Удирдагч хүн мөрөөдлийг бодитой болгоно

2012-11-19, 18:40
14,822
-Та солонгос судлаач хүний хувьд энэ зунаас хойш моод болоод байгаа Gannam style гэх ойлголтыг тодруулж өгөхгүй юу?
-Тэр дууны цаад утга нь Gannam гэж Сөүлийн нэг дүүрэг л дээ. Хан мөрний өмнөд хэсэгт байдаг юм. 1960 аад оны үеэс өмнөд солонгост манайхтай адил орчин үеийн хотжилт эхлэсэн. Сөүл үйлдвэржиж, барилгажихыг дагаад хөдөөнөөс шилжин ирэгсдийн тоо хурдацтай нэмэгджээ. Шалтгаан нь ойлгомжтой. Ажилд орох магадлал том хотод их байдаг. Бас их, дээд сургуулиуд нь бүгд Сөүлд төвлөрсөн байсан болохоор богино хугацаанд 10 сая хүн нйислэлдээ шавсан юм байна лээ.
Удирдагч хүн мөрөөдлийг бодитой болгоно
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэгээд орон сууцны хомсдол гаарч, газрын үнэ дээд цэгтээ хүрсэн. Машин тэрэгний хэт их бөөгнөрөл ч бий болж. Яг л одооийн Улаанбаатар гэсэн үг. Үүнээс яаж салах вэ? гэсэн том асуулт ыг шийдвэрлэхийн тулд 1970-аад оны эхнээс Сөүлийн захиргаа, Солонгосын засгийн газар хүн амьдрахад төдийлэн таагүй, элс, намаг, шавартай Ганнам гэх Хан мөрний өмнөд хэсгийг томоохон компаниудад өгч барилгажуулах, орон сууцжуулахыг уриалсан байдаг.

1980-аад оны эхээр сонгогдсон Сөүл хотын шинэ удирдлага Нийслэлээ хөгжүүлэх шинэ төлөвлөгөө дэвшүүлж, Сөүлийг цоо шинэ орчин үеийн хот болгохоор зорьсон. “Сөүл хотоо дэлхийн санхүү, эдийн засгийн томоохон бүс болгоно” гэсэн тэдний мөрөөдлийг сонсоод тухайн үед бүх хүмүүс инээлдэж,  бүтэхгүй зүйл ярихаа боль гэж байсан байдаг. “Сөүлд Олимпийн наадам зохион байгуулна” гэхэд хүмүүс бүр ихээр шоолж, инээдээ барж байсан түүхтэй. Гэтэл 1988 онд Сөүл Олимпийг нэр төртэй зохион байгуулснаар солонгосын ард түмэн нэг зүйлийг сайтар ойлгож авсан. Том мөрөөдөл, том зорилготой байна, түүндээ хүрэхээр тэмүүлнэ гэдэг нь хөгжлийн үндэс болдог. гэдгийг сайтар ойлгосон хүмүүс болсон.

-Сөүл 25 дүүрэгтэй. Тэгэхэд яагаад заавал Ганнам илүү ихээр хөгжсөн юм бэ?

