Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, түүнийг хэрхэн бэхжүүлэх, шинэ орчинд хэвлэл мэдээлэлд тулгарч буй бэрхшээлүүдийг хэрхэн шийдвэрлэхээ олон нийтээрээ хэлэлцэх зорилгоор “ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ гэж ЧӨЛӨӨТ АРД ИРГЭД-ийг хэлнэ” онлайн хэлэлцүүлэг зохион байгуулж эхэллээ.
Хэлэлцүүлгийг “Хэвлэлийн эрх чөлөө нийгмийг өөрчлөх хүчтэй”, “Чанартай мэдээлэл олж авахад учирч буй бэрхшээл хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж буй нь”, “Шинэ орчин дахь хэвлэл мэдээлэлд тулгарч буй бэрхшээлүүд” гэсэн гурван сэдвийн явуулна.
Ардчиллыг гүнзгийрүүлэхэд хэвлэлийн эрх чөлөөг яаж ашиглах вэ, интернэтийн орчинд бүрэлдсэн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний ололт амжилтуудыг хэрхэн дэмжин, хамгаалах вэ, ардчилсан сонгуулийг амжилттай явуулахад цахим мэдээллийн хэрэгслийг хэрхэн үр ашигтай ашиглаж болох вэ, мэргэжлийн уламжлалт сэтгүүл зүй ба иргэний сэтгүүл зүй улам ойртож байна уу? интернэт ашиглан цацаж байгаа гүтгэлэг, доромжлолын хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ? сэтгүүлчдэд учирч буй дарамт, шахалт, бусад аюул заналаас сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд юу хийх шаардлагатай вэ зэрэг олон чухал асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх боломжтой юм.
Онлайн хэлэлцүүлгийн үр дүнг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр буюу 5-р сарын 3-ны өдөр “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Хэвлэлийн хүрээлэн хамтран зохион байгуулах “ШИНЭ ДУУ ХООЛОЙ: Хэвлэлийн эрх чөлөө нийгмийн өөрчлөлтөнд хувь нэмэр оруулах нь” сэдэвт дугуй ширээний ярилцлагын үеэр танилцуулах аж.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.