Нийслэлийн шилдэг 9 эмэгтэй шалгаруулах “Гоо cарнай 2013” наадам

2013-12-19, 19:25
12,580
Зохион байгуулагч: Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо
Бүсгүй хүний цэгц, уран ухаанаар хөгжин дэлгэрч буй энэ байгууллага өнөөдөр өөрийн үзэл санааны тулгуур болсон бүсгүйчүүдийн дуу хоолой болох үүргээ нэр төртэй биелүүлж, жил бүрийн төгсгөлд оны онцлох салбар салбарын нийгэмд сайн сайхныг түгээгч эмэгтэйчүүдээ тодруулдаг уламжлалтай. Ингээд энэ жилийн жилдгүүдээ танилцуулья.
Нийслэлийн шилдэг 9 эмэгтэй шалгаруулах “Гоо cарнай 2013” наадам


ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЭЛЧ: 

Эрдэнэбилэгийн Ариунцацрал. Шастины Төв 3-р эмнэлэгийн зүрхний мэс заслын тасгийн их эмч тэрээр хэдий нас залуу ч олон зуун зүрхний хүнд өвчтэй хүүхдүүдийг өвчнөөсөө салж, аз жаргалтай амьдрах замд нь хөтөлсөн буянтан.

Намтраас товч дурдвал:
2003-2012 Зүрхний төрөлхийн гажгийн тархалтын судалгааны ажлын багийн ахлагчаар 9 жил ажиллаж 16000 гаруй хүүхдийг хамруулан АНУ-ын эмч судлаач нартай хамтарсан үйл ажиллагаа явуулж байсан.
2005-2013 Зүрхний төрөлхийн гажгийг мэс заслын болон мэс заслын бус аргаар засах хөтөлбөрийн зохицуулагч: Шастины төв эмнэлэгийн зүрхний мэс заслын болон АНУ-ын зүрхний мэс заслын хамтарсан багийн (215 өвчтөн эмчлүүлсэн)  

2011-2013 Зүрхний олдмол гажгийг (хэрлэгийн шалтгаант хавхлагийн гажиг) мэс заслын бус аргаар засах багт зүрхний дурангийн эхо оношилгооны эмч: БНСУ-ын зүрхний эмч нарын баг Шастины төв эмнэлэгийн ангиографийн тасгийн эмч нарын багийн хамтарсан үйл ажиллагаа
2011-2013 АНУ-ын Атланта хотын Эмори Их сургуулийн дэргэдэх ТББ-н тусламжтайгаар Америкийн зүрхний нийгэмлэгийн яаралтай тусламжийн удирдамжийг сургах сургалтад зохион байгуулагч



  УРЛАГИЙН  ЭЛЧ:
“Зэрлэг  цэцэгсийн  хүлэмж” киноны  уран бүтээлчид МУГЖ У. Уранчимэг, Д.Ганцэцэг, А.Ганчимэг
Тус кино энэ жилийн хамгийн олон үзэгчтэй бөгөөд хүний сэтгэлийн хөнгөн утсыг хөндөж чадсан найруулга, зохиол, жүжигчдийн чадвар гээд бүхий л талаараа үзэгчдээ байлдан дагуулсан шилдэг бүтээл болсон билээ.



ЭРҮҮЛ ЭНХИЙН ЭЛЧ ЭМЭГТЭЙ:
А. Цогцэцэг АУ доктор  Арьсны  өвчин  судлалын  үндэсний  төвийн  захирал тэрээр анагаах ухааны салбарт олон судалгааны ажлууд хийж, олон олон шинэ дэвшилтэт зүйлсийг өөрийн салбартаа нэвтрүүлж чадсан нэгэн.



ШИЛДЭГ БИЗНЕС  ЭМЭГТЭЙ:
Дарьсүрэнгийн Баасанжаргал “Магнолиа” ХХК ерөнхий захирал
Зах зээлийн нийгэмд шилжсэн үеэс анхны ТҮЦ-ний бизнесийг эхлүүлж байсан тэрээр олон бизнесийн анхдагчдийн нэг. Анхны түц, 8 нэрийн дэлгүүр, бар, буудал, аптек, ломбард, барааны дэлгүүр болж өргөжин одоо болтол үйл ажиллагаагаа амжилттай явуулж олон өрхийг ажлын байраар хангаж байна. Мөн 1998  хүнсний түүхий эдийн материал , арьс ширний түүхий эдийн материал импортлон оруулж ирж жижиг дунд үйлдвэрлэлүүдийг ханган  нийлүүлж эхэлсэн бол АНУ-н “Вержиниа тех”-ийн их сургуульд суралцаж байхдаа анхны монгол эзэнтэй монгол ажилчидтай “Магнолиа”  компаниа байгуулж одоо болтол үйл ажиллагаагаа явуулж байна. Улмаар импортын бизнесээ өргөжүүлж АНУ, Энэтхэг, Түвд,  Нипал, Хятад  зэрэг орноос бараа бүтээгдэхүүн оруулан ирж ард түмэндээ өөрийн салбаруудаараа дамжуулан худалдаалдаг ба хотын иргэддээ шинэ хүнс, мах махан бүтээгдэхүүн, дотоодын үйлдвэрлэгч нараа дэмжсэн 18 аймгийн ард иргэд өөрсдөө лангууны ард зогсож үйлчилгээ явуулах боломжтойгоор хүнсний захаа барьж байна.



