Үнэтэй урлагийн бүтээл хулгайлсан ч бүтэлгүйтсэн тохиолдлууд

Урлагийн үнэт бүтээл хулгайд алдагдах нь манай гараг дээрх хамгийн ашигтай гэмт хэргийн төрөлд багтдаг. Учир нь интерполийн мэдээллээр бол энэ төрлийн гэмт хэрэг ашиг орлогийнхоо хэмжээгээр галт зэвсгийн болон хар тамхины наймааны дараа гуравдугаарт ордог байна. Тодорхой нэр бүхий цуглуулгачдын захиалгаар ихэвчлэн уран зураг хулгайлагдах нь элбэг байдаг ажээ.
Үнэтэй урлагийн бүтээл хулгайлсан ч бүтэлгүйтсэн тохиолдлууд


1. Иван Айвазовский «Каирын үдэш»
Лондонд гарсан Оросын урлагийн бүтээлийн долоо хоногийн үзэсгэлэнгийн үеэр хулгайд алдагдсан Иван Айвазовский «Каирын үдэш» уран зургийг тойрсон дуулиан 2015 оны 6-р сарын эхээр дэгдсэн билээ. 1870 онд Египетэд хийсэн аяллынхаа үеэр зурсан уг бүтээл “Sotheby’s” дуудлага худалдаагаар 105,2 сая фунт стерлингээр үнэлэгдсэн юм. Гэвч уран зураг сонирхон цуглуулагчдын хувьд энэхүү бүтээлийг өөрийн болгох аз дутжээ. Интерполийн ОХУ-ын салбараас зураг хулгайлагдсан болохыг мэдэгдэж, дуудлага худалдаанаас гаргахыг шаардсан байна. Хууль сахиулах албанаас 5-р сард тавьсан шаардлагыг хүлээж аваагүй ч 6-р сарын 2-нд дуудлага худалдаа эхлэхээс хэдхэн цагийн өмнө “Sotheby’s” байгууллагаас “Каирын үдэш”-ийг зарахаа больсон хэмээн мэдэгджээ. Хэдийгээр Интерполийн хүргүүлсэн нотолгоо дуудлага худалдааны байгууллагыг нэг их сандаргаагүй ч уран зургийн өмнөх бараан “амьдрал” худалдаалагдахад тэртэй тэргүй саад болсон байна.

Олон улсын цагдаагийн байгууллагаас мэдээлснээр уг уран зураг 1997 онд ЗХУ-ын хөлөг онгоц барих үйлдвэрийн газрын ардын комиссар Иван Носенко агсны бэлэвсэн эхнэрийн гэрээс хулгайлагдсан ажээ. Үүний хариуд дуудлага худалдааны байгууллагаас уг зургийг Оросын ч, олон улсын ч хулгайлагдсан үнэт зүйлсийн баазад байхгүй талаар мэдэгдсэн байна. Мөн зураг Носенкогийн цуглуулгаас ердөө ганцхан удаа буюу 1950 онд Зураачдын холбооны үзэсгэлэнд тавигдсан гэх баримт эргэлзээ төрүүлж байлаа. Учир нь тус үзэсгэлэнгээс нэг ч гэрэл зураг болон баримт болчихоор зүйл үлдээгүй ажээ. Тэгэхээр Айвазовскийн бүтээлийг Носенкогийн эсвэл “Sotheby’s” –ийн өмч гэх боломжгүй болж байна. Үүнээс үүдэн “Sotheby’s” байгууллага “Каирын үдэш”-ийг хэд хэдэн хувилбар байж магадгүй болохыг үгүйсгээгүй гэнэ.



