“ЭРИЙН ХИЙМОРЬ” шагнал 3 дахь жилдээ хүчит бөх, шандаст хүлгээ мялаалаа

2014-07-18, 18:27
5,430
Жил жилийн наадмаар түрүү морьд, мэргэн харваачид, хүчит бөхчүүдийг мялаасан шагналын цуваа тасардаггүй. Энэ олон шагнал дундаас яахын аргагүй онцгойрдог “ЭРИЙН ХИЙМОРЬ” шагнал наадамчин олонд хэдийнээ танил болсон биз ээ. Энэ уламжлалын дагуу Их насны морьдын түрүү магнай, хүчин бөхийн барилдаанд зодоглон хамгийн залуу начинаар тодорсон бөх энэ жилийн “ЭРИЙН ХИЙМОРЬ”  шагналын эздээр тодорч, 960 сорьцтой цул алтан чонын шагайг гардан авлаа.
“ЭРИЙН ХИЙМОРЬ” шагнал 3 дахь жилдээ хүчит бөх, шандаст хүлгээ мялаалаа


Хүй долоон худгийн дэнж дээр тоосоо өргөсөн зуу, зуун хурдан хүлгүүдээс Хэнтий аймгийн Галшар сумын уяач Аюурын Амарбатын 422 дугаартай Хул морь Их Монгол улс байгуулагдсаны 808 жил, ардын хувьсгалын 93 жилийн ойн их баяр наадмын их насны морьдын уралдаанд түрүү магнайгаар тодорч, торгон жолоогоо өргүүлсэн байна. Адуу адууны дээд их насны морьдын уралдаанд ийнхүү түрүүлсэн ажнай хүлгийн уяач А.Амарбат монгол эрийн хийморийг илэрхийлсэн “ЭРИЙН ХИЙМОРЬ” шагнал, 960 сорьцтой шижир алтаар урласан чонын алтан шагайн эзэн болжээ.

Мөн энэ жилийн улсын баяр наадмаар хамгийн залуу начнаар шалгарсан Завхан аймгийн харьяат цэргийн арслан Б.Бадамсүрэн эр бяр хийморь юугаа гайхуулан байж “ЭРИЙН ХИЙМОРЬ” шагналын эзэн боллоо. Төрийн их баяр наадамд зодоглон, улсын цолонд хүрнэ гэдэг бол бөхчүүдийн чансаа, ур ухаан, чадварыг шалгадаг. Тэр тусмаа 24-хөн насандаа Монгол Улсын Начин цолны эзэн болж, наадамд 5 давна гэдэг ёстой л аавын хүүгийн чансааг шалгаж, Бадамсүрэн маань өсөх ирээдүйтэй бөх болохоо наадамчин олонд харуулж чаджээ.



“ЭРИЙН ХИЙМОРЬ” шагналын урьд урьдны жилүүдийн эздийг дурьдвал хүчит бөхөд олгодог шагналын эздээр 2012 онд Улсын харцага Ө. Бат-Орших, 2013 онд Улсын гарьд Б. Гончигдамба нар тодорч байсан бол хурдан хүлгийн уяачид олгодог шагналыг 2012, 2013 онд дарааллан “Алтай констракшн”-ы захирал Х. Бат-Эрдэнэ Хүрэн зүсмийн мориныхоо уяа сойлгыг тааруулан уралдуулж тэргүүн магнайгаар шалгарснаар хүртсэн билээ.

Хийморь лундааг бэлгэдсэн 960 сорьц бүхий чонын алтан шагай  эздийнхээ хийморийг мөнхөд тэтгэх болтугай.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.