Агуу математикчийн амьдрал

Нэрт эрдэмтэн, математикч, эдийн засгийн салбарын Нобелийн шагналт  Жон Форбс Нэш (John Forbes Nash) 2015 оны тавдугаар сарын 23-нд эхнэрийн хамт авто осолд орж, ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм. Тэрээр бүхий л амьдралынхаа туршид "пароноидальны шизофрени" хэлбэрийн сэтгэцийн хүнд өвчинтэйгээ тэмцэж байсан билээ. Харин түүний амьдралын түүх Рассел Кроугийн тоглосон “Оюун ухааны тоглоом” (A Beautiful Mind) киногоор хүмүүст хүрсэн юм. Нэрт эрдэмтэний амьдралын тухай, суут ухааныг нь хязгаарлаж байсан тэрхүү солиоролтойгоо хэрхэн тэмцэж байсан талаарх бяцхан түүхийг орчуулан хүргэж байна.
Агуу математикчийн амьдрал


1. Суутны бага нас
1928 оны зургадугаар сарын 13-нд Баруун Виржинияд нэгэн хүү мэндэлсэн нь Жон Форбс Нэш байв. Түүний эцэг (том Жон Нэш) цахилгааны инженер, харин ээж нь (Виржиния Мартин) дунд сургуульд англи хэлний багш байжээ.

Бяцхан Жон дундаж сурлагатай, математикт тун дургүй нэгэн байж. Учир нь түүний сургуульд математикийг маш сонирхолгүй арга хэлбэрээр заадаг байсан гэнэ. Харин Нэш хүү өөрийнхөө өрөөнд элдэв химийн туршилт хийн өдрийг өнгөрүүлж, ном их уншдаг байжээ. Хүүгийн 14 настайдаа уншсан Эрика Т. Беллын "Агуу математикчид" ном түүнийг “бүх шинжлэх ухааны хаанд” дурлахад хүргэсэн гэдэг. Жон бие даан, ямар ч бэрхшээлгүйгээр “Фермийн бага онол”-ыг баталдаг болов. Ийнхүү математикийн суутан Жон Форбс Нэш анх удаа өөрийгөө зарлан тунхагласан юм. Түүний амьдралын зам гэрэл гэгээтэй харагдаж байв.



2. Боловсрол эзэмшсэн нь
Математикийн авъяасаа санамсаргүй нээсэн нь Нэшд их сургуульд өндөр тэтгэлэгтэйгээр сурах боломжийг олгов. 1945 онд залуу хүү “Карнегийн политехникийн дээд сургууль”-д элсэн орлоо. Эхэндээ тэр Олон улсын эдийн засаг болон хими судалж байгаад эцсийн сонголтоо математик болгосон байна.

Нэш 1948 онд магистераа төгсөөд шууд л Пристоны их сургуулийн аспирантурт элсэн суралцав. Дээд сургуулийн багш Р. Даффин нь түүнд илгээсэн сургамжийн захидалдаа. "This man is a genius!" /Энэ хүн суутан/ гэсэн ганцхан мөр өгүүлбэр бичсэн байсан гэдэг.

Жон хичээлдээ тун ховор суудаг оюутан байсан бөгөөд бусдын хийдгээс өөр зүйл хийхийг оролдож байлаа. Учир нь тэр энэ нь судлаачийн хувиар өөрийн өвөрмөц, онцгой чадварыг нээн илрүүлэхэд тус болохгүй хэмээн үзэж байсан юм. Тэр ч үнэн байв. 1949 онд Нэш "идэвхигүйгээр эсэргүүцэх тоглоом" сэдвээр эрдмийн зэрэг хамгааллаа. Энэ нь хожим “Нэшийн тэнцвэр” хэмээн нэрлэгдэх болсон шинж чанар, тодорхойлолтыг агуулж байсан юм. Үүнээс 44 жилийн дараа Нэш уг эрдэм шинжилгээний ажилд дэвшүүлсэн санаагаараа Нобелийн шагнал хүртсэн билээ.
 

