Монголыг сурталчлах электро хөгжмийн наадам

2015-06-26, 19:15
5,473
Электро ганц шөнийн клубт зориулсан нүргэлсэн хөгжим биш гэдгийг харуулж чадсан хүмүүсийн нэг нь ди-жей Токимонста. Хип хоп, электрог сүлсэн түүний бүтээсэн хөгжмүүд аялгуулаг хэрнээ хэт нялуун биш, хөвсөлзүүлсэн мэдрэмж төрүүлэх тайван бөгөөд яруу шинжтэй байдаг. Энэ нь ч түүнийг эрчүүд ноёлсон электро хөгжмийн ертөнцөд байр сууриа бататгахын гол үндэс болсон болов уу.
Монголыг сурталчлах электро хөгжмийн наадам
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Гэхдээ өөрийг нь эмэгтэй ди-жей хэмээн хүлээн авах түүнд таалагддаггүй. “Би зүгээр л ди-жей, хөгжмийн продюсер хүн. Тэрнээс биш эмэгтэй ди-жей гэж дуудуулмааргүй байна” хэмээн тэрбээр нэгэн ярилцлагтаа дурдсан нь бий. “Ихэнхдээ эрчүүдтэй ажилладаг тохиолдолд маш шулуун шударга байх хэрэгтэй. Элдэв маяг хэрэггүй гэсэн үг. Миний анзаарснаар эмэгтэй ди-жей нарыг харагдах байдал талаас нь хандаж, хүлээн авах нь бий. Гэтэл хөгжим гэдэг бол хөгжим. Эрэгтэй эсвэл эмэгтэй биш”.

Солонгос гаралтай тэрбээр Америкийн Лос Анжелес хотын баруун өмнөд хэсэгт төрж, өссөн. Жинхэнэ нэр нь Женнифер Ли. Түүнийг багад ойр орчим нь бүхэлдээ “Blink 182”, “Green day” тэргүүт альтернатив рок хөгжмөөр амьсгалдаг байсан гэдэг. Эсвэл мэдээж поп. Энэ нөхцөлд хип хоп, электрод дурлаж эхэлсэн охин өөрийгөө бусдаас өөрөөр мэдэрдэг байсан нь илэрхий.



Харин 2000-аад оны эхэн үеэс интернэт айл бүрийг хэрэх болсноор дуртай зүйлдээ гүнзгийрсэн төдийгүй гялалзсан замналынхаа эхийг тавьсан юм. Багаасаа төгөлдөр хуур тоглож сурсан нь ч үүнд чухал суурь болсон биз.  “Ээж маань анх хөгжим, ялангуяа электро хөгжмийн чиглэлээр ажиллах эхлэхэд дургүйцсэн. Түүний бодлоор хөгжмийг ажил болгож, амьдралаа авч явах нь боломжгүй хэрэг байв.

Харин Сөүл дэх найзуудын нь хүүхдүүд миний фэн гэдгийг мэдээд арай өөрөөр хүлээж авах болсон шүү” хэмээн Токимонста ярьжээ. Солонгос хэлээр “Токи” гэдэг нь туулай гэсэн үг. Харин “Монста” нь англи хэлний мангас хэмээх үгийг төлөөлж буй. Уран бүтээл нь ч түүний хувьд эсрэг, тэсрэгийн нэгдэл. “Түрэмгий хэрнээ зөөлөн, бөмбөрийн хүчтэй хэмнэлүүд ба сул зөөлөн аялгуу”.



Тэгвэл электро хөгжмийн хамгийн чухал уран бүтээлчдийн нэг Токимонста ирэх сарын 14-нд Цонжин болдогт Чингис хааны морьт хөшөөт цогцолборт бүтээлээ толилуулах гэж байна. Тэрбээр энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Хүннү” хөгжмийн наадмын хүрээнд манай улсад урилгаар тоглох юм. Орчин үеийн хөгжмөөр дамжуулан аялал жуулчлалыг Монголд хөгжүүлэх зорилготой эл наадамд өнгөрсөн жил Дэлхийн шилдэг 100 ди-жей жагсаалтад багтсан ди-жей Деррик Энтони, Бенжамин Ким, Макс Грахам нар урилгаар оролцож байв.



Энэ жилийн наадамд Токимонстагаас гадна ди-жей Яанн Каве Cavaille, Бенжамин Ким, Монголоос реппер Цэцэ, Дандий, Lil Thug E болон Mrs.M, Punk and Rap, Aim4R Production, Монголын флашмоб бүжгийн нэгдсэн холбоо тэргүүт орчин үеийн залуусын таашаан сонсдог хамтлаг, уран бүтээлч бүтээлээсээ толилууах юм. “Хүннү” хөгжмийн наадмын талбайд спорт дугуйчдын үзүүлбэр, элсний воллейбол, хуурай газрын дарвуулт завьны уралдаан, UVT машины туршилтын жолоодлого зэрэг амралт чөлөөт цагт зориулсан үйл ажиллагаа ч болохыг онцлууштай.

Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/HunnuMusicFestival/

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин
Б.Эгшиглэн


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.