Жеки Чаны зураг авалтын үеэр авсан гэмтлүүд

Толгой эргэм олон кинонд дүр бүтээж, шуурга мэт хурдан цохилтууд, хөөцөлдөөн, инээдмийн тулаант киноны төрөлд хүч үзэн маш их нэр хүндийн зэрэгцээ асар их хөрөнгө мөнгийг олж чадсан жүжигчин бол Жеки Чан юм. Гэхдээ энэ нэр хүндийг олон зүйлээ золиослон байж олжээ. Ингээд та бүхэндээ түүний зураг авалтын үеэр авсан бэртлүүдийн тухай сонирхуулъя
Жеки Чаны зураг авалтын үеэр авсан гэмтлүүд


Олны дунд шүтээн болон залагдсан нь Жеки Чанг тухайн киноны маш аюултай үзэгдлийн зураг авалт дээр ч орлон тоглогч авахаас татгалздагаас болсон юм. Энэ нэр хүндийг олж авахын тулд тэрбээр асар их үнэ төлсөн, өөрөөр хэлбэл бараг зураг авалт бүр дээр ямар нэгэн эрхтэндээ гэмтэл авч, гар хөл, хавиргаа хугалж, тэр бүү хэл тархиндаа хүнд гэмтэл авч үхлийн ирмэг дээр байсан түүхтэй. 

Өнгөрсөн зууны 80-аад он 
Жеки Чаны өөрөө өөрийгөө тамлан зовоож байсан оргил үе. Түүний тулаант киноны зураг авалт дээр авсан гэмтэл, бэртлийн жагсаалтыг гаргахад бэрх. Бүр мэргэжлийн орлон тоглогч дунд ч түүн шиг үргэлж эмнэлгийн орон дээр хадагдаж байсан нь үгүй.  Жеки Чан 1986 онд маш хүнд бэртэж, үхэл амьдралын зааг дээр дэнжигнэж байв.



“Энэ зураг авалтын хамгийн энгийн үзэгдэл байсан юм. “Би Югославт ”Бурхны хуяг” киноны зураг авалттай байсан бөгөөд 20 цагийн нислэгийн дараахан биеэ сэргээх гэж оролдож байв. Ердөө цамхагийн хананаас мод руу доош үсрэх хэрэгтэй байсан юм. Эхний удаагийн хэд хэдэн оролдлого амжилттай болсон ч би бүр илүү хийхийг зорьсон. Ингээд дахин үсэртэл яагаад ч юм барьж тогтох байсан мөчрөө алдаж унасан. Шууд л газар ТҮС.. гээд л.  Найм юм уу есөн метрийн өндрөөс байх, ер нь л өндөр байсан. Модны дор кино камераа бариад зогсч байсан зураглаач амжиж холдоогүй бол би яг түүн дээр унах байлаа. Надад аз таарсангүй, хэрэв би түүн дээр унасан бол хоёул тийм ч их бэртэхгүй байх байсан. Ийм тохиолдол олон л гарч байлаа. Гэхдээ тэр хажуу тийш болчихсон болохоор би шууд л толгойгоороо газар хатгаад уначихсан. Их чулуурхаг газар байсан тул нэг чулуу миний толгойг цөмөлж, гавлын ясны хэлтэрхийнүүд тархи руу орсон бөгөөд нүд, чихнээс минь цус гарч байлаа”

“Би тэгэхэд ухаан алдаагүй, бүгдийг тод санаж байсан. Зураг авалтын багийнхан бүгд л түргэн дуудаж, тархины мэс засал хийдэг эмнэлэг олохоор гар утас руугаа ухасхийцгээсэн. Ингээд найман цагийн дараа бүх зүйл ард хоцорлоо. Хагалгаа ч амжилттай болж, би түргэн илааршив. Гэвч миний гавлын ясанд цөмөрхий хэсэгт тархи гоожихоос сэргийлсэн хуванцар бөглөө байдаг болсон.

Зүүн чихний сонсгол муудсаныг эс тооцвол бусад нь зүгээр. Хожим хойно надад миний  гавлын ясны дотуур цус алдалттай байсан бөгөөд яаралтай мэс засалд оруулаагүй бол үхэх нь гарцаагүй байсан гэж хэлсэн. Гэхдээ би үүнийг тийм сүртэй хүлээж аваагүй, үхчихээгүй л юм чинь!” гэсэн юм. Ийнхүү тус киноноос модтой хэсгийн зураг авалтыг хасчээ.



