртэн түрхэж өгөөрэй
Юун түрүүнд үнэртэн түрхэх газраа тодорхойлох хэрэгтэй. Биеийнхээ судасны цохилт илүүтэй мэдрэгддэг, үргэлж халуун байдаг газруудад сүрчгийг түрхэж өгвөл илүү удаан үнэртдэг байна. Жишээ нь хүзүү, цээж, бугуй, хурууны салаа, бугалганы нугалам, эгэмний хонхорхой, шагай гэх мэт газруудад түрхэж өгөх нь усны үнэр маш удаан хадгалагдан үлдэхэд тустай.
7
Сүрчигээ агаарт цацаж, түүнийнхээ дор нь зогсох хэрэгтэй
Хэрвээ та үнэртэнг ойроос цацах дургүй, үнэрийг нь авч чаддаггүй бол үнэртэнгээ агаарт шүршиж, түүнийхээ дор зогсох хэрэгтэй. Ингэснээр таны биед үнэртэн жигд шингэх ач тустай.
8
Үнэртэй усыг үс рүүгээ цацахдаа болгоожлох хэрэгтэй
Охид бүсгүйчүүд ихэвчлэн үнэртэнгээ үс рүүгээ цацдаг шүү дээ. Тэгвэл ингэснээр таны үс хуурайшин өнгөө алдаж ихээр гэмтдэг байна. Түүнийхээ оронд өөрийн дуртай үнэртэнгээ самандаа шүршиж, дараа нь үсээ самнавал үс гэмтэхгүй, сайхан үнэртэх давуу талтай.
9
Үсээ угаасны дараа үнэртэн шингээвэл зохимжтой
Хуурай үсэн дээр үнэртэн цацах нь үсийг маш ихээр гэмтээж, өнгөө алдуудахад хүргэдэг. Харин үсээ чийгтэй байхад нь үнэртэнгээ зайнаас цацах нь үсийг гэмтээхгүй тэрчлэн үнэрийг жигд удаан шингээхэд тустай гэнэ.
10
Үнэртэй ус авахдаа анхаарвал зохих зүйлс
Хэрвээ та үнэртэй усыг авахдаа хараахан сонгож чадахгүй, үнэрийг нь сайн ялгахгүй байвал доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Үнэртэй усанд үндсэн 3 нот байдаг. Энэ нь үнэртэнг цацах мөчид үнэртэх эхний үнэр, дундах үнэр буюу зүрхэн нот бол эхний үнэр шингэсний дараахан үнэртэх үндсэн анхилуун үнэр, 3 дахь нот буюу суурь үнэр нь илүү зөөлөн, шингэж үлдэх үнэрийг хэлж байгаа юм.
11
Хэрвээ таны үнэртэн дуусчихсан бол,,,
Түрхэх дуртай үнэртэн тань дуусчихсан нь уу? Дахин үнэртэн авахад төдий л боломжгүй байгаад хэцүү байвал танд нэгэн ухаалаг аргыг санал болгоё. Дууссан үнэртэнгийнхээ сүүлийн дуслыг ч гэсэн түрхэх дуртай гар биеийн тосондоо хольж өгөөрэй. Ингэснээр та дуртай үнэртэнгээ дахин "үрслүүлсэнтэй" ялгаагүй гэсэн үг юм.
12
Үнэртэнгүүдийг хооронд хольж түрхэж болохгүй
Зарим хүмүүс өөрийн гэсэн дахин давтагдашгүй содон үнэрийг гаргахын тулд өөрт байгаа уснуудыг хооронд нь хольж түрхэх тохиолдлууд байдаг. Ингэснээр тухайн үнэртэнгүүд өөрсдийн онцлогоо алдан, юу ч биш болон хувирах эрсдэлтэй. Хүнд таалагдах бус харин ч тааламжгүй сэтгэгдлийг үлдээх аюултай гэдгийг санаарай.
13
Салфеткаар уусган авч болно
Хэрвээ таны цацсан үнэртэн танд таалагдахгүй бол цаг алдалгүй амны цаас, салфеткаар дарж, шингээн аваарай.
14
Үндсэн үнэрийг үнэрлэхийн тулд хүлээ
Үнэртэнгийнхээ жинхэнэ үнэрийг мэдрэхийг хүсвэл, цацсан үнэртэнгээ хаттал нь хүлээх хэрэгтэй. Ингэснээр тухайн сүрчигний зүрхэн нот буюу дундах үнэр үнэртэнэ.
15
Хувцсандаа сайхан үнэр шингээхийг хүсвэл
Дуртай үнэртэнгээ хувцсандаа удаан шингээж үлдээхийн тулд хувцасны шүүгээнийхээ дор цаас дэвсээд түүндээ үнэртэнгээ жигд цацаж өгөөрэй. Улмаар хувцсаа хийгээд шүүгээндээ хэсэг байлгахад үнэхээр анхилуун үнэр үнэртэх болно.