Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.12

2022-08-12, 09:31
2,435

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Хойд Солонгосын удирдагч "Манай улс коронавирусийг ялсан" гэж мэдэгдэв, БНХАУ Тайванийн орчимд хийсэн цэргийн сургуулилалтаа өндөрлөжээ, Оросууд Крымээс дүрвэж байна зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.12

1 Хойд Солонгосын удирдагч "Манай улс коронавирусийг ялсан" гэж мэдэгдэв

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун халдварт өвчний эсрэг арга хэмжээний асуудлаарх хурал дээр улсдаа коронавирусийг ялсан тухай мэдэгджээ. Умардын төв мэдээний агентлаг энэ тухай мэдэгдсэнийг “Ёнхап” уламжилсан байна.

Халуурч ханиалгасан шинэ тохиолдол бүртгэгдээгүй хоёр долоо хоног орчим болж байгаа гэсэн тус улсын халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэх төвийн мэдээллийг Мэдээний төв агентлаг нь иш татжээ. Тархалт эхэлсэн энэ оны дөрөвдүгээр сарын сүүл үеэс хойш тус улсад 4 сая 770 мянган хүн халуунтай ханиадаар өвдөж, 99,99 хувь нь эдгэрсэн байна. Хамгийн сүүлд мэдээлснээр 74 өвчтөн нас баржээ.

Хойд Солонгосын удирдагч "Манай улс коронавирусийг ялсан" гэж мэдэгдэв

2 БНХАУ Тайванийн орчимд хийсэн цэргийн сургуулилалтаа өндөрлөжээ

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосийн Тайваньд хийсэн айлчлалын улмаас Тайванийн эргэн тойронд өргөн хүч бүрэлдэхүүнтэйгээр явуулсан цэргийн сургуулилалт дууссаныг Хятад улс зарлажээ. Зүүн тэнгис орчмыг хариуцдаг Хятадын ардын чөлөөлөх армийн Зүүн жигүүрийн цэргийн командлал лхагва гарагт энэ тухай мэдээлэл хийсэн байна.

Тайванийн эргэн тойрны усан болон агаарын орон зайд явуулсан цэргийн олон бүрэлдэхүүнт цуврал сургуулилалтаар төрөл бүрийн даалгавруудыг амжилттай гүйцэтгэж, цэргүүд байлдааны нэгдмэл ажиллагааны ур чадварыг үр дүнтэй туршин өндөрлөлөө гэж мэдээлэлд дурджээ.

БНХАУ Тайванийн орчимд хийсэн цэргийн сургуулилалтаа өндөрлөжээ

3 Кубын гал сөнөөгчид нефтийн агуулахад гарсан гал түймэртэй тэмцсээр байна

Кубын баруун хэсэгт орших газрын тос хадгалах агуулахын дөрөв дэх нөөцлүүрт гал гарчээ. Эрчим хүчний хямралд ороод байгаа тус арлын амин чухал түлшний нөөц асар хүчтэй гал түймэрт ийнхүү шатаж байна.

Кубын Матанзас мужид дэгдсэн энэ түймрийг дарахад тусалж байгаа Мексик болон Венесуэлийн гал сөнөөгчид болон мэргэжилтнүүд завь, нисэх онгоц, нисдэг тэргүүд ашиглан галын дээрээс хөөс цацаж эхэлсэн байна. Түймрийн ойр ормын хэт халуунаас болж гал унтраах багууд үүнээс өмнө ийм арга хэмжээ авч хүчрэхгүй байжээ. 

Кубын гал сөнөөгчид нефтийн агуулахад гарсан гал түймэртэй тэмцсээр байна

4 Калифорни муж далайн эргийн бүс дэх салхины эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ

АНУ-ын Калифорни муж далайн эргийн бүсэд салхины эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх томоохон зорилтоо танилцууллаа.

Калифорнийн Эрчим хүчний комиссын мэдээлснээр тус муж Номхон далайн эрэгт суурилуулах салхины хөдөлгүүрийн хүчин чадлыг 2030 он гэхэд таван ГВт-аар, 2045 он гэхэд 25 ГВт-аар нэмэгдүүлэхээр зорьж байна.

Калифорни муж далайн эргийн бүс дэх салхины эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ

5 “Toyota Motor”-ийн ашиг буурсан нь нийлүүлэлтийн асуудал хэвээр байгаагийн дохио боллоо

“Toyota Motor” компанийн улирлын тайлан шинжээчдийн таамагт хүрсэнгүй. Энэ нь бусад автомашин үйлдвэрлэгчдэд нийлүүлэлтийн сүлжээний доголдол үргэлжилж магадгүй гэсэн анхааруулга болж байна.

“Toyota Motor”-ийн ашиг зургаадугаар сараар дуусгавар болсон тайлант хугацаанд 18 хувиар, үйл ажиллагааны орлого нь 3.1 тэрбум ам.доллароор буурсан байна. Автомашины үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдүүдийн үнийн өсөлт, нийлүүлэлтийн сүлжээний доголдол борлуулалтад нь сөргөөр нөлөөлжээ.

