Холливудын хамгийн чадварлаг жүжигчид

Холливуд жүжигчдээ эрсдэлтэй байдалд оруулахыг, харин нөгөө талаас жүжигчид ч олон сая долларынхаа хөлс мөнгийг алдахыг хүсдэггүй. Холливудын жүжигчид дунд уран бүтээлээ 100% орлон тоглогчгүйгээр гүйцэтгэдэг хүн тун цөөн. Тэдгээр алдартнуудын жагсаалтанд Зои Белл, Жэки Чан, Жейсон Стэтхэм, Арнольд Шварценеггер, Сильвестр Сталлоне, Анжелина Жоли нарын алдартай жүжигчид багтана. Ингээд тэдний жагсаалтыг хүргэе.
Холливудын хамгийн чадварлаг жүжигчид


Харрисон Форд
Мужаанаас жүжигчин болсон Харрисон Форд хэзээ ч зураг авалтын үеэрх хүнд хэцүү зүйлээс зугтаж байсангүй. Мэдээж Индиана Жонсын дүрийг бүтээхдээ олон аюултай элементүүдийг өөрийн биеэр гүйцэтгэсэн. Түүний энэ дүр үзэгчдэд таалагдсан болохоор “Оддын дайн”-ы шинэ бүлгийн Хан Солийг тэсэн ядан хүлээсээр байна.



Сильвестр Сталлоне
Рокки Бальбоагийн дүрээр рингэн дээр хэдэн сарыг өнгөрөөж байхдаа ч, Жон Рэмбогийн дүрээр элсэн цөл, ширэнгэн ойг туулахдаа ч жүжигчин Сильвестр Сталлоне гудийж нугарахгүй догь залуу хэвээрээ л байв. Тэр бүхэл бүтэн нэг үеийн турш өөрийн шүтэн бишрэгчдийнхээ цусыг буцалгаж, цөсийг хөөргөж чадсан, чадсаар ч байгаа. Тэр өнөөдөр ч нударгаараа "хоолоо олж идэж байгаа" бөгөөд хэд хэдэн удаа хүнд бэртэл авсан байдаг.



Жеки Чан
Гардан тулааны нэрт мастер Жеки Чан кинон дахь бүх трюкийг зөвхөн өөрөө гүйцэтгэдэг нь түүнд дэлгэцийн урлагийн асар их нэр хүндийг авч ирсэн билээ. Эдгээр нь зүгээр ч нэг энгийн биш, маш олон удаагийн бэртэл гэмтэл, яс хугаралт, оёо тавиулах хэмжээний шарх авах зэрэг хэцүү трюкүүд байсан байна. 
Түүний зураг авалтын үеэр авсан бэртлүүдийн кадраар бүхэл бүтэн хоёр цагийн кино хийчхэж болох гэнэ. 



Вигго Мортенсен
 “Бөгжний эзэн”-д бүтээсэн дүр нь түүнд шагнал урамшууллын хур буулгаж, найруулагчдын хараанд өртүүлж,  дэлхийн хэмжээний нэр хүндийг авч ирсэн ч тэдгээрээс авсан шарх сорви гэмтэл нь одоо болтол эдгээгүй аж. 
Питер Жексоны найруулсан уг бүтээлд Мортенсон орлон тоглогч авахаас татгалзаж, хүнд сэлмээр тулалдах бүхий л үзэгдлийг өөрөө гүйцэтгэсэн ажээ. Үүний шанд яс нь хэд хэдэн удаа хугарч, шүднүүдээ цөм цохиулсан юм. Тэгэхээр жүжигчид бидний төсөөлдөг шиг модон саваа туялзуулдаггүй, камерийн өмнө харин ч бүх зүйл жинхэнэ байдаг ажээ.



Том Круз

Хэдэн жилийн өмнө үзэгчид түүнийг ганц нарийн тросноос зүүгдэн дэлхийн хамгийн өндөр барилгын ханан дээгүүр гүйхийг амьсгаа даран харж байсан. Хамгийн сүүлд тэр “Mission Impossible - ROGUE NATION” кинонд онгоц “дотор” биш харин “дээр” нь ниссэн. Эдгээр нь түүний бүтээсэн олон баатарлаг дүрүүдийн хамгийн энгийн жишээ. Хэдий киноны зарим нэг трюкүүд жинхнээсээ гүйцэтгэгдсэн ч ийм эрсдлийн уран сайхны үнэ цэнэ үргэлж мэдрэгдээд байдаггүй. Гэхдээ түүний эрч хүч үнэхээр гайхалтай биш гэж үү.



