Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.15

2022-08-15, 09:19
1,693

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Украины гадаад өрийг хоёр жилээр хойшлуулав, Дональд Трампын гэрээс нууцын зэрэглэлтэй баримт бичгүүд илрүүлжээ, Япон улсад цар тахлын тархалт хамгийн өндөр байна зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.15
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дональд Трампын гэрээс нууцын зэрэглэлтэй баримт бичгүүд илрүүлжээ

Холбооны мөрдөх товчооны ажилтнууд даваа гарагт Ерөнхийлөгч асан Дональд Трампын Флорида дахь эдлэнд нэгжлэг хийсэн тухай ихээхэн дуулиан тарьсан. Тэгвэл энэ нэгжлэгийн үеэр хураагдсан бичиг баримтууд дундаас 11 багц нууц баримт бичиг, түүний дотор “маш нууц” зэрэглэл бүхий хэд хэдэн баримт гарсан болохыг нотолж, АНУ-ын хууль зүйн яам өнгөрсөн баасан гарагт уг материалуудын жагсаалтыг дэлгэсэн байна.

Дональд Трампын гэрээс нууцын зэрэглэлтэй баримт бичгүүд илрүүлжээ

2 Их Британийн Засгийн газар Английн зарим бүс нутаг ган гачигт автсаныг зарлав

Их Британийн засгийн газар хэт халуун цаг агаарын улмаас Английн нэлээд өргөн уудам бүс нутагт ган гачигт автсаныг зарлалаа. Улмаар усны хэрэглээг хязгаарлах асуудал яригдаж байгааг албаныхан мэдээлжээ.

Нийслэл Лондон хотыг хамруулсан энэ арга хэмжээ сүүлийн 4 жилийн хугацаанд энэ төрлийн анхных нь болж байна. Английн хэмжээнд 1935 оноос үзэгдээгүй хамгийн их хуурайшилттай 7 дугаар сар тохиосны дараахан ийм арга хэмжээ авч байна. Сүүлийн үед улсын хэмжээнд хэт халж, энэ амралтын өдрүүдэд нийслэл Лондон хотод гэхэд цельсийн 35 хэмд хүрч халах төлөвтэй байгаа аж.

Их Британийн Засгийн газар Английн зарим бүс нутаг ган гачигт автсаныг зарлав

3 БНЧУ-д Оросын нефтийн нийлүүлэлт сэргэжээ

“Дружба” хоолойгоор Чех рүү нийлдэг Оросын нефтийн урсгал баасан гарагийн оройноос сэргэсэн байна. Долоо хоног орчим гацаанд байсан нефтийн транзит тээврийн төлбөр хийгдсэнээр нийлүүлэлт ийн сэргэсэн талаар Чехийн нефть дамжуулах шугамыг хариуцагч МЕРО компаниас мэдээлжээ.

БНЧУ-д Оросын нефтийн нийлүүлэлт сэргэжээ

4 Украины гадаад өрийг хоёр жилээр хойшлуулав

Украины гадаадын зээлдүүлэгчид 20 тэрбум ам.долларын үнэ бүхий олон улсын бондын төлбөрийг хоёр жилийн хугацаанд царцаах тухай Киевийн хүсэлтийг дэмжсэн байна.

Украины гадаад өрийн 75 хувийг эзэмшигчид Киевийн саналыг хүлээн зөвшөөрсөн гэж баасан гарагт нийтэлсэн баримт бичигт дурджээ. Үүний дүнд Украин улс бараг 6 тэрбум доллар хэмнэх боломжтой болж байна. Энэ мөнгө бидэнд макро эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалж, эдийн засгийн тогтвортой байдлаа бэхжүүлэн, армийн хүчин чадлаа дээшлүүлэх боломж олгоно” гэж украины Ерөнхий сайд Денис Шмыгаль мэдэгдлээ.

Украины гадаад өрийг хоёр жилээр хойшлуулав

5 Япон улсад цар тахлын тархалт хамгийн өндөр байна

Дэлхийн хэмжээнд коронавирусний тохиолдол их бага хэмжээгээр бүртгэгдсээр байгаа боловч Япон улсад хамгийн өндөр байгаа аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байгаагаар Япон улс сүүлийн 3 долоо хоног дараалан шинэ тохиолдлын тоогоор тэргүүлж байна.

