Зориг сангаас арав дахь жилдээ зохион байгуулж буй “Залуу манлайлагч хөтөлбөр”-т хамрагдагч залуус нийгмийн сайн сайхны төлөө бичил төслүүдийг хэрэгжүүлдэг уламжлалтай билээ. Тэгвэл энэ жилийн оролцогчид маань хөгжлийн бэрхшээлтэй өсвөр насны хүүхдүүдэд урлагийн боловсрол олгох “Солонгон бийр” төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг урлагаар дамжуулан өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх, тэдний бүтээлээр дамжуулан санал сэтгэгдлийг нь олон нийтэд хүргэх, бусдын адил сурч боловсрох боломж нөхцөлөөр хангах, авъяас чадварыг нь нээн илрүүлж, ирээдүйдээ итгэлтэйгээр сайхан амьдралыг цогцлоох боломжийг бүрдүүлэхэд энэхүү төслийн зорилго оршиж байна.
Сургалтад 13-18 насны тулах хөдлөх, сонсох эрхтэний бэрхшээлтэй, дүрслэх урлагт дур сонирхолтой 20 орчим хүүхэд хамрагдаж байна. Төслийн хүрээнд явагдаж буй дүрслэх урлагийн сургалт нь 2013 оны 3-р сарын 16-наас эхлэн амжилттай үргэлжилж, одоогийн байдлаар байгаль орчин, үерхэл нөхөрлөл, хүсэл мөрөөдөл зэрэг сэдвийн дор Монголын уран зургийн галлерей, 976 галлерей, Монголын хүүхдийн ордон, Хүүхэд залуусын Be төв зэрэг газруудад зохион байгуулагдаад байна.
Ernst & Young олон улсын аудитын компаниас ивээн тэтгэж буй уг төсөл хүүхдүүдийнхээ хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, ил захидал хэвлүүлэн олон нийтэд хүргэснээр өндөрлөх бөгөөд төсөл маань хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч сурах, бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн эдгээр хүүхдэд урам зориг, итгэл найдвар төрүүлэх болно гэж төслийн багийнхан үзэж байна.
“Солонгон бийр” төслийн хүүхдүүдийн уран бүтээлийн үзэсгэлэн 2013 оны 5 дугаар сард Монголын Урлагийн Зөвлөлийн “Улаан гэр” уран зургийн галерейд зохион байгуулагдах тул та бүхэн өргөнөөр ирж үзэн хүүхдүүдэд маань урам зориг бэлэглээрэй.
Хүүхдүүдийн бүтээл болон төслийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч цаашид зохион байгуулагдах үйл ажиллагаанд хамтран ажиллах сонирхолтой байвал төслийн Facebook хуудсаар зочлоорой. Таны оруулах багахан тус ч хүүхдүүдэд ирээдүйд итгэх итгэл, хүсэл мөрөөдлийн жигүүр ургуулах болно.
Монголын ирээдүй болсон хүүхэд бүр жаргалтай байг!