Хятадаар “Fu Er Dai” буюу баян үе залгамжлагчид хэмээн орчуулагдах эдгээр хүүхдүүд хэт их баярхсан зургуудаа цахим ертөнцөөр нийтэлж, олон хүний хэл аманд өртөөд байсан. Харин БНХАУ-ын дарга Ши Жин Пин нийт 70 тэрбумтнуудад хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, мөнгөний үнэ цэнийг ахин нэг сургах талаар хатуухан сануулга өгчээ.
Тэдний ихэнх нь алдартай бизнесмэнүүд, улсын их хурлын гишүүдийн хүүхдүүд байх аж.
“Мөнгөний хүүхдүүд” номын зохиогч Ван Дачи (Wang Daqi) тэдний талаар хэлэхдээ “Баячуудын хүүхдүүд багаасаа мөнгөн дунд өсөж, гадаадад сурахаар явж, хүссэн хүсээгүй биеэ даадаг. Ингэх явцдаа маш их ганцаардаж, эцэг эх, гэр бүлийн хайр халамжийг эрэлхийлэхдээ түүнийгээ мөнгөнөөс олж харж сурдаг байна. Ийм учраас тэдэнд дэмий баярхах, түүнийгээ гайхуулах бодол юун түрүүнд тархинд нь суудаг” гэжээ.
Ван Дачи уг номоо бичихдээ багагүй судалгаа хийжээ. Сичуань мужид амьдардаг 20 настай нэгэн залуу ээж ааваасаа хол ганцаараа байдаг аж. Тэрээр ганцаардаж, уйдахдаа долоо хоног бүр кино театр явж, таньж мэддэг бүх л хүнийгээ хамт кино үзэхийг урьдаг гэнэ. Үүгээр ч зогсохгүй их уйдамтгай тул сүүлийн үеийн загварын шинэ машин аваад, хэдхэн унаад л уйдаж, ахин нэгийг авдаг гэжээ.
Ази хүүхдүүд ерөнхийдөө бүрэг ичимхий, хүмүүжил сайтай байдаг ч, хэтэрхий баярхуу, хэнэггүй зарим нь олон хүмүүсийн анхаарлыг гэрлийн хурдаар татаж, “од” болох нь амархан байх ажээ.