Тодруулбал, ДЭМБ-аас долоо хоног бүрийн лхагва гарагт коронавирусний талаарх тайлан мэдээллийг нийтэлжээ. Эндээс харахад 8 дугаар сарын 1-нээс 7-ны хооронд дэлхийн хэмжээнд шинээр 6,9 сая шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 3 хувиар өсжээ. Үүнээс зөвхөн Япон улсын хэмжээнд нийт шинэ тохиолдлын 20 хувийг эзэлж байна.

Япон улсад цар тахлын тархалт хамгийн өндөр байна

6 Херсон дахь орос цэргүүдийн хангамж тасалджээ

Украины цэргүүд Днепр мөрний гүүрийг сүйтгэж, оросуудын Херсон муж руу хүрэх замыг хаажээ. Хэрвээ үүнийг сэргээн засварлахгүй бол ОХУ цэргүүдээ түлш, сум, хүнд техникээр хангахад хүндрэлтэй болох юм. Довтолгооны болон том хэмжээний хамгаалалтын ажиллагаанд хүрэлцэхүйц хэмжээний сум, түлш, хүнд техникийг гатлага онгоц эсвэл агаараар авчрах боломжгүй аж. Днепр мөрний гурван гүүрийг Украины зэвсэгт хүчин бүхэлд нь эвдэж чадвал мөрний баруун эрэг дэх Оросын цэргүүд өөрсдийгөө хамгаалах чадвараа алдах магадлалтай юм.

Херсон дахь орос цэргүүдийн хангамж тасалджээ

7 Химийн бодисоос болж загаснууд хордож үхсэн гэв

Польш, Германы албаныхан хоёр улсын хооронд урсдаг Одер голын дагуу загас олноор үхсэний шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Өнгөрсөн сарын сүүлээс хойш мянга гаруй үхсэн загас голын эрэг дагуу олон зуун километрт гарч иржээ. Голын уснаас дээж авч туршилт хийсэн ч яг ямар химийн бодисоос болж загаснууд үхсэн нь тодорхойгүй хэвээр байна. Гэхдээ хорт бодисоос болсон нь тодорхой гэж албаныхан үзэж байна.

Химийн бодисоос болж загаснууд хордож үхсэн гэв

8 Тайз нурсны улмаас нэг хүн нас барж, 17 хүн шархаджээ

Испанийн Валенсиа хотын ойролцоох хөгжмийн наадмын үеэр тайз нурсны улмаас нэг хүн нас барж, 17 хүн гэмтэж бэртжээ. Тус 17 хүнээс гурав нь хүнд байна гэж орон нутгийн албаныхан мэдээллээ. Орон нутгийн цагаар 04:18 цагт Валенсиа хотын ойролцоох Куллерад  болсон Медуза фестивалийн үеэр хүчтэй салхины улмаас гамшиг болсон байна. Амиа алдсан хүн 22 настай байсан гэж Испанийн иргэний хамгаалалтын алба "CNN"-д мэдээлэв.

Тайз нурсны улмаас нэг хүн нас барж, 17 хүн шархаджээ

9 Талибанчууд афган эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх жагсаалыг хүч ашиглан тараав

Талибан Кабул хотноо засгийн эрхийг авснаас хойш нэг жил гаруйн хугацаа өнгөрчээ. Үүнээс хойш анх удаа афган эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө жагсаал хийсэн боловч Талибан тус үйл явдлыг хүч ашиглан тараасан байна. Талибууд засгийн эрхийг гартаа авснаас хойш эмэгтэйчүүдийн эрхийг ноцтойгоор хязгаарлаад байгаа юм.

Талибанчууд афган эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх жагсаалыг хүч ашиглан тараав

10 Герман хийн хоолой тавихаар хэлэлцэнэ

Герман хийн хоолой тавихаар зэхэж байна. Иберийн хойгийн төвөөс Европтой холбосон хийн хоолой тавих Германы уриалгыг Испани, Португал дэмжив. Мадрид тус төсөл хэдэн сарын дотор ашиглалтад орох боломжтой гэж мэдэгджээ. Украины түрэмгийллийн дараа Европын эрчим хүчний зах зээлийг үнэ хөөрөгдөж, улс орнууд Оросоос эрчим хүчний хараат байдлаа хурдан бууруулах арга замыг хайж байгаа учраас Герман ийм санал гаргажээ.

Герман хийн хоолой тавихаар хэлэлцэнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()