Тайзан дээр гарсны дараа дуучид болон амьд хөгжимчид маш олон төрлийн чимээнд даруулдаг. Асар чанга дуугаралт, эргэн тойронд ойсон чимээ, үзэгчдийн орилоон гэх мэт шуугианд олон цагаар зогсож, тоглолт хийнэ гэдэг маш хэцүү. Тиймээс дуучид, хөгжимчид тусгай чихэвч зүүдэг байна. Мэргэжлийн хэлээр түүнийг "In-ear monitor" (IEM) гэж нэрлэдэг.
Тус чихэвч нь чимээг тусгаарлахаас гадна уран бүтээлчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн олон үүрэг гүйцэтгэнэ. Хамгийн гол зорилго нь хөгжмийг цэвэр сонсож темпээ тохируулах, өөрийн хоолойг сонсох, амьд хөгжмийн зэмсгийн дуугаралтыг тусгайлан сонсох зэрэг юм.
Үүний зэрэгцээ тоглолтын үеэр ямар нэгэн зүйл болбол дуучин чихэвчээрээ дамжуулан мэдээлэл авдаг. Чихэвчийг гоцлол дуучнаас гадна гитарчин, бөмбөрчин ашиглаж болно. Мөн ам барьж байгаа тохиолдолд караоке шиг дуулж эхлэх дохиог чихэвчээр өгдөг гэнэ.
Дуурийн дуучид харин орчин үеийн технологийн ололт амжилтын оронд удирдаачийн гарын хөдөлгөөнийг ашиглан тоглолтын хэмнэлээ тааруулдаг байна.
Дуучин бүрд чихэвчийг нь тусгайлан тааруулж хийдэг бөгөөд ингэснээр хэмжээ, дуу чимээний тусгаарлалт зэргийг нь тааруулахад илүү амар болдог. Ийм төрлийн чихэвчийг хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө тусгай чанга яригч ашигладаг байжээ. Тэднийг уран бүтээлч рүү чиглүүлж суурилуулдаг байсны зэрэгцээ үйл ажиллагааны зарчим нь дээр дурдсантай ижил байсан аж.
Тоглолтын үеэр чихэвчинд алдаа гарвал шууд авч хаях ёстой юм. Хөгжим зогссон, тайзан дээр ямар нэг зүйл болсон, буруу ая тоглуулах үед ийм зүйл тохиолддог. Мөн дуучин үзэгчдийн дуулахыг сонсох, шууд харьцаж фенүүдтэйгээ ойртохыг хүссэн үедээ чихэвчийг авдаг байна.
Мэдээжийн хэрэг энэхүү ашигтай системд бас сул тал бий. Дууны инженерийн гаргасан алдаанаас болж тоглолт зогсоход хүрч болзошгүй юм. Тоглож буй хөгжим нь зөрөх, дуу зогсох эсвэл ам барьж байгаа бол амаа хөдөлгөх дохиог буруу өгөх зэрэг үүнд багтана.