Израиль улсыг хэн байгуулсан бэ?

Газар дундын тэнгисийн зүүн эрэг дээр орших баруун Азийн орон Израиль (ישראל) нь газар зүйн хувьд өөр өөр өвөрмөц онцлог бүхий жижигхэн нутаг дэвсгэртэй. Өнөөгийн Израйлийн хүн амын дийлэнх хэсгийг еврей үндэстнүүд бүрдүүлдэг бол Арабын мусульманчууд, Христийн шашинтнууд болон Друзе, Самари зэрэг үндэстэн, шашинтнууд зэрэгцэн оршдог байна. Олон зуун жилийн турш тэнүүчилсэн хэдэн зуун мянган еврей цагаачид эцэст нь түүхэн эх орондоо буцан ирж, энэхүү улсыг байгуулжээ.

Израиль улсыг хэн байгуулсан бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Тангарагт нутаг" буюу эртний Палестины газар нутаг нь МЭӨ 13-р зууны үеэс еврейчүүдийн эх орон болсон юм. Ойролцоогоор МЭӨ 928 оны үед Давид хааны үр удам Соломоныг насан эцэслэхэд энэ улс Өмнөд, Хойд хаант улсаар зааглагдан Иуда, Израиль гэх нэртэйгээр хуваагдсан аж. Харамсалтай нь Вавилоны Эзэнт Гүрэн, Грек, Ром зэрэг эртний томоохон эзэнт гүрнүүд Израилийг ээлжлэн эзэлж, хүн амыг нь боолчилж ирсэн бөгөөд үүний нөлөөгөөр еврейчүүд эх орноосоо олноор дүрвэх болсон. 

Хожим МЭ 70 онд Ромын эзэрхийлэлд Израиль улс тусгаар тогтнолоо бүрэн алдсан аж. Тэр цагаас хойш Израилийн газар нутаг еврейчүүдийн эртний газар нутаг нэртэй ч томоохон улс гүрнүүдийн харьяат муж болж ирсэн юм. 

19-р зуунд Европ дахь еврейчүүд хоёр мянган жилийн турш нутаггүй, хавчигдан гадуурхагдаж явсны эцэст түүхэн эх орондоо эргэн ирж, өөрсдийн төр улсаа байгуулах санаа гаргасан байна. Үүнийг Зионизм гэж нэрлэсэн бөгөөд үндэслэгчийг нь Теодор Герцл гэж үздэг.

Тус санааг гаргаснаас жилийн дараа Швейцарийн Базель хотод Зионистуудын Анхны Конгресс болж, Дэлхийн Зионизмын Байгууллага (WZO) байгуулагдаж, Базелийн хөтөлбөрийг баталсан байна. Уг хөтөлбөрийн хамгийн гол зорилго нь еврей үндэстнийг эргэн "орон гэр"-тэй болгох явдал байв.

1915 он хүртэл зионист хөдөлгөөний гол төв нь Герман, Османы эзэнт гүрэнд байсан юм. Гэвч Дэлхийн 1-р дайны оргил үед Зионистууд төвөө Их Британи руу нүүлгэсэн бөгөөд 1917 оны 11-р сард Британийн Гадаад хэргийн яамны тэргүүн Сэр Артур Жеймс Балфур Британийн еврейчүүдийн холбооны удирдагчдын нэг Лорд Лионель Волтер Ротшильдэд хандан албан ёсоор "Еврей үндэстний гал голомт"-ыг Палестинд байгуулахыг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байна. Хожим Балфурын тунхаглал гэж нэрлэгдэх болсон энэхүү санамж бичиг тэр даруй Times сэтгүүлд хэвлэгдсэн юм.

1918 онд Балфурын тунхаглалыг эхлээд Франц, дараа нь Италийн засгийн газар, дөрвөн жилийн дараа АНУ-ын Конгресс, Үндэстнүүдийн Холбоо баталсан түүхтэй. 

Их Британи хэдийгээр бүрэн эрхт еврей орон цогцлоох төлөвлөгөөтэй байгаагүй ч Палестинд "Еврейчүүдийн гэр"-ийг байгуулахад чиглэсэн зарим үйлдлийг дэмжиж байв. Арабчуудын хувьд Их Британийн уг үйлдлийг дайсагнал болгон хүлээж авсан юм. Улмаар энэ бүхэн 1936-1939 онд болсон Арабын бослого эхлэхэд хүргэжээ. Тухайн үед Палестины газар нутгийг Их Британи хяналтдаа байлгаж байсан бөгөөд түүнээс нь еврейчүүдэд өгнө гэдгийг мэдсэн Арабын удирдагчид зэвсэгт бослого гаргаж, тусгаар тогтнолоо олж өөрсдийн мэдэлд оруулахыг хичээсэн ч чадалгүй дарагдсан байдаг.

Чухамдаа уг мөргөлдөөний үеэр еврейчүүдийн  "Хагана", "Иргун Цвай Леуми", "Лехи" хэмээх цэргийн холбоод борооны дараах мөөг шиг гарч ирсэн байна. Эдгээр нь Их Британийн талд байлдаж Арабын бослогыг дарахад томоохон нөлөө үзүүлжээ. 

Харин 1945 онд зионистуудын далд бүлгүүд болон Их Британийн засгийн газрын хооронд мөргөлдөөн улам ширүүсэв. Еврейчүүд Палестиныг Их Британийн удирдлагаас бүрэн салгаж авахаар шийдсэн байлаа.

1947 оны 11-р сард НҮБ-ын Ерөнхий ассемблейн 2-р чуулганаар Палестины нутаг дэвсгэр дээр еврей, араб үндэстний хоёр тусдаа улс байгуулах асуудлыг хэлэлцэж эхэлжээ. Шийдвэрлэх санал хураалтын мөч хэдэн минут үргэлжилсэн байна. Үр дүнд нь Палестиныг хуваахыг 33 орон дэмжиж, 13 орон эсэргүүцсэнээр ийнхүү тусгаар тогтносон еврейчүүдийн улс байгуулах асуудал шийдэгдсэн аж. 

Энэ шийдвэрээс хагас жилийн дараа буюу 1948 оны 5-р сарын 14-нд Британичууд Палестины газар нутгаас бүр мөсөн гарчээ. Тэр өдөр зионист хөдөлгөөний нэрт зүтгэлтэн Дэвид Бен-Гурион Израиль улс байгуулагдсаныг тунхаглаж, бүх еврейчүүд эх оронтой боллоо хэмээсэн байдаг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()