Жоан Кроуфордын хувьд франц, англи, голланд, ирланд гаралтай учир түүний гадаад төрх кинонд гол дүр бүтээхэд ихээхэн нөлөөлсөн гэхэд болно. Анх бүсгүй Люсиль Фэй Лесуэр гэх нэртэй байсан боловч эцэг эх нь салж, ээж нь өөр хүнтэй гэрлэснээр хойд эцгийнхээ овгийг авч Кэссин овогтой болжээ. Ойр дотнын хүмүүс нь түүнийг Билли гэж дууддаг байсан бөгөөд энэхүү нэр нь амьдралынхан эцсийн мөч хүртэл хадгалагдаж үлдсэн аж.
Билли Кэссин төрөл бүрийн бүжиг, жүжиг ихээхэн сонирхдог байсан бөгөөд хойд эцэг нь Оклахома мужийн Лоутон театрын захирал байсан учир охиныхоо сонирхлыг дэмждэг байв. Гэвч энэхүү гэрлэлт ч салалтаар дууссан байна. Ээж нь хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөх боломжгүй байсан учир Люсиль төлбөрийнхөө оронд хоол хийж, цэвэрлэгээ хийснээр “ажилладаг сурагч” нэрийн дор суралцах болжээ. Билли багадаа хөлөө ноцтой гэмтээсэн учир удаан хугацааны туршид бүжгээр хичээллэж чадахгүй болсон юм.
Люсиль ээж, ахынхаа хамтаар
Люсиль коллежид ороод ч амжилттай суралцаж чадсангүй. Тэрээр ажил болон ажлын дараах зугаа цэнгэлд их цаг хугацааг зарцуулж байсан учир хичээл бэлдэх, хийх зав огт гардаггүй байжээ. Гэхдээ тэрээр тогтмол суурьшилтай бус бүжгийн хамтлагт бүжиглэх болсноор нэгэн найруулагчийн анхаарлыг татаж, 1924 онд бродвейн шоунд оролцсон байна. Энэ үед бүсгүй Люсиль Лесуэр нэрээр тоглосон аж.
Жоан Кроуфорд
MGM компанитай хамтран ажиллаж, өөрийгөө сурталчлах маркетингийн сурталчилгаа хийсэн нь
Кино зураг авалтын шалгаруулалтад оролцсоноор Люсиль Metro-Goldwyn-Mayer компанитай 6 сарын гэрээ байгуулж, 7 хоногт 75 долларын цалин авах болжээ. Хэдийгээр ийнхүү гэрээ байгуулсан ч хэн ч танихгүй эмэгтэйг өөрийн кинонд тоглуулах хүсэл найруулагчдад төрөхгүй байсан юм. MGM-т байх хугацаандаа Люсиль Норма Ширерийн орлон тоглогч хийж, хэд хэдэн кинонд туслах дүр бүтээсэн аж. Гэхдээ өөрийгөө ямар нэгэн байдлаар таниулахгүй л бол од болж, гол дүрд тоглох боломжгүй юм байна гэдгийг Люсиль ойлгожээ.
Ингээд тэрээр өөрийгөө бусдад таниулах арга хэмжээ авч, үзэгчдийн өмнө болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр ихээхэн гарах болжээ. Үүний тулд Люсиль холливудын арга хэмжээнд төрөл бүрийн бүжиг бүжиглэж, далайн эрэг дээр зохиогдож буй бүжгийн тэмцээнүүдэд оролцох болов. Ийнхүү идэвхтэй амьдраад зогсохгүй тэр нэрээ Жоан Кроуфорд болгож өөрчилсөн аж. Өөрийгөө таниулах үйл ажиллагаа амжилттай болж 1925 онд тэр “Sally, Irene and Mary” кинонд гол дүрийг бүтээх санал авсан гэнэ.
Жоан Кроуфорд болон түүний гол өрсөлдөгч Норм Ширер –Розалинд Расселл нар.