-Тэр ч хувийн хөрөнгө оруулалтыг чөлөөтэй, төлөвлөгөөтэй дэмжсэнд байгаа байх. Ганнам дүүргийг хөгжүүлэхэд шаардагдах хөрөнгө мөнгө, хүн хүч хотын захиргаанд байгаагүй. Сөүл хотын удирдлага хувийн компаниудад санал тавьж, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалтын бүх ажилд стандарт тогтоож, түүнийгээ мөрдүүлэх, хянахад оролцож ажилласан байдаг. Ганнам дүүргийг хөгжүүлэхэд хамгийн чухал асуудал нь зам байсан. Маш өргөн, нэг чиглэлийн урсгалдаа 8 эгнээ бүхий замууд тавьж бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Цаашдаа замаа улам өргөжүүлсээр ямар ч бөглөрөлгүй, дэд бүтцийг бий болгосон. Энд олон хүн мэдэггүй нэг хүчин зүйл үйлчилсэн байдаг. Ганнам дүүрэгт хамгийн сайн чанарын, өндөр өртөгтэй зам тавьсан нэг учир нь хойд солонгосоос учруулж болзошгүй аюул, мөн үер, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүдэлтэй эрсдэлт нөхцөл үүсвэл Сөүлийн хүн амыг хурдан нүүлгэн шилжүүлэх болно. Ганнам дүүргийн өргөн замуудаар арван сая хүнийг богино хугацаанд аюулгүй бүс рүү шилжүүлэх боломжийг тооцож хийсэн юм билээ. Ганнамын замаар танк, хүнд даацын машин саадгүй явахаар даацыг анхнаас нь төлөвлөсөн. Зөв зохион байгуулалттай сайн замын ачаар Ганнам дүүрэг дараагийн бүтээн байгуулалт руугаа төвөггүй шилжиж, замын хажуугаар өргөн явган хүний зам тавьж, ногоон байгууламж, орчин үеийн орон сууц, барилга байгууламжуудыг дараалан барьсан. Энэ дүүргийг ирэх 100 жилийн хөгжил, хэрэгцээ шаардлагыг харж төлөвлөсөн гэж болно. Зам, явган хүний зам, ногоон байгууламж, бүх барилга байгууламжууд нь дэлхийн стандартыг хангасан байдаг. Ингэхээр автоматаар энэ дүүрэгт чинээлэг, баян иргэд татагдан суурьшиж, тэдний төлбөрийн чадварыг дагаад дэлхийн нэртэй компаниуд салбараа нээж эхэлсэн. Ганнам дүүргийн бүтээн байгуулалтыг анхнаас нь улам цаашаа өргөжиж, хөгжих боломжтойгоор байхаар хийж чадсан учраас одоо ямар нэгэн мухардалд орохгүйгээр тэлсээр хөгжсөөр байгаа.

-Төр стандарт тогтоож мөрдүүлэхэд л анхаарсан гэдэг их зүгээр хандлага байна, тиймээ?

-Стандарт бол маш чухал зүйл. Барилга барихад 1/3-ээс доошгүй хувь нь ногоон байгууламж байх ёстой, төдөн хүний дунд нэг хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэг, дэлгүүр, үйлчилгээний газар  байх г.м хүний амьдрах бүхий л нөхцлийг стандартаар тогтоогоод түүнийгээ хангасан дүүрэг болж чадсан. Гэтэл манай барилгынхныг харж байхад зүгээр л дан байшин байрчихаж байна. Энэ нь яваандаа аюул болдог юм байна. Агаарын бохирдол ихсэнэ. Дуу чимээ, түгжрэл, бөглөрөл гээд хүмүүсийн ая тухтай амьдрах нөхцөл хангагдахаа болино.

-Нийслэлийн шинэ удирдлагыг мөрөөдлөө, хоосон мөрөөдлөөр хуурах гэлээ гэж зүхэх хүмүүс гарч ирсэн.