Чаны толгой ч авах юмгүй болсон байх. Учир нь тэр олон удаа, янз бүрийн нөхцөл байдлаас болж тархиндаа доргилт авч, шоконд орж байсан. Үүний нэг нь 1976 онд үзэгчдийн хүртээл болсон “Үхлийн гар” киноны зураг авалтын үеэр болсон. Энэ нь жүжигчний карьерийн эхэн үе байсан бөгөөд Жеки Чан нэгэн үзэгдэл дээр хамтран тоглогч жүжигчинтэйгээ тулалдаж байх үедээ нокаутанд орж, хэдэн цаг ухаангүй байсан гэдэг. Жекиг нокаутанд оруулсан жүжигчин нь тухайн үед азаар томхон дүрд хуваарилагдсан орлон тоглогч байжээ.



1978 оны “Бүргэдийн сүүдэр дэх могой” кинонд
Багш шавийн дүрийг Жекитэй хамтран бүтээсэн Янг Ли Хванг зүгээр нэг орлон тоглогчдыг бүрдүүлдэг акробатч эсвэл бүжигчин байгаагүй юм. Тэр жинхэнэ кун-фу мастер бөгөөд олон тэмцээнд ялалт байгуулж байсан мэргэжлийн тулаанч байв. Зураг авалтын үеэр Янг хөлийн оновчтой цохилтоор түүний шүдийг цөмлөсөн. Энэ бол мэдээж санамсаргүй явдал байв. Мөн тус кинонд жүжигчин Рой Хоран хурц сэлмээр Чаны гарыг сийчдэг хэсэг байдаг.



Сэлэм мохоо байх ёстой байсан ч хэн нэг нь солихоо мартсан бололтой. Жеки газар унан, өвдөлтөндөө атиралдаж байсан ч хятад зураглаач жишим ч үгүй зургаа авсаар байсан гэдэг. Харин найруулагч Юэн Ву-Пинг (хожим “Матрикс” киноны зодооны хэсгийг тавьсан) энэ хэсгийн зураг авалтыг кинондоо оруулахаар шийджээ.



1978 онд бүтээгдсэн “Согтуу мастер” кино
Зураг авалт дээр залуу Жеки Чан саваа модоор нүд рүүгээ хүчтэй цохиулдаг. Хөмсөг нь хоёр хуваагдаж, эмч нар түүнийг ид шидийн хүчээр л сохорчихолгүй үлдлээ гэж хэлжээ.



1980 онд бүтээсэн “Залуу мастер” кино
Зураг авалтын үеэр Жеки Чан хамраа хугалсан, гэхдээ энэ нь төвөнхөө гэмтээсэнтэй нь харьцуулбал тийм ч айхтар зүйл биш байв. Уг киноны олсоор багалзуур боодог үзэгдэл дээр Жекигийн хамтран тоглогч дүрдээ хэтэрхий орсны улмаас түүний төвөнх чихэгдэн амьсгалж чадахаа больжээ. Тиймээс яаралтай гуурсаар амьсгалуулах хэрэгтэй болсон гэдэг.



1981 оны “Луугийн эзэн” кино
Жеки Чан эрүү рүүгээ хүчтэй цохиулснаас яс нь цуурсан байна. Нүүр нь хавдаж, аймшигтайгаар өвдөж байсан бөгөөд үүнээс болоод Жеки хэдэн өдөр ярьж чадахгүй байсан нь зураг авалтанд онцгой саад учруулж байв. Учир нь Жеки киноны гол дүр болон найруулагчаар давхар ажиллаж байсан юм.



Энэ нь түүний найруулагчийн хувиар ажилласан гурав дахь бүтээл байжээ. Тэрээр жүжигчидтэйгээ дохиж занган харьцсаар ажлаа үргэлжлүүлсэн бөгөөд долоо хоногийн дараа дахин ярьж эхэлсэн гэдэг. Мөн энэ үед зураг авалт тасалдах дахин нэг шалтгаан гарсан нь хамар болон төвөнхийн гэмтлээс хойш удаа ч үгүй толгойдоо хүчтэй доргилт авсан явдал байв. Тэрээр зодооны үзэгдлийн үеэр өндрөөс унаснаар гэмтжээ.



