1
ОХУ: Цэрэг татлагаас чөлөөлөгдөх мэргэжлүүдийг зарлалаа
ОХУ-ын Батлан хамгаалах яам цэрэг татлагаас чөлөөлөгдөх хэд хэдэн мэргэжлийг тодрууллаа. Үүнд, төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажилладаг мэдээллийн технологийн ажилтнууд, банкирууд, сэтгүүлчид багтаж байна. Батлан хамгаалах яам чөлөөлөгдөх мэргэжлүүдийг зарласныхаа дараа шалгуур хангасан ажилчдын жагсаалтыг гаргахыг ажил олгогчдод үүрэгдэв. Дайчилгааны зарлиг зарим талаараа учир дутагдалтай байгааг ажиглагчид хэлж буй. Тухайлбал, зарлигт нэг догол мөр тэр чигээрээ тодорхойгүй байна. Тус догол мөрт цэргийн албанд татагдах боломжтой оросуудын тоог дурдсан гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн. Ийн нууцалснаас үзвэл 300 мянга бус сая хүртэлх цэргийг дайчлах гэж байж болзошгүй.
2
Тонгагийн дэлбэрэлт дэлхийн дулааралд нөлөөлж байна
Номхон далайн Хонга-Тонга-Хунга-Хаапай арлын усан доор орших Тонга галт уул энэ оны нэгдүгээр сард дэлбэрсэн. Энэ дэлбэрэлт нь асар том, ер бусын байсан бөгөөд эрдэмтэд нөлөөллийг нь одоо хүртэл судалсаар байна.
Тонга галт уул дэлбэрэх үедээ агаар мандалд сая сая тонн усны уур цацсан болохыг нийтлэгдсэн шинжлэх ухааны сэтгүүлд бичжээ. Ингэснээр стратосфер буюу агаар мандлын хоёр дахь давхарга дахь усны хэмжээ хүний амьдарч, амьсгалах хязгаараас тав орчим хувиар нэмэгдсэн байна. Энэ ус нь агаар мандалд хэрхэн нөлөөлж, дэлхийн гадаргуу дулаарахад нөлөөлөх үү гэдгийг эрдэмтэд судалж байна.
3
Дахин 200 халим далайн эрэгт гарч ирэв
Австралийн Тасмани мужийн далайн эргээс 14 залуу халим олдсон тухай бид мэдээлсэн. Тэгвэл үүнээс хэдхэн хоногийн дараа Тасманийн баруун эргээс дахин 200 гаруй халим олдлоо. Удаан хугацаагаар хоол хайсны эцэст ядарч туйлдсан халимуудын дор хаяж тал хувь нь амьд байгаа гэж Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны яам таамаглаж байна. Цаг агаараас болж далайн урсгал өөрчлөгдөж, халимны хоол ч бас хөдөлгөөнд орсонтой энэ нь холбоотой байж магадгүй. Байгаль хамгаалах хөтөлбөрийн аврагчид тус бүсийг чиглэн явж байжээ. Албаны хүн хүмүүсийг далайн эргээс хол байхыг анхааруулсан. “Халим бол нас барсан хойно нь ч гэсэн хамгаалах учиртай төрөл зүйл бөгөөд сэг зэмд саад учруулах нь гэмт хэрэг” гэж Байгаль орчны алба мэдэгдэв.
4
Лавров АНУ-ын төлөөлөгчдийн үгийг сонссонгүй
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш олон удаа маргаантай уулзалтууд хийсэн. Тэгвэл болсон ээлжит хурал нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралтай давхацсан гэдгээрээ онцгой байв. Энэ удаагийн хуралд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар оролцлоо. Гэвч Энтони Блинкен болон АНУ-ын бусад төлөөлөгч үг хэлэх үеэр Лавров танхимд байгаагүй бөгөөд зөвхөн өөрөө үг хэлэхдээ л орж иржээ. Энтони Блинкен НҮБ-ын Ерөнхий ассамблейн гишүүн бүрийг Орост "Цөмийн заналхийллээ зогсоох ёстой" гэсэн тодорхой мессэж илгээхийг уриалав. Тэрбээр Оросын үйлдсэн харгис хэрцгий хэргүүдийг жагсаагаад энд дурдаагүй хэргүүд ч байж магадгүйг сануулжээ. Оросын эсрэг хүчтэй дуу хоолойгоо илэрхийлээгүй улс орнууд нь олон улсын дэг журмыг доромжилсон гэж тэр үзэж байна.