ЭКО ЭЛЧ ЭМЭГТЭЙ МУСТА хийлч  Дэлгэрцэцэг
Олон гайхалтай уран бүтээл туурвидаг тэрээр 2011  онд эгэл бус  эрхэмсэг  хэмээн  “Гайхмаараа” тоглолт, мөн  “Газар  амирлуулах  уянга”  нэртэй бие  даасан тоглолтуудаараа  БОАЖЯ-наас  “Эко элч”  хэмээх  хүндтэй  өргөмжлөлийг  хүртэж  байсан бөгөөд өөрийн уран бүтээлээ дэлхийн  дулаарал, цаг уурын өөрчлөлтийн эсрэг иргэдээ оролцохыг уриалж олон арван бүтээл туурвиж буй нэгэн. Мөн Дэлхийн  Банкнаас зохион  байгуулсан  ногоон  Улаанбаатар тоглолтын ерөнхий  зохион  байгуулагчаар ажиллаж хөгжмийн  зохиолч  С. Сансаргэрэлтэхийн бүтээл “SOS” хэмээх  гоцлол хийл  оркестрт зориулсан  бүтээлийг цахилгаан  хийлээрээ  амилуулсан  нь  уран  бүтээлийн  хувьд  онцгой  шилдэг  байж  чадсан  билээ. 



БҮТЭЭЛЧ ЭМЭГТЭЙ
Монгол Маркетер ТББ-ын гүйцэтгэх  захирал Ж.Золзаяа
•    Гадаадад төгсөгчдийн Jobfair буюу Хөдөлмөрийн яармагийг Монгол Германы Гүүр ТББ-ын санаачлагаар зохион байгуулалт, маркетинг
•    2008 оноос хойш “Залуу маркетер клуб”, “Монгол Маркетер” ТББ-ын уламжлал болгон зохион байгуулдаг Хээрийн сургууль, Маркетеруудын шинэ жил, үзэсгэлэн, маркетингийн ОУ-ын болон дотоодын сургалтууд
•    Дауны синдром, тархины саажилттай хүүхдүүдэд туслах хандивын арга хэмжээ, Хүүхэд хамгааллын төвийн хүүхдүүдэд зориулсан номын хандивийн арга хэмжээг жиргээчдийн дунд зохион байгуулсан
•    Кино урлагийн салбарт нийгэм рүү хандсан “Дэв” киноны гүйцэтгэх продюсер, анхны долоо, ардын хувьсгалын “Долоон бурхан харвадаггүй” киноны маркетинг, Монголын Анхны 3D “Сайн муу хэрцгий киноны гүйцэтгэх продюсер, “Хүний хүүхэд” киноны маркетингийн ажлыг хариуцан олон нийтэд хүртээл болгосон.
•    Mercedes Benz Fashion Week Tokyo-д Монгол Улсаа төлөөлөн анх удаа оролцсон Ариунаа Сүри брэндийн маркетингийн ажил
•    Тусгаар тогтнолын ордон-ы урд Монголын анхны 3D STREET ART зургийг сонгуулийн үеэр санаачлан зуруулсан
•    Монгол Маркетер ТББ-аас санаачлан МУ-ын хэмжээнд жил бүрийн 10 сарын 20-нд “Маркетеруудын өдөр” –той болж “Маркетеруудын Анхдугаар Чуулган” хийж, маркетеруудыг нэгтгэсэн
•    Хэвлэл мэдээлэл болон зар сурталчилгааны байгууллагуудын “Зар сурталчилгааны нэгдсэн үзэсэгэлэн яармаг”  гэх мэт маш олон ажлуудын санаачлан зохион байгуулдаг цаг минут бүрт шинийг санаачлан, ажил хэрэг болгодог бүтээгч хөдөлмөрч эмэгтэй юм.