Жейсон Стэтем
Амь насанд халтай трюкүүдийг ч өөрөө гардан гүйцэтгэх шунал хүсэл нь жүжигчин Жейсон Стэтемийг ч энэ жагсаалтанд оруулсан. Жейсон их булчинлаг, биеийн хөгжил сайтай, тиймдээ ч 50 нас шүргэсэн түүнд зодоон цохион, хөөцөлдөөн, үсрэх харайх асуудал биш бололтой. Түүнээс гадна Стэтем гайхалтай сайн жолооч. Энэ нь түүний бүтээсэн “Тээвэрлэгч” кинон дээр тодорхой харагддаг.



Дэниел Крейг
Шилдэг тагнуулч Жеймс Бондын тухай кино гол дүрээ солин, үргэлжилсээр байгаа. Энд мэдээж маш олон аюултай трюкүүдийг гүйцэтгэх нь ойлгомжтой. Үүнийг ер нь бол мэргэжлийн орлон тоглогчид хийдэг ч жүжигчдийн өөрсдийнх нь оролцоогүйгээр бүтээл бий болно гэж үгүй. 



Мэтт Дэймон
“THE BOURNE IDENTITY” киноны гол дүрийг бүтээхэд жүжигчин Мэтт Деймоноос ихээхэн хүч хөдөлмөр, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвар шаардсан нь мэдээж. Бараг л шүүсийг нь шахсан гэхэд болно. Мэтт кинон дээр Европоор нэг гүйж харайж, Атлантын далайн усанд шумбаж, Москвагийн их цасанд булуулж, машин, мотоциклыг баруун солгойгүй солин жолоодоход хүрдэг. Дэймоны шүтэн бишрэгчид түүнийг “Цэрэг Райаныг аварсан нь”, “Тулааны эр зориг” кинонд исгэрэх сум, тэсрэх бөмбөгний өөдөөс зоригтойгоор явсныг мэднэ. Тиймээс удахгүй дэлгэцнээ гарах “Ангараг гарагийнхан” киноны зураг авалтын талбай дээр гар хумхиад суухгүй нь мэдээж юм.



Камерон Диаз
Энэ жагсаалтад багтсан эмэгтэй жүжигчдийг үзэсгэлэнт Кэмерон Диазаар эхлүүлж байна. Сэтгэл татам сайхан инээмсэглэлтэй шаргал үст жүжигчин бүсгүй тулаант гэхээсээ илүүтэй инээдмийн төрөл жанрын кинонд тоглохыг илүүд үздэг. Гэхдээ түүний уран бүтээлийн жагсаалтанд гадсан өсгийт өмсөн эрчүүдийг хуйлруулахаас гадна гүйж, харайж, автомашины араас элдэн хөөх үзэгдэл ч гарч байв. Үүнийг та Том Крузтай хамтран тоглосон “KNIGHT AND DAY” инээдмийн триллерээс харж болно. Чухам эрсдэлтэй алхам хийгчдийн жагсаалтанд багтсан Том Крузтай хамтран тоглосон нь түүнд киноны бүхий л трюкүүдийг өөрөө гүйцэтгэх эр зоригийг өгсөн байж мэдэх юм. 



Кристиан Бэйл
Кристиан Бейл тоглосон кинонуудынхаа өчүүхэн жижиг трюк бүрт орлон тоглогч авсан байсан ч бид түүнийг жагсаалтандаа оруулахаас өөр аргагүй. Учир нь тэр дүрдээ орох гэж өөрийгөө итгэмээргүй өөрчилж чаддаг нь биширмээр. Тэр бодибилдингээр идэвхтэй хичээллэн булчинлаг болж бас арьс яс болтлоо турж ч байсан. Үүнийг Бэтмений киноноос тодорхой харж болно. Жишээ нь: “Хар хөлөг баатар” дээр Кристиан дүрээ сайн гаргаж өгөхийн тулд бүхэл бүтэн  нэг үзэгдлийн турш Чикагогийн хамгийн өндөр барилгын дээврийн захаар ямар ч хамгаалалтгүйгээр явсан. Ердөө үнэмшилтэй кадр даруулахын тулд шүү дээ.