5
Хятадын авлигатай тэмцэгч сайд авлигын хэргээр ял авлаа
Хятадын хууль зүйн сайдаар ажиллаж байсан Фу Жэнхуаг авлигын хэргээр шүүж, цаазын ял оноожээ. Чанчунь хотын шүүхээс түүнд оноосон цаазын ял нь хоёр жилийн дараа бүх насаар хорих ял болон өөрчлөгдөх аж. Фу Жэнхуа нь 117 сая юанийг бэлэг, бэлэн мөнгө хэлбэрээр хувийн ашиг сонирхлоор бусдаас авсан хэрэгт буруутай нь өнгөрсөн долдугаар сард шүүхээр нотлогджээ.
Хятадад ирэх аравдугаар сард Коммунист намын Ардын их хурал болох гэж буй энэ үед Фу Жэнхуагийн хэрэг олны анхаарлыг татаж байна. Уг их хурлаар Хятадын дарга Ши Жиньпин эрх мэдлээ дахин таван жилээр гурав дахь удаагаа сунгахаар яригдаж буй.
6
Хаант засаглалыг халахаар Австралид жагсаж байна
Хатан хаан II Элизабетыг оршуулаад долоо ч хоноогүй байхад Австралид эсэргүүцлийн жагсаал дэгдлээ. Тодруулбал, Сидней, Брисбэн, Мельбурн, Канберра хотуудад олон мянган хүн хаант засаглалыг халахыг шаардан жагсав. Жагсаалыг Холбооны ногоон намын сенатор Лидия Торп оройлон оролцжээ. Жагсагчид Австралийн төрийн далбааг шатааж, хайчилж, “Хаант засаглалыг устга” гэж хашгирч байжээ. Түүнчлэн Мельбурн дахь Их Британийн консулын газрын үүдний эмблем дээр цустай төстэй улаан будаг түрхсэн. Брисбэнд жагсагчид “Хаад байхгүй, цагдаа байхгүй, капиталист байхгүй” гэсэн үг бичсэн лоозон барьжээ. Австралийн өдрийг цуцлахыг шаардсан бичигтэй цамц өмссөн жагсагчид ч байв. Британийн хааны тэнгисийн цэргийн офицер Артур Филип 1788 оны нэгдүгээр сарын 26-нд Австралийн газар нутагт Британийн далбааг мандуулж байсан. Ингэснээрээ газар нутгийг Британийн колони гэж зарласан юм. Тиймээс энэ өдрийг Австралийн өдөр гэж нэрийддэг.
7
Дэлхийн эдийн засагт зэсийн “их хомсдол” айсуй
Арилжааны биржүүдийн бүртгэлээс харвал зэсийн нөөц өдгөө түүхэн доод хэмжээндээ дөхөөд байна
Компьютерын чипээс эхлээд талх шарагч хүртэл бүхий л цахилгаан хэрэгслийн гол түүхий эд болдог зэсийн үнэ гуравдугаар сараас хойш бараг 30 орчим хувиар унаад байна.
Өсөлт, тэлэлтийг үргэлж дагуулдаг энэхүү металлын эрэлт дэлхийн эдийн засгийн уналтыг даган буурна гэж хөрөнгө оруулагчид эмээж байна.
