Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.16

2022-08-16, 08:40
1,842

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Япон улсын эдийн засаг сэргэж цар тахлын өмнөх түвшинд хүрчээ, Хятадын төрийн өмчит 5 компани Нью-Йоркийн хөрөнгийн биржийг орхихоо мэдэгдэв, Орос улс Хойд Солонгостой харилцаагаа өргөжүүлэхээ амлалаа зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.16
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 АНУ-ын конгрессийн гишүүд Тайваньд гэнэтийн айлчлал хийж байна

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд гэнэтийн айлчлал хийснээс хойш 12 өдрийн дараа тус улсын хууль тогтоогчид урьдчилан зарлалгүйгээр Тайваньд 2 өдрийн айлчлал хийхээр өчигдөр Тайпей хотноо ирсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Тодруулбал, АНУ-ын конгрессын танхимын хоёр намын бүлгээс бүрдсэн 5 гишүүн Ази-Номхон далайн бүсийн орнуудаар хийх айлчлалын хүрээнд өчигдөр Тайваны нийслэл Тайпей хотноо газарджээ. Массачусетс мужаас сонгогдсон ардчилсан намын гишүүн Ээд Марки тэргүүтэй төлөөлөгчдийн Тайваньд хийж байгаа гэнэтийн айлчлалаар АНУ Тайваныг дэмжиж байгааг дахин нотлох, Тайваны хоолойн тогтвортой байдал, энх тайвныг дэмжих зорилготой гэж мэдэгджээ.

АНУ-ын конгрессийн гишүүд Тайваньд гэнэтийн айлчлал хийж байна

2 Хятадын төрийн өмчит 5 компани Нью-Йоркийн хөрөнгийн биржийг орхихоо мэдэгдэв

Нью-Йоркийн хөрөнгийн биржид хувьцаа нь арилжаалагддаг компаниудын бүртгэлээс гарах тухайгаа Хятадын төрийн өмчит таван компани зарлалаа. АНУ биржийн журмаа чангатгасан нь ийм алхам хийх шалтгаан болсон гэж тус таван компани баасан гарагт мэдэгдсэн байна.

Хятадын төрийн өмчит 5 компани Нью-Йоркийн хөрөнгийн биржийг орхихоо мэдэгдэв

3 “Langya” вирус – Мөсөн уулын зөвхөн орой нь уу?

Хятадын зүүн хэсгийн Шаньдун, Хэнань мужуудад 35 хүнээс “Langya” нэртэй шинэ вирус илэрсэн. Энэ нь 2018-2021 оны хооронд илэрсэн тохиолдлын тоо юм. Уг шинэ вирусний талаар илүү их тандалт судалгаа хийх шаардлагатайг эрдэмтэд онцолж байна. Дараагийн тахал өвчний эх үүсвэр болохгүй байж магадгүй ч амьтнаас хүнд амархан дамждаг нь анхаарал татаж буй. “Langya henipavirus” нэртэй уг вирус олон янзын орчинд амьдрах чадвартай бөгөөд жижиг хөхтөн амьтдаас хүнд халдсан байж болзошгүй. Одоогоор халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь тариачид байна. Нас баралт бүртгэгдээгүй хэдий ч өвчтөнүүдэд халуурах шинж тэмдэг илэрчээ.

“Langya” вирус – Мөсөн уулын зөвхөн орой нь уу?

4 Япон улсын эдийн засаг сэргэж цар тахлын өмнөх түвшинд хүрчээ

Азидаа эдийн засгаараа 3 дугаарт эрэмбэлэгддэг Япон улсын эдийн засаг сэргэж, цар тахлын өмнөх үеийн түвшиндээ хүрсэн тухай Токиогийн хэвлэлүүд өнөөдөр онцолж байна. 2022 оны санхүүгийн 2 дугаар улирал буюу өнгөрсөн 4-өөс 6-р сард, Япон улсын эдийн засаг 2,2 хувьд хүрч өсжээ.

Тодруулбал, Япон улсын засгийн газрын хэрэг эрхлэх газраас гаргасан эдийн засгийн төлөв байдлын талаарх тайланд дурдсанаар тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх улиралтай харьцуулахад 0,5 хувиар өсжээ. Харин жилийн дүнгээр нь авч үзвэл 2,2 хувиар өссөн нь Япон улсын эдийн засаг эргээд хэвийн горимдоо шилжиж байгааг илтгэж байна гэж эдийн засагчид дүгнэж байна.

Япон улсын эдийн засаг сэргэж цар тахлын өмнөх түвшинд хүрчээ

5 Сөүл Пёньянд эдийн засгийн "зоригтой" тусламж үзүүлнэ гэв

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёл өчигдөр Хойд Солонгост хандан цөмийн зэвсгийн хөтөлбөрөө орхивол эдийн засгийн "зоригтой" тусламж үзүүлнэ гэж мэдэгджээ. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Хойд Солонгосын талаас цар тахлын халдвар тус улсад тархсанд Сөүлийг буруутган, "үхлийн" хариу барихаар сүрдүүлсэн. Солонгосын хойгийг Японы эзлэн түрэмгийллээс чөлөөлсний ойг тэмдэглэн хэлсэн үгэндээ Юн Сук Ёл өнөөгийн Токиогийн засгийн газартай харилцаагаа илүү сайжруулахыг уриалсан бөгөөд хоёр орон дэлхийн хоёрдугаар дайны үеийн бараан түүхийг даван туулахыг хичээж буй ижил үнэт зүйлтэй гэж мэдэгджээ.

