Эртний үгсийг дээдлэн соёрх

2014-11-04, 17:56
8,094
Монгол хэлний үгийн сан хэмжээлшгүй баялаг, яндашгүй их ч гэлээ өнөө цагийн монголчууд бидний харилцаа хэдхэн үгийн дотор эргэлдэж, гадаад үгийг эрхэмлэх болсон нь бодит үнэн. Монголчуудын эрхэмлэн дээдэлдэг, өв соёлоо гэж хайрлан хүндэтгэдэг “Монголын Нууц Товчоо”-гоо та чухам хэдэн удаа тогтож уншиж байсан бэ? Энэ асуултад эргэлзсэн хариулт өгч байгаа хүн мэдээж цөөнгүй байгаа. Харин тогтож уншсан ч бичигдсэн үгсийн утгыг ойлголгүй өнгөрсөн нэгэн магад түүнээс ч их болов уу.
Эртний үгсийг дээдлэн соёрх


Монголын нууц товчоон дээр хэдэнтээ дурдагдсан “Соёрхол” хэмээх үгийн утгыг энэ нийтлэлээрээ онцлон тайлбарлах гэж байна. “Чингис хаан соёрхжээ...”, “... хаан соёрхож зарлиг болруун”, “хэрэв та соёрхвол...”, “... соёрхож өршөөв”, “...соёрхол өгье”, “... тэмдэглэн соёрхоход” гэх зэргээр “Соёрхол” гэх үг 253 удаа монголын нууц товчооноо тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Өнөө цагт бид энэхүү үгийг томоохон ололт, оновчтой шийдэл, шилдэг бүтээл туурвиж, амжилт бүтээлээрээ олны хүндэтгэлийг хүлээсэн хүмүүст “Төрийн соёрхол” шагнал олгоход л “ашиглаж” байгаагаас биш өдөр тутмын бичиг, ярианы хэлэндээ огт хэрэглэхээ больжээ. Хуулийн дагуу нэг жилд 7 хүнийг л шагнах боломжтой тул бид Соёрхол, соёрхох гэсэн үгийг шагналын хур буусан үед хэсэг хэрэглээд л “хаядаг” гэсэн үг юм.

Тэгвэл чухам “Соёрхол” гэж ямар утгатай үг юм бэ? гэсэн асуулт гарч ирж байна.

Судлаачдын хамгийн өргөн ашигладаг Монгол хэл зүйч эрдэмтэн Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь” дээр өгүүлснээр Соёрхол гэдэг нь зөвшөөрөл гэсэн утгыг илтгэдэг гэжээ. Харин “Монгол хэлний тайлбар толь бичиг” дээр өгүүлснээр Соёрхол гэсэн үг нь зөвшөөрөл, шагнал гэсэн утгыг илэрхийлдэг бол Соёрхох гэсэн үйл үг нь зөвшөөрөл өгөх, хайрлах, өгөх, хүлээн авах, соён хүмүүжүүлэх гэсэн давхар утгыг агуулдаг байна.  ШУА-аас гаргасан Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь бичигт бичигдсэнээр Соёрхол хэмээх үг нь зөвшөөрөл, өршөөл гэсэн үг ажээ.

Тэгэхээр өнөө цагт ч гэсэн Соёрхол, соёрхох гэх үгсийг Монголчууд бид өдөр тутмынхаа яриа, бичгийн хэлэнд ашиглах бүрэн боломжтой гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Монгол хэлээ яг одоо бид л аварч үлдэхгүй бол үр хүүхэд, хойч үеийнхэн минь бидний мэддэг ч биш, мэддэггүй ч биш үгсийг байдаг гэдгийг нь ч мэдэхгүй болж өсвөл харамсалтай.

Гагцхүү эх хэлээ аварч үлдэхийн тулд нэг ч гэсэн үгийг таалан соёрхож гэмээнэ түүхийн явцад хадгалан авч үлдэж, бусдад өвлүүлэн үлдээгч эрхэм нь та өөрөө болох юм шүү.


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.