Хэдий тийм боловч өнөөгийн зах зээлийг ажиглахад төдийлөн анзаарагдахгүй ч хэдхэн жилийн дараа зэсийн томоохон хомсдол үүсэх нөхцөл бүрдсэнийг уул уурхайн зарим томоохон компаниуд, металл арилжаалагчид анхааруулах болов. Энэхүү хомсдол дангаараа дэлхийн эдийн засгийн өсөлтийг хойш татаж, инфляцыг хөөргөдөж, үйлдвэрлэлийн өртгийг нэмэгдүүлж, уур амьсгалын эсрэг зорилтуудыг замаас нь хазайлгах боломжтой аж. Одоо үүсээд буй үнийн уналт, хөрөнгө оруулалтын дутагдал нь эрсдэлийг улам нэмж байна.
8
“Moody’s” металл, уул уурхайн салбарын төлөвийг “Тогтвортой”-оос “Сөрөг” болгож бууруулав
Moody’s: Суурь металл үйлдвэрлэгч компаниудын EBITDA ирэх нэг жилд буурах төлөвтэй
“Moody’s” дэлхийн хэмжээнд металл, уул уурхайн салбарын төлөвийг “Тогтвортой”-оос “Сөрөг” болгож буурууллаа.
Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, металлуудын эрэлт буурснаар зэс, никель, хөнгөн цагаан, цайр зэрэг суурь металл үйлдвэрлэгчдийн ашиг дараагийн нэг жилд буурна гэж үзсэн байна.
“Moody’s”-ээс өндөр үнэлгээ авсан компаниудын татвар, хорогдлын өмнөх ашиг цар тахлын өмнөх үеэс өндөр байх хэдий ч 2022 оны эхээр хүрсэн дээд түвшнээсээ доогуур байх төлөвтэй байгаа бөгөөд үүнд металлын үйлдвэрлэлийн зардал нэмэгдсэн ч үнэ буурсан нь нөлөөлнө гэж үзжээ.
9
Английн Төв банк бодлогын хүүгээ дахин 0.5 нэгж хувиар өсгөлөө
Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ огцом өсгөхөөр болсны дараа бусад улсын Төв банкнууд ч бодлогын хүүгээ өсгөж байна
Английн Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувьд хүргэж, нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр тус банк өнгөрсөн оны 12 дугаар сард мөнгөний бодлогоо чангатгах шийдвэр гаргаснаас хойш долоо дахь удаагаа дараалан бодлогын хүүгээ нэмж байна.
Түүнчлэн Английн Төв банкны Мөнгөний бодлогын хорооноос инфляц 13 хувьд тогтворжино гэсэн төсөөллөө бууруулж, 11 хувь болгожээ. Учир нь эрчим хүчний хямралын үед дэмжлэг үзүүлэх Ерөнхий сайд Лиз Трассын төлөвлөгөөний үр дүнд эдийн засгийн уналтын эрсдэл багасна гэж үзсэн байна.
10
Япон улс аялал, жуулчлалын ихэнх хязгаарлалтуудаа ирэх сараас цуцална
Япон улс өдөрт хүлээн авах жуулчдын тоонд тогтоосон хязгаарыг хүчингүй болгохын зэрэгцээ өмнө нь зөвхөн аяллын группт багтан тус улсад зорчих боломжтой байсныг цуцаллаа
Япон улс аравдугаар сарын 11-нээс цар тахалтай холбоотой ихэнх хилийн хязгаарлалтуудаа цуцалж, аялал, жуулчлалын салбараа сэргээхээр болсныг тус улсын Ерөнхий сайд Фүмио Кишида пүрэв гарагт Нью-Йорк хотод болсон хэвлэлийн хуралд оролцохдоо мэдээллээ.
Тодруулбал: өдөрт хүлээн авах жуулчдын тоонд тогтоосон хязгаарыг хүчингүй болгохын зэрэгцээ өмнө нь зөвхөн аяллын группт багтан Японд зорчих боломжтой байсныг цуцалж, бие даан аялж буй жуулчдыг чөлөөтэй хүлээн авахаар болсон байна. Түүнчлэн визгүй зорчих боломжтой орнуудын иргэд Японд аялахад нээлттэй болжээ.