Монголд загасчлалыг спортын чиглэлээр хөгжүүлж, ёс зүйтэй загасчлалын үзэл санааг түгээн дэлгэрүүлэхээр санаа нийлсэн олон залуус нэгдэн Монголын Загасчлалын Спортын Холбоог үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа хэдийнэ эхлүүлжээ. Энэ холбоог Монголын бүжгийн спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Мөнгөнхуяг санаачлан байгуулсан бөгөөд тэрээр өөрөө ч мөн чамгүй загасчин юм.
МЗСХ байгуулагдаад удаагүй байгаа ч ФИПС буюу ОУ-ын Загасчлалын Спортын Холбоонд элсэхээр албан ёсоор хүсэлтээ хүргүүлсэн бөгөөд энэ оны 02-р сарын 16-17-нд АНУ-ын Висконсин мужийн Восо хотод зохиогдсон 10 дахь удаагийн Мөсний загасчлалын ДАШТ-нд оролцох урилгыг хүлээн авч 6 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид маань өнгөрсөн өдрүүдэд тус тэмцээнд оролцоод чамлахааргүй амжилт гарган эх орондоо тун удахгүй ирэх гэж байна.Тус тэмцээнд шинэ тутам үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлсэн загасчлах спортын Nomads Fishing Club, Fishing Buddy Club, Fishing Brothers Club зэрэг клубүүдийн тамирчидаас сонгогдон оролцсон байна.
Манай загасчлах спортын баг тамирчид анх удаа мөсний загасчлалын ДАШТ-д оролцсон хэдий ч нийт 11 орноос ирсэн шилдэг загасчидтай эн тэнцүү өрсөлдөж Польш, Эстони, Япон зэрэг орны хүчтэй багуудыг ардаа орхин 8-р байранд орсон юм. Мөн Nomads Fishing Club-ээс тус тэмцээнд оролцсон Баттөмөрийн Оюунболд хувийн дүнгээрээ дэлхийн шилдэг 60 загасчдын 8-д эрэмбэлэгдэн Монгол хөвгүүд дэлхийн шилдэг загасчдын нэг гэдгийг нотлон харууллаа. Манай багийн энэхүү сайхан амжилтыг тэмцээнийг зохион байгуулагчид өндрөөр үнэлэн, ФИПС-ээсБ.Оюунболдод тусгайлан баяр хүргэсэн бол Японы баг тамирчид түүнд “чи бол Азийн аварга” хэмээн хүндлэл үзүүлсэн байна.
Ингээд Спортын загасчлалыг хөгжүүлж, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилго өвөрлөсөн МЗСХ, Nomads Fishing Club, Fishing Buddy Club, Fishing Brothers Club-ийн хамт олон, загасчин тамирчиддаа эхэлсэн үйл хэрэг нь өндөр бүтэмжтэй байж, спортын их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Nomads Fishing Club:
www.facebook.com/NomadsFishingClub
Видео.