Сөүл Пёньянд эдийн засгийн "зоригтой" тусламж үзүүлнэ гэв

6 Орос улс Хойд Солонгостой харилцаагаа өргөжүүлэхээ амлав

Орос улс Хойд Солонгостой иж бүрэн, бүтээлч хоёр талын харилцаагаа өргөжүүлэхээ амласан гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв.

Пёньяныг чөлөөлөгдсөн өдөр Ким Жон Унд Путин захидал илгээсэн байна. Тус захидалд харилцаагаа өргөжүүлэх энэ алхам нь хоёр орны ашиг сонирхолд нийцнэ гэж мэдэгджээ. Хариуд нь Ким "Дэлхийн 2-р дайны үед Японыг ялснаар хоёр улсын найрамдал бэхэжсэн" гэж илгээсэн талаар албаны хүмүүс мэдэгдэв. Мөн хоёр орны нөхөрлөл бэхэжсэн талаар дурджээ.

Орос улс Хойд Солонгостой харилцаагаа өргөжүүлэхээ амлав

7 Лас Вегас хот үерт автсаны улмаас хоёр хүн нас баржээ

АНУ-ын Лас Вегас хотноо өнгөрсөн баасан гарагаас хойш орсон хүчтэй аадар бороо үер үүсгэж, хоёр хүн амь насаа алдав. Гудамж талбай, казино, үйлчилгээний газрууд үерт автсан ба галын аюулгүй байдлын албаныхан онцгой байдал зарлаад байна.

Үерийн улмаас амиа алдсан байж болзошгүй нэг хүний цогцсыг баасан гарагийн орой гал сөнөөгчид олжээ. Кларк дүүргийн гал түймэртэй тэмцэх албаны орлогч дарга Билли Самуэлс үхлийн шалтгааныг тодорхой мэдэхийн тулд ажиллаж байна гэв. 

Лас Вегас хот үерт автсаны улмаас хоёр хүн нас баржээ

8 Бөөрний донорын цусны бүлгийг өөрчлөх боломжтой болжээ

Цусны бүлэг өөр тохиолдолд бөөр шилжүүлэн суулгах боломжгүй. Тэгвэл эрдэмтэд донорын бөөрний цусны бүлгийг өөрчлөх боломжтой гэж үзэж байна. Ингэснээр олон өвчтөн бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орох боломжтой болно. Одоогийн байдлаар В бүлгийн цустай өвчтөнүүдэд асуудал хамгийн хурцаар тавигдаж байна. Энэ бүлгийн цусны хандивын хэмжээ хамгийн бага байдаг. Эрдэмтэд бөөрний цусыг О бүлэгт шилжүүлэх арга боловсруулжээ. О бүлгийн цусыг ямар ч төрлийн цусны бүлэгтэй өвчтөнд хэрэглэж болдог давуу талтай.

Бөөрний донорын цусны бүлгийг өөрчлөх боломжтой болжээ

9 Зөгий, эрвээхэй, сарьсан багваахай устсанаар дэлхийд хүнс хомсдоно

Дэлхий дахинд зөгийн тоо толгой буурч байна. АНУ-д сарьсан багваахайн талаас илүү хувь нь үгүй болж, алсдаа устах аюулд орсон амьтны тоонд оржээ. Түүнчлэн хаан эрвээхэй устаж үгүй болоход ойрхон болсныг олон улсын эрдэмтэд хэлж байна. Энэ гурван амьтан гурвуулаа тоос хүртээгчид гэдгээрээ нийтлэг шинж чанартай. Тэд байхгүй бол жимс, хүнсний ногоо болон бусад ургамал тоос хүртэхгүй учир бидний хүнсний хангамж томоохон асуудалтай тулгарч байна гэсэн үг. Бидний идэж буй хүнсний гуравны нэг нь тоос хүртээгчтэй шууд холбоотой аж. Эрвээхэй, зөгий, сарьсан багваахай нар бидний ширээн дээрх хүнсний 30 орчим хувийг бий болгодог.

Зөгий, эрвээхэй, сарьсан багваахай устсанаар дэлхийд хүнс хомсдоно

10 Сүмд гал гарч олон хүн нас баржээ

Египетийн нэгэн сүмд гал гарсны улмаас олон арван хүн амиа алджээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр нас барагсдын тоо 41-ээс багагүй байна. Мөн олон арван хүн шархадсан гэж мэдээлэв. Амиа алдагсдын дунд хүүхдүүд байгаа гэж үзэж байна.

Гиза дахь Копт Абу Сифин сүмд 5,000 сүсэгтэн мөргөл хийхээр цугларч байх үед цахилгааны гал гарсан гэж Ройтерс агентлагт мэдээлэв. 

Сүмд гал гарч олон хүн нас баржээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()