1. Зорьсон газартаа хүрэх амаргүй байв. Монголд газар нутгийн зай олон зүйлээс хамааралтай тул үүнд бэлэн байх нь чухал. Өөрөөр хэлбэл энэ бүхэн цаг агаар, “замын” байдал, машины хүчин чадал, жолоочийн ур чадвараас ихээхэн хамааралтай. Гэхдээ эцсийн үр дүн харамсахааргүй. Бидний хамгийн түрүүн хүрсэн Хотон нуур маш үзэсгэлэнтэй газар байв. Ялангуяа нуурын чулуурхаг эргээр армаг тармаг ургасан шинэс модод тун гайхалтай харагдаж байсан.
2. Өндөр гоолиг, аварга шинэс модод!!! Монголын говь цөл, нүцгэн талуудаар аялсны эцэст модод олж харсан нь нүд сэргээж байв. Бүгд л машинаас буумагц шинэс моддыг тэврэхээр ухасхийв. Их тааламжтай мэдрэмж төрсөн шүү.
3. Тогтуухан долгилох нуурын мандал дээр цасан цагаан үүлс хөвнө. Мөн загас үсчин байгаа нь нуурын мандал дээр хааяа үүсэх цагиргаас тодхон мэдэгдэж байв. Загасчлах хоббитой жуулчдын хувьд энэ нь жаргалын орон болох нь мэдээж. Ер нь бол Монголд ирж байгаа жуулчдын олонхи нь ийм зорилготой байдаг байх. Нуур хариус загасаар дүүрэн боловч нутгийнхан огт гар хүрдэггүй юм байна. Хүүхдүүд л хааяадаа уурга дэгээхнээр ганц нэгийг шүүрэх аж.
4. Машины мотор ч хөрч амжаагүй байтал манай жолооч загас барихаар аяллын багийн зарим загасны хорхойтнуудыг уруу татан алга болж өгөв. Байгаль эх тэднийг гар хоосон буцаасангүй. Залуус жижиг хувин дүүрэн хариус барьж, оройн хоолондоо шарсан загас идэв. Загас цэвэрлэж байх үед тэр хавийн шувууд цуглаж, бидний хаяж өгсөн загасны толгой, гэдэс дотроор хооллож байв. Тэд газар унасан загасны хаягдлыг шүүрэхдээ ямар гоёмсог агаарын трюк үзүүлж байсан гэж бодно.
5. Би ч яаж зүгээр байх вэ, тэдэнтэй нэгдэж хэдэн загас барив. Энэ миний нэлээн олон жилийн дараа барьсан анхны загас байв. Би магнай хагартал баярлаж, мартагдсан дурсамж сэргэсэн юм. Сонирхуулахад, ялаагаар өгөөш хийсэн шүү.
6. Байгалийн гоо үзэсгэлэнгийн талаар ч энд дурдалгүй өнгөрч болохгүй. Үнэхээр гайхамшигтай байсан. Оройхон тийш тэнгэр бүрхэж, муухайрсныг эс тооцвол...
7. Биднээс холгүйхэн хот айл харагдана. Хотон нуурын эрэгт буудалласан эхний өдөр нутгийн хэсэг багачууд бидэн дээр зарах бараатай айлчиллаа. Бид тэднээс бяслаг, сүү худалдаж авав. Харин орой нь томчууд ирж, манай жолоочтой ямар нэгэн зүйлийн талаар удаан гэгч нь ярилцсан юм. Магадгүй удам судрынхаа талаар хөөрөлдсөн бололтой. Ер нь монголчууд гэртээ гал түлдэг бөгөөд хатсан аргал түлж, хоол ундаа болгодог. Харин уулын хярд амьдардаг эдгээр хүмүүс түлээ буюу модоор галладаг ажээ.
8. Тэд илүү нэг гэрээ дэлгүүр болгожээ. Бараа их биш ч хамгийн эрэлт хэрэгцээтэй, өргөн хэрэглээний зүйлс бүгд байх ажээ.
9. Бид монгол айлд яг хэрэгтэй цагтаа зочлов. Энэ бол оройн саалийн цаг байв. Бага балчираас авахуулаад хөгшин хөвөөгүй бүгд ямар нэгэн зүйл хийж байгаа нь бидэнд гайхалтай санагдав. Ямаа сааж байсан хүүхэд, эмгэчүүл биднийг бараг анзаарахгүй, ажилдаа шамджээ.
10. Бүр балчир жаахан хүүхэд ч гэрийн ажилд тус дэм болно. Гурван нас хол хэтрээгүй болов уу гэмээр жаал л гэхэд хувин дүүрэн сүү өргөөд гүйж явна. Гэтэл бусад орны хүүхдүүд айфон, айпад нэхээд л сууж байдаг биздээ.
11. Яг энэ үеэр тэнгэр муухайрав. Хүйтэн салхи жихүүнээр үлээж эхэллээ. Хааяадаа цахилгаан цахина. Гэхдээ ийм байхад би үүр цайж, нар жаргахаас илүү дуртай. Мэдээж бороонд норох эрсдэлтэй ч ийм зүйл болно гэж тооцоолж байгаа болохоор айлтгүй.
12. Үүл тэнгэрийг бараг нэлэнхүйд нь бүрхэв. Эгээ л хувин хувингаар цутгах нь уу гэтэл гэнэт салхи хөдөлж, үүлийг хөөчихөв. Бид ч майхандаа орон, нар жаргахаас өмнө зүүрмэглэцгээлээ. Гэхдээ энэ зуур салхи үүлийг бүрмөсөн үлдэн хөөж, тэнгэр цэлмэсэн байсан юм.
13. Тэнгэрийн хаяа улааран харагдана. Ийм үед цаг агаар сайхан байх нь ховор. Гэхдээ аз таарлаа. Гайхалтай сайхан үдэш болов. Хамгийн гол нь эгзэгийг нь олж зураг дарах нь чухал.
14. Эрэг дээрх хайр найргүй хяргасан модны хожуул дээр хяруу унасан нь гоёмсог харагдана. Энэ дархан цаазтай газар тул мод огтлох нь хатуу хориотой. Гэхдээ Монголд дархан цаазат гэдэг үг харьцангуй ойлголт бололтой...
15. Эрэг дээр
16. Тэнгэрийн хаяа удаан хугацааны турш улааран харагдана. Тэнгэрт одод түгсэн хойно ч бага зэрэг улаан туяа тэртээ алсад туяарсаар л байв. Энэ нь Монгол дахь аялал төгсөхөд бэлэглэсэн гайхамшигтай үдэш байлаа.