1983 оны “А төсөл” кино
Үзэгчдийн сэтгэлд хоногшсон цамхгаас унадаг хэсэг.  Жеки Чаны жүжигчний карьерыг өндөрт өргөсөн хүчин зүйлсүүдийн нэг болох энэ хэсгийн зураг авалтын үеэр найман метрийн өндрөөс төмөр хашлага дээр цээжээрээ унаж, улмаар толгойгоороо газар мөргөсөн. Энэ бүхний эцэст тэр таван хавиргаа хугалж, хоёр дахь удаагаа хамрынхаа ясыг цөмлөж, шөрмөсөө тасалж хүзүүгээ хүнд гэмтээсэн тул толгойгоо эргүүлж чадахгүй гурван сар явсан гэдэг.

Киноны энэ дубль гурав дахь нь байсан бөгөөд эхний хоёр нь амжилттай болсон ч Жеки Чан илүү гоё үнэмшилтэй зураг авахын тулд гурав дахь удаагаа оролдоод үзэхээр шийдсэн юм. Эцэст нь кинонд эхний хоёр дублиэс сонгож оруулсан учраас Жеки Чаны энэ хүчин чармайлт хий дэмий, бүр сар эмнэлгийн орон дээр хадагдах, өвдөлтөөсөө болж амьсгалж чадахгүй бүтэн жил зовох шаналлыг л авч ирсэн билээ.



1985 оны “Ивээгч” кино
Зураг авалт дээр тэрбээр нударгаараа төмөр хашлага цохиж, сарвуугаа гэмтээн, дөрвөн хуруугаа хугалж байв. Ер нь бол тэр бараг бүх л киноны зураг авалт дээр хуруугаа гэмтээдэг бөгөөд дубль хоорондын завсарлагаанаар гэмтсэн үеэ хэрхэн “янзалдаг” байсан тухайгаа ярих дуртай ажээ.


1985 оны “Цагдаагийн түүх”
Каскадерын ажлын түүхэн дэх хамгийн аймаар, сэтгэл түгшим трюкуудын нэг бол Жеки Чаны 1985 онд дэлгэцнээ амилуулсан “Цагдаагийн түүх” адал явдалт кинонд бүтээсэн дүр юм. Тодруулбал худалдааны төвийн тулгуур шонгоор гүйдэг алдарт хэсэг. Жеки Чан шон руу үсэрч, түүгээр дамжин таван давхраас доош буудаг. Бас болоогүй замдаа хэдэн зуун гэрлэн чимэглэл хамаад шүү. Харин эцэст нь павильон дээр унаж, цөмлөдөг шүү дээ.



Жекийг унасныхаа дараа үзэгдлээ үргэлжлүүлэхэд энэ бүхнийг амьсгаа даран харж байсан зураг авалтын багийнхан бүх зүйл сайнаар төгссөнийг хараад санаа амарсан гэдэг. Гэвч камерыг зогсоосноос хойш хэдхэн секундын дараа тэр дороо шалан дээр лагхийн сууж, хөдлөх ч тэнхэлгүй болжээ. Ингээд эмнэлэгт дахин хоёр сар хадагдсан байна.



Учир нь түүний гар гуравдугаар зэргийн түлэгдэлтэй, сүүжний яс зөрсөн төдийгүй нурууны 7,8 дугаар нугалам хугарсан байв. Естой л Жеки Чан тулдаа л тахир дутуу болчихоогүй байх. Түүний оронд өөр хүн байсан бол насан туршдаа тахир дутуугийн тэргэнцэр дээр хадагдаж, гуурсаар хооллох байсан биз.



Нурууны гэмтэлтэй нь харьцуулахад “Цагдаагийн түүх” киноны зураг авалтын сүүлчийн хэсэг буюу хоёр давхраас боржин чулуун шал руу үсэрдэг үзэгдэл дээр авсан хөлийн ясны хугарал тийм ч ноцтой зүйл биш байлаа.



”Цагдаагийн түүх” кино одоо болтол миний дуртай кинонуудын эгнээнд багтдаг. Сэтгэлд хоногшиж, өөрийн эрхгүй дэлгэцнээс харцаа салгаж чадахаа байтал нь ховсдон татах галзуу трюкууд, нударган зодооны жинхэнэ шуурга. Аюулын талаар бид бодоогүй. Зохиолыг нь бичиж байхдаа би харин ч эсрэгээрээ өөрийгөө эрсдэлд оруулсан ямар нэг зүйл бодож олохыг хичээж байсан.Аюултай байх тусмаа сайн. Миний хувьд хамгийн шилдэг, хамгийн сэтгэл хөдөлгөсөн кино учраас би нэг ч секунд юунд ч харамсдаггүй” хэмээн тэрээр ярьсан юм.