2. «Бяцхан ханхүү» ягаан алмаз

2013 оны дөрөвдүгээр сард “Christie’s”-ийн дуудлага худалдаагаар маш гайхалтай ягаан алмазыг дэлгэн үзүүлсэн байна. Хэдийгээр энэхүү ягаан алмазын нэр нь “Бяцхан ханхүү” боловч жин нь аварга том буюу бараг 35 карат ажээ. Үүнээс гадна үэнт чулуу маш ховор тохиолдох өнгөтэй бөгөөд ихэвчлэн үүнийг хааны удмынхан эдэлж хэрэглэдэг, цуглуулах дуртай байсан гэнэ. “Бяцхан ханхүү”-г бараг 300 гаруй жилийн өмнө Энэтхэгийн алдарт Голкондын алмаазны уурхайгаас олборлосон тэр цагаас хойш эзэмшигчээ хэд хэдэн удаа сольжээ. Хамгийн сүүлд уг бүтээл 1960 онд дуудлага худалдаанд тавигдаж, ердөө 70 мянган доллараар үнэт эдлэлийн худалдааны “Van Cleef & Arpels” байгууллага худалдан авч байсан юм. Тэр цагаас хойшхи 53 жилийн хугацаанд нэр нь үл мэдэгдэх худалдан авагч ягаан алмазыг 39.3 сая доллараар өөрийн болгож, харин “Christie’s” наймаанаас ердөө 3.8 саяыг олсон байна.

Үүнээс гадна Италийн сенатор Ренато Аньолиллогийн өв залгамжлагчдын зүгээс шүүхэд зарга үүсгэжээ. Тэр дуудлага худалдааны байгууллагыг хулгайн бүтээл зарсан хэмээн буруутгасан байна. Дуудлага худалдаа явагдснаас хойш хоёр жилийн дараа буюу 2015 оны 3-р сард Нью-Йоркын шүүхэд өгсөн өргөдөлд “Christie’s” үнэт чулууг сайтар шалгаагүй тухай дурджээ. Хэрэв чулууныхаа талаар сайн судалсан бол алмаз сенаторын бэлэвсэн гэргийнх нь гэрээс хулгайлагдсан болохыг мэдэж болох байсан байна. Уг үнэт чулуу 1978 оноос хойш тус гэр бүлд хадгалагдаж байсан ажээ.




3. «Боолын хөдөлмөр» граффит зураг

Бэнксийн «Боолын хөдөлмөр» граффит нь Английн гудамжны зураачийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг юм. Түүнчлэн түүнийг хулгайлсан бөгөөд хоёр ч дуудлага худалдаан дээр гарч ирсэн нь зургийг улам ч алдаршуулж орхижээ. Оёдлын машинаар Их Британийн далбаан хэлхээ оён суугаа  жаал хүүгийн дүрслэл бүхий граффит нь 2012 оны тавдугаар сард Лондоны Вуд Грин дүүрэг дэх “Poundland” хямд барааны дэлгүүрийн ханан дээр бий болсон юм. Харин 2013 оны хоёрдугаар сард хананаас гипсийн хамт алга болжээ. Удсан ч үгүй Бэнксийн Олимп болон хатан хаан II Елизаветагийн хаан ширээнд заларсны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийн эсрэг байр сууриа илэрхийлсэн уг зураг Майамигийн “Fine Art Auctions” дуудлага худалдаан дээр гарч ирсэн байна.

Гэвч граффит тэр үед зарагдаагүй юм. Түүнийг зарах гэсэн оролдлого Вуд Грины оршин суугчдын дургүйцлийг төрүүлжээ. Иргэд хотынхонд бэлэглэсэн зургийг зарах эрх хэнд ч байхгүй хэмээн мэдэгдсэн байна. Ийнхүү уурлаж бухимдсан хотын иргэдийн дарамт шахалтын улмаас зураг дуудлага худалдаанаас хасагдав. “Боолын хөдөлмөр” ч Их Британид эргэн ирж, Киноны музей дэх Бэнксийн бүтээл үзэсгэлэнгийн гол үзүүлбэр болжээ. Гэвч үүний дараа граффитыг хувийн дуудлага худалдаанд тавигдсан байна. Вуд Грины оршин суугчид дахин тэмцэл хийсэн ч энэ удаад тэднийг хайхарсангүй. Ийнхүү “Боолын хөдөлмөр”-ийн шинэ эзэн 750 мянган фунтээр граффитыг өөрийн болгосон төдийгүй нэрээ нууцлахыг шаардлага тавьжээ.



