БНХАУ-ын машин механизм, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

2015-09-05, 19:40
10,341
“Мишээл Групп” компани Хятадын “Смек” компанитай хамтран зохион байгуулж буй “БНХАУ-ын машин механизм, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн 2015” арга хэмжээний нээлт өнөөдөр Мишээл экспо төвд  боллоо. Үзэсгэлэнгийн нээлтэд СМЕК компанийн дэд захирал ZHAO RUI, БНХАУ-аас Монгол Улсад ЭСЯ-ны худалдааны аттаще Сунь Вэйрэнь , Нийслэлийн засаг даргын орлогч Т. Бат-Эрдэнэ, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга М.Оюунчимэг, Мишээл Групп компаний гүйцэтгэх захирал А.Хажидсүрэн болон хоёр талын төлөөлөл болсон хүндэт зочид оролцсон юм.
БНХАУ-ын машин механизм, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Тус үзэсгэлэн энэ сарын 6-ныг дуустал нийт 3 өдөр үргэлжлэх бөгөөд хөдөө аж ахуй, уул уурхай, барилга угсралт, хүнс, хуванцар, сав баглаа боодол зэрэг тоног төхөөрөмж, машин механизм, цахилгаан эрчим хүч, барилгын материал, мотоцикл, авто машины сэлбэг зэрэг 10 гаруй салбарыг хамарсан бүтээгдэхүүнүүд дэлгэгдэх аж.

Сүүлийн жилүүдэд аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар ихээхэн ажил хийгдэж байгаа тул аж үйлдвэрийн машин, тоног төхөөрөмжийн эрэлт нэн ихэссэн. Европ болон Америкийн бүтээгдэхүүнтэй харьцуулбал Хятадын тоног төхөөрөмж үнэ хямд. чанар сайн, тээвэрлэлтийн зардал бага зэргээс үүдэн Монголын бизнес эрхлэгчид нийт тоног төхөөрөмжийнхөө 55 хувийг нь Хятадаас авдаг аж.

“БНХАУ-ын машин механизм, тоног төхөөрөмжийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр зохион байгуулагчидтай уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.

СМЕК компанийн дэд захирал ZHAO RUI:
“Машин механизм, тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг бид анх удаагаа Монголд зохион байгуулж байна. Бид хятадын хамгийн шилдэг, хамгийн сайн гэсэн тоног төхөөрөмжүүд болон хамгийн сайн үйлчилгээ үзүүлдэг үйлдвэрлэгчдийг Монголд авч ирсэн. Яг одоо Монголд авч ирсэн бүтээгдэхүүнүүд  Америк, Европ, Ази гэх мэд дэлхийн маш олон оронд экспортлогддог. Бид дэлхийн 300 гаруй улсад очиж энэхүү үзэсгэлэнгээ танилцуулж байсан. Энэ удаад Монголд ирсэндээ баяртай байна.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга М.Оюунчимэг:
“Мишээл” групп Хятадын “Смек” компанитай хамтран БНХАУ-ын машин механизм, техник тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг Монголд анх удаа ийм өргөн хэмжээнд зохион байгуулж байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим бол олон улсын чанартай үзэсгэлэнг зохион байгуулдаг мэргэжлийн байгууллага.

Тиймээс тус үзэсгэлэнг манай  худалдаа аж үйлдвэрийн танхим дэмжиж ажиллаж байгаа. Өнөө цагт манай бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэд тоног төхөөрөмжийн мэдээлэл ус, агаар шиг хэрэгцээтэй байна. Танхим дээр ирж үйлчлүүлж байгаа компаниуд манай дээр байгаа 300 гаруй тоног төхөөрөмжийн мэдээллээс гадна, Өөр олон салбарыг хамарсан том, том тоног төхөөрөмжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй байгаа юм шиг санагддаг. Тиймээс энэ үзэсгэлэнг манай бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэд маш хэрэгтэй, үр өгөөжтэй зүйл болж байна гэж харж байгаа.



СМЕК олон улсын үзэсгэлэнгийн компанийн тэргүүн дэд захирал У Чупөн:
Манай Хятад улс нь тоног төхөөрөмж үйлдвэрлэгч томоохон орны хувьд шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг дэлхийн зах зээлд гаргасаар ирсэн билээ.Үзэсгэлэнд оролцогч компаниуд нь Хятад, Монголын тэргүүлэх аж ахуйн нэгжүүд бөгөөд шилдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ирж оролцож байгааг өнөөдөр бахархалтайгаар харж байна.