1988 онд бүтсэн “Цагдаагийн түүх -2
Кинон дээр бааранд сууж байсан Жеки өөрийг нь чиглэн ирсэн том сандалнаас бултах ёстой байлаа. Гэвч нэг дубль дээр шидсэн сандалд оногдож, толгойныхоо ясыг цөмлөж байв.



1989 он “Гайхамшиг” кино
Энэ үед “Согтуу мастер” дээр саваагаар толгой руугаа цохиулсан түүх дахин давтагдаж, өнөөх хөмсөг нь задарч, дээр нь зүүн нүдний хараа үе үе алдагддаг болов. Бараг л нүдээ бүлт цохиулахаас наахнуур гэмтэл авсан ч Жекид дахин аз таарч, хараа нь сайжирсан байна.



1991 он “Бурхны хуяг буюу Кондор ажиллагаа
Тэрээр дурсахдаа “Гинжнээс зуурч хад руу үсрэхдээ би цээжээрээ уначихсан. Дахиад л нэг яс хугарч, зөрсөн байсан. Гэхдээ би ямар нэгэн байдлаар эдгэрээд босдог. Заримдаа би жүжигчин болсноосоо хойш бүтэн ястай үлдсэн эсэхээ бодоод гайхдаг юм. 1992 онд “Цагдаагийн түүх -3” киноны зураг авалт дээр би шанааныхаа ясыг гэмтээсэн. Энэ яс хугардаг гэж би мэддэг ч үгүй байв” гэсэн юм. Гэхдээ энэ энэ кинон дээрх цорын ганц гэмтэл биш байв.

Явж байгаа галт тэрэгний дээвэр дээр байрлах нисдэг тэрэгтэй зураг авалтын эрсдэлтэй дубль дээр тэрбээр цохилтоос бултаж чадалгүй мөрөө мулталсан. 1992 оны “Хотын анчин” киноны зураг авалт дээр мөн л “Цагдаагийн түүх-3” дээрх гэмтлээс хойш дөнгөж эдгэрэх тийшээ хандаад байсан өнөө мөрөө дахиад гэмтээсэн байна.



Мэдээж, Жекигийн тулаант инээдмийн кинонуудаас хамгийн их өвдөлт авч ирсэн дубль бол явж байгаа машины араас скейтбордоор хөөж гүйцэх үзэгдэл дээр тойгоо гэмтээсэн явдал юм. Энэ бол дээрх олон яс хугаралтуудын хамгийн хэцүү, өвдөлт ихтэй нь байсан гэдэг. Жеки тойгоо нийтдээ долоон удаа мулталж байсан бөгөөд энэ удаагийнх нь хамгийн хүнд хэлбэрийнх байжээ.



1993 онд бүтээгдсэн “Гэмт хэргийн түүх” кино
Зураг авалтын үеэр маш таагүй үйл явдал болжээ. Энэ үеэр Жеки Чан хоёр машин мөргөлдөхийн өмнөх агшинд амжиж үсрэх эрсдэлтэй трюк гүйцэтгэх ёстой байсан юм. Тэр үүнийг амжиж хийж чадаагүй тул хөл нь микроавтобус болон ачааны тэрэгний голд хавчуулагдан хоёр хэсэг газраар хугарчээ. Үүнээс болж зураг авалт гурван сар хойшлогдсон байна. Мэдээж эмнэлгээс гарч ажилдаа ороод тэр өнөөх трюкээ давтах хэрэгтэй болсон. Тэр ямар ч эргэлзээгүйгээр үүнийг хийж чаджээ.



Жеки Чан зураг авалтын үеэр байнга түлэгдэж, шархаддаг. Тэдгээрээс хамгийн өндөр хэмжээний түдэгдэлтийг 1994 онд бүтээсэн “Согтуу мастер” киноны хоёрдугаар хэсгийн зураг авалтын үеэр авсан юм. Согтуу мастерийн шавийн дүрийг бүтээж байгаа Жеки дүрэлзэн асч байгаа нүүрсэн дээр зовлонт хэдэн секундыг өнгөрөөдөг хэсэг байдаг шүү дээ. Гэтэл хамгаалалт хангалтгүй байж таарч жүжигчний алганы арьс бараг бүрэн шатсан юм. Төгс бүтээл гаргахын тулд амьдаараа шатах замыг зоригтойгоор сонгож, урлагт өгсөн хайрынхаа төлөө жинхэнэ галд гараараа “өргөл өргөсөн” жүжигчин Жеки Чанаас өөр байхгүй билээ.