4. Огюст Ренуар «Сена мөрний эрэг дээр »
2009 онд Виржиния мужийн оршин суугч Марсия Фукуа, хар зах дээр том хүрээтэй гоёмсог зураг олж харжээ. Ингээд тэр зургийг долоон доллараар худалдан авч, гэртээ ирээд зургийг хүрээнээс нь салгасан байна. Гэхдээ ээжийнхээ зөвлөгөөг сонсч, зургийг “Potomack Company” дуудлага худалдааны байгууллагаар үнэлүүлэхээр авч очжээ. Гэтэл мэргэжилтнүүдийн дүгнэлт санаанд оромгүй мэдээ дуулгав. Зураг алдарт Огюст Ренуарынх байж таарсан байна.

Удалгүй Марсия санамсаргүй олдвороо дуудлага худалдаагаар зарахаар шийджээ. “Сена мөрний эрэг дээр” хэмээх нэртэй энэхүү зураг багаар бодоход 75 мянган доллараар үнэлэгдсэн ч Марсия хоосон хоцорчээ. Учир зураг хулгайнх байсан тул дуудлага худалдаанаас эргүүлэн татсан байна. 1951 оны 11 дүгээр сарын 17-нд Огюст Ренуарын “Сена мөрний эрэг дээр” бүтээл Балтиморын урлагийн музейгээс алдагдсан ажээ. Харин үүнээс өмнө экспрессионист, сюрреалист чиглэлийн бүтээлүүдийг дагнан цуглуулдаг Герберт болон Сэнди Мэй нарын гэр бүлд хадгалагдаж байсан байна.

Ноён Мэй энэхүү зургийг 1926 онд Парисын нэгэн үзэсгэлэнгээс худалдан авч, харин 1937 онд эхнэр Сэнди нь Балтиморын музейд бэлэглэсэн байдаг. Гэтэл уг бүтээл Виржиниягаас санамсаргүй байдлаас олдсон нь сонирхогч талууд болон шүүхийн зүгээс ихээхэн маргаан дагуулсан үйл явдал болсон нь мэдээж. Ийнхүү энэ хэргийг 2014 оны нэгдүгээр сард нэг тийш болгосон байна. Шүүхээс Марсия Фукуагийн зургийг өөрийн өмч мөн болох тухай заргыг хүчингүйд тооцож, Балтиморын урлагийн музейд эргүүлэн өгөх шийдвэрийг гаргажээ.



5. Николай Рерих «Нар жаргах үеийн Кашмир» болон «Гималаи, Канченжанга оргил»
2011 онд Лондоны  “Sotheby’s” дуудлага худалдаан дээр ОХУ-ын алдарт зураач Николай Рерихын «Нар жаргах үеийн Кашмир» болон «Гималаи, Канченжанга оргил» хэмээх хоёр зураг олны анхаарал татсан юм.
Эд бол бараг хоёр сая доллараар худалдан авч цуглуулгандаа нэмэрлэсэн нэгэн хувийн цуглуулагч болон эх орондоо зургийг эргүүлэн авахыг оролдсон Энэтхэгийн Засгийн газар хоёр байлаа.

Энэтхэгийн албаны төлөөлөгчийн үзэж буйгаар бол уг зурагнууд Дели хотын Хөдөө аж ахуйн судалгааны үндэсний хүрээлэнгээс хулгайд алдагдсан эд ажээ. Николай Рерихын эдгээр зурагнуудаа 1935-1947 оны хооронд буюу Энэтхэгт суурьшиж, Баруун Гималайд гэр бүлийн хамт амьдарч байх үедээ зурсан байна. Тухайн үед зураач, аялагч Рерих "Энэтхэгийн Хөдөө аж ахуйн судалгаа"-ы үндэсний хүрээлэнд нийт 13 зургаа бэлэглэсэн ажээ. Энэтхэгийн тал Рерихын зурагнуудыг хууль бусаар тус улсаас авч гарсан талаар мөрдлөгө явуулж эхэлсэн бөгөөд хэрхэн шийдэгдсэн талаар мэдээлэл одоо болтол байдаггүй байна.