Эдгээр компаниудын дотор дэлхийн хэмжээний шилдэг ерөнхий гэрээлэгч болох Хятадын тоног төхөөрөмж инженерингийн хувьцаат компани буюу СМЕК групп, Хятадын өнгөт төмөрлөгийн бүтээн байгуулалтын ХК буюу Эн Эф Си групп, Хятадын алдартай судалгааны хүрээлэнгүүдийн нэг болох Хөдөө аж ахуй газар тариалангийн механикжуулалтын эрдэм шинжилгээний судалгааны хүрээлэн, Хятадын алдартай брэнд болох Луо-Яны Итуо групп, Чунцин хотын Лунсин, Лифань индустриал групп зэрэг компаниудыг дурдаж болох ба та бүхэнд дэлгэж буй бүтээгдэхүүнийг нь дээд зэрэглэлийн үйлдвэрлэлийн, шинэ технологийн гэсэн хоёр том бүлэгт хувааж болно.

Энэ удаагийн үзэсгэлэнгээр дамжуулан Монгол, Хятадын машин механизм, тоног төхөөрөмжийн хөгжилд харилцааны гүүр босгох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тавцанг буй болгоно гэдэгт найдаж байна. Ирэх жил бид Мишээл групптэй хамтран дахин үзэсгэлэнгээ зохион байгуулж Монгол, Хятадын тоног төхөөрөмжийн хөгжилд хувь нэмрээ оруулна.



БНХАУ-аас Монгол Улсад ЭСЯ-ны худалдааны аттаще Сунь Вэйрэнь:
Сүүлийн жилүүдэд Монгол, Хятад хоёр орны харилцаа тасралтгүй хурдацтай хөгжиж байна. Ялангуяа өнгөрсөн оны наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Жиньпинийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болж манай хоёр орны харилцаа бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн шинэ дээд төвшинд гарсан билээ. Энэ жил бол Си Жиньпин даргын айлчлалын үр дүнг хэрэгжүүлэх хариуцлагатай оны нэг юм. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь хоёр орны хөгжлийн чухал хөдөлгөх хүч, тулгуур нь байсаар ирлээ.

Хятад улс нь аль эрт Монгол Улсын худалдааны хамгийн том түнш, хамгийн гол хөрөнгө оруулалтын эх үүсвэр болсон. Манай торгоны замын эдийн засгийн бүсийн стратегийг дагаад хэрэгжүүлэх үе шат руу орж ирээдүйд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа улам өргөн хэтийн төлөвтэй байна гэдэгт итгэж байна. Монгол, Хятад хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжил нь хоёр орны аж ахуйн нэгжүүдийн нягт хамтын ажиллагаатай салшгүй холбоотой билээ.

Сүүлийн жилүүдэд Монголчууд Хятадаас тоног төхөөрөмж худалдан авах тоног төхөөрөмжийн хэрэгцээ тасралтгүй өсч байна. Хятад улс нь тоног төхөөрөмж үйлдвэрлэгч томоохон орны хувьд хамгийн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг дэлхийн зах зээлд гаргасаар ирсэн бөгөөд тоног төхөөрөмж, мэргэжлийн ажилтан, технологийн талаар Монголын талтай хамтран ажиллах, борлуулалтын дараах үйлчилгээг үзүүлэх, тогтвортой хөгжлийг явуулах, Хятадын брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, Монгол-Хятад талууд хамтдаа харилцан ашигтай ажиллах сонирхолтой байна.



Нийслэлийн засаг даргын орлогч Т. Бат-Эрдэнэ:
“БНХАУ-ын машин механизм, тоног төхөөрөмж 2015” үзэсгэлэнг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулж байгаад баяртай байна. Үзэсгэлэнд хөдөө аж ахуй, уул уурхай, барилга угсралт, хүнс, хуванцар, сав баглаа боодлын зэрэг тоног төхөөрөмж, машин механизм, цахилгаан эрчим хүч, барилгын материал, мотоцикл, авто машины сэлбэг зэрэг 10 гаруй салбарыг хамарсан бүтээгдэхүүн дэлгэн үзүүлсэн байна.

Манай Монголын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр эрхлэгчдэд энэхүү үзэсгэлэнг өргөнөөр ирж сонирхон бизнесээ өргөжүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Цаашид энэхүү үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулах бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хэрэгцээт тоног төхөөхөөрөмжийг өшөө олон сонголттойгоор танилцуулах байхаа гэж бид үзэж байна.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.