Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.19

2022-08-19, 10:05
1,542

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. “Apple” компани iPhone-ийн шинэ загвараа танилцуулна, Ши Жиньпин байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээгээ эрчимжүүлэхийг анхааруулав, “TikTok” инфлюнсерүүдийг улс төрийн зорилготой төлбөртэй контент нийтлэхийг хориглоно зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.19

1 “Apple” компани iPhone-ийн шинэ загвараа танилцуулна

Шинэ загвараа танилцуулах арга хэмжээг 9 дүгээр сарын 7-нд хийхээр төлөвлөж байгааг эх сурвалж мэдээллээ.

Үүнээс гадна “MacBook”, “iPad” болон гурван төрлийн “Apple Watch” танилцуулах төлөвтэй байна. “Apple” шинэ бүтээгдэхүүнээ танилцуулаад 10 гаруй хоногийн дараа албан ёсоор худалдаанд гаргадаг уламжлалтай. Тус компанийн борлуулалтын талаас илүү хувийг “iPhone” бүрдүүлдэг.

“Apple” компани iPhone-ийн шинэ загвараа танилцуулна

2 Ши Жиньпин байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээгээ эрчимжүүлэхийг анхааруулав

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин ган гачгийн улмаас эрчим хүчний нийлүүлэлт тасалдаад буй бүс нутгуудын асуудлыг яаралтай шийдэхийг орон нутгийн захиргаануудад уриаллаа.

БНХАУ-ын өмнөд хэсэгт үргэлжилж буй хэт халалт усан цахилгаан станцуудад хүндээр нөлөөлж байгаа аж. Эрчим хүчний хомсдолын улмаас Сычуань мужийн хэд хэдэн үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон байна. 

Ши Жиньпин байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээгээ эрчимжүүлэхийг анхааруулав

3 БНЭУ нүүрсний цахилгаан станцуудаа хаах хугацааг хойшлуулж магадгүй

БНЭУ-ын Засгийн газар хуучны нүүрсний цахилгаан станцуудын ашиглалтаас гарах хугацааг хойшлуулахаар судалж байна.

Энэ нь нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилтыг хойш татах эрсдэлтэй аж. 2030 он хүртэл одоо байгаа нүүрсний цахилгаан станцуудын хүчин чадлыг ердөө таван гегаватт орчмоор бууруулах саналыг албаныхан хэлэлцэж байгааг эх сурвалж мэдээллээ. Үүнтэй харьцуулахад хүчин чадлыг 25 гегаватт бууруулах төлөвлөгөөг 2020 онд баталж байжээ.

БНЭУ нүүрсний цахилгаан станцуудаа хаах хугацааг хойшлуулж магадгүй

4 “TikTok” инфлюнсерүүдийг улс төрийн зорилготой төлбөртэй контент нийтлэхийг хориглоно

АНУ-ын сонгууль дөхөөд байгаатай зэрэгцэн “TikTok” инфлюнсерүүдийг улс төрийн зорилготой төлбөртэй контент нийтлэхийг дахин хориглохоор боллоо.

Энэ хүрээнд платформ дээрх улс төрийн зорилготой бүх контентыг устгана. Харин улс төр эсвэл сонгуультай холбоотой органик контентуудыг үлдээх юм байна.

“TikTok” инфлюнсерүүдийг улс төрийн зорилготой төлбөртэй контент нийтлэхийг хориглоно

5 Запорожийн атомын цахилгаан станц орчмыг дахин бууджээ

Оросын цэргүүдийн хяналтад байгаа Запорожийн атомын цахилгаан станц руу даваа гарагт ахин буудсан байна. Хоёр тал үүнд харилцан бие биеэ буруутгасаар байгаа юм.

Оросын Тасс мэдээллийн агентлаг станц байрладаг Энергодар хот болон атомын цахилгаан руу украины цэргийнхэн америкийн М-777 их буугаар 25 шахам удаагийн хүнд их бууны цохилт өгсөн гэж мэдээлсэн байна.