6. Иван Айвазовский «Хадат эрэг дэх далайн шуурга»
Оросын зураач Иван Айвазовсксийн бүтээлүүд дундаас хулгайлагдаж, хожим дуудлага худалдаан дээрээс олдсон өөр нэгэн уран бүтээл бол «Хадат эрэг дэх далайн шуурга» юм. 2011 онд уг бүтээлийг тухайн үеийн сенатч Оганес Оганян дуудлага худалдаагаар зарахаар оролдсон байна. Улстөрч уг бүтээлийг 2004 онд худалдаж авсан гэх бөгөөд тухайн үедээ ОХУ-ын Соёлын яам болон Интерполоор шалгуулсан ч сэжигтэй зүйл огт илрээгүй хэмээн мэдүүлжээ. Гэвч 2011 онд “Хадат эрэг дэх далайн шуурга” бүтээлийг 1990 онд Армяны Нөхөрлөл, соёлын нийгэмлэгээс хулгайд алдагдсан болохыг тогтоосон байна. Тус байгууллага засвартай байх үеэр үл таних этгээд байранд нэвтэрч зочид хүлээн авах танхимаас зургийг жаазнаас нь зүсэн авч явжээ.

Зургийн түүхийг сонссон Оганян зургийг өөрийн биеэр Москвагийн “Гелос” дуудлага худалдаанаас татаж, Арменд эргүүлэн өгөхөөр амласан гэдэг. Ийнхүү алга болсноос хойш 21 жилийн дараа 2011 оны 6-р сарын 3-нд “Хадат эрэг дэх далайн шуурга” Армений Үндэсний галарейд тавигдах болжээ.



7. Петр хааны хөрөг бүхий XVIII зууны үеийн шаазан зүүлт
1996 онд “Останкино” үл хөдлөх хөрөнгийн музейгээс XVIII зууны үеийн зууван хэлбэртэй шаазан зүүлт алга болжээ. Зүүлт 1773 онд Английн зураач, шавар эдлэлийн мэргэжилтэн Жозайи Вежвудын урланд хийгдсэн гэж үздэг байна. Тухайн үед Вежвуд, Европ даяар алдартай нэгэн байсан тул Оросын хааны ордноос хүртэл зургийн захиалга авдаг байжээ.

Алтлаг боронзон хүрээтэй, цэнхэр дэвсгэр дээр дүрслэгдсэн I Петр хааны хөрөг бүхий зүүлтийг хулгайн халуун мөрөөр орох боломж тэр үед гараагүй гэдэг. Гэвч 2011 онд зүүлт Австрийн нийслэл Вен дэх “Dorotheum” дуудлага худалдааны байгууллагын каталогиос олджээ. Зүүлт 100 мянган доллараар үнэлэгдсэн байна. Гэвч Оросын эзэн хааны хөрөг бүхий Вежвудын бүтээлийг олж авах гэсэн цуглуулагчдын хүсэл талаар болов. Зүүлт 2012 онд дуудлага худалдаанаас эргүүлэн татагдаж, эх орондоо буцжээ. Гэхдээ хүмүүс түүнийг 2016 оноос өмнө олж харах боломжгүй юм. Учир нь барилгад нөхөн сэргээлт хийсний дараа зүүлт “Останкино” дахь цэнхэр танхим дахь өөрийн байранд залрах ажээ.



8. Арав дугаар зууны үеийн кхмер дайчны баримал

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Камбож улс хулгайд алдагдаж, хилийн дээс давсан нэлээн хэдэн урлагийн бүтээлүүдээ эргүүлэн олж авч чадсан байна. Тэдгээрийг эх оронд нь  эргүүлэн авчрах хөшүүрэг нь Х зууны үеийн кхмер дайчны баримлыг тойрсон үйл явдал байлаа. 2011 онд “Sotheby’s” дуудлага худалдаан дээр хоёр сая долларын үнэлгээтэйгээр тавигдсаны дараа Камбожийн тал баримлыг буцаахыг шаардсан байна. Баримал 1970-аад оны үед тус улсаас хууль бусаар гарсан гэх бөгөөд үүнээс өмнө Кох Керийн цогцолбор сүмээс хулгайд алдагдсан байсан юм. Гэмт этгээдүүд баримлыг хөл болон тавцангаас нь салгаад аваад явжээ. Кхмер дайчны хөшөө алга болсны дараа Камбож улс Америкийн хэд хэдэн музейд нэхэмжлэл гаргасан гэдэг. Тухайлбал: “Өвдөг сөгдсөн албатууд” гэх зэрэг тус улсаас мөн л хууль бус замаар гарсан хэд хэдэн хөшөө дурсгалууд хадгалагдаж байгаа Нью-Йоркын “Метрополитен“ музейд гаргажээ.