Анжелина Жоли
Холливудын сайхан бүсгүй Анжелина Жоли зураг авалтын талбай дээр нэг бус удаа аюултай трюкүүдийг гүйцэтгэх эрсдэлтэй сонголтыг хийж байв. Тэр “Булш ухагч”-ийн Лара Крофтод тоглож байхдаа нарийн тросон дээр дүүжигнэж, “60 секундэд гүйц” кинонд автомашиныг гайхалтай жолоодож, “Ноён хатагтай Смит” дээр ирээдүйн нөхөртэйгээ зодолдож зүрхэлсэн. Гэхдээ түүний гүйцэтгэсэн трюкүүд дундаас амь насанд хамгийн халтай байсан нь “Онц аюултай”, “Солт” тулаант кинонууд юм. Тодруулбал эхний кинон дээр нь гараа гэмтээсэн бол хоёр дахь дээр толгойдоо бэртэл авч байжээ.



Зои Белл
Алдартай оддын орлон тоглогч байсан жүжигчид тэдний сүүдрээс гарч өөрийн карьерийг эхлүүлж, “би”-г тунхаглана гэдэг бол ховор тохиолдол. Зои Белл орлон тоглогчдын "армийн" нэг гишүүн байв. Тэр тодорхой хугацааны турш бусад эмэгтэй жүжигчдийн тулаант үзэгдлийг гүйцэтгэж байлаа. Харин дараа нь найруулагчдын хараанд өртөж, өөрөө дүр бүтээх болжээ. 
Тэр ”Биллийг устга” кинонд  Ума Турманг орлож байхдаа толгойдоо бэртэл авч, олон хоногийн турш нүүр нь хавдартай явж байсан. Гэхдээ хамгийн аюултай бэртлийг “Үхлийн нотолгоо” киноны үеэр авч байжээ. Найруулагч Квентин Тарантино түүнийг автомашины хамар дээр хүлж, хар хурдаар нь давхиулж байв. Белл ингэхийн тулд л жүжигчний мэргэжилд  дурласан юм байх даа?



Жина Карано
Нэртэй тамирчин, холимог тулааны аварга Жина Каранод олон найруулагч нар эртнээс санал тавьж байсан ч тэр ганцхан Стивен Содербергтэй учраа олж чадсан юм. Тэр л бүсгүйг дэвжээнээс зураг авалтын талбай руу уруу татаж дөнгөсөн байна. Тагнуулчийн тухай өгүүлэх “Хүнд цохилт” кинонд Карано шиг бие бялдрын хөгжил сайтай бүсгүй яг тохирсон байлаа. Мэдээж Жина киноны бүх трюкүүдийг өөрөө гүйцэтгэсэн нь шүтэн бишрэгчид, продюсеруудын сэтгэлд ихээхэн нийцсэн байдаг. Киноны драмт үзэгдэл Каранод чанга байсан ч хэн ч мэргэжлийн тулаанч түүн шиг зодооны үзэгдлийг гаргаж чадахгүй байх байсан.



Кристен Стюарт
Хэдий киноны амьтадтай, ялангуяа морьдтой үзэгдэл үзэгчдийн анхаарлыг төдийлөн татаад байдаггүй ч энэ нь автомашин, мотоцикл жолоодохтой адил эрсдэл өндөртэй байдаг. Чухам Кристен Стюартын гол дүрд нь тоглосон үлгэрийн сэдэвт “Цасан цагаан, анчин хоёр” киноны зураг авалт яг л тийм байв: “Бүрэнхий” киногоор анх олны танил болсон жүжигчин бүсгүйн хувьд мориноос айх айдсаа даван туулж, өөрөө унаж сурахаас өөр аргагүй болсон юм. Мэдээж тэр хэд хэдэн удаа мориноос унасан гэдэг. Тиймээс энэ үлгэрийн сэдэвт киноны морьтой хэсэг бол компьютер графикаар нүд хуурсан зүйл биш ажээ.



Хлоя Грэйс Морец
Залуухан Хлое Морец “Kick-Ass” кинонд дүрийнхээ бүхий л трюкийг өөрөө гүйцэтгэх хэрэгтэй болсон юм. Яагаад вэ гэж үү? Учир нь 12 настай жүжигчинд орлон тоглогч олох гэдэг тийм амархан биш. Тиймээс Хлое орлон тоглогчийн дугуйланд бүртгүүлсэн, тэр ч бүү хэл Жеки Чанаар хичээл заалгасан гээд төсөөл дөө. Чаны сургалтын үеэр байнга шахуу бэртэл авч байсан нь түүнийг няцаасангүй, харин ч хүнд буу бариад гүйж, харайх нь сонирхолтой санагдсан бололтой.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()