Запорожийн атомын цахилгаан станц орчмыг дахин бууджээ

6 Европт байгалийн хийн үнэ шинэ дээд түвшинд хүрэв

Эрчим хүчний хямрал үргэлжилж буй энэ үед Европт байгалийн хийн үнэ шинэ дээд түвшинд хүрлээ. Энэ нь байгалийн хийн үнэ аж үйлдвэр, эрчим хүчний хэрэглээнд хэтэрхий өндөр өртөгтэй болох дохио болж байна.

Европт байгалийн хийн үнэ шинэ дээд түвшинд хүрэв

7 ДЭМБ сармагчны цэцэг өвчний шинэ нэршилд олон нийтээс санал хүлээж авна

Энэ оны 5 дугаар сараас дэлхий даяар тархаж эхэлсэн сармагчны цэцэг өвчний нэршлийг солих ажлыг ДЭМБ эхлүүлээд байгаа. Энэ хүрээнд олон нийтээс шинэ нэрийн саналыг хүлээж авах тусгай холбоос бий болгосноо зарласан байна.

Тодруулбал сармагчны цэцэг гэгдэж байгаа өвчний одоогийн нэршил арьс өнгөөр гадуурхах эсвэл амьтдад хор хөнөөл учруулах аливаа сэдэл шалтгаан төрүүлэх вий гэдэг болгоомжлолын үүднээс шинэ нэр хайх ажил эхэлжээ. Урьд нь Баруун болон Төв Африкийн зарим улсад зөвхөн дэлгэрч байсан энэ вирус энэ оны 5 дугаар сараас өрнөдийн орнуудад тархаж эхэлснээр дэлхийн олон нийтийн анхаарлын төвд орсон билээ. 

ДЭМБ сармагчны цэцэг өвчний шинэ нэршилд олон нийтээс санал хүлээж авна

8 НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун Украинд очжээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун, Колумбийн Ерөнхийлөгч Мигель Сантос нар энэ сарын 16-ны өдөр Украинд Ерөнхийлөгч Зеленскийтэй уулзжээ. Үүний өмнө тэд өнгөрөгч 3 дугаар сарын сүүлээр оросын цэргүүд орхин гарсны дараа олон энгийн иргэд үрэгдсэн байдалтай олдсон Буча хотод очсон байна.

Ер нь Украинтай эв санаа нэгтэй байгаагаа харуулах зорилгоор тус улсад айлчилж байгаа олон улсын өндөр албаныхан бүгд шахам нийслэл Киевээс зүүн хойш холгүй байдаг энэ хотод очиж заншиж байгааг хэвлэлүүд онцолж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун Украинд очжээ

9 АНУ болон БНСУ хамтарсан цэргийн сургуулилалт хийнэ

Хойд Солонгосын зүгээс цөмийн аюул занал нэмэгдэж байгаа үед улсынхаа цөмийн тогтоон барих хүчийг ашиглах бодол засгийн газарт нь байхгүй гэдгийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёль мэдэгдлээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн албан тушаалд орсныхоо 100 дахь өдрөөр Сөүлд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдлээ.

Хойд Солонгосыг зэвсгийн хөтөлбөрөө эрчимжүүлж байгаатай холбоотойгоор түгшүүртэй байдал даамжирсан нөхцөлд хоёр улсын хооронд бат бөх энх тайван тогтоох дипломат хүчин чармайлтууд хэрэгжүүлэхийг Ерөнхийлөгч Юн Сок Ёль санал болгосон байна.

АНУ болон БНСУ хамтарсан цэргийн сургуулилалт хийнэ

10 АНУ-ын Ерөнхийлөгч инфляцыг бууруулахад чиглэсэн хуульд гарын үсэг зурав

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден чинээлэг иргэдээс татах татварыг өсгөхийн сацуу уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, иргэдийн эрүүл мэндийн зардлыг бууруулахад чиглэсэн хуульд гарын үсэг зурлаа. 740 тэрбум америк доллар өртөг бүхий энэ хууль энэ намар болох завсрын сонгуулийн босгон дээр Ардчилсан намд чамгүй дэм болно гэж тооцоолж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч инфляцыг бууруулахад чиглэсэн хуульд гарын үсэг зурав

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()