1
Молдавд хүнд өвөл болно
Инфляци огцом өсч, Орос байгалийн хийг тасалж магадгүй гэсэн болгоомжлол дунд Молдавыг хүндхэн өвөл хүлээж байна гэж тус улсын Ерөнхий сайд Евроньюс Румынд ярьжээ. Өнгөрсөн жил ерөнхий сайдаар сонгогдсон Наталья Гаврилита Молдов нь 100 хувь Оросын байгалийн хийнд хамааралтайг онцолж, Газпром үйл ажиллагаагаа бүтэн зогсоохоос эмээж буй талаар ярьсан юм. Украйны дайнаас ч өмнө Молдав улс ядуу буурай орнуудын тоонд ордог байсан. Өнгөрсөн наймдугаар сард инфляцийн түвшин 34 хувиар өссөнөөс болж тус улсын эдийн засаг хямралд орсон юм. Байгалийн хийн үнийн өсөлт тус улсын иргэд болон засгийн газарт хүнд тусч байгаа тул энхийг сахиулах замыг сонгож, аль нэг талыг баримтлахгүй гэв. Гэвч Украины адил Молдав улс Европын холбоонд элсэх хүсэлтээ илгээсэн билээ.
2
Хатан хааны таяг дээрх эрдэнэсийг Африкт буцааж өг гэв
Хатан хаан II Элизабетын таяганд шигтгэсэн очир алмаазыг Өмнөд Африкт буцааж өгөхийг уриалжээ. Куллинан-1 нэртэй энэ эрдэнэсийг 1905 онд Өмнөд Африкт олборлож, Британийн хааны гэр бүлд шилжүүлэн өгсөн гэж үздэг. Гэвч Их Британи үнэт эдлэлийг хууль бусаар олж авсан гэж олон хүн үзэж байна.
Эрдэнэсийг эх оронд нь буцааж, музейд тавихыг хүссэн өргөдөлд 6000 гаруй хүн гарын үсэг зуржээ. Өмнөд Африкийн парламентын гишүүн Вуёлветху Зунгула учирсан бүх хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардсан. Твиттерт ч бас хүмүүс сэтгэгдлээ бичсээр байна.
3
АНУ-ын дэд ерөнхийлөгчийн гэр рүү цагаачдыг илгээжээ
Цагаачид болон орогнол хүсэгчдийг тээвэрлэж явсан хоёр автобус АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрисын Вашингтон хот дахь гэрийн ойролцоо ирэв. Үүнийг Бүгд найрамдах намынхны сонгуулийн өмнөх цагаачдыг “улс төрийн гар хөл” болгон ашиглах оролдлого гэж ажиглагчид шүүмжилсэн байна. Колумб, Куба, Гайана, Никарагуа, Панам, Венесуэлээс ирсэн 100 цагаачийг Харрисын оршин суух газрын ойролцоо буулгасан гэж Техас мужийн Бүгд найрамдах намын захирагч Грег Эббот хийсэн мэдэгдэлдээ дурджээ.
4
Сураггүй болсон оюутнуудын хэргээр цэргийн албан хаагчдыг баривчилжээ
Мексикийн эрх баригчид 2014 онд 43 оюутан сураггүй алга болсонтой холбоотой гэж тэтгэвэртээ гарсан армийн хурандаа болон өөр хоёр цэргийн албан тушаалтныг саатуулсан гэж засгийн газрын өндөр албан тушаалтан мэдэгдлээ.
Аюулгүй байдлын дэд сайд Рикардо Межиа засгийн газраас холбогдох цэргийн дөрвөн албан тушаалтныг баривчлах тушаал гаргасан гэж мэдэгдэв.
Айотзинапа багшийн коллежийн оюутнуудыг хулгайлсан гэх хэргийн гол гурван хүнийг баривчилсан гэж орон нутгийн мэдээллийн хэрэгслээр зарлажээ.
5
Оросын ухарсан бүс нутгаас олон тооны булш олдов
Украины эрх баригчид зүүн хойд хэсэгт орших Изюм хотын ойролцоох ойгоос олон тооны булшийг олжээ. Тус бүс нутаг Оросын эрхшээлд байсан ч Украин газар нутгаа эргүүлэн авснаас хойш хэд хоногийн дараа булшнууд олдсон байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский үг хэлэхдээ 440 орчим цогцос оршуулгын газраас олдсон тухай мэдэгдэв.
Шинжилж үзэхэд, зарим нь буудуулсан эсвэл агаарын дайралтад өртөж амиа алдсан гэж бүс нутгийн цагдаагийн албаны хүн мэдэгдэв.
6
"G7": ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг хэвээр үлдээв
"G7" бүлгийн худалдааны сайд нар Оросын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг хэвээр үлдээхээр тохиролцлоо. Сайд нар Берлинд уулзалдсан байна. Тэдний гол мөрийн хөтөлбөр нь Украины эсрэг Орос улс ямар ч үндэслэлгүй хууль бус түрэмгийллийг зогсоох гэж нэрлэсэн юм.