3. Ажил хөдөлмөрийн гараа

Ажил хөдөлмөрийн гараагаа Жон Нэш 1950 оны зун Калифорни мужийн Санта-Моника дахь “РЭНД” корпорациас эхэлсэн. 1950-1951 онд тэрээр Пристон хотод тооцоолон бодох дамжаанд хичээл зааж байв. Энэ хугацаанд Нэшийн онол хэмээн нэрлэгдэх болсон тогтмол хөрөнгө оруулалтын тухай онолоо баталсан байдаг. Энэхүү онол нь дифференциал геометрт гол үүрэг гүйцэтгэсэн онолын нэг болсон. 1951 – 1952 онд, Жон Кембрижд Массачусетсийн технологийн дээд сургуульд эрдэм шинжилгээний туслах ажилтан байв.

Агуу эрдэмтэнд хүмүүстэй хамтарч ажиллах, хамт олонсог байх нь хэцүү үүрэг даалгавар байлаа. Бүр оюутан байхын л этгээд, бусдаас тусгаарлагдсан, их зантай, хүйтэн хөндий хүн хэмээн хэлэгддэг байжээ. Энэ нь сэтгэцийн өвчнийх нь  илрэл байсан юм. Зөөлрүүлж хэлэхэд нэг ангийнхан, хамт олон нь Жон Нэшийн амиа бодсон зан, дуу цөөтэй, дотогшоогоо байдалд дургүй байжээ.



4. Хүртсэн шагнал, урамшуулал
1994 онд 66 настай Жон Форбс Нэш "эдийн засгийн салбар"-ын Нобелийн шагнал хүртжээ. Шагналаа гардаж авах үед нь түүнийг эрүүл мэндийн байдлаас шалтгаалан индэрт үг хэлүүлэхгүй байх шийдвэрийг Нобелийн хорооноос гаргасан байна. Нэш ч тэдэнтэй санал нэгджээ. Тэрбээр Дэлхийн нэр хүндтэй шагналыг гардахад хүргэсэн эрдэм шинжилгээний энэхүү ажилаа 1949 онд өвчин нь илрэхээс өмнө бичиж байсан ажээ. Диссертаци ердөө 27хон хуудаснаас бүрдэж байсан ч тухайн үед Нэшийн бичсэн эрдмийн ажил үнэлэгдээгүй бөгөөд харин 70-аад оны үед түүний онол орчин үеийн “туршилтын эдийн засгийн” үндэс болж байв.
 

5. Шинжлэх ухаанд оруулсан ололт амжилт

Тоглоомын онол нь тоглогч бүрийг оновчтой сэтгэдэг, бусдыгаа оновчтой сэтгэж байна гэж бусад нь сэтгэдэг.. гэсэн төгсгөлгүй аксиом дээр тулгуурладаг. Энэ нь туйлийн оновчтой стратеги гэж үгүй бөгөөд тухайн нөхцөл байдал бүрд оновчтой байх харьцангуй стратегиуд ямагт олддог гэсэн гаргалгаанд хүргэдэг. Энэ онол нийгмийн шинжлэх ухаан, эдийн засаг, улс төр-нийгмийн харилцан судалгаанд өргөнөөр хэрэглэгддэг юм байна.

Нэшийн гаргаж ирсэн хамгийн том нээлт бол “тэнцэлийн томъёо” юм. Жишээ нь, ажилчдын цуглаан /нийгмийн үр ашгийг нэмэгдүүлэхийг шаардаж буй/ хоёр талын зөвшилцлөөр эсвэл өдөөн хатгагчийн эрх ашгаар шийдэгдэж болно. Хоёр талын харилцан ашигтай байдлын тулд талууд төгс стратегийг ашиглах ёстой болно. Харин Нэш хамт олны болон хувийн ашиг сонирхлын өрсөлдөөнийг харьцаан дээр математик үндэслэл хийсэн. Мөн тэр орчин үеийн янз бүрийн хэлэлцээрийн стратегийн үндэс дээр “худалдааны онол“ гээчийг хөгжүүлжээ.

Жон Нэшийн эрдэм шинжилгээний ололт амжилт тоглоомын онолын салбар дахь судалгааны дараа зогсоогүй юм. Түүний анхны нээлтийн дараах ажлуудыг шинжлэх ухааны салбарын хүмүүс ч ойлгож чадахгүй, их хүнд, хэрэгжүүлэх боломжгүй хэмээн эрдэмтэд үзжээ.


