Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.15

2022-09-15, 10:13
1,425

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. “Instagram” өрсөлдөгч “BeReal” платформтой төстэй тохиргоо туршиж байна, Украин эргүүлэн авсан бүс нутагтаа аюулгүй байдлыг тогтворжуулж байна, Европын холбооны цахилгаан эрчим хүчний хэрэглээг 5 хувиар бууруулна зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.15
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Английн хатан хааны гэр бүл 18 тэрбум фунт стерлингийн хөрөнгө өвлөж авна

Хааны гэрээслэлийг хэзээ ч олон нийтэд зарладаггүй. Энэ нь өөд болсон хатан хааны хувийн эд хөрөнгийг хэн өвлөж авах нь гэр бүлийн нууц хэвээр үлдэнэ гэсэн үг юм.

Форбес сэтгүүлийн үзэж байгаагаар талийгаач хатны үнэт эдлэл, уран зургийн цуглуулга, хөрөнгө оруулалт, Шотландын Балморал шилтгээн, Норфолк дахь Сандрингэм хаус зэрэг хоёр орон сууц зэргээс бүрдсэн хувийн хөрөнгө нь 500 сая ам.доллароор үнэлэгддэг аж. Хатан хаан эдгээр өмчөө  эцэг VI Жорж хаанаас өвлөн авсан юм. Гэвч хааны гэр бүлийн баялгийн дийлэнх хэсэг буюу дор хаяж 18 тэрбум фунт стерлингийн (21 тэрбум ам.доллар) газар нутаг, өмч хөрөнгө, хөрөнгө оруулалт нь шинэ хаан Чарльз болон түүний өв залгамжлагч руу шилжих юм. Өв дамжих зүйлс, үл хөдлөх хөрөнгүүд нь Британийн хаан ширээг залгамжлах ханхүү Уильямыг илүү баян хүн болгож байна.

Английн хатан хааны гэр бүл 18 тэрбум фунт стерлингийн хөрөнгө өвлөж авна

2 Европын холбооны цахилгаан эрчим хүчний хэрэглээг 5 хувиар бууруулна

Европын холбооны /ЕХ/ тэргүүн Урсула фон дер Лейен өндөр үнийг даван туулахын тулд эвсэл даяар цахилгаан эрчим хүчний хэрэглээ болон тус салбарын компаниудын гэнэтийн ашгийн татварыг бууруулахыг уриалав.

Тэрбээр  Европын парламентад, Орос Украинд түрэмгийлсний дараа хий, цахилгааны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрсэн гэдгийг онцоллоо. Мөн инфляцын оргил үед цахилгааны хэрэглээг дор хаяж 5 хувиар бууруулахыг уриалав.

Дэлхийн эрчим хүчний ханган нийлүүлэгч Орос улс түрэмгийллийн хариуд хориг арга хэмжээ авсан ЕХ-той эдийн засгийн тэмцэлд орсон. Түрэмгийлэхээс өмнө ЕХ-ны импортын хийн 40 хувийг Орос бүрдүүлдэг байв.  Энэ тоо түүнээс хойш 10 хувь хүртэл буурчээ.

Европын холбооны цахилгаан эрчим хүчний хэрэглээг 5 хувиар бууруулна

3 “Instagram” өрсөлдөгч “BeReal” платформтой төстэй тохиргоо туршиж байна

"Instagram" олон нийтийн сүлжээний шинэ платформ болох "BeReal"-тэй төстэй шинэ тохиргоо туршиж байна. "BeReal"-ийн хэрэглэгчид өдөр бүр нэг тогтсон цагт өөрсдийн зургийг найзуудтайгаа хуваалцдаг. "Instagram" үүнтэй адилхан тохиргоог нэвтрүүлэхээр туршиж байгааг эх сурвалж мэдээллээ.

"Meta"-ийн эзэмшдэг "Instagram" болон "Facebook" платформууд өмнө нь "Snapchat"-ийн "Story" хэсэгтэй төстэй тохиргоог нэвтрүүлж байсан юм. Мөн "TikTok"-ийн богино хэмжээний видеог хуулбарлаж байжээ.

