1
Та хоолоо алгасдаг
Хангалттай хэмжээний калори авч чадаагүй тохиолдолд таны бие бүх энергийг зүрх, тархи зэрэг нэн шаардлагатай эрхтнүүдэд түгээж, улмаар үс, хуйхыг "гаргуунд нь гаргадаг" гэж хэлж болно. Хоолны дэглэм барих нь таныг гормоны цочролд хүргэж болзошгүй бөгөөд энэ нь үс унахад хүргэдэг. Чухамдаа анорекси буюу хоолны дуршилгүй болох эмгэг болон бусад хоол тэжээлтэй холбоотой эмгэгүүд үс уналтын хүнд хэлбэрээр илэрдэг байна.
Яаж шийдвэрлэх вэ? Уураг, өөх тос ихтэй эрүүл хооллолтыг сонгох хэрэгтэй. Үс нь ихэвчлэн уураг (кератин) агуулах бөгөөд хангалтгүй байгаа тохиолдолд үс хугарах хандлагатай байдаг.
2
Та наранд хэт удаан байдаг
Гадаа хэт удаан байх үед нарны хэт ягаан туяа таны үсний уян хатан байдал, бат бөх чанарыг идэж эхэлдэг. Нарны гэрэлд удаан хугацааг өнгөрөөх нь үс, толгойг хуурайшуулж, салст бүрхэвч, үсний эсийг гэмтээх бөгөөд улмаар үс хэврэгшихэд хүргэдэг. Ялангуяа цайвар өнгийн, нарийн ширхэгтэй үс наранд маш эмзэг байдаг аж.
Яаж шийдвэрлэх вэ? Боломжтой бол үсээ малгайгаар далдлахыг хичээгээрэй. Мөн нарны хамгаалалттай бүтээгдэхүүн хэрэглэх нь үс гэмтэхээс сэргийлнэ.
3
Та үсээ маш чанга боодог
Ардаа боох, шуух зэрэг нь үсний угийг чангаах мэт маш их ачаалал үүсгэдэг. Тиймээс үсийг эмзэг болгож, цагаасаа өмнө унах явдлыг түргэсгэдэг байна. Зарим тохиолдолд бүр үсний уутанцрыг гэмтээж, халзралтад хүргэх нь ч бий.
Яаж шийдвэрлэх вэ? Юун түрүүнд үсээ сул боож хэвшихийг зөвлөе. Мөн болж өгвөл унтахдаа үсээ задгайлж хуйхаа амраагаарай.
4
Та үсээ хэт хол давтамжтай угаадаг
Толгойгоо хэт олон угаах нь хуурайшиж, хагтахад хүргэдэг гэдгийг та мэдээж сонсож байсан байх. Тэгвэл хэт цөөн угаах нь бас сөрөг нөлөөтэй байдаг аж. Шороо тоос, бүтээгдэхүүний үлдэгдэл, тос хуримтлагдвал үсний фолликул бөглөрч үс ургахад бэрхшээлтэй болгодог байна. Үүнийг эмчлэхгүй удвал үс унахад хүргэдэг.
Яаж шийдвэрлэх вэ? Үсний төрлөөсөө хамаарч үсээ тогтмол угааж байх хэрэгтэй. Хуурайшилтаас урьдчилан сэргийлэхийн тулд сульфатгүй шампунь руу шилжихийг санал болгоё.
5
Та тогтмол үсээ тайруулдаггүй
Үс тайруулахтай үс уналт ямар хамаатай болохыг та гайхаж байна уу? Хачирхалтай санагдаж болох ч үе үе үсээ тайруулж байх нь үсийг хэврэг болохоос сэргийлж, эрүүл ургах нөхцлийг бүрдүүлж өгдөг байна. Үсний хуурайшсан, хэврэгшсэн, салаалсан хэсгүүдээс салснаар эрүүл, урт намирсан үстэй болох боломж нээгдэх юм.
Яаж шийдвэрлэх вэ? Салаалсан үзүүрийг 12 долоо хоног тутам тайруулж байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг.
6
Та хэт халуун шүршүүрт ордог
Халуун ус нь үсний ширхэгийг арьсныхтай адил цочроож, хуурайшуулдаг тул хуурай, хэврэг болгож улмаар унахад хүргэдэг байна. Халуун ус нь таны толгой дээр микроб, бактерийн тоог нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлдэг.
Яаж шийдвэрлэх вэ? Температурыг доошлуулж бүлээн шүршүүрт орж болохоос гадна үсээ аль болох хүйтэн усаар зайлж хэвшээрэй.
7
Та толгойгоо байнга мааждаг
Толгой загатнах мэдрэмж нь мөөгөнцрийн халдвар, харшил, үрэвслийн шинж тэмдэг байх боломжтой учир үсийг гэмтээж, улмаар сийрэгжүүлж болзошгүй юм. Мөн хуйхаа маажих нь үсний булцууг гэмтээж байгаа хэрэг бөгөөд ингэснээр үс унах улам хялбар болдог.
Яаж шийдвэрлэх вэ? Уураг, А, Д, Е амин дэмээр баялаг эрүүл хоолны дэглэмд шилжиж, маажихын оронд толгойны массажаар загатнаагаа арилгаж болно. Селен, цайр болон бусад мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй шампунийг ашиглахыг зөвлөе.
8
Та байнга халуун индүү ашигладаг
Үс хатаагч сэнс, буржгар болгодог хайч, индүү зэрэг нь таны үсэнд онцгой гэмтэл учруулдгийг та сайн мэднэ. Өндөр температур нь таны үсний тос, уургийг шатааж, улмаар чийгийн тэнцвэрийг алдагдуулж, хугарах, хэврэг болоход хүргэдэг.
Яаж шийдвэрлэх вэ? Болж өгвөл дээрх бүтээгдэхүүнүүдийг долоо хоногт 3-аас их удаа ашиглах хэрэггүй. Харин хэрэглэх үедээ хамгийн багаар халааж үсээ янзлах нь эрүүл сайхан үсээ удаан хадгалах нэгэн алхам юм.
9
Та үсээ хэтэрхий их оролддог
Санаатай, санаандгүй ямар ч тохиолдолд үсээ хэт их оролдох нь үс унахад маш их нөлөө үзүүлдэг аж. Та бидний гар юм бүхэнд хүрэлцэж явдаг тул хэчнээн цэвэрхэн гэж бодсон ч хөлс, тоос тоосонцор, тосыг агуулж байдаг тул элдэв бохирдол үүсэх таатай нөхцлийг бүрдүүлж өгдөг байна.
Яаж шийдвэрлэх вэ? Зуршлыг хянах хүндрэлтэй байдаг учир гараа завгүй байлгавал санаандгүй үйлдлүүдээрээ үсээ гэмтээхээс сэргийлж чадна.
10
Та үсээ нойтон байхад нь "гэмтээдэг"
Хүний үс нойтон үедээ хамгийн эмзэг байдаг учраас гэмтэхдээ ч хялбар болдог. Улмаар нойтон үсээ ширүүн самнах, усыг нь авахаар алчуураар үрэх зэрэг нь илүү их үс унахад хүргэнэ. Ингээд бодоход бид шүршүүрээс гарахдаа яагаад тийм их үс үлдээдэг болох нь ойлгомжтой болж байгаа юм.
Яаж шийдвэрлэх вэ? Шүршүүрт орохоосоо өмнө үсээ угаас нь үзүүр хүртэл сайтар самнах нь нойтон байхад нь самнахаас хавь илүү эрүүл арга. Харин уснаас гарсны дараа үсээ зөөлөн алчуураар үрэлгүй арчиж хатаах хэрэгтэй.