6. Хувийн амьдрал

Түүний анхны хайр өөрөөс нь 5 эгч сувилагч бүсгүй Леонор Стир байсан юм. Түүнтэй болзож байх явцад эрдэмтний амиа бодсон зан бүрэн утгаараа илэрсэн байдаг. Леонор жирэмсэн болсны дараа Жон хүүхдээ өөрөөрөө овоглохоос татгалзаж, халамж, санхүүгийн тусламж ч үзүүлсэнгүй. Үүнээс болж Нэшийн ууган хүү бага-Жоны хүүхэд нас тэр чигээрээ асрамжийн газарт өнгөрсөн байдаг. Математикчийн амьдрал зохиох хоёр дахь оролдлого нь Алисия Лард байв. Алисия тэр үед Сальвадороос гаралтай физикийн ангийн оюутан байжээ.

Тэд Массачусетст танилцаж, 1957 онд гэрлэжээ. Хоёр жилийн дараа залуу хосын дундаас хүү Жон Чарльз Мартин нь мэндэлсэн юм байна. Энэ үед эрдэмтэнд “шизофрени” өвчний анхны шинж тэмдэгүүд илэрч эхлэсэн тул бяцхан хүү жилийн турш нэргүй явжээ. Учир нь Алисия дур мэдэн хүүдээ нэр өгөхийг хүссэнгүй. Харин эцэг нь сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байжээ. Хожим отгон хүү нь эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөж, математикч болсон билээ.





7. Суут шизофрени өвчтөн

Агуу математикч ид цэцэглэж байх залуу насандаа буюу 30-тайдаа шизофрениэр өвджээ. Энэ нь Алисиятай гэрлэсний дараахан бөгөөд эхнэр нь тэр үед дөнгөж 26-тай байлаа. Эхэндээ эхнэр нь Нэшийн найз нөхөд, хамт олноос аймшигт өвчнийг нь нуух оролдлого хийж байв. Тэр нөхрийнхөө карьерийг аврахыг хүсчээ. Гэвч хэдэн сарын дараа нөхрийнхөө гаргаж буй хачин байдлыг тэвчихээ байсан Алисия хувийн сэтгэцийн эмнэлэгт хүчээр хэвтүүлсэн гэдэг. Түүнд “параноидальная шизофрения” гэх аймшигт оношийг тавьжээ.

Жон Нэш эмчилгээ хийлгэж гарсны дараа Европ руу гарахаар шийдсэн байна. Эхнэр нь  бяцхан хүүгээ ээж дээрээ орхиод нөхрийнхөө араас явж, Америкт буцан ирэхийг ятгасаар авч ирж чаджээ. Ингээд тэд Пристонд төвхнөж Алисия ажил хийх болсон байна. Харин энэ хугацаанд Жон Нэшийн өвчин улам хүндэрсээр. Тэр гуравдагч этгээдийн байр сууринаас өөрийгөө ярьж, юунаас ч юм байнга айж, хуучин хамт ажиллаж байсан хүмүүс рүүгээ утасдаж, ямар ч утгагүй захидал бичдэг болов.

1959 онд эрдэмтэн ажилгүй болжээ. Хоёр жилийн дараа буюу 1961 онд Жоны төрөл төрөгсөд түүнийг Нью-Жерсигийн сэтгэц мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлэх хэцүү шийдвэрийг гаргасан юм. Тэнд түүнийг маш эрсдэлтэй, хүнд эмчилгээнд хамруулж, инсулины курс эмчилгээ хийсэн байна. Эмнэлгээс гарсны дараа математикчийн хуучин хамт олон нь түүнд туслахыг хүсч, судлаачаар ажиллах санал тавьжээ. Гэвч Жон саналыг хайхарсангүй, ганцаар Европыг зорьсон байна. Харин гэрийнхэнд нь түүнээс зөвхөн оньсого мэт илгээмж л ирдэг болов.



Гурван жил зовж шаналсаны эцэст Алисия 1962 онд гэр бүлээ цуцлуулах шийдвэрийг гаргажээ. Тэр ээжийнхээ тусламжтайгаар хүүгээ ганцаараа өсгөх болсон байна. Харамсалтай нь хүүд эцгийнх нь өвчин удамшсан байлаа.