ХҮМҮҮНЛЭГИЙН ЭЛЧ ЭМЭГТЭЙ
Шинэ үе продакшины  жүжигчин МУСТА Г. Ундармаа
 “Итгэлийн  танхим”ТББ-ын  тэргүүн
Хүмүүнлэгийн ажил хийнэ гэдэг бол хүн болж төрсний хамгийн зөв ажил юм.
Жүжигчин Г.Ундармаагийн санаачлагаар хэрэгжүүлсэн "Итгэлийн Танхим ” төслийн хүрээнд Улсын клиникийн төв эмнэлэгийн ЯТТ-ийг шинэчлэн засварлах, тохижуулах ажил амжилттай хэрэгжиж дууссан. Энэ удаа УНТЭ-ийн ЯТТ-ийн 220 м2 талбай бүхий танхимуудыг шинэчлэн засварлаж, тохижуулах ажилд 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага болон хувь хүмүүс оролцож, нийт 88,963,033 сая төгрөгийн бүтээн байгуулалтыг хийжээ.



НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН ЭМЭГТЭЙ:
 “Тархан Суурьшсан Монголчууд” ТББ-ын Тэргүүн, “TASAM” төслийн удирдагч Цэрэндоржийн Санчир 
Санчир нь Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үеэс дэлхий даяар тархан суурьшсан Монголчууд болон Монгол соёлын дурсгалуудыг судлан сурвалжилж, эх түүх, элэг нэгтнүүдийнхээ талаар олон чухал баримтуудыг нийтэд толилуулах үйлсэд залуу нас, хөрөнгө мөнгө, авьяас чадвараа бүрэн зориулж яваа залуу эрдэмтэн юм

Тэрээр 10 гаруй жилийн хугацаанд Иран, Ирак, Афганистан, Туркменистан, Узбекистан, Казахстан, Кыргызстан, БНХАУ, ОХУ, Турк, Энэтхэг зэрэг 30 гаруй улсын 300 гаруй хот сууринд тухайлбал Монголын эзэнт гүрний түүх соёлын төдийлөн судлагдаагүй бүс нутаг буюу өнөөгийн дотоодын мөргөлдөөнтэй, исламын шүтлэгтэй, хаалттай хоригтой газар нутагт хээрийн судалгаа зураг авалтаар ажиллан хүнд бэрх замыг туулан устах аюулд буй Монгол соёлын дурсгалууд, мөхөх аюулд буй Монголчуудаа судлан сурвалжиж, телевизийн баримтат цуврал болон хэвлэлийн бүтээлүүдээ туурвисаар байна.

Мөн энэ хугацаанд 50 гаруй удаагийн судалгаа зураг авалтын багийг удирдан ажиллаж, ихэнхидээ ганцаараа энэхүү хүнд бэрх замыг туулан дэлхийн Монголчууд болон Монгол соёлын дурсгалуудын тухай 100 гаруй мянган мэргэжлийн гэрэл зураг, 200 гаруй цагийн дүрс бичлэгийг бэлтгэсэн. Сүүлийн 3 жилийн хугацаанд 120 гэрэл зургийг үзэсгэлэнгээрээ дэлгэж, 500 гэрэл зургийг ном зохиол, сэтгүүлдээ нийтэлж, нийтлэл ярилцлагууддаа дагалдуулсан нь туулсан зам, сурвалжилсан баримтуудынх нь дөнгөж 5 хүрэхгүй хувь байсан байна.



ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭЛЧ ЭМЭГТЭЙ
 UBS TV-ын  UBS-music хөгжмийн  сувгийн  ерөнхий  редактор,  сэтгүүлч,  хөтлөгч  Пүрэвдоржийн Одгэрэл
П.Одгэрэл нь телевизийн салбарт хөтлөгч, редактораар 9 дахь жилдээ ажиллаж  байгаа тэрээр UBS телевизийн UBS   music   хөгжмийн  сувагт 2003 оноос  эхлэн хөтлөгч, редактораар ажиллаж, энэ хугацаанд монголын рок  поп хөгжмийн урлагийн талаар хүүхэд залууст танин  мэдэхүйн ач  холбогдолтой олон арван нэвтрүүлгүүд  бэлтгэн хүргэж  байсан. Мөн тэрээр мэдээллийн албаны сэтгүүлчээр  ажиллах хугацаандаа  орчин үеийн  хөгжмийн урлагийг сурталчлах, уран бүтээлчдийн тоглолтыг  эргэн сануулах зорилгоор “SUPER concert” шоу нэвтрүүлэг, Хөгжмийн зохиолч Л.Балхжавын уран бүтээлийн  тухай “Миний дуунууд” уран бүтээлийн хөрөг  нэвтрүүлгүүдийн зохиогч, хөтлөгчөөр,  “Зүрхэнд Гэрэлтэх  Од”  цуврал ток  шоу  нэвтрүүлгийн зохиогч  редактораар, бидний сайн мэдэх “Universe best song” наадмын хөтлөгч, редактороор тус тус ажиллаж, хэвлэл мэдээллийн салбарт гэрэлтэй оюунлаг бүхнийг үзэгчдэдээ түгээсээр байна.



Бусад зургууд.































Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.