“Toyota Motor”-ийн ашиг буурсан нь нийлүүлэлтийн асуудал хэвээр байгаагийн дохио боллоо

6 ХБНГУ инфляц эрчимжиж байгаатай уялдуулан эдийн засгаа дэмжих багц гаргана

ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц инфляц эрчимжиж байгаатай холбогдуулан Эдийн засгаа дэмжих гурав дахь удаагийн багцыг танилцуулахаа мэдэгдлээ.

Одоогийн байдлаар эрчим хүчний хямрал хяналтад байгааг тэрбээр тодотгож байна. Хэдий тийм боловч ОХУ байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоож магадгүй байгаагаас энэ өвөл ХБНГУ-ын эдийн засаг сорилттой тулгарахыг Олаф Шольц анхааруулжээ.

ХБНГУ инфляц эрчимжиж байгаатай уялдуулан эдийн засгаа дэмжих багц гаргана

7 Британи, Европын Холбоо ОХУ-аас нүүрс импортлохоо зогсоолоо

ОХУ-д авсан хориг арга хэмжээний хүрээнд тус улсаас нүүрс авахаа Британи болон Европын Холбоо зогсоолоо. Энэ нь Оросын эдийн засагт хохирол учруулах зорилготой аж. Үүний улмаас Оросын нүүрсний нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай байсан Британи хүнд байдалд орж болзошгүй юм. 2021 оны статистик мэдээллээс үзвэл тус улс жилд хэрэглэдэг 4.6 сая тонн нүүрснийхээ 43 хувийг ОХУ-аас авдаг аж. Тэрчлэн ОХУ нь Европын Холбооны гишүүдэд нүүрс нийлүүлдэг томоохон орнуудын нэг юм. ОХУ-ын Эрчим хүчний яамны мэдээлснээр өнгөрсөн онд тус улс Европын Холбооны орнуудад 48.7 сая тонн нүүрс нийлүүлсэн нь уг түүхий эдийн нийт экспортын 21.8 хувийг эзэлжээ. 2020 онд энэ үзүүлэлт 22 хувь байв.

Британи, Европын Холбоо ОХУ-аас нүүрс импортлохоо зогсоолоо

8 Альпийн мөс хайлж элдэв олдворууд олдож эхлэв

Швейцарийн Альпийн нуруунд мөсөн голууд хайлснаар цас, мөсөн дор хөлдсөн байсан зарим зүйл ил гарч эхэллээ. Тухайлбал 1968 онд осолдсон онгоцны сэг, хоёр хүний цогцос сүүлийн үед олджээ.

Тодруулбал, Францын уулчид наймдугаар сарын 3-нд Чесжен мөсөн голоос араг ясны үлдэгдэл олсон. Тэр хүнийг 1970, 80-аад оны үед нас барсан гэж тодорхойлжээ. Мөн долоодугаар сарын сүүлээр Стокжи мөсөн голоос өөр нэг цогцос олсон. Шарилын үлдэгдэл бага зэрэг гэмтэж, муммижсан байсан бөгөөд өмссөн хувцас нь 1980-аад оны загвартай байжээ. Цагдаа нар цогцсуудыг хэн болохыг тогтоохоор ажиллаж буй аж.

Альпийн мөс хайлж элдэв олдворууд олдож эхлэв

9 Оросууд Крымээс дүрвэж байна

Крымийн хойг дахь Оросын агаарын цэргийн баазад мягмар гарагт дараалсан 12 удаагийн дэлбэрэлт болсон. Энэ дэлбэрэлтийн дараа тус бүс нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрчээ.

Крымийг орхиж буй орос эмэгтэйн бичлэг цахим орчинд тарсан. Тэрбээр “Би Крымийг орхихыг огт хүсэхгүй байна. Энэ газар үнэхээр гайхалтай. Бид энд яг л гэртээ байгаа юм шиг байсан” гэж хэлжээ. Украины Дотоод хэргийн яамны зөвлөх Антон Геращенко энэ бичлэгийн твиттертээ нийтлээд “Үнэхээр дайн болж байгаа гэдгийг оросууд эцэст нь ойлгож эхэлсэн болов уу?” гэж бичсэн.

Оросууд Крымээс дүрвэж байна

10 Афганистаны Төв банкны хөрөнгийг чөлөөлөхийг Байденаас хүсэв

Нобелийн шагналт Жозеф Стиглиц тэргүүтэй 71 эдийн засагчид АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд уриалга хүргүүлжээ. Тэд АНУ болон бусад улс орныг Афганистаны Төв банкны хөрөнгийг чөлөөлөхийг уриалсан байна. Афганистаны Төв банкны есөн тэрбум ам.долларын хөрөнгийг АНУ царцаагаад буй.

“Афганистаны ард түмэн өөрсдийн сонгоогүй засгийн газраас болж хоёр дахин илүү зовж шаналж байна. Хүмүүнлэгийн хямралыг багасгаж, Афганистаны эдийн засгийг сэргээхийн тулд олон улсын нөөцөө эргүүлэн авах хэрэгтэй” гэж захидалд дурджээ. Сангийн сайд Жанет Йелленд хаягласан захидалд АНУ, Герман, Энэтхэг, Их Британи зэрэг орны 71 эдийн засагч, эрдэм шинжилгээний мэргэжилтэн гарын үсэг зурсан байна.

Афганистаны Төв банкны хөрөнгийг чөлөөлөхийг Байденаас хүсэв

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()