1995 оны “Бронксын дуулиан” кино
Зураг авалтын үеэр Жеки Чан амьдралдаа мартахааргүй гэмтлүүдийнхээ жагсаалтыг нэгээр нэмсэн. Трюк тийм ч хүнд байгаагүй. Жеки ердөө зогсоолын тавцангаас дэргэдүүр өнгөрөх хөлгийн тавцан руу үсрэх ёстой байв. Зай гурван метрээс хэтрээгүй нь Жекигийн хувьд өлхөн чадах зүйл байв. Гэвч зогсоолтой харьцуулахад хөлөг хурдан явж байсан тул тэр амжсангүй. Үүний эцэст тэр баруун хөлнийхөө шагайг мулталж, ясаа цуулсан тул удаан хугацааны турш таяггүйгээр явж чадахгүй байлаа. Энэ явдал зураг авалтыг удаан хугацаагаар хойш нь татжээ. Цагаа хэмнэхийн тулд Жеки Чан шохойдсон хөлтэй ажилдаа эргэн орж, өмд гутлаар далдлан хэд хэдэн хэсгийн зураг авалтад оролцсон гэдэг. Энэ нь Жеки Чаныг үсрэх үйлдэл хийхдээ дахиж баруун хөл дээрээ буухгүй байх хэмжээний тийм хүнд байв. Тиймдээ ч энэ хэсгийн зураг авалт хийгдээгүй ажээ.



Энэ явдал зураг авалтыг удаан хугацаагаар хойш нь татжээ. Цагаа хэмнэхийн тулд Жеки Чан шохойдсон хөлтэй ажилдаа эргэн орж, өмд гутлаар далдлан хэд хэдэн хэсгийн зураг авалтад оролцсон гэдэг.



Энэ нь Жеки Чаныг үсрэх үйлдэл хийхдээ дахиж баруун хөл дээрээ буухгүй байх хэмжээний тийм хүнд байв. Тиймдээ ч энэ хэсгийн зураг авалт хийгдээгүй ажээ.



1996 онд дэлгэцнээ амилсан “Ноён Хүнд гар” кино
Энэ үед тэр хамраа хугалсан. Тодруулбал хугалуулсан. Өмнөхтэй адил тохиолдлоор хамтран тоглогч нь санамсаргүй алдаа гаргаж, дэлсчихсэн хэрэг. Энэ хэсгийн зураг авалт киноны төгсгөлд гардаг монтажанд орсон байдаг бөгөөд Чан тэр үед цохилтоос болж хяналтаа алдалгүй, дүрдээ орсоор байсан аж. Жекиг цохисон хамтран тоглогч жүжигчин хэр хүчтэй нударга буулгаснаа мэдэж байсан тул түүний эр зоригийг хараад гайхаж хоцорсон гэдэг. Таагүй явдал хамраар дууссангүй, энэ кинонд Жеки Чан сальто эргэх хэсэг дээр “А төсөл” дээр тохиолддог шиг хүзүүгээ дахин гэмтээсэн байна.



1990 оны дунд үед 40 хэдийн гарсан Жеки Чан залуу халуун насны аагаар гүйцэтгэж байсан амь насанд аюултай трюкууд нь эмгэнэлт байдлаар төгсөх шалтгаан болж болохыг ойлгосон байна. Түүнээс гадна түүний кинонууд орлого сайн олж байлаа. Сүүлийн 15 жилийн турш тэрээр хөхрөлт, зүсэлт, шалбаралт, бага зэргийн түлэгдэлтээс өөр ноцтой гэмтэл аваагүй юм. Гэхдээ л ихэнхи трюкүүдээ өөрөө гардан гүйцэтгэсээр л.



Өдгөө 60 насны сүүдэр залгасан ч тэрбээр урьдын адил гал цогтой хэвээр  байна. Нэр хүндийн асуудал яригдаж байхад арга ч үгүй биз. Тэр ч байтугай гандан буурашгүй Жеки киноныхоо дууг хүртэл өөрөө дуулж байгаа бөгөөд хэдийн 30 цомог гаргаж амжжээ.






Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()