1990-ээд онд урлагийн үнэт бүтээлүүдийг сайн дураар хамгаалагч Дуглас Летчфорд гэгч эр тус музейд бэлэглэсэн бөгөөд 2013 онд мөн л Кох Керийн цогцолбор сүмээс хулгайд алдагдсан эд зүйлүүдийн нэг болох тухай сэжиглэгдсэн юм. Түүнчлэн Камбожийн тал Пасаден дэх Нортон Саймоны музейд “Sotheby’s”-гээр худалдаалагдах гэж байсантай адилхан кхмер дайчны өөр нэг баримал хууль бусаар очсоныг олж илрүүлсэн байна. Энэ бүхний эцэст 2013 онд “Sotheby’s” дуудлага худалдааны байгууллага болон “Метрополитен” музейгээс баримлыг Камбожид эргүүлэн өгөхийг зөвшөөрсөн ажээ. Мөн 2015 онд Кливленд дэх уран сайхны музей ч кхмер дайчны өөр нэг баримлыг буцааж өгчээ. Тэр бол мөн л Кох Керийн сүмээс алдагдсан Х зууны үеийн индус шашинтнуудын бурхан Хануманы баримал байсан байна.



9. Эдгар Дега «Шүд нь өвдсөн угаагч бүсгүй»
Зураач Эдгар Дегагийн “Шүд нь өвдсөн угаагч бүсгүй” бүтээлийг Америкчууд Францад эргүүлэн өгөх хэрэгтэй болсон юм. Нэрт импрессионист уран бүтээлчийн энэхүү бүтээл 1973 онд Гавр дахь "Андре Мальрогийн нэрэмжит музей"-ээс алдагдсан байжээ. Тэр цагаас хойш сураг нь алдарсан “Шүд нь өвдсөн угаагч бүсгүй”-г тус музейн нэгэн ажилтан “Sotheby’s” дуудлага худалдааны бүтээлүүдийн каталоги дээрээс олж хараагүй бол тэр чигтээ мөр нь балрах байсан ч юм бил үү хэн мэдлээ. Уг зураг 2010 онд импрессионист, модернист уран бүтээлчдийн бүтээлүүдийг дэлгэн харуулах дуудлага худалдаан дээр тавигджээ. Зургийг тэр үед эзэмшиж байсан Рональд Грельсамер гэгч худалдахаар хандсан юм байна. “Шүд нь өвдсөн угаагч бүсгүй”-г хулгайн замаар орж ирсэн бүтээл гэдгийг мэдээгүй байсан бөгөөд эцгээс хүүд өвлөгдөн ирсэн байжээ.

Бүтээлийг хулгайнх болохыг эхэндээ “Sotheby’s” ч тогтоож чадаагүй байна. Учир нь уг зураг хулгайд алдагдсан урлагийн үнэт зүйлсийн жагсаалтанд ч, интерполийн мэдээллийн санд ч бүртгэгдээгүй байжээ. Гэвч Францын талаас дуудлага худалдааны байгууллага болон цуглуулагчид албан ёсны шаардлага тавьсны дараа тэд “угаагч бүсгүйг” эх оронд нь сайн дураар эргүүлэн өгсөн гэдэг. Мэдээж Грельсамер АНУ-ын эрх баригчдад буцаагдсан уран зургийн төлөө нөхөн төлбөр авах хүсэлт гаргасан байдаг. Францад уг зураг үндэсний бахархалд тооцогдох бөгөөд багаар бодоход 400 мянган доллараар үнэлэгдэх учиртай гэнэ.



