“Оюу Толгой” компани Ганжуур, Данжуур судрыг өмнийн говьд залав

2013-10-05, 19:13
5,567
Монгол түмний бахархал, дорно дахины шинжлэх ухааны гайхамшигт бүтээл, ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн их нэвтэрхий толь Ганжуур, Данжуур хөлгөн судрыг Өмнөговь аймгийн төв номын сан, Даланзадгад дахь Маанийн хийд, Ханбогд сумын номын сан, тус сумын Бадамдэмчогнайн хийдэд залах ёслол болов.
“Оюу Толгой” компани Ганжуур, Данжуур судрыг өмнийн говьд залав

Энэхүү буянт үйлийг Оюу толгой компани ивээн тэтгэж зохион байгуулжээ. Ганжуур, Данжуурын хөлгөн  их судрыг  ийнхүү залсан нь өмнийн говийн ард иргэд, хойч үеийнхэнд оруулж буй оюуны их хөрөнгө оруулалт юм. Ганжуур, Данжуур судрын монгол хэлээр бичсэн цорын ганц эх хувь нь Улсын төв номын сангийн нэн ховор бүтээлийн сан хөмрөгт байдаг учраас хэн бүхэн тэр бүр танилцах боломжгүй юм. “Цогт цагийн хүрдэн” төвийнхэн энэ байдлыг харгалзан эдгээр судрыг монголчуудын хүртээл болгох зорилгоор  орчин цагийн кирил бичигт буулгах ариун үйлсийг эхлүүлсэн байна. Чухам ингэснээр Ганжуур, Данжуур судрыг зургаан настай балчраас зуун настан азай буурал хүртэл унших боломжтой болов.



“Цогт цагийн хүрдэн” төвийнхөн 4-5 жилийн хугацаанд Ганжуур, Данжуурын 330-аад боть номоос эхний ээлжинд 100 гаруйг нь орчуулснаас 60-аадыг нь хэвлэж өмнийн говьд залж буй нь энэ юм. Ганжуур, Данжуурын хөрвүүлсэн ботийг худалдан авч, залах ажлыг 86 сая төгрөгөөр Оюу толгой компани ивээн тэтгэж, гурван жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байна.



Хөрвүүлгийн төслийн эрдмийн зөвлөлийн тэргүүнээр Өмнөговь аймгийн унаган хүү,  Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор профессор Д.Төмөртогоо ажиллаж буй юм. Тэрээр хэлэхдээ: “Эртний Энэтхэг түвдийн гүн ухааны  эрдэмтдийн таван мянган жилийн тэртээ зохиосон соёлын гайхамшигт их бүтээл-Ганжуур, Данжуурыг хүн бүхний мэдэх кирил үсгээр ийнхүү хэвлэж олны хүртээл болгох буянтай үйлсийг “Цогт цагийн хүрдэн” төвийн залуус гүйцэлдүүлж, оюуныг дээдлэгч Оюу толгой компани ивээн тэтгэж санхүүжүүлсэн нь үнэхээр бахархам сайхан хэрэг юм. Өглөг өглөгийн дээд номын өглөг гэлцдэгийн утга учир ч энэ юм” -гэжээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()