Тэрээр гол дүр, туслах дүр гээд бүхий л дүрийг бүтээж байсан бөгөөд өөрийн жүжиглэх ур чадварыг хөгжүүлэх боломжийг огт алддаггүй байсан юм. Ялангуяа Лон Чейнитэй тоглосон “Unknown” кино зураг авалтын үеэр тэр маш их зүйлийг сурчээ. Ингээд дуутай кино зураг авалтын эрин үед ирэхэд олон жүжигчид камерын өмнө ярьж чадахгүй байсан учир жүжигчдийн тоо цөөрсөн юм. Харин Жоан ганцаараа олон цагийн турш бэлтгэл хийснээр өөрийн баруун-өмнөдийн аялгыг засаж чадсан байна.
30 насандаа Кроуфорд дэлхийн хамгийн алдартай кино жүжигчдийн нэг болсон.
Жоан Кроуфорд 20-р зууны үеийн хамгийн шинэлэг эмэгтэй болсон бөгөөд тэрээр шинэ стандарт тогтоож өөрийн үеийнхнээс эрс ялгарч байсан юм. Харин 30 нас хүрэх үедээ бүсгүй хамгийн алдартай кино жүжигчдийн тоонд багтан, түүний тоглосон кино бүр маш их орлогыг авчрах болжээ. Жоаныг 40 нас хүрэх үед бүсгүйн карьер унаж эхэлсэн учир тэрээр гэр бүлдээ анхаарал хандуулсан байна. Гэвч хэсэг хугацааны дараа тэр “Mildred Pierce" киноны дүрээрээ “Оскар”-ын “Шилдэг эмэгтэй жүжигчин” номинацид түрүүлж шагнал хүртэн кино ертөнцөд эргэн ирсэн аж. 50-60 насандаа тэрээр дахин дэлгэцийн амьдралд дасаж эхэлсэн бөгөөд кино ертөнцөд түүний үлдээсэн ул мөр Ширер, Гарбо, Дитрих, Дэвис нартай адил байсан юм.
Кларк Гейбл болон Алан Кертисийн хамт
«Эрхэм ээж минь»
Жоан Кроуфорд 4 удаа гэрлэж байсан бөгөөд түүний нөхрүүдийн дунд дуугүй киноны од болох Мэри Пикфордын хүү Дуглас Фэрбенкс байжээ. Үүнээс гадна тэр “Pepsi Cola”-ын захирал Альфред Стилтэй гэрлэж, энэ нь түүний сүүлийн гэрлэлт байсан юм. Альфредийг нас барсны дараа Кроуфорд кино найруулагчдын зөвлөлийн гишүүн болсон аж.
Ингээд Жоан өөрийнхөө оронд Стивен Спилбергийн кинонд 1969 онд охин Кристинагаа тоглуулсан байна. Тэрээр 1977 онд зүрхний шигдээс өвчнөөр нас барсан бөгөөд өөрийн том хүүхдүүд болох Кристина болон Кристофер нарт юу ч гэрээсэлж үлдээгээгүй болох нь тогтоогджээ. Жоаныг нас барсны жилийн дараа Кристин Кроуфорд “Эрхэм ээж минь” гэх номоо хэвлүүлсэн бөгөөд уг номонд бүсгүй хэрхэн хүүхдүүдээ хүмүүжүүлж байсан талаар дурддаг аж. Тэр хүүхдүүдээ загнаж, зодож, доромжлон сэтгэл зүйн хувьд хүчирхийлэл үзүүлж байсан хэмээн Кристина бичжээ.
Жоан Кроуфорд хүүхдүүдийнхээ хамтаар
Кроуфордын найзуудад Кристинагийн бичсэн ном огт таалагдаагүй бөгөөд жүжигчин бүсгүйн хамгийн бага өргөмөл хүүхэд болох Кэти ч Кристинагийн эсрэг зогссон байна. Хэдийгээр Жоаны залуу насыг маш харгис, хэрцгий дүрсэлсэн ч түүний нэр хүнд ном хэвлэлтэд орсны дараа хурдацтайгаар өсөж, кинонууд нь дахин эрэлттэй болсон аж.
Жоан Кроуфорд 40 гаруй жилийн турш кино зураг авалтад оролцсон.