10. Уинслоу Хомер «Далдуу модны сүүдэр дорхи хүүхдүүд»
1987 онд Ирландын загасчин Тони Варни загасчлахаар явж байхдаа хогон дээрээс нэгэн зураг олжээ. Тэрээр өнөөх олдвороо охин Селена Рендаллдаа өгсөн бөгөөд охин нь 20 жилийн турш хадгалж байгаад Их Британийн “The Antiques Roadshow” алдарт шоуны мэргэжилтэнд өгч шалгуулахаар шийдсэн байна. Гэтэл зургийг судалсан мэргэжилтэн түүний өмнө зүгээр ч нэг зураг биш харин Америкийн зураач Уинслоу Хомерын бүтээл байгааг тогтоожээ.

Ийнхүү 2009 онд уг бүтээлийг “Sotheby’s” дуудлага худалдаагаар 100 мянган доллараас дуудахаар тохиролцон тавьсан бөгөөд каталогид “Далдуу модны сүүдэр дэх хүүхдүүд” нэртэйгээр багтжээ. Гэвч дуудлага худалдаа болохоос өмнө бүтээлийг эргүүлэн татсан байна. Үүний шалтгаан нь уг зургийн жинхэнэ эзэмшигчид хэмээн өөрсдийгөө танилцуулсан Мюррейгийн гэр бүлийн үүсгэсэн зарга байжээ. Саймон Мюррей “Далдуу модны сүүдэр дэх хүүхдүүд” бүтээлийг өөрт нь тухайн үеийн Багамын арлуудын амбан захирагч байсан өвөг эцэг Хенри Артур Блейкээс нь өв уламжлагдан ирсэн зүйл гэдгийг баталсан байна. Харин өвөг эцэгт нь зураач Уинслоу Хомер өөрөө энэ зургийг бэлэглэж байжээ. Бүтээл Миртл-хаус дахь эдлэнд нь 1980-аад оныг хүртэл хадгалагдаж байгаад алдагдсан юм байна.

Саймон Мюррей хатагтай Рендаллд “олсны төлбөр болгон” зургийн үндсэн үнийн 30 хүртэлх хувийг санал болгосон боловч татгалзсан хариу авчээ. Ингээд асуудал шүүхээр шийдэгдэх болж, 2013 онд шинэ хөндлөнгийн этгээд гарч ирсэн байна. Клиффорд Шерер гэгч Селена Рендаллд 2012 онд зургийг нь барьцаалж, мөнгө зээлдүүлж байсан тул 30 хувиа авахын төлөө өрсөлдөх эрхтэй хэмээн маргаан дэгдээсэн байна. “Далдуу модны сүүдэр дэх хүүхдүүд”-ийг тойрсон маргаан өдгөө ч үргэлжилсээр...



11. “Аугаа гүн Иван III Васильевич Москваг чөлөөлсөн болон Владимирскийн Дарь эхийн хөрөг” шүтээн
“Christie’s”-ийн дуудлага худалдаагаар 2008 оны 6-р сард «Үнэн алдатны шашны бурхны хөрөг, үнэт олдворууд” зарагдахаар каталогид багтсаны дотор “Аугаа гүн Иван III Васильевич Москваг чөлөөлсөн нь: Владимирскийн Дарь эхийн хөрөг” бүтээл байсан юм. Шүтээн 49-69 мянган доллараар үнэлэгджээ. Гэвч бурхны хөрөг XIX зуунд хулгайд алдагдсан гэсэн шалтгаанаар тус дуудлага худалдаанаас буусан байна. Соёлын үнэт бүтээл 1994 онд “Коломенскийн” нөөцийн музейгаас хулгайлагдсан бөгөөд гэмт этгээдүүд музейн барилга руу шөнө дөлөөр нэвтэрч, зөвхөн шүтээнийг аваад явсан ажээ.

XIX зуунд бүтээгдсэн уг шүтээнийг хулгайнх болохыг “Christie’s”-ийнхэн өөрсдөө шалгасан бөгөөд 1995 оноос хойш олон улс даяар эрж хайж эхэлсэн төдийгүй интерполийн мэдээллийн санд бүртгэлтэй байжээ. Ийнхүү бүтээлийг 2011 онд ОХУ-д эргүүлэн өгсөн байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()