Нэштэй хамт ажилладаг байсан математикчид түүнд дахин санал тавив. Тэд ажил ч, мэдрэлийн сайн эмч ч олов. Сэтгэцэд нөлөөлөх хүчтэй эм ууж эхэлсэн Нэшийн бие сайжирч, улмаар эмээ орхив. Учир нь тэр эм бэлдмэл түүний сэтгэх үйл явцад хор болно гэж айж байсан юм. Гэвч эмийн хүчинд дарагдаж байсан шизофрений шинж тэмдгүүд дахин илэрч эхэлжээ.

1970 онд Алисия шизо өвчтэй нөхрөө дахин дэргэдээ авлаа. Энэ үед Нэш хэдийн тэтгэвэрт гарсан байжээ. Нэш Пристоны их сургуульд хичээл заасаар, самбар дээр "хачин томъёо"-нууд сараачсаар байв. Энэ байдлаас нь болж оюутнууд түүнийг “хий үзэгдэл” гэж хочлох болов.

1980 онд мэдрэлийн эмч нарыг ихэд гайхашруулсан нэгэн зүйл тохиолдсон нь Нэшийн өвчин тэр бүр сэдрэхээ больжээ. Энэ нь Нэш дуртай математикаа дахин судалж эхэлсэн, шизофрени өвчнөө анхаарахаа больж сурсантай холбоотой байв.

2001 онд хосууд олон жил хамтран амьдарсны эцэст гэр бүлээ дахин батлуулжээ. Алисия нэрт математикчтай өнгөрүүлсэн бүхий л амьдралынхаа туршид өвчнийг нь эдгээх гэж урт удаан хугацаанд сөрөн зогсч, түүнийг үргэлж дэмжиж ирсэн юм. “Би одоо эрүүлээр сэтгэж байна. Гэхдээ энэ нь надад эдгэрсэн хүн бүрийн мэдэрдэг тийм жаргалтай мэдрэмжийг өгдөггүй. Эрүүл ухаан бол эрдэмтэн хүний сансар огторгуйтай холбогдох тухай төсөөлийг хязгаарлаж байдаг юм” хэмээн Нэш бичиж байжээ.



8. Жон Нэшийн хэлсэн үгс
"Хэрэв та сэтгэцийн өвчнөөсөө ангижирахыг хүсч байвал хөндлөнгийн хэнбугайд ч найдалгүйгээр зөвхөн өөрийнхөө өмнө тодорхой зорилго тавих хэрэгтэй. Мэдрэлийн эмч нар зүгээр л танаар мөнгө олохыг боддог"

"Бүтэшгүй, ер бусын зүйл шиг санагдсан бүх зүйлд боломж бий"

"Би бусдын адил бодож сэтгэдэггүй, хэм хэмжээг дагаж мөрддөггүй. Гэхдээ би бүтээлч сэтгэлгээ болон хэвийн биш зүйлийн хооронд ямар нэгэн уялдаа холбоо байдаг гэдэгт итгэдэг"

"Хүмүүс аз жаргалгүй үедээ сэтгэцэд нь өөрчлөлт ордог юм шиг надад санагддаг. Азын сугалаанд хожсон хүн солиорчихдоггүй шүү дээ. Харин хожоогүй үед л энэ зүйл танд тохиолдох болно"

Агуу хүний амьдрал эмгэнэлтэйгээр төгсч болох байсан. Гэхдээ шизофрени өвчинтэйгээ хийсэн 30 гаруй жилийн дайн түүнд 1994 онд эдийн засгийн салбарын Нобелийн шагнал гардсан амжилтыг авч ирсэн юм. Одоо Нэш Дэлхийн хамгийн алдартай, нэр хүндтэй математикчдын нэгд зүй ёсоор тооцогдож байна.



9. Эмгэнэлт төгсгөл
Агуу математикч эхнэрийн хамт такситай явж байгаад осолд орж 86 насандаа хорвоог орхисон юм. Эхнэр Алисия нь ослын үед олсон гэмтлээ даалгүй нас барах үедээ 82 настай байлаа. Аюулгүй бүсээ зүүгээгүй байсан нь тэднийг үхэлд хүргэхэд нөлөөлсөн хэмээн цагдаа нар үзсэн байдаг. Тухайн үед таксины жолооч жолоодлогоо алдан замын хязгаарлалт мөргөсөн бөгөөд эхнэр, нөхөр Нэш цонхоор шидэгдсэн байжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()