“Instagram” өрсөлдөгч “BeReal” платформтой төстэй тохиргоо туршиж байна

4 Украин эргүүлэн авсан бүс нутагтаа аюулгүй байдлыг тогтворжуулж байна

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын хяналтаас чөлөөлөгдсөн газар нутгийг тогтворжуулах арга хэмжээ урагшилж байгааг онцоллоо. Украины цэргүүд зүүн хэсгийн Харьков мужид сөрөг довтолгоогоо эрчимжүүлж байна. Батлан ​​хамгаалахын дэд сайд Ханна Малиар өчигдөр бүс нутгийг бүхэлд нь чөлөөлөх шийдвэр гаргаж байгаагаа илэрхийлэв.

Украины арми мөн өмнөд хэсэгт тулалдаж байна. АНУ-ын Дайны судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр "Украины хүчин Херсон мужид үр дүнтэй ялалт байгуулсан ба  тус бүс нутаг дахь Оросын армийн морал, байлдааны чадварыг байнга доройтуулж байна" гэжээ.

Украин эргүүлэн авсан бүс нутагтаа аюулгүй байдлыг тогтворжуулж байна

5 Твиттерийн хувьцаа эзэмшигчид 44 тэрбумын гэрээг зөвшөөрөв

Твиттерийн хувьцаа эзэмшигчид Элон Маскийн 44 тэрбум ам.долларын гэрээг зөвшөөрчээ. Сан Франциско дахь төв оффисын хөрөнгө оруулагчид богино хэмжээний бага хурал хийх үеэр энэ шийдвэрийг гаргав. Тиймээс Твиттер компани одоо шүүхээр дамжуулан Элон Маскийг компанийг худалдаж авахыг шаардах болно.

Твиттер компани болон дэлхийн хамгийн баян хүн Элон Маск нар дөрөвдүгээр сард 44 тэрбумын гэрээгээ тохиролцсон. Гэвч платформ дээрх спам болон бот хаягуудын талаарх мэдээллийг Элон Маскт өгөөгүй гэсэн үндэслэлээр хэлэлцээрээсээ татгалзжээ. Твиттер дэх идэвхтэй хэрэглэгчдийн тав хүрэхгүй хувь нь хуурамч хаяг гэж тус платформоос мэдэгдсэн. Харин Элон Маск үүнийг хэд дахин илүү байж магадгүй гэж үзэж байна. Тавдугаар сард Маск компанийг худалдаж авахгүй гэж мэдэгдсэн боловч Твиттер компани хүлээн зөвшөөрөөгүй юм.

Твиттерийн хувьцаа эзэмшигчид 44 тэрбумын гэрээг зөвшөөрөв

6 “Honda” 2025 он гэхэд цахилгаан мотоцикл үйлдвэрлэнэ

“Honda Motors” нүүрстөрөгчийг саармагжуулах хүчин чармайлтынхаа хүрээнд мотоциклийг цахилгаанжуулах ажлыг үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв. Дэлхийн хамгийн том мотоцикл үйлдвэрлэгч компани  2025 он гэхэд 10 ба түүнээс дээш цахилгаан загвар гаргахаар төлөвлөж байгаагаа өчигдөр зарлалаа.

"Honda Motor"-ын гүйцэтгэх дэд Ерөнхийлөгч Такеучи Кохэй  "Мотоцикл нүүрстөрөгчийн хийг ялгаруулахгүй байхын тулд янз бүрийн асуудалтай тулгардаг. Гэхдээ бид шилдэг үйлдвэрлэгчийн байр сууриа хадгалахын тулд цахилгаанжуулалтыг дэмжих болно" гэв.

“Honda” 2025 он гэхэд цахилгаан мотоцикл үйлдвэрлэнэ

7 Японд тэмбүүгийн тохиолдол 10 мянгад дөхжээ

Энэ жил Японд тэмбүүгийн тохиолдлын тоо эрс нэмэгдэж, 2021 оны нийт өвчлөлөөс давсан тоо баримт үзүүлэв. Тэмбүү нь ихэвчлэн бэлгийн замаар дамждаг бактерийн халдвар юм. Өвчин авсан хүмүүст ямар ч шинж тэмдэг илрэхгүй ба хүндэрсэн тохиолдолд аюултай. Хэрэв эмчлэхгүй бол өвчтөнд тархи эсвэл зүрхний ноцтой асуудал үүсэж болно.

Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр нэгдүгээр сараас есдүгээр сарын 4-ний хооронд 8155 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.7 дахин их буюу 1999 онд харьцуулж болохуйц мэдээлэл гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Японд тэмбүүгийн тохиолдол 10 мянгад дөхжээ

8 Оросын далд улс төрийн санхүүжилтийг АНУ анхааруулав

"Олон улсын хориг арга хэмжээг сулруулж, Москвагийн гадаад дахь нөлөөг хадгалахын тулд Орос улс ойрын үед далд улс төрийн санхүүжилтэд шилжинэ" гэж АНУ анхааруулав. Бусад орны улс төрд нөлөөлөх гэсэн Оросын оролдлогыг АНУ-ын тагнуулын мэдээлэлтэй холбон албаны хүн ийн мэдээлжээ.

Тагнуулын мэдээллээс харвал ОХУ 2014 оноос 20 гаруй орны улс төрийн нам, албан тушаалтан, улстөрчдөд 300 гаруй сая ам.доллар шилжүүлжээ. “Энэ бол мөсөн уулын зөвхөн орой. Хэт барууны үзэлтэй улс төрийн намуудыг дэмждэг судалгааны төвүүдийг санхүүжүүлэх нь ардчиллыг дотроос нь залилах оролдлого. Бид энэ аюулын талаар илүү их мэдээлэл цуглуулахын тулд холбоотнууд болон түншүүдтэйгээ хамтран ажиллаж байна” гэж албаны хүн хэлэв. Оросын энэ арга аль орнуудад чиглэж байгааг тэр тодорхой хэлсэнгүй. Түүнчлэн Оросын мөнгийг нууцаар хүлээн авбал АНУ үүнийг илчлэх болно гэдгээ гадаадын нам, улстөрчдөд анхаарууллаа.

Оросын далд улс төрийн санхүүжилтийг АНУ анхааруулав

9 Хар салхинаас болж Шанхайн нислэгүүд цуцлагдлаа

Шанхай хотын олон улсын хоёр нисэх онгоцны буудал руу чиглэсэн бүх нислэг хүчтэй хар салхины аюулаас сэргийлэхийн  тул цуцлагджээ. Муйфа хар салхи энэ онд эх газрын Хятадыг дайрсан 12 дахь хар салхи байх бөгөөд эрх баригчид энэ хар салхи хамгийн хүчтэй байх төлөвтэйг онцлов. Далайн эрэг орчмын бүсүүд шуургыг урьдчилан таамаглаж байсан тул хэдэн арван нислэг хойшлогдсон байв.

Хар салхинаас болж Шанхайн нислэгүүд цуцлагдлаа

10 АНУ-ын Холбооны шүүх “Turquoise Hill Resources”-ийн эсрэг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов

2020 оны X сард “Pentwater Capital Management” тэргүүтэй хөрөнгө оруулалтын сангууд “Turquoise Hill Resources” болон тус компанийн удирдах гурван албан тушаалтны эсрэг шүүхэд гомдол гаргасан юм.

АНУ-ын Холбооны шүүх “Pentwater Capital Management”-ээс гаргасан бүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон талаар “Turquoise Hill Resources” компани мэдээллээ.

2020 оны аравдугаар сард “Pentwater Capital Management” тэргүүтэй хөрөнгө оруулалтын сангууд “Turquoise Hill Resources” болон тус компанийн удирдах гурван албан тушаалтны эсрэг шүүхэд гомдол гаргасан байна. Тухайн үед “Оюу Толгой”-ийн гүний уурхайн төслийн бүтээн байгуулалт, зардлын талаар хөрөнгө оруулагчдад ташаа мэдээлэл түгээж, хууль зөрчсөн хэмээн шүүхэд өгч байсан юм.

АНУ-ын Холбооны шүүх “Turquoise Hill Resources”-ийн эсрэг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()