Би түрүүн хэлсэн ш дээ. Сөүл хотыг дэлхийн санхүү, бизнесийн нэгэн төв болгоно гэхэд хэн ч итгээгүй. Хоосон мөрөөдөл гэж байсан. Гэтэл болчихсон л байгаа биз дээ. Шинийг сэдэж, хийж бүтээнэ гэсэн тэмүүлэлтэй хүмүүс л улс орныг авч явдаг юм байна. Нэг ийм үг байдаг “dreams come true’’ - Мөрөөдөл биелдэг юм. “Ганнамд очиход дэлхийг үзнэ, өөр тийшээ явах шаардлагагүй” гэсэн үг тарах хүртлээ хөгжиж чадсан. Дэлхийн бүх шилдэг брэндийн дэлгүүр Ганнамд байна. тэнд дэлхийн бүх л юм байна. Солонгосыг хөгжилд хөтлөсөн хүмүүс бүгд томоор мөрөөдөгчид байсан. Ерөнхийлөгч Пак Чен Хи-г Солонгос улс машин үйлдвэлэдэг болно, автобусаа ч хийнэ.  Метротой болно гэж мөрөөдөж байхад Дэлхийн банк итгээгүй. Солонгосууд бүр ч их эргэлзэж байсан. Дотоод, гадаадын үл итгэхийг даван туулж, иргэдээ зоригжуулж, бүтээн байгуулалтыг өрнүүлнэ гэдэг бол жинхэнэ удирдагч хүний шинж чанар юм. Пак Чен Хи 19 жил солонгосыг удирдахдаа ард түмэндээ хөгжих итгэл найдварыг өгч, Солонгосыг дэлхийн өндөр хөгжилтэй улс болгохын төлөө тууштай явсан. Тэр өөртэйгөө адилхан том мөрөөдөлтэй хүмүүсээр багаа бүрдүүлж, мөрөөдлөө хэрэгжүүлсэн. Монголд ч бас ийм том тэмүүлэл, мөрөөдөл хэрэгтэй. Одоо Ганнам азийн загвар дүүрэг болсон. Дэлхийн өнцөг булан бүрээс улсаа, хотоо хөгжүүлье гэсэн хүмүүс Ганнамыг зорьж үздэг болсон. Тэгэхээр мөрөөдөж чадсан хүнээ дэмжих л хэрэгтэй. Удирдагч хүн л Мөрөөдлийг бодит ажил болгож чаддаг. Би хувьдаа Бат-Үүл даргад итгэж, найдаж байна. Яг үнэнийг хэлэхэд бол хотын хуучин удирдлагууд тонож дээрэмдээд, устгаад, сөнөөгөөд, бүр баллаад хаясан байхгүй юу. Э.Бат-Үүл Улаанбаатарчуудын сүүлчийн найдвар! Энэ хүний түүхэн өөрчлөлтийг хийлгэхгүй л бол Улаанбаатар хэдхэн жилийн дараа хүн амьрахын аргагүй бөөгнөрөл болно. Хувиасаа хэлэхэд бүгдээрээ Бат-Үүл баатартаа итгэе, дэмжье. Энэ хүн түүхэн өөрчлөлт хийж үнэхээр баатар гэдгээ харуулна. Гэр хорооллыг Ганнам дүүрэг болгож чадна. Түүн шиг удирдагч хүн иргэддээ итгэл найдвар түгээж, өөрөө глобал сэтгэж 50, 100 жилийн алсын хараатай зүтгэж чадвал жинхэнэ өөрчлөлт, шинэчлэлт гарна. Энэ бүхэн боломжтой зүйл. Сөүл 25 сая хүнийг гайхалтай зохион байгуулж чадсан байхад Улаанбаатарчуудад болохгүй гэх зүйл байхгүй.


Ж.Баттөр

•    1992-1995 онд БНСУ-ын Сөүлийн их сургуульд Олон улсын улс төрч мэргэжлээр магистрийн зэрэг хамгаалсан.
•    2001 онд МУИС-ийн Түүхийн тэнхимд орчин үеийн түүхийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.
•    1996 оноос  МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд багшилж байна.
XX зууны Монгол-Солонгосын харилцаа, Монголын түүхийн чиглэлийн судалгаа хийдэг. "20-р зууны Монгол Солонгосын харилцаа" хэмээх 2 боть ном нь БНСУ-д орчуулагдсан. "Солонгос-Монгол толь бичиг" хамтын бүтээл нь БНСУ-д 4 удаа хэвлэгдээд байна.  АНУ, Өмнөд Солонгос, Тайвань зэрэг улсад лекц уншиж, зарим бүтээлүүд нь хэвлэгдсэн. Солонгос хэлнээс
•    И Мён Баг-ийн "Ажилаар амьсгалсан он жилүүд",
•    Пак Жөнь Хый: Солонгосын сэргэн мандалт,
•    Ким Гү "Өөрийн намтар",
•    Бэг Ён Жү: "Би үнэнч шударга хөдөлмөрөөр Америкийг байлдан дагуулсан",
•    Жөн Мириам: "Таны хүүхэд гоц ухаантай" зэрэг 9 ном орчуулсан.

МУИС-ийн Эрдмийн Зөвлөлийн гишүүн




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()