Сайд нар Москваг түрэмгийллээс нь ашиг олохгүйн тулд хүчин чармайлтаа үргэлжлүүлж, өргөжүүлнэ гэж мэдэгдэв.
Мөн худалдаа наймааны журмаар Украиныг сэргээхэд дэмжлэг үзүүлэхээ амлав. Сайд нар хамтын асуудлаа шийдвэрлэхийн тулд олон улсын худалдааны дүрмийг илүү хүчтэй болгох хүчин чармайлтаа эрчимжүүлэх болно гэдгээ баталжээ. Үүнд албадан технологи шилжүүлэх, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд таатай нөхцөл олгох зэрэг орно. Ийм санаа зовоосон асуудал нь Хятадтай холбоотой гэж ажиглагчид үзэж байна.
7
Хонгконгчууд хатан хааны араас гашуудсан шалтгаан
Хонгконгчууд хатан хаан II Элизабетэд хүндэтгэл үзүүлэхээр Их Британийн консулын газрын гадаа жагсчээ. 2500 гаруй жагсагч 33 хэмийн халууныг үл ажран цэцэг, жаазтай гэрэл зураг барин жагсав.
Хятад улс 2020 оны зургадугаар сард ардчиллыг дэмжигчдийн эсэргүүцлийн жагсаалыг дарах зорилгоор үндэсний аюулгүй байдлын тухай хууль гаргаснаар олон нийтийн цугларалт харьцангуй ховор болсон. Хонгконгийн засгийн газар хатан хаанд зохих ёсоор хүндэтгэл үзүүлэхгүй байгаад иргэд бухимдалтай байгаагаа илэрхийлжээ. “Колончлолын үед, тэр дундаа 1970,80-аад онд Их Британи улс Хонгконгийн хөгжилд багагүй хувь нэмэр оруулсан” гэж нэгэн жагсагч хэлэв. Тухайн үед Хонгконгод нийтийн орон сууц, тээврийн дэд бүтэц анх удаа бий болсон.
Гаднаас нь харахад энэ жагсаал сөргөлдөөн мэт харагдахгүй. Учир нь Хятадын удирдагч Ши Жиньпин болон Хонгконгийн төлөөлөгч Жон Ли хэн хэн нь албан ёсоор Их Британид эмгэнэлээ илэрхийлсэн. Гэхдээ далд илэрхийлэл нь ардчиллыг дэмжигчдийн жагсаалыг эргэн сануулж, Хятадын нэг намын засаглалыг эсэргүүцэж буй хэлбэр аж.
8
АНУ Карибын бүс нутагт дэмжлэг үзүүлнэ
АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис эрчим хүчний аюулгүй байдал, санхүүгийн хүртээмж, хүнсний аюулгүй байдлыг дэмжих зорилгоор Карибын тэнгисийн нийгэмлэгийн удирдагчдыг Вашингтон хотноо хүлээн авч уулзжээ.
Карибын бүс нутагт хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор АНУ-ын Засгийн газар эрчим хүчний техникийн тусламжийн багц боловсруулахаар болсныг Харрис Дэд ерөнхийлөгч мэдээлсэн байна.
9
Дэлхий дахинд хүнсний хомсдол үүсээд байна
Орос, Украины дайны улмаас дэлхий дахинд хүнсний хомсдол үүсч, ядуурлын түвшин нэмэгдэж, өлсгөлөн нүүрлээд байгааг НҮБ-ын мэдэгдэлд дурджээ.
Мэдэгдэлд одоогоор дэлхийн 45 орны 345 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюулд орсныг онцолсон байна.
Дайнаас өмнө Орос, Украин хоёр дэлхийн үр тариа, ургамлын тосны зах зээлд тэргүүлэх байр суурийг эзэлдэг нийлүүлэгч орнууд байсан. Харин дайны улмаас Украины үр тарианы экспорт, Оросын бордооны экспорт тасалдахад хүрээд байгаа юм.
Үүнээс шалтгаалан хүнсний хангамж саатаж, дэлхий дахинд хүнсний хомсдол бий болоод байгаа. Түүнчлэн дайны улмаас шатахууны үнэ, далайн болон газрын тээврийн үнэ, бордооны үнэ зэрэг нэмэгдсэн.
10
Орос, Хятадын хамтарсан цэргийн сургуулилалт боллоо
ОХУ болон БНХАУ хамтарсан цэргийн сургуулилалт хийж байгаагаа пүрэв гарагт зарлалаа. Тус сургуулилалт Номхон далайн бүсэд болсон байна.
Энэ талаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд пүрэв гарагт мэдэгдсэн юм. Хоёр улсын байлдааны хөлөг онгоцууд Номхон далай болон Ангийн тэнгист эргүүлд гарч, бэлтгэл сургуулилалт хийсэн байна. Энэ үеэр байлдааны хөлгүүд туршилтаар гал нээж, мөн хөлгийн тавцангаас нисдэг тэрэг хөөргөх, хөлөг хооронд холбоо тогтоох зэргээр